Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/788

 

                                            

 

2019           10          16                                   2019/ШЦТ/788

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул

Улсын яллагч: Ц.Батбямба

Шүүгдэгч: Г.Н, М.Б, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б, Д.Б, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н нарт холбогдох эрүүгийн 1911 0172 80776 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Цагаан толгой трейд ХХК-ийн ........... Перфект Оффисын үл хөдлөх хөрөнгө борлуулагчаар ажилладаг, ам  бүл 5, ээж, аав, 2 дүүгийн хамт

Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн ….........., ам бүл 3, ээж, эгчийн хамт

Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт

Холбогдсон хэргийн талаар:

Г.Н нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын...... дугаар гудамжинд хохирогч М.Б ууж байсан пивоныхоо лаазыг нүүр лүү нь шидсэний улмаас гараараа нүүрэнд нь цохиж, эрүүл мэндэд нь “ дээд уруулын дотор хэсэгт шарх бүхий ” хөнгөн хохирол учруулсан, Д.Б, М.Б нар нь согтуугаар бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчим Чингэлтэй дүүргийн ….. дугаар хороо, Яргайтын ….дугаар гудамжинд хохирогч Г.Н-тай 70.000 төгрөгийн өр нэхэн маргалдаж улмаар Д.Б нь толгой руу нь гараараа 3 удаа , нүүр лүү нь 2-3 удаа, жижиг чулуугаар өвдөг хэсэгт 2-3 удаа цохиж, М.Б нь пивоныхоо лааз нүүр лүү нь шидэж, толгой руу нь гараараа 3-4 удаа цохиж, цээжин дээр нь 2 удаа дэвсэж эрүүл мэндэд нь “ дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, баруун шанаа, дагз, зүүн чамархай, хүзүү, нуруу, бүсэлхий, хоёр бугалга, зүүн даланд цус хуралт, баруун өвдөгт зулгарал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ./яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны өдөр би гэрээсээ гарч яваад М.Б, Д.Б нартай гудамжинд таараад зодуулсан. Би өөрөө нэг цохисон асуудал байгаа. Би Д.Б, М.Б нарын мэдүүлгийг нь харсан. Намайг олон цохисон гэх мэдүүлэг өгсөн байсан. Би олон удаа цохиогүй...” гэв.

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Г.Н-н мэдүүлгийг уншихад намайг гүйж очиход цохисон гэж хэлсэн. Энэ мэдүүлэг нь худлаа Г.Н өөрөө гүйж ирээд миний нүүр лүү хоёр удаа цохисон...” гэв.

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би газар унаад толгой руугаа өшиглүүлсэн. Тухайн үед мөнгөгүй байсан учраас зураг авахуулж чадаагүй. Миний уруул сэдрээд оёдол тавиулж  тухайн мөнгийг авсан. Нэмж нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Хохирогч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний урууланд шарх үүссэн ч нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “...миний хөлд учирсан гэмтэл бол 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цагдаа ирэхэд би цагдаагаас зугтаж байгаад гудамжинд унаад хөлөө бэртээсэн юм. Харин миний урууланд учирсан гэмтлийг Г.Н миний уруул хэсэг рүү 2-3 удаа цохисны улмаас үүссэн ...надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103-104-р хуудас/,

