Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 726

 

017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2017/00726

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 55 дугаар байрны 87 тоотод оршин суух, Тойн овогт Оюунхүүгийн Байгалмаагийн /РД:ИК80010309/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Монэнзим Мед” ХХК-нд холбогдох

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Балжинням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Балжинням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэг удаагийн тариурын үйлдвэр МОНЭНЗИМ МЕД ХХК нь 2012 онд байгуулагдаж миний бие тус үйлдвэрийг байгуулагдсан цагаас эхлэн ажиллаж ирсэн. Намайг тус үйлдвэрийн Үйлдвэрлэлийн менежерийн ажилд ажиллаж байхад тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Баянмөнх нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 88/16 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргаж намайг ажпаас халсан гэдгийг  мэдэгдсэн. Намайг ажпаас чөлөөлсөн шалтгаанаа ажлын байранд гэр бүлийн чанартай хэрүүл маргаан удаа дараа үүсгэсэн, ар гэрийн зүгээс үндэслэлгүйгээр гүйцэтгэх захирлын дарамт үзүүлсэн зэрэг ёс суртахууны ноцтой зөрчил удаа дараа гаргасан гэсэн бөгөөд МОНЭНЗИМ МЕД ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 88/16 дугаар тушаалд дээрх үндэслэлийг заасан байсан. Миний бие болон манай ар гэр ажлын байранд гэр бүлийн чанартай хэрүүл маргаан удаа дараа үүсгэсэн, ар гэрийн зүгээс үндэслэлгүйгээр гүйцэтгэх захиралд дарамт үзүүлсэн зүйл байхгүй учир Монгол Улсын Хүний Эрхийн үндэсний Комисс, Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газарт гомдол гаргаж шалгуулсан. Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 2/26 дугаар зөвлөмж гаргасан бөгөөд МОНЭНЗИМ МЕД ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 88/16 дугаар тушаалыг хууль зөрчсөн гэж үзсэн.

Иймд МОНЭНЗИМ МЕД ХХК-ийн Үйлдвэрлэлийн менежерийн ажилд буцаан томилогдох, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан учир ажилгүй байсан 2 сарын хугацааны цалин 2 000 000 /Хоёр сая төгрөг/-ийг нэхэмжилж нэхэмжлэл гаргаж байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагыг  нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны цалин 2 000 000 төгрөгийг ажилд томилох хүртэл хугацааны  цалин гэж нэмэгдүүлж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 2012 оноос хойш ажилласан. Би өөрөө нэхэмжлэгчийн нөхөр нь байгаа юм. Ажлаас халсан шалтгааныг нэхэмжлэгч нь ар гэрийн ёс зүйн зөрчил удаа дараа гаргасан тул ажлаас халсан гэж тайлбарладаг. Гэтэл ажлын байранд ямар нэг гэр бүлийн маргаан гаргаж байгаагүй болно. Гүйцэтгэх захиралд удаа дараа дарамт үзүүлсэн гэж байгаа боловч би гүйцэтгэх захирлыг нь танихгүй. Хүний эрхийн үндэсний комиссоос гэр бүлийн шалтгаанаар хүнийг ажлаас халахыг хориглоно гэж заасан байдаг тул үүнийг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Ажил хүлээлгэж өгсөн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж тооцно гэж байгаа боловч одоо болтол нэхэмжлэгч нь ажлаа хүлээлгэж өгөөгүй байгаа. Хөдөлмөрийн гэрээг байгууллагын захиралтай байгуулаагүй бөгөөд захирал нь үүнийг батлаагүй байгаа юм. Тиймээс нэхэмжлэгчийг ажлаас нь халсан тушаал үндэслэлгүй байна. 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс дуслын шингэн хийдэг үйлдвэрийг нэхэмжлэгч нь нагац эгчийн хамт байгуулсан байдаг. Одоо байгаа захирлыг томилогдохоос өмнө ямар нэг асуудал гарч байгаагүй. Мөн хариуцагч нь хариу тайлбартаа нэхэмжлэгч нь ажилчдаас мөнгө зээлчихээд өгдөггүй, нөхөр нь захирлыг дарамталж байсан гэж байгаа юм. Би өөрөө хуульч хүн бөгөөд ямар нэг тийм үйлдлийг гаргаагүй. Хэрэв тэгэж үзэж байгаа юм бол үүний талаар цагдаагийн байгууллагад хандах ёстой байсан. Байгууллагын ажилчдын гомдлыг нэхэмжлэгч нь дамжуулж хэлдэг байсан. Хариуцагч байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн даатгалыг төлдөггүй тул банкнаас зээл авч чаддаггүй. Хариуцагчийн хариу тайлбар нь үндэслэлгүй. Ажлаас чөлөөлөх тухай гэсэн байгаа юм. Төрийн байгууллагын ажилтныг ажлаас нь чөлөөлдөг, харин хуулийн этгээдэд ажиллаж байгаа хүний бол хөдөлмөрийн гэрээг цуцалдаг тиймээс ажлаас чөлөөлөх гэж тушаалаа гаргасан нь буруу бөгөөд үндэслэлгүй байна. Тиймээс уг хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу цуцлаагүй, ар гэрийн байдлаас болж хүний хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хориглодог. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Ажлаас чөлөөлөх тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гардаж аваад надад үзүүлсэн. Тэгээд Хүний эрхийн комисст тушаалын үндэслэлийг тодруулахаар хандсан. Хэрвээ тушаал үндэслэлтэй гэж гарсан бол шүүхэд хандахгүй байсан учраас хөөн хэлэлцэх хугацааг энэ сэргээх хүсэлтийг гаргасан. Миний бие бас хөдөө орон нутагт ажлаас явж байсан болохоор шүүхэд хандах боломжгүй байсан учраас Хүний эрхийн комиссоос хариугаа аваад шүүхэд хандсан гэв.  

