Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 727

 

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2017/00727

          Улаанбаатар хот

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 20 дугаар хороо Эрч хүчний гудамж 45, “J and > Trade” ХХК-ийн байр 101 тоотод байрлах, “И Зэт Си Өү Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо Б.Шаравын гудамж Хан-Уул цамхаг 505 тоотод байрлах, “Алтан Аураг Констракшн” ХХК-д холбогдох

Бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болон алданги 9 075 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК-ний захирал Ким Сиок Куин /Kim Seok Kyun/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК нь хариуцагч “Алтан Аураг Констракшн” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Бараа нийлүүлэх 15/14 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээний 2.1-д заасны дагуу нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК нь гэрээгээр тохиролцсон бетон зуурмагийн нэмэлт бүтээгдэхүүнийг хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК-д нийлүүлэх, хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК нь нэхэмжлэгч талаас авсан бүтээгдэхүүний төлбөрийг тус гэрээний 5.2-д заасны дагуу сар бүрийн 01-ний өдрөөс 15-ны өдөр хүртэлх нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг 18-ны өдөр, 15-ны өдрөөс 30-ний өдөр хүртэлх нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг дараа сарын 03-ны дотор төлж барагдуулж байхаар хоёр тал харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр гэрээг байгуулсан.

Нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК нь хариуцагчид нийт 6 050 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийн нэмэлт нийлүүлж гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь нэхэмжлэгчээс авсан бетон зуурмагийн нэмэлтийн төлбөр болох 6 050 000 төгрөгөөс нэг ч төгрөг төлөлгүй хоёр талын байгуулсан гэрээний 4.4, 5.2 дах заалтыг зөрчиж нэхэмжлэгчийг хохироож байна. Нэхэмжлэгч хариуцагчийн эрх бүхий хүмүүс өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дагуу тооцоо нийлсэн актыг үйлдсэн байдаг бөгөөд тус тооцоо нийлсэн актаар хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК нь нэхэмжлэгчид 6 050 000 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч харилцан баталгаажуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгч талаас авсан бүтээгдэхүүний төлбөрийг хоёр талын байгуулсан 15/14 тоот гэрээний 5.2-т заасны дагуу сар бүрийн 1-ний өдрөөс 15-ны өдөр хүртэлх нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийг 18-ны өдөр, 15-ны өдрөөс 30-ний өдөр хүртэлх бүтээгдэхүүний төлбөрийг дараа сарын 03-ны дотор бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч гэрээнд заасан хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн тул 15/14 тоот гэрээний 7.2-д заасны дагуу хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК нь 2015 оны 10 сарын 18-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 1 сарын 20-ны өдөр хүртэл өдрийн 30 250 төгрөг, 456 хоногийн нийт 13 794 000 төгрөгийн алданги болж байгаа бөгөөд Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар 3 025 000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгчид төлөх нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК-д хандан төлбөр тооцоогоо төлж барагдуулахыг албан ёсоор мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо төлж дуусгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй болно.

Иймд Иргэний хуулийн 243.1, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Бараа нийлүүлэх 15/14 тоот гэрээний 2.1, 3.1, 4.4, 5.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс худалдан авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болох 6 050 000 төгрөг, мөн Иргэний хуулийн 232.4, 232.6, 15/14 тоот гэрээний 7.2-т заасны дагуу алданги 3 025 000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“И Зэт Си Өү Эн” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр №15/14 дугаартай “Бараа нийлүүлэх тухай гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу “Алтан Аураг констракшн” ХХК нь 6 050 000 төгрөгийн үнийн дүнтэй химийн нэмэлт бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авсан. Нийтийг хамарсан хямралын улмаас “Алтан Аураг Констракшн” ХХК нь 2015 онд бага хэмжээний ажлыг, 2016 онд ажил хийгээгүй нь санхүүгийн байдалд нөлөөлж зээлээр авсан химийн нэмэлтийн үнийг төлж чадаагүй юм. Мөн хариуцагч нь бусад аж ахуй нэгжүүдээс авлагатай ба шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллагаа хийгдэж байгаа ч авлагыг асуудал шийдвэрлэгдэхгүй удааширсан нь төлбөр төлөхөд нөлөөлсөн. Хариуцагчийн зүгээс үндсэн төлбөрийн талаар маргахгүй. Харин алдангийг багасгахыг хүсч дараах тайлбарыг хийж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр алданги төлөхөөр тохирсон хэдий ч хариуцагчийн өнөөгийн санхүүгийн байдлаас шалтгаалан үндсэн төлбөрөө төлөөгүйн дээр алданги нэмж төлөхөд хүндрэлтэй, бодит байдал дээр боломжгүйг харгалзан үзээд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж өгнө үү.

Манай компаний одоогийн санхүүгийн байдлаас шалтгаалан нэхэмжилсэн бүтээгдэхүүний үнийг 2017 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн дотор төлж барагдуулах саналтай байна гэжээ.

                                                                                                           ҮНДЭСЛЭХ   нь:

 

Нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК нь хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК-д холбогдуулан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болон алдангид нийт 9 075 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч эвлэрч, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр “Зохигчдын эвлэрлийн гэрээ” байгуулсан байна.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд “...1.1 Энэхүү гэрээгээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд “И Зэт Си Өү Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Алтан аураг констракшн” ХХК-нд холбогдох иргэний хэрэгт доорх нөхцлөөр хоёр тал харилцан тохиролцож эвлэрэхэд оршино.

2.1 Нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК нь Бараа нийлүүлэх гэрээний дагуу нийт 9 075 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1 512 500 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг 7 562 500 төгрөгийг хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК нь хүлээн зөвшөөрч 2017 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрэн хэлэлцэв” гэжээ.

Зохигчийн байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 9 075 000 төгрөгийг 1 512 500 төгрөгөөр багасгаж, үлдэх 7 562 500 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 7 562 500 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна. 

          Иймд зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 160 150 төгрөгний 50 хувь болох 80 075 төгрөг, хариуцагчаас зохигчийн эвлэрсэн үнийн дүнгийн буюу 7 562 500 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 67 975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон           

              ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

 1.Нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК-д  холбогдох бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр болон алдангид 9 075 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 7 562 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч “Алтан Аураг констракшн” ХХК нь уг 7 562 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2017 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 80 075 төгрөг, хариуцагчаас 67 975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү  захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тохиолдолд  зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин  нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Д.ХУЛАН