Шүүгдэгч Г.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчимд гэрээсээ дэлгүүр орох гээд гараад явж байтал манай гудамжны үзүүрт зүс таних Д.Б, М.Б 2 пиво уугаад чулуун дээр сууж байсан ба тэр хоёртой би мэндэлсэн. М.Б  нь намайг чи хаашаа явж байгаа юм  10 цаас байна уу чи их хэгжүүн баагий байна явуулахгүй наанаа байж бай гээд байсан. Би дэлгүүр орох гээд явж байна угаасаа хэгжүүн шдээ гэж хэлсэн. Тэгтэл Д.Баа нь өмнөх жилийн мөнгөө яасан юм гэхээр нь би найзад чинь мөнгөний чинь оронд утас өгсөн чи өөрөө сонссон байх ёстой гэж хэлсэн. Тэгтэл Д.Баа өө тийм үү гээд А руу залгаад би Г.Н-тай тааралдсан байна надад утас өгсөн гээд байна гээд утсаа чанга яригч дээр нь тавиад ярьтал А нь би чамд өгсөн шүү дээ гэж хэлтэл Д.Б нь би санахгүй байна гээд надад утсаа өгсөн. Би яриад асуухад утсыг нь өгсөн шүү дээ гэж хэлсэн. Утсаа таслаад энэ найз чинь өгсөн гэж байгаа биз дээ одоо яах гээд байгаа юм гээд Д.Б-д хэлтэл Д.Баа санахгүй байна гээд одоо үзье гээд хувцсаа тайлаад намайг түлхсэн. Энэ үед М.Б нь ууж байсан пивоо шидээд намайг цохих гээд гүйгээд ирсэн. Би зөрүүлээд Б нүүр рүү нь нэг удаа цохисон. М.Б намайг тэврээд унагаасан. Тэгээд намайг унагасны дараа дээрээс хоёулаа дэвсээд байсан би толгойгоо бариад хэвтэж байтал хүмүүс орилоод зодохоо больсон. Д.Б А руу дахиж залгаад миний чихэн дээр утсаа бариад юм дуугараагүй. А руу Д.Б нь найзыг чинь зодчихлоо чамайг ирэхээр чинь ална гээд хэлж байсан. Тэгээд бид нар салаад би дэлгүүр лүүгээ ороод гоймон аваад гарч гудамжны үзүүрээс хартал харагдахгүй байхаар нь ашгүй яваад өгсөн байна гэж бодоод гудамж өгсөөд гэр рүүгээ алхтал манай гудамжинд тааралдаад хэрүүл өдөөд байхаар нь та хоёр одоо намайг зөндөө цохиж өшиглөлөө одоо болоогүй юм уу гэж хэлтэл болохгүй байна гээд Д.Б нь миний уруул руу нэг удаа цохисон ба миний уруул сэтрээд цус гараад би газарт унасан. Унасны дараа миний дээрээс дахиад өшиглөсөн. Нэг ах ирээд салгасан. Мөн нэг эгч ирээд чулуугаа хаяач гээд хэлж байсан. ...Өмнөх мөнгөний асуудлаас болоод маргаад над руу дайраад байсан. ...Миний уруул руу Д.Б цохисон, миний толгой, нуруу хэсэг рүү хоёулаа өшиглөсөн хэн хаашаа өшиглөсөн талаар хараагүй. Би толгойгоо хамгаалаад хэвтсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/

Шүүгдэгч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед Д.Б бид хоёр 7-н буудлын гудамжинд нэг нэг лааз пиво уучихаад дахиад нэг лааз пиво задлаад ууж байтал Г.Н ирээд тэр хоёр мөнгөний талаар ярьсан ба Г.Н оронд нь утас өгсөн гэж хэлсэн ба Д.Б би чамаас утас аваагүй гэж хэлсэн. Тэгээд хоорондоо маргалдсан. Энэ үед би Г.Над хандаад чи ямар муухай ааштай залуу вэ? Д.Б чамаас утас аваагүй гэж байна шүү дээ гэж хэлээд ууж байсан пиво маань дуусаад Г.Н руу ууж байсан пивоныхоо лаазыг шидсэн. Г.Н гүйж ирээд намайг 2-3 удаа миний нүүрний зүүн хэсэгт уруул шанаа хэсэгт цохисон ба би газарт унасан” гэх мэдүүлэг  /хавтаст хэргийн 21-22-р хуудас/,

Шүүгдэгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “Г.Н гэж зүс таних залуу ирээд гар барьсан. Өмнө нь надад 70.000 төгрөг өгөх ёстой байсан. Би тэр залууг чи миний мөнгийг өгчихгүй юм аа гэж хэлтэл хажуугаас М.Б харин тийм тэр мөнгийг нь өгчихгүйдээ гэж хэлсэн. Тэгтэл Г.Н мөнгөнийхөө оронд Ад гар утас өгсөн гэж хэлсэн. Би Г.Н-н хажууд Атай утсаар яриад Г.Н чамд утас өгсөн гэж хэлж байна гэсэн ба А надад би чамд өгсөн гэж худлаа хэлсэн. Тэгэхээр нь би чамаас утас аваагүй шүү дээ гэтэл утсаа салгасан. Утас тасарсны дараа Г.Н юу яриад байгаа юм өгөхгүй гээд Б уруул хэсэгт нь хоёр удаа цохиод намайг түлхээд газарт унагаасан. Миний дээр гараад миний баруун талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон ба М.Б ирээд миний дээр Г.Н-г сууж байхад ам руу нь нэг удаа цохиод би босч ирээд толгой руу нь гараа атгаж байгаад 3 удаа цохисон ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20-р хуудас /,