 

           Хариуцагч “Монэнзим Мед” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баянмөнх шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

          Оюунхүү овогтой Байгалмаа нь 2012 оны 8 дугаар сараас эхлэн 2016 оны 10-р сарын 11-ний өдрийг хүртэл ажилласан ба 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн Үйлдвэрлэлийн менежерээр ажилласан. О.Байгалмаа нь гэр бүл хамаатан садны хэрүүл маргаанд ажиллагсдыг татан оролцуулах, ажиллагсдын нэрийг ашиглан худал цуу яриа тараах, ажиллагсдын дунд хов жив ярих, шинэ ажиллагсдыг гадуурхах үүндээ хамтран ажиллагсдаа өдөөн хатгах, турхирах зэргээр Компанийн уур амьсгалыг эвдсэн, байгууллагын уур амьсгал, соёлыг сөрөг тийш хандуулсаар ирсэн. Ажиллагсадаас мөнгө их зээлдэг. Түүнийгээ төлдөггүй их уддаг гэх мэт удирдах албан тушаалтанд байж болохгүй алдаа дутагдал гаргаж байсан. Энэ нь ажиллагсад хооронд маш их зөрчил үүсгэдэг байв. Мөн 2016 оны 10-р сарын 28-ны шөнө нөхөр болох Б.Балжиннямаар Гүйцэтгэх захирал Г.Баянмөнхийг удаа дараа утсаар дарамталж амь насанд халдахыг заналхийлсэн зэрэг нь ёс суртахууны хувьд маш буруу зуршилтай ажилтан байсан. Хариуцсан ажлын хүрээнд ажлын гүйцэтгэл маш муу, үйлдвэрлэлийн тайлан тооцоог үргэлж нэхэж шаардуулж байж гаргаж өгдөг, тоон төлөвлөгөөг удаа дараа буруу гаргасан. Буруу мэдээ тайлан гаргаснаас компанийн хэвийн ажиллагаа, төсөв төлөвлөгөөнд тасалдал учруулсаар ирсэн. Дээрх зөрчлүүдийг үндэслэн компанийн зүгээс О.Байгалмаад Гүйцэтгэх захирлын тушаалаар сануулах арга хэмжээг удаа дараа авсан боловч засрал аваагүй тул 2016 оны 11-р сарын 08-ны өдөр О.Байгалмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн болно. Мөн О.Байгальмаа нь 2016 оны 09 сард ажлаас гарах өргөдөлөө өгч байсан. Компаний удирдлагын хувьд дахиад хичээгээд ажиллаад үзэхийг санал болгосон. Гэтэл 2 сар гаруйн дараа гэр бүлийн маргаанаа компанируу татан оролцуулж компаний уур амьсгалд ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн. Өмнө нь нөхөр нь болох Б.Балжинням компанийн гадаа ирж ерөнхий нягтлан бодогч ажилтай  А.