| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2017/00357/И |
| Дугаар | 693 |
| Огноо | 2017-03-28 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 693
| 2017 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2017/00693 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 11-236 тоотод оршин суух, Болож овогт Боложийн Удвалын /РД:АЮ74020369/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Хөдөлмөрийн ордны 5 давхарт байрлах, Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтад /регистр 6086527/холбогдох
Ажлаас халагдсаны тэтгэмжид дутуу олгогдсон 2 184 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Удвал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Гантулга /ШТЭҮ-2351/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түвшинбат, гэрч Н.Ундралмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Удвал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Засгийн газрын “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөх зохион байгуулах, татан буулгах тухай” 2016 оны 55 дугаар тогтоолын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийг татан буулгаж, зарим чиг үүргийг нь шинээр байгуулагдсан "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт”-д шилжүүлсэн. Хуучнаар Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн Хөдөлмөрийн судалгааны газар, Хяналт шинжилгээ үнэлгээний газар, Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний газар, Японд ажиллах хүч илгээх төвийн нийт 31 /таван түр ажилтныг оролцуулан/ ажилтныг тус институт руу шилжүүлж, шилжин ирсэн бүх ажилтнууд 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүлээн авсан. Би мөн ажлаас бөөнөөр халагдсан хүмүүсийн нэг нь болсон.
Миний бие ажлаас чөлөөлөх Мэдэгдэх хуудсыг 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаалыг Мэдэгдэх хуудас авснаас хойш яг 45 хоног дээрээ авсан. Энэ нь ажил олгогч ажлаас бөөнөөр халж байгаагаа хүлээн зөвшөөрснийг бататгаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5, 42.2 заасны дагуу, ажилтнуудын төлөөллөөр хяналт шинжилгээ, үнэлгээний ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Түвшинбаатар, хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, тайлан мэдээ хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Отгонбат нарыг сонгосон. Ажилтнуудын төлөөлөл хэлэлцээд 3 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тэтгэмж олгох шаардлага тавьж, ажил олгогчтой хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Ажилтнуудын төлөөлөл аман шаардлагаа бичгээр баталгаажуулан 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бичгээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтын захиралд “...тэтгэмжийн хэмжээг 3 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр тогтоож өгөх, Сангийн яамнаас батлагдсан төсөв, холбогдох тушаал шийдвэрийг ажилтнуудын төлөөлөлд танилцуулах...” гэсэн шаардлагаа хүргүүлсэн боловч хариуг өгөөгүй. Ажил олгогчийн талаас дангаар, давуу байдлаа ашиглан, ажилтнуудын төлөөлөлтэй хэлэлцэн тохиролцохгүйгээр, ажлаас халж байгаа нийт ажилтнуудад нэг сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгох заалттайгаар ажлаас чөлөөлөх тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан.
Б.Удвал миний бие нь ажил олгогч болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн дангаар гаргасан шийдвэрийг МУ-ын Хөдөлмөрийн тухай болон холбогдох хууль, тогтоомжийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж, ажилтны төлөөлөлөөс ажил олгогчид тавьсан шаардлагын дагуу гурван сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж 2.184.000 төгрөг гаргуулахаар Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 126-р зүйлд заасны дагуу Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах эрхтэй бөгөөд бөгөөд маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор давж заалдах эрхтэй гэсэн байсан.