Шүүгдэгч Г.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “ 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд гэрээсээ дэлгүүр орж талх, гоймон авах гээд гараад явж байсан ба гудамжны үзүүрт Д.Б, М.Б гэх зүс таних залуучууд зогсож байсан. Тэгээд бид нар мэндлээд тэр хоёр жаахан уусан байдалтай байхаар нь та хоёр бараг өглөө согтуу явж байгаа юм уу гэтэл шөнөжин уусан талаар хэлсэн. М.Б намайг хэгжүүн гээд өнөөдөр ингэж таарлаа мөнгө байна уу гэхээр нь би хэгжүүн чамд мөнгө өгөх алба байхгүй гэж хэлсэн. Энэ хооронд Д.Б голоор орж ирээд өмнө надад мөнгө өгөх ёстой байсан талаар хэлтэл би Д.Бад хандан би чамд мөнгө өгөх албагүй гэхдээ би чамд өгөөрэй гээд Ад гар утас өгсөн гэж хэлсэн. Д.Б би Агаас асууна гээд утсаар ярьтал А нь би чамд утсыг нь өгсөн ш дээ мартчихсан юм уу? гэхэд би санахгүй байна гээд утсаа тасалчихсан юм. Энэ үед Д.Б утсаа чанга яригч дээр нь тавьсан байсан. Тэгээд Д.Б би чамайг цохичих уу гээд дайрсан ба цохиогүй. Энэ үед М.Б зайтай зогсож байсан ба ууж байсан пиво над руу шидсэн тэр пиво нь намайг оносон. Тэгээд над руу гүйгээд ирэхээр нь Б уруул хэсэг рүү нь гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгээд М.Б зуураад нийлж байгаад газарт унагаад дээрээс зодсон. Би нүүрээ дараад хамгаалаад байж байтал хүмүүс орилоод тэгээд салаад явсан. Би дэлгүүр ороод гоймонгоо аваад эргээд гэр рүүгээ алхаж байтал манай хашааны ойролцоо зогсож байсан. ...Д.Б намайг цохисон энэ үед би газарт унасан ...надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 113-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №7519 тоот шинжээч эмчийн дүгнэлт: “1. М.Б-н биед зүүн шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт дээд уруулын дотор хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1–т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2019 оны 6 дугаар  сарын 19-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №7445 тоот шинжээч эмчийн дүгнэлт: “1. Г.Н-н биед дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, баруун шанаа, дагз, зүүн чамархай, хүзүү, нуруу, бүсэлхий, хоёр бугалга, зүүн даланд цус хуралт, баруун өвдөгт зулгарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-р хуудас/

Шинжээч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Асуулт: Шинжээч эмч Даваасүрэнгийн гаргасан №7519 дугаартай дүгнэлтэд М.Б-н биед зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо гэсэн дүгнэлт гаргасан байна. Зүүн шагайн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарах эсэх? Хариулт: Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Асуулт: Дээд уруулын дотор хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон нь гэмтлийн зэрэг хамаарах эсэх? Хариулт: Дээрх гэмтэл нь мөн дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105-р хуудас/,

Шүүгдэгч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн:

“2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед Д.Б бид хоёр 7-н буудлын гудамжинд нэг нэг лааз пиво уучихаад дахиад нэг лааз пиво задлаад ууж байтал Г.Н ирээд тэр 2 мөнгөний талаар ярьсан ба Г.Н оронд нь утас өгсөн гэж хэлсэн ба Д.Б би чамаас утас аваагүй гэж хэлсэн. Тэгээд хоорондоо маргалдсан. Энэ үед би Г.Над хандаад чи ямар муухай ааштай залуу вэ Д.Б чамаас утас аваагүй гэж байна шүү дээ гэж хэлээд ууж байсан пиво маань дуусаад Г.Н руу ууж байсан пивоныхоо лаазыг шидсэн. Г.Н гүйж ирээд 2-3 удаа миний нүүрний зүүн хэсэгт уруул шанаа хэсэгт цохисон ба би газарт унасан. Нэг сэргээд хартал Д.Б-н дээр Г.Н гарчихсан цохиж байсан. Би босоод Г.Н-г хажуу тийш унагаад би Г.Н-н толгой руу нь гараараа атгаж байгаад 2-3 удаа цохисон, мөн толгой руу нь 1 удаа, цээжин дээр 2 удаа дэвссэн. Д.Бааг хэрхэн яаж цохисон талаар мэдэхгүй. Бид 2 хамт Г.Н-г зодсон нь үнэн. Тэгээд бид хоёр зодохоо болиод тэр хавидаа зогссон ба удалгүй Г.Н дэлгүүр явсан. Ирэхдээ гоймон авчихсан ирээд Д.Б-тай маргалдсан. Д.Б Г.Нын нүүр рүү нь 2-3 удаа цохиод дэгээдэж унагаад Д.Баа газраас чулуу аваад хөл рүү 2 удаа чулуугаараа цохисон. Би чулуу барихаар нь болиулаад Г.Н босохгүй байхаар нь сэргээх гээд 2-3 удаа алгадсан. Г.Н босоод гэр рүүгээ яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-р хуудас/,

Шүүгдэгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр би найз М.Б-тай уулзаад пиво уугаад зогсож байтал зүс таних Г.Н гэж залуутай тааралдсан ба өмнө авах ёстой мөнгөний асуудлаас маргалдсан ба Г.Н манай найзад өгсөн гээд байсан ба би найз руугаа залгаад ярьтал манай найз надад өгсөн гэж хэлсэн тэгэхээр нь би найздаа чи яагаад худлаа яриад байгаа юм гэхэд манай найз утсаа салгасан. Тэгээд Г.Н-тай маргалдаад би дахиад А руу залгаад зогсож байтал Б цохиод намайг түлхэж унагаад дээр гараад миний дээрээс цохисон ба хажуунаас М.Б ирээд Г.Н-г түлхэж унагаагаад би толгой хэсэг рүү нь 2-3 удаа цохисон, М.Б бие рүү нь 1-2 удаа цохисон тэгээд босгоод яв гэтэл дэлгүүр орлоо гээд явсан. Тэгээд буцаж ирэхдээ Г.Н гоймон бариад ирсэн ба намайг хэл амаар доромжлоод барьцалдаж авсан ба би Г.Н-н уруул руу нь 1 удаа цохисон. Тэгээд бид 2 ноцолдоод би жижиг чулуу аваад хөл хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. ...миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй надад гомдол санал нэхэмжлээд байх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-р хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбогдуулан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд:

Шүүгдэгч М.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 45-р хуудас/,

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №1133 тоот тодорхойлолт /хавтаст хэргийн 46-р хуудас/,

Шүүгдэгч М.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /хавтаст хэргийн 44-р хуудас/

Шүүгдэгч Д.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /хавтаст хэргийн 49-р хуудас/

Шүүгдэгч Д.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хавтаст хэргийн 50-51-р хуудас/,

Шүүгдэгч Г.Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хавтаст хэргийн 41, 95-р хуудас/,