Наранхүүг машиндаа суулган сүрдүүлсэн үйл явдал болж байсныг ажиллагсад гэрчилнэ. Бид энэ дарамт шахалтын төлөө хэнтэй хэрүүл маргаан хийж яваагүй болно. Ажлаас халагдах тушаал гарсанаас хойш ажлаа хүлээлцээгүй он гаргаж ажилд хүндрэл учруулсан. Бид компаний хувь нийлүүлэгч /өөрийн эгч/ М.Алтанцэцэг захиралтай зөвшилцөж 2016.12.23-ны өдөр ширээ сандал болон ажлын хэрэгсэлийг комисс гарган хүлээн авсан. Үүний дараа 2017.01.31-ны өдөр цайны цагаар компаний зарим нэг ажиллагсадтай ярьж өөрийн эд зүйлээ авч явсан байдаг. Мөн эдгээр ажиллагсад компаниас зөвшөөрөлгүй эд юмс гаргасан гэдгээр арга хэмжээ авахуулсан. Ажлаас халагдсаны дараа иргэн Б.Баялжинням буюу О.Байгальмаагийн нөхрийн гомдлоор манай компанид Хүний эрхийн комиссоос шалгалт орсон. 2016.12.13-ны өдөр дүгнэлт ирсэн. Уг дүгнэлтэнд О.Байгальмаагийн хариуцаж ажиллаж байсан ажиллагсад ямар нэгэн дарамтанд орж байсан гэжээ. Миний хувьд удирдлагын багийн ажиллагсадтайгаа түлхүү ажилладаг болно. Шаардлагатай тохиолдолд цехийн ажиллагсад надаар асуудлаа шийдүүлдэг. Ажиллагсадын хурлыг тогтмол хийдэг. Мөн О.Байгальмаа өөрийн ажиллаж байсан компаниа мөн Улсын мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргаж шалгуулсан. Бид МХЕГ-т албан тоотоор шалгалтын дараах тайлбараа хүргүүлсэн болно. О.Байгальмаа нь өөрөө болон нөхрөөрөө ажлын 345891 утасруу утасдуулж манай хүний нөөцийн ажилтан О.Урангоог хэлэх хэлэхгүй үгээр хэлж маш олон удаа доромжилсоныг энд дурдья. Энэ дарамтнаас болж ажлаасаа гарья гэж хүртэл хэлж байсан гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Байгалмаа нь хариуцагч “Монэнзим Мед” ХХК-нд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажлын байранд хэрүүл маргаан гаргасан, ар гэрийн зүгээс дарамт үзүүлсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан гэж үндэслэлгүйгээр цуцласан гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ёс суртахууны ноцтой зөрчил гаргасан, байгууллага дээр гэр бүлийн чанартай хэрүүл маргаан үүсгэдэг, удирдах албан тушаалтанд байж болохгүй алдаа дутагдал гаргадаг, нөхөр нь гүйцэтгэх захирлыг дарамталж, заналхийлсэн, хариуцсан ажлын хүрээнд ажлын гүйцэтгэл муу, удаа дараа сахилгын арга хэмжээ авагдсан боловч засрал аваагүй тул хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлтэй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

