Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/257

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0238/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А- зээрд овогт Б-ы Б-өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018000000253 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .... тоотод оршин суух, урьд ял 1 удаагийн шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, А-зээрд овогт Б-ы Б- /РД: /,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Ажилчны 3-63 тоотод Д.Б-ын баруун далан тус газар нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Б-ын “...Мөөгий эгч намайг гэртээ хамт очъё гэхээр нь би дагаад Тосгонд байдаг гэр рүү нь явсан. Эгчийн гэрт орохоос өмнө 0.5-ын Түмний хишиг нэртэй архи авсан. Тэгээд Мөөгий эгчийнд очоод Б-, Мөөгий эгч бид 3 архиа уусан. Тэр үед 17:00 цаг болж байсан байх, тэгсэн Б- над руу хутга авч дайрсан. Би эсэргүүцээд сүүлдээ зугтаасан чинь миний баруун далан дээр хутгаар хатгасан. Хар иштэй хутгаар намайг гэрт нь байхад миний баруу даланд хутгалсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

 

Гэрч Д.М-ийн “...2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б- бид хоёр зах дээр явж байгаад Б-тай тааралдаад бид нар Тосгонд манай гэрт ирж архи ууцгаасан юм. Архи ууж байхад Б-, Б- хоёр шоронд хамт ял эдэлж байснаа ярилцаад сүүлдээ хэрүүл болсон. Тэгэхэд Б- ширээн дээр хиам зүсэж байсан жижиг хутгыг аваад Б-ын дал хэсгийг зүссэн. Тэгэхэд Б- гараад зугтаасан юм. Б-ын биед учирсан баруун далны дээд хэсэгт үүссэн шарх гэмтлийг Б- хутгаар зүсэж учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 445 дугаартай “...Д.Б-ын биед баруун далны дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. П.Батчимэгт биед учирсан гэмтэл нь цаашдын байнгын хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 15-16/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-4/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 5/,

 

Д.Б-ын яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 13-14/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 500 нэгжээр торгох ялын саналыг хэмжээнд шийтгэж, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Д.Б- нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А-зээрд овогт Б-ы Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-өд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон хар өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД