Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2018/ ШЦТ/812

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Шаргууд овогт М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811020061023 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод өрсөн, эмэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 нөхөр, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шаргууд овогт М.Э,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ М.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч М.Э нь 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн дурсамж” амралтын газарт хохирогч Н.Ганчимэгийг алгадан үсдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Ганчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн үед 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн 5 жаахан хүүхдийн хамт ирээд манай 4 дугаартай гэрт орсон. Надаас цагаан хэрэглэл буцалсан ус авсан. Тэгээд таг чиг байж байгаад би амралтын өрөөнд амарч байхад шөнө 01 цагийн үед рестораны хаалга цохиод байсан. Би амралтын өрөөнөөс гараад хартал нэг эмэгтэй нэг эрэгтэй ирчихсэн байсан. Бэлэн гоймон пиво авъя гээд байсан. Тэгэхээр нь би шөнө 00 цагаас хойш юм зардаггүй хаачихдаг юм гэж хэлсэн. Та нар тэгвэл яагаад цагаан хэрэглэл авчирч өгдөггүй юм бэ үйлчилдэггүй юм уу гэхээр нь би тайлбарласан. Танай хамт яваа эрэгтэй хүн чинь өөрөө аваад явъя гээд авсан. Тэглээ ч цагаан хэрэглэлийг бид нар хийж өгдөггүй гэж хэлсэн. Тэгтэл ийм үйлчилгээ гэж байдаг юм уу гээд дарга цэрэгээ дууд гээд асаад эхэлсэн. Над руу дайраад миний харцар луу алгадаад авсан. Намайг үсдээд зууралдаад байж байтал манай үйлчлэгч эгч Чанцал манаач ах Баянмөнх нар гарч ирсэн. Тэр эмэгтэйтэй хамт явсан эрэгтэй бас салгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 14-16х/, Шинжээчийн 8454 дугаартай "...Н.Ганчимэгийн биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.." гэх дүгнэлт /хх-ийн 36х/ гэрч Ц.Баянжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...манай бармен Ганчимэг гэх охин Баянаа ахаа гэж намайг дуудахаар нь би гараад хартал нэг эмэгтэй хүн Ганчимэгтэй хэрэлдээд байсан. Нэг эрэгтэй дундуур нь ороод нөгөө эмэгтэйг барьчихсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/ гэрч Э.Баярболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Э Ганчимэг гэгчийн зүүн хацар луу нь алгадаад авсан тэгээд зууралдахаар нь дундуур нь ороод салгасан. Тэр хоёр хоорондоо үсдэлцээд зууралдаад байсан. Би дундуур нь орж салгасан..." гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/ хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 59-63х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Иймд шүүгдэгч М.Эг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч М.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхэгт бичигдсэн хяналтын камерийн бичилэг нь хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдол бүхий баримт байхт тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шаргууд овогт Мандахбаярын Эг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Эг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхэгийг хэрэгт нь үлдээсүгэй. 6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.БАТГЭРЭЛ