 

            “Монэнзим Мед” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” №88/16 тоот тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, Гүйцэтгэх захирлын шийдвэрийг үндэслэн “...тус компанийн Үйлдвэрлэлийн менежер О.Байгалмаа нь ажлын байранд гэр бүлийн хувийн чанартай хэрүүл маргаан удаа дараа үүсгэсэн, ар гэрийн зүгээс үндэслэлгүйгээр гүйцэтгэх захиралд дарамт үзүүлсэн зэрэг ёс суртахууны ноцтой зөрчил удаа дараа гаргасан тул 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж О.Байгалмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хэргийн 33-34-р хуудас/

 

Нэхэмжлэгч О.Байгалмаа нь “Монэнзим Мед” ХХК-ийн Үйлдвэрлэлийн менежерээр 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн №11 тоот Хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 63-71-р хуудас/

            Зохигч 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн №11 тоот хөдөлмөрийн гэрээний хувьд маргаагүй болно.

           

Нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргаагүй, удаа дараа сахилгын арга хэмжээ авагдаагүй, мөн байгууллагад хэрүүл маргаан үүсгээгүй, ар гэрийн зүгээс дарамталсан, заналхийлсэн үйлдэл хийсэн эсэх нь нотлогдоогүй байхад үндэслэлгүйгээр тушаал гаргаж ажлаас халсан гэжээ.

Хариуцагч нь сануулах шийтгэл ногдуулсан байхад дахин зөрчил гарган удирдах ажилтны ёс зүйг зөрчиж, сахилгын зөрчил давтан гаргасан, мөн хэрүүл маргаан гаргаснаас хөдөлмөрийн гэрээг цуцласан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, ёс суртахуун, мэдлэг ур чадварын хувьд манай компанид тэнцэхгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

 

Хариуцагч “Монэнзим Мед” ХХК нь ажил олгогчийн санаачилгаар О.Байгалмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан үндэслэлээр буюу “ажил олгогчийн санаачилга”-аар хөдөлмөрийн гэрээг цуцласан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг заасан боловч ажил олгогч буюу хариуцагч “Монэнзим Мед” ХХК нь нэхэмжлэгчийг ажлын байранд гэр бүлийн хувийн чанартай хэрүүл маргаан удаа дараа үүсгэсэн, ар гэрийн зүгээс үндэслэлгүйгээр гүйцэтгэх захиралд дарамт үзүүлсэн зэрэг ёс суртахууны ноцтой зөрчил удаа дараа гаргасан гэх үндэслэлийг тушаалдаа дурджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан боловч уг ноцтой зөрчил нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд тусгагдсан байх учиртай бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлын байранд гэр бүлийн чанартай хэрүүл маргаан удаа дараа үүсгэсэн, ар гэрийн зүгээс гүйцэтгэх захиралд дарамт үзүүлсэн гэсэн боловч тайлбараа баримтаар нотлоогүй, хариуцагчийн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан энэхүү үндэслэл нь талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн №11 дүгээр Хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлд заасан “ноцтой зөрчил”-д тусгагдаагүй байна.

Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж тайлбарлаад 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №06/16, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн №7/16 дугаар “Шуурхай хуралдааны тэмдэглэл”-үүд болон 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 94/15 тоот “Сануулах арга хэмжээ авах тухай” тушаал, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 56/16 тоот “Сануулах арга хэмжээ авах тухай” тушаалаар тус тус сануулах арга хэмжээ, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №75/16 тоот “Арга хэмжээ авах тухай” тушаалаар цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авагдаж байсан тушаалуудыг шүүхэд ирүүлсэн. /хэргийн 93-95-хуудас/