Шүүгдэгч Г.Н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа /хавтаст хэргийн 96-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 7 дугаар гудамжинд хохирогч М.Б ууж байсан пивоныхоо лаазыг өөр лүү нь шидсэн, мөн өөрийнх нь эсрэг довтолгоо хийх гэж байна, довтолгоон эхэлсэн хэмээн андуурч улмаар хохирогч гараараа нүүрэнд нь цохиж  хохирогч М.Б биед дээд уруулын дотор хэсэгт шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч, гэрч, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний №7519 тоот шинжээч эмчийн дүгнэлт, шинжээч Г.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б нь М.Бтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын ….....дугаар гудамжинд хохирогч Г.Наас 70.000 төгрөгийн өр нэхэн маргалдаж улмаар Д.Б нь хохирогчийн толгой руу нь гараараа 3 удаа, нүүр лүү нь 2-3 удаа, жижиг чулуугаар өвдөг хэсэгт 2-3 удаа цохиж хохирогч Г.Нын биед  дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, баруун шанаа, дагз, зүүн чамархай, хүзүү, нуруу, бүсэлхий, хоёр бугалга, зүүн даланд цус хуралт, баруун өвдөгт зулгарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Н-н хохирогч, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч, гэрч, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2019 оны 6 дугаар  сарын 19-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №7445 тоот шинжээч эмчийн дүгнэлт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Б нь Д.Б-тай бүлэглэн согтуурсан үедээ бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн орчим Чингэлтэй дүүргийн …... дугаар хороо, Яргайтын 7 дугаар гудамжинд хохирогч Г.Нтай 70.000 төгрөгийн өр нэхэн маргалдаж улмаар М.Б нь хохирогчийн толгой руу нь гараараа 3-4 удаа цохиж, цээжин дээр нь 2 удаа дэвсэж хохирогч Г.Н-н биед дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, баруун шанаа, дагз, зүүн чамархай, хүзүү, нуруу, бүсэлхий, хоёр бугалга, зүүн даланд цус хуралт, баруун өвдөгт зулгарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Н-н хохирогч, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2019 оны 6 дугаар  сарын 19-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №7445 тоот шинжээч эмчийн дүгнэлт зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг хуульчилсан бөгөөд бүлгийн 4.1 дүгээр зүйлд аргагүй хамгаалалтын талаар хуульчилсан байна. Хохирогч М.Б-н зүгээс шүүгдэгчийн эсрэг лааз шидсэн үйлдэл хийсэн талаар Г.Н, Д.Б, М.Б нар зөрүүгүйгээр мэдүүлсэн байна. Гэвч энэхүү үйлдлийн улмаас Г.Н-н Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд буюу амь нас, эрүүл мэндэд бодитой тулгарсан аюул бий болоогүй, мөн Г.Н нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ “...пиво шидээд намайг цохих гээд гүйгээд ирсэн. Би зөрүүлээд Б нүүр рүү нь зөрүүлээд нэг удаа цохисон” гэсэн мэдүүлэг болон Д.Б, М.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээс үнэлж, дүгнэхэд Г.Н нь М.Б-г пивоны лааз шидсэн, мөн Д.Б, М.Б нартай 70.000 төгрөг өгөөгүй гэх асуудлаар маргалдаж байсан, М.Б руу өөр лүү гүйж ирсэн зэрэг нөхцөл байдалд өөрийнх нь амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн довтолгоон, халдлага бий болсон эсхүл бий болох гэж байгаа хэмээн бодит байдлыг андуурч М.Б-н нүүрэн тус газарт цохиж  дээд уруулын дотор хэсэгт шарх бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн байна. Г.Н-н үйлдэл нь халдлага, довтолгоон болоогүй байхад М.Б-н эсрэг довтолгоон хийсэн байх тул аргагүй хамгаалалт гэж үзэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин Г.Н нь өөрийн үйлдлийг ухамсартайгаар удирдан жолоодож, үйлдлийн улмаас учирах хор уршигт зориуд хүргэсэн. Г.Нын үйлдлийн улмаас М.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан хор уршиг тус тус бий болсон байх тул Г.Нын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Г.Н-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлсон байдаг. Мөн 3.1 дүгээр зүйлийн 3-т үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор хуульчилсан байна. Шүүгдэгч Д.Б, М.Б нар нь урьдаас үгсэн тохиролцоогүй боловч тухайн үйлдэлд үйлдлээрээ санаатай нэгдсэн байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөд байдалтайгаар үйлдсэн бол гэж мөн хуулийн дотор ишлэн хэрэглэхээр заажээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар бүлэглэж үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг тусгасан байна. Д.Б, М.Б нар нь өөрсдийн үйлдлээрээ нэгдэн бүлэглэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн зүйлчлэлтэй тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Б, М.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Н-с баримтаар нэхэмжилсэн 180.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Б, М.Б нар нь төлж барагдуулсан, хохирогч М.Б нь “нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Г.Н, Д.Б, М.Б нар нь бусдад төлөх төлбөргүй байна. 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

 Шүүгдэгч Г.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлсөн өмгөөллийн дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлсөн өмгөөллийн дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхцөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлсөн өмгөөллийн дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхцөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг тухайн зүйлийн хэсэгт заасан хэмжээний дотор оногдуулж, шүүгдэгч Д.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг тухайн зүйлийн хэсэгт заасан хэмжээний дотор оногдуулж, шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг тухайн зүйлийн хэсэгт заасан хэмжээний дотор оногдуулж тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Н, Д.Б, М.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Б, Д.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Н-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, шүүгдэгч Д.Б, М.Б нарт тус тус оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Г.Н, Д.Б, М.Б нарт тус тус сануулсугай.

5.Шүүгдэгч Г.Н, Д.Б, М.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Н, Д.Б, М.Б нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР