Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/783

 

       

 

 

 

 

 

    2020         12           17                                  2020/ШЦТ/783

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,      

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц /цахимаар оролцов/,

шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б  овогт Э  О  холбогдох эрүүгийн 2010017290991 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл-................ хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол ......... тоотод оршин суух хаягтай, “.........” ХХК-д оёдолчин ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Б  овгийн Э  О , /....................../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.О нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хорооллоос Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Шунхлай шатахуун түгээх станцын хажууд хүргүүлсэн иргэн Г.Ц-ын гээгдүүлсэн Хуавэй Нова 5 Ти маркийн гар утсыг бусдын эзэмшлийн гэдгийг мэдсээр байж завшиж, 1.079.200 төгрөгийн хохирол учруулсан буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 2010017290991 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-20-р хуудас/,

 

Юнител ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 05-01/6136 дугаартай албан бичиг /хх-ийн 11-14-р хуудас/,

 

2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 06-р хуудас/,

 

Дамно ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 27-28-р хуудас/,

 

Шүүгдэгч Э.О ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-37-р хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42-р хуудас/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 43-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 41-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 44-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 45-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 46-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.О ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Э.О нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны орой 20 цагийн орчимд Тоёота Приус-30 маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байхдаа хохирогч Г.Ц-ыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 10 дугаар хорооллоос Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Шунхлай” шатахуун түгээх газарт хүргэхдээ автомашинд нь мартаж буусан “Хуавэй Нова 5 Ти” маркийн гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.079.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед 10 дугаар хорооллоос Алтай хотхоны урд Шунхлай шатахуун түгээх газарт хүргүүлэхдээ гар утсаа таксинд арын суудал дээр мартаж буусан...Хар өнгийн Тоёота Приус-30 маркийн, жолооч нь 30 орчим насны эмэгтэй хүн байсан. ...Миний гээгдүүлсэн гар утас мөн байна. Гар утасаа авсан тул нэхэмжлэх зүйлгүй. Гомдолгүй” гэх  мэдүүлэг /хх-ийн 17-20-р хуудас/,

 

Юнител ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 05-01/6136 дугаартай албан бичигт: “...861030049766772 имэй кодтой утсанд 80565666 дугаарыг 2020 оны 09 сарын 06-ны өдрөөс хийж ашигласан байна...” гэжээ. /хх-ийн 11-14-р хуудас/,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...цэнхэр өнгийн 128 гигабайтын багтаамжтай Хувэй Нова  5 Ти /Huawei nova 5T/ маркийн 1 ширхэг гар утсыг хохирогч Г.Цэрэндолгорт хүлээлгэн өгөв гэжээ. /хх-ийн 06-р хуудас/,

 

Дамно ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Хувэй Нова  5 Ти /Huawei nova 5T/ маркийн гар утас нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 1.079.200 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 27-28-р хуудас/,

Шүүгдэгч Э.О ын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул надад бага ял оногдуулж өгнө үү. Би 8 настай хүүхдийнхээ хамт амьдардаг. Тухайн үедээ утсыг нь буцаагаад өгдөг байж...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

          Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, тодруулбал гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч Э.О нь өөрийн тээврийн хэрэгсэлд орхисон гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, өөртөө авч завшсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон, бусдын  гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

          Иймд шүүгдэгч Э.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Цэрэндолгорт 1.079.200 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч нь “...Миний бие нь гар утсаа хүлээн авсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт гаргасан байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

             Шүүгдэгч Э.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг шүүгдэгчид танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

          Шүүгдэгч Э.О ыг “гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ бичгээр гаргасан байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Э.О  ял оногдуулахаар шийдвэрлэв.

  Шүүгдэгч Э.О нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “ам бүл 2-уул, 8 настай хүүхдийнхээ хамт өрх толгойлон амьдардаг, банканд зээл төлдөг байдлыг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлөх боломжоор олгоно уу” гэсэн хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.О ын цалин орлогын хэмжээг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.О  мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

        

         Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч Э.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б  овогт Э  О ыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.О ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.О  оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.О  мэдэгдсүгэй.  

 

4. Шүүгдэгч Э.О нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.О  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.ОДБАЯР