Зохигч талуудын хооронд байгуулсан 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн №11 дүгээр Хөдөлмөрийн гэрээний 9.2.1-д “ажилтан сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан бол” хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан боловч хариуцагч “Монэнзим Мед” ХХК нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэсэн үндэслэлийг тушаалдаа дурдаагүй байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг өгөгдсөн үүрэг даалгаврыг тогтоосон хугацаанд нь биелүүлээгүй, мэдээллийн үнэн зөв байдалд анхаарал тавиагүй, үр дүнг сайжруулж хариуцлага нэмэгдүүлэхээр сахилгын арга хэмжээ авсан гэдгийг баримтаар нотлоогүй, удирдлагаас ямар үүрэг даалгавар өгсөнийг биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа сахилгын зөрчил авагдсан эсэхийг мэдэхгүй, тушаалуудыг танилцуулаагүй гэж тайлбарласан болно.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ёс суртахуун, мэдлэг ур чадварын хувьд компанид тэнцэхгүй гэж хариу тайлбартаа дурдсан бөгөөд талуудын хооронд байгуулсан 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн №11 тоот Хөдөлмөрийн гэрээний 9.7-д “ажилтан мэргэжлийн алдаа гаргаж, цаашид энэ ажил дээр ажиллах ур чадвар нь тэнцэхгүй бол ажилтантай хийсэн гэрээг цуцлах эрхтэй” гэж заасан боловч “ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар албан ёсны дүгнэлт гарсан байхыг ойлгоно.

Гэвч нэхэмжлэгч О.Байгалмааг мэдлэг, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болох талаарх ямарваа нэгэн байгууллагын дүгнэлт гараагүй, хариуцагчаас энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй тул түүнийг мэдлэг, ур чадварын хувьд компанид тэнцэхгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь байгууллагын ажилтнуудтай ёс зүйгүй харьцдаг гэж хариуцагчаас “Монэнзим Мед” ХХК-ийн ажилчдын захиргаанд гаргасан өргөдлийг шүүхэд ирүүлсэн боловч уг баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.

Иймд хариуцагч “Монэнзим Мед” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №88/16 тоот нэхэмжлэгч О.Байгалмааг үүрэг ажлаас нь чөлөөлсөн “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал нь үндэслэлгүй болох нь тогтоогдож байна гэж үзэв.

 

             Гэвч нэхэмжлэгч О.Байгалмаа нь үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд зохих байгууллагад гаргаагүй байна.

            Нэхэмжлэгч нь ажлаас халсан тухай тушаалыг гардан авч, тушаалыг үндэслэлтэй эсэх, ямар эрх зөрчигдсөн байгааг тогтоолгохоор 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Хүний эрхийн үндэсний комисс, Улсын мэргэжлийн хяналтын газар гомдол гаргасан гэж тайлбарлаад хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг гаргасан.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-д “энэ хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалыг нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь гомдлоо хуульд заасан хугацаандаа гаргаагүй хүндэтгэн үзэх шалтгааныг Хүний эрхийн комисст хандсан гэсэн нь хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй байна. Учир нь “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсныг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд нэхэмжлэлээ гаргах боломжгүй хөдөө явж байсан гэсэн боловч үүнийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжгүй байна гэж үзэв.

            Иймд ажил олгогч “Монэнзим Мед” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №88/16 тоот тушаал нь хууль зөрчсөн үндэслэлгүй боловч нэхэмжлэгч О.Байгалмаа нь ажлаас буруу халсан талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй тул түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй байна гэж үзэж, нэхэмжлэгч О.Байгалмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 16 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийбатад мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулсан, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түүний 98981007 дугаарын утсаар шүүх хуралдааны товыг 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-д заасан “шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх”, 76 дугаар зүйлийн 76.2-т заасан “зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ” гэсэн үүргээ биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг удирдлага болгон    

                                 

                ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн  128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар О.Байгалмаагийн нэхэмжлэлтэй “Монэнзим Мед” ХХК-нд холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О.Байгалмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.   

 

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ХУЛАН