Иймд миний бие Засгийн газраас баталсан Хөдөлмөрийн маргаан таслах комиссын дүрэмд зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтэд хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт нь манай байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх комисс одоогоор байгуулагдаагүй болно” гэсэн хариу өгсөн. Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд өргөдөл гаргасан бөгөөд тус гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Би энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1-т “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал, урамшууллаас бүрдэнэ” гэснээр ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр миний үндсэн цалин нэг сарын 640 000 төгрөг, ур чадварын нэмэгдэл 20 хувь буюу нэг сарын 128 000 төгрөг, хоол унааны зардал өдрийн 8 000 төгрөг болно. Энэ нь 2 сарын 640 000*2+128 000*2 /11,12 сар ажлын 22 хоногтой 1 888 000 төгрөг, ажил олгогчийн чөлөөлөх тушаалаар дутуу олгосон нэг сарын тэтгэмжийн 128 000+168 000 болж байгаа бөгөөд нийт 2 184 000 төгрөгийн ажлаас халагдсаны тэтгэмжийг гаргуулж өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Байгууллага татан буугдсан гэж 19 хүнийг ажлаас халахаар мэдэгдэл өгсөн. Мэдэгдэл өгснөөс хойш 45 хоног дээрээ ажлаас чөлөөлөх тушаалыг хүлээж авсан. Иймээс ажил олгогч нь ажилтануудыг бөөнөөр нь халсан тул ажилчдын төлөөлөгч нь хэлэлцээр хийхээр санал гаргасан бөгөөд ямар нэг үр дүнд хүрээгүй байхад ажил олгогч нь 1 сарын тэтгэмж олгож ажлаас халсан учраас 3 сарын тэтгэмж авахаар хэлэлцээр хийж байсан учир нэмж 2 сарын тэтгэмжийг, мөн миний 1 сарын тэтгэмж олгохдоо дундаж цалинг 640 000 төгрөгөөр тооцож дутуу олгогдсон тэтгэмжийн хамт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түвшинбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 6/53 дугаар тушаалаар хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт нэхэмжлэгч Б.Удвал хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдон тухайн албан тушаал дээр ажиллаж байсан. Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолыг үндэслэн мөн төвийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн 6/125 дугаар тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн мэдэлд 31 орон тоог хүнтэй нь манайд шилжүүлэхэд нэхэмжлэгч шилжин ирсэн юм. Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолын 3 дах хэсэгт “...Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа, мэдээллийн үндэсний төв”-ийг татан буулгаж, зарим чиг үүргийг “Дадлагажих ажилтан гадаадад илгээх төв” улсын төсөвт үйлдвэрийн газартай нэгтгэн “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт” болгож өөрчлөн байгуулсан нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх шаардлагын хангаж байгаа юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн а/46 тоот тушаалаар тус институтийн дүрмийг батлаж, зохион байгуулагдсан. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн хөдөлмөрийн судалгааны газрын чиг үүрэг институтэд, бусад чиг үүрэг нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар болон харьяа байгууллагад шилжсэн гэж ойлгож байгаа. Тухайн төвөөс шилжин ирсэн ажилтнаас Хөдөлмөрийн судалгааны газрын 12 албан хаагчдыг институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар авч, ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэг нь алга болсон 19 албан хаагчдад 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгууллагын санаачлагаар цуцлах тухай албан мэдэгдлийг Хөдөлмөрийн хуулийн 40.5-д заасны дагуу гардуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.Удвал 26 тоот мэдэгдлийг гарын үсэг зурж хүлээн авсан юм. 2016 оны 9-р сарын 07-ны өдөр Институтийн захирал М.Алтансүх мэдэгдэл авсан албан хаагчтай биечлэн уулзаж манай чиг үүрэгт сургалт, хяналт шинжилгээ үнэлгээний, дадлагажигч гадаадад илгээх төвийн чиг үүрэг огт байхгүй тул судалгаа шинжилгээний арга зүй, ур чадвараар хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулья цаашид ажиллах хүсэлтэй хүмүүс өөрийн бэлтгэсэн арга зүйгээ танилцуулахыг зөвлөе тэнцвэл үргэлжлүүлэн ажиллуулж болохыг зөвлөсөн юм.Мөн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 02 дахь уулзалтаар хөдөлмөр эрхлэлтийн тулгамдаж буй асуудлаар судалгаа шинжилгээний арга зүй боловсруулан танилцуулга хийхийг зөвлөсөн. Институтийн захирал М.Алтансүх 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажилтны төлөөлөл Б.Түвшинбаатар, Б.Алтансүх. Н.Ундармаа нартай Хөдөлмөрийн хуулийн 42.2 дах заалтыг удирдлага болгон хэлэлцээр зохион байгуулж, төсвийн хөрөнгийн хүрэлцээгүй байдал, шинээр байгууллагдсан болохоор 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг, 2016 оны 08-р сарын 30-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 21-ны өдрийг хүртлэх ажиллаагүй 45 хоногийн үндсэн цалин, нэмэгдэл, унаа, хоолны зардлыг ажилласнаар бодож олгохоор тохиролцож олгосон нь халагдаж байгаа ажилтнуудын эрх ашгийг хамгаалсан шийдвэр болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгчид Институтийн удирдлага ажилтны төлөөлөгчтэй хэлэлцээрээр тохирч ажил хүлээгдсэний 45 хонгийн олговор, Хөдөлмөрийн хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу ажлаас халагдсан ажилтан бүрт / нэгэн адил / нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгосон тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь ажил олгогчтой байгуулсан Хөдөлмөрийн гэрээгээр дээрх мөнгийг гаргуулах гэж байгаа нь үндэслэлгүй. Засгийн газрын тогтоолын 3 дахь заалтаар байгууллагыг татан буулгаж, өөрчлөн зохион байгуулсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хөдөлмөр хамгааллын чиг үүрэг нь манай байгууллагад зарим чиг үүрэг нь өөр байгууллагад шилжсэн байдаг. Нийт 19 албан хаагчийг бүгдийг нь чиг үүргийн дагуу хүлээж авч бусад албан хаагчидтай Хөдөлмөрийн хуулийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 30 хоногийн өмнө хүлээлгэж өгсөн. Ажилтнуудын төлөөлөлтэй хэлэлцээр хийж мэдэгдэл авсан албан хаагчдаас арга зүйгээ танилцуулж буцааж ажиллах хүсэлтийг гаргасан тохиолдолд боломжтой гэж үзвэл ажлын байр гаргаж өгнө гэдгээ хэлсэн. Ажилтны төлөөлөлд Түвшинбаатар, Алтансүх, Ундралмаа нар оролцсон, байгууллага өөрчлөн зохион байгуулагдаж байгаа талаар мэдэгдэж нэг сарын цалинтай тэнцэх хэмжээгээр тэтгэмж олгохоор болсон гэдгийг хэлсэн. Үүнийг хүлээн зөвшөөрсөн, 3 сарын тэтгэмж олгох боломжгүй гэдгийг хэлсэн. Тэгээд Төрийн банкны дансад 640 000 төгрөгийг шилжүүлсэн. Сангийн яамнаас 8,635,280 төгрөгийн эрхийг олгосон бөгөөд зөвхөн үндсэн цалингаар өгөхөөр зөвшөөрсөн байдаг. Тиймээс дундаж цалинг 944 000 тооцох үндэслэлгүй, 640 000 төгрөгөөр дундаж цалинг тооцсон нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Удвал нь хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтад холбогдуулан ажлаас халагдсаны тэтгэмжид дутуу олгогдсон 2 184 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь байгууллага татан буугдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж, бөөнөөр халсан боловч ажлаас халагдсаны 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг олгоогүй, 1 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг олгож эрх зөрчсөн тул дутуу олгогдсон 2 сарын тэтгэмж болох 1 888 000 төгрөг, 1 сарын тэтгэмжийг олгохдоо дутуу бодсон цалин 296 000 төгрөг, нийт 2 184 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
Хариуцагч нь хуульд заасны дагуу байгууллага татан буугдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тул 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон, ажилтны төлөөлөгчтэй 3 сарын тэтгэмж олгохоор тохиролцоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч Б.Удвал нь Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвд хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №73 дугаар “Хөдөлмөрийн гэрээ”, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №Б/53 тоот тушаалаар тогтоогдож байна. /хэргийн 4, 5-9, 11-р хуудас/
Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтын захирлын 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №Б/34 дүгээр тушаалаар Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, 1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42, 43 дугаар зүйл, Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн байгуулах, татан буулгах тухай Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/46 тоот тушаалаар баталсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтын үйл ажиллагааны дүрмийн 6.3.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөр, эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв /хуучин нэрээр/-ийн Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын мэргэжилтэн Б.Удвалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болгон цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Удвалд нэг сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэжээ. /хэргийн 10-р хуудас/
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн №5/125 дугаар тушаалаар Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн зарим чиг үүрэг өөрчлөгдөн байгуулагдсан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтад шилжсэн тул тухайн чиг үүргийг хариуцан ажиллаж байсан нэр бүхий ажилтнуудыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтын мэдэлд шилжүүлсэн байна.
Мөн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №А/46 дугаар Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын дүрмийг, зохион байгуулалтын бүтцийн бүдүүвчийг хавсралтаар баталжээ. /хэргийн 37-47-р хуудас/
Зохигчид хуулийн этгээдийн өөрчлөн байгуулагдсан үйл баримт болон нэхэмжлэгч Б.Удвалын ажлаас халагдсаны тэтгэмжид 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаж болохоор заасан бөгөөд энэ үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх, аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, хуульд заасны дагуу хэлэлцээ хийхээр заасан байна.
Хариуцагч Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтээс 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №26 тоот Мэдэгдэх хуудсаар Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа мэдээллийн үндэсний төв татан буугдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлөх болсныг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь мэдэгдлийг хүлээн авсан талаар маргаангүй болно. /хэргийн 31-р хуудас/
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “ажил олгогч нь энэ хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна гэж үзэв.
Хариуцагч нь хуульд зааснаар 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон, 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох талаар харилцан тохиролцоогүй гэж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч нь 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох талаар ажилтны төлөөлөгчид мэдэгдсэн, зөвшилцөлд хүрээгүй байхад байгууллагаас 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олгосон нь үндэслэлгүй гэж тайлбарласан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д “бөөнөөр халах үед ажил олгогч нь ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг ажилтны төлөөлөгчтэй хийсэн хэлэлцээгээр тохирч тогтооно” гэж заасан байх бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн №01 дугаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын хурлын тэмдэглэл, уулзалтын тэмдэглэл, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №02 дугаар хурлын тэмдэглэлээр ажлаас халагдсаны тэтгэмжийн асуудлаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдохгүй байна гэж үзэв. /хэргийн 32-34-р хуудас/
Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын хурлын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №03 дугаар тэмдэглэлээр ажил олгогчийг төлөөлж захирал М.Алтансүх, Тамгын газрын дарга С.Чулуунцэцэг, ажилтнуудыг төлөөлж Б.Түвшинбаатар, Б.Алтансүх, Н.Ундралмаа нар оролцсон бөгөөд “ажлаас халагдсаны 3 сарын тэтгэмжийг олгох талаар хөөцөлдсөн боловч Засгийн газар төсөв мөнгөний хувьд хүнд байгаа тул 1 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг 11 сард олгохоор” талаар ярилцсан болох нь хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. /хэргийн 35-36-р хуудас/
Нэхэмжлэгчээс хариуцагчид тэтгэмжийн асуудлаар ажилтны төлөөлөгч нар хэлэлцээр хийхээр мэдэгдэж, мэдэгдэл өгсөн гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтын захиралд гаргасан ажилтнуудын төлөөллийн хүсэлтэд “тэтгэмжийн хэмжээг 3 сарын цалинтай тэнцэх хэмжээгээр тогтоож өгөх”-ийг дурдсан боловч үүнийг хэлэлцээгээр тохирч шийдвэрлээгүй талаар зохигч талууд маргаагүй, гэрч Н.Ундралмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ ажил олгогчоос 3 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж олгох асуудлаар албан ёсоор хариу өгөөгүй гэсэн болно.
Иймд ажил олгогч буюу хариуцагч нь ажлаас халагдсаны тэтгэмжийн хэмжээг 3 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр олгохоор ажилтны төлөөлөгчидтэй хэлэлцээрээр тохирч тогтоосон гэх үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж үзэв.
Хэрэгт авагдсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтын “Хөдөлмөрийн дотоод журам”-ийн 7.3 Буцалтгүй тусламж, тэтгэмжийн 7.3.6-д “институт болон түүний салбар нэгж татан буугдсан орон тоо хасагдсан, цөөрүүлсэн, ажилтан эрүүл мэнд мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон болон байгууллагын санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалбал нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно. Хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлож чадвал тухайн ажилтанд хоёр сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгож болно” гэж заасан байх тул хариуцагч нь нэхэмжлэгчид 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон нь үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д “төсвийн байгууллагаас энэ хуулийн 42.1-д заасан нэг удаагийн тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан нийтлэг журмыг Засгийн газар батална” гэж заасан боловч энэ талаарх журмыг батлаагүй тул хариуцагч нь хөдөлмөрийн дотоод журамд зааснаар нэхэмжлэгчид нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосныг буруутгах боломжгүй байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгчийн хариуцагчаас ажлаас халагдсаны тэтгэмжид дутуу олгосон 2 сарын тэтгэмж 1 888 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгч нь 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид 944 000 төгрөгийг олгох ёстой байхад 640 000 төгрөгийг олгосон нь үндэслэлгүй гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийн дундаж цалинг 640 000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэгч Б.Удвалын дундаж цалинг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №1030361 дугаар нийгмийн даатгалын дэвтэрийн бичилтийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин нь 888 532 төгрөг /944 000+373 522+1 348 075=2 665 597:3=888 532/ байх тул 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийн дутуу олгогдсон 248 532 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзэв. /888 532-640 000=248 532/
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид дутуу олгогдсон 248 532 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Удвалд олгохоор шийдвэрлэв.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтээс 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмжид дутуу олгогдсон 248 532 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Удвалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж болон тэтгэмжийн дутуу олгогдсон 1 935 468 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8 105 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН