Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2014/0336

 

Т.Лийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.О, нэхэмжлэгч Т.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар шийдвэрт нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлын дагуу Т.Л-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний тэтгэврийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу болгон өөрчлөн тогтоохыг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс даалгах” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “..Т.Л нь 2009 онд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж, “ердийн өвчний” улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэж тогтоогдсон. Тэрээр албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан бол энэ тухай ослын акт гарах байсан. Тиймээс тэтгэврийг өөрчлөн тогтоох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийг хангах боломжгүй.” гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, 12 дугаар зүйлийн 3 дахь заалт, 24 дүгээр зүйлүүдийг баримтлан Т.Лийн Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан "Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр өөрчлөн тогтоохыг даалгах" нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Т.Л, түүний өмгөөлөгч Б.Д нар Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014-06-26-ны өдрийн 26 тоот шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх Үндэслэх хэсэгтээ: "... Нэхэмжлэгч Т.Л нь Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарт дэд ахлагч цолтойгоор төрийн тусгай албан тушаалд ажиллаж байсан бөгөөд 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн УМ-2 харуулын цэг дээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа тархинд нь цус харвалт өгч, хөдөлмөрийн чадвараа алдсан болох нь нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын тайлбар, гэрч Б.Бүдрагчаа, П.Нямсүрэн нарын мэдүүлэг, Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарын захирагчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.Үүнээс үзвэл Т.Л нь албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа алдсан болох нь тогтоогдож байна." гэж зөв дүгнэлт хийснээ няцааж,"... нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар "албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас" хөдөлмөрийн чадвараа алдсан гэж үзэх үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа боловч Т.Л нь албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой ямар нэгэн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан бус, харин ажлын байрандаа албан үүрэг гүйцэтгэж байх үедээ "ердийн өвчний улмаас" хөдөлмөрийн чадвараа алдсан гэж үзэхээр байна. Хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын тайлбар зэргээс үзэхэд тухайн харуулын цэг дээр ямар нэгэн осол гарсан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар ослын акт гараагүй байна..." гэж заавал осол гарсан байх ёстой мэтээр дүгнэлт хийж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан хийсвэр дүгнэлт болжээ.

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Т.Лид хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоохдоо "ослын акт" ирүүлээгүй тул тэтгэврийг өөрчлөн тогтоох боломжгүй гэж байгаа нь дээрх хууль болоод журмын зохицуулалтыг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч Т.Л нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар " ... онц чухал объектыг хамгаалсны улмаас" хөдөлмөрийн чадвараа алдсан эсэх, хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгааныг өөрчлүүлэх асуудлыг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст хандаж тогтоолгох буюу түүний дээд шатны байгууллагад гомдол гаргах зэргээр шийдвэрлүүлэх эрх нээлттэй байна." гэж шүүх дүгнээд байгаа нь үндэслэлгүй бөгөөд дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд;

  1. Хариуцагч Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь НДСОТТТХ-ийн 25 дугаар зүйлийн 3 дугаар заалт, УНДЕГ-ын даргын 2010 оны 163 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасан цэргийн тэтгэвэр тогтооход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтад "... осол тогтоосон тухай акт"-ийг бүрдүүлэхээр заасан гэж шүүх үнэлсэн. Нийгмийн даатгалын байгууллага дээрх ослын актыг шаардаад байгаа бол ЗГ-ын 2009 оны 14 дүгээр тогтоолоор баталсан "үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх журам"-ын 6 дугаар зүйлийн 6.2-т " ... осол гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд ... ослын актыг нөхөн тогтоохгүй..." гэж заасны дагуу шүүхийн шийдвэрт үндэслэл болгоод байгаа дээрх заалтуудыг баримтлан тус актыг Дотоодын цэргийн 816 дугаар анги буюу Дотоодын цэргийн байгууллага ослын актыг нөхөн тогтоох боломжгүй юм.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөг-ч зөвшөөрч байсан, " албан үүрэг гүйцэтгэхтэй холбоотой осол мөн" болохыг мэргэжлийн байгууллагын шинжээч томилон тогтоолгох тухай" хүсэлтийг шүүх үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон нь хууль бус юм. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэл, бичгээр гаргасан хүсэлт байгаа.

  1. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь хөдөлмөрийн чадвараа алдсан шалтгааныг тогтоохоор Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд хуульчилсан. Харин ЗГ-ын 2008 оны 304 дүгээр тогтоолоор баталсан "эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийн 3 дугаар зүйлийн 3.1-т" ... даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас гэж ангилна" гэж заасан байхад " онц чухал объектыг хамгаалсны улмаас" хөдөлмөрийн чадвараа алдсан эсэх, хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгааныг өөрчлүүлэх асуудлыг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст хандаж тогтоолгох буюу түүний дээд шатны байгууллагад гомдол гаргах зэргээр шийдвэрлүүлэх эрх нээлттэй байна гэж үнэлээд байгаа нь үндэслэлгүй юм.

Хууль тогтоогч Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийН 10.1.2-т заасан "... бусад албан үүрэгтэй холбогдсон ослын улмаас..." гэж тодорхой заасан заалтыг заавал "ослын акт" гарсан байхыг Нийгмийн даатгалын байгууллага шаардаж байгаа нь хууль зөрчөөгүй зөв юм бол уг осол гарсан болохыг мэргэжлийн байгууллага буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгэм хамгааллын улсын ахлах байцаагчид тогтоох ёстой. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.

НДСОТТТХууль, бусад журмаар зохицуулах боломжтой гэж шүүх хийсвэр дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, Т.Л нь "албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон осолд өртсөн эсэхийг мэргэжлийн байгууллага буюу шинжээчээр тогтоолгосны дараа нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэх нь шударга ёсонд нийцнэ. Дэндүү хийсвэр дүгнэлт хийсэн Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014-06-26-ны өдрийн 26 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээн авч, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч Т.Л нь “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т хамааруулан цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр өөрчлөн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргажээ.

Дотоодын цэргийн 816 дугаар тусгай салбарт Т.Л нь дэд ахлагч цолтойгоор төрийн тусгай албан хаагчаар ажиллаж байхдаа буюу 2008 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Уулын баяжуулах “Э” үйлдвэрийн УМ-2 харуулын цэг дээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа тархинд нь цус харвалт өгч, хөдөлмөрийн чадвараа алдсаныг Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2009 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт”-аар түүнийг ердийн өвчний улмаас 1 жилийн хугацаанд хөдөлмөрийн чадвараар 70 хувиар алдсан болохыг тогтоосон, харин нэхэмжлэгч нь “албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тул Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т хамааруулан цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоох ёстой” гэж Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан байна.

Нийгмийн даатгалын Ерөнхий газар нь дээрх гомдлыг хүлээн авч, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Чимгээд хүргүүлсэн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 6/369 тоот албан бичигт “Т.Л нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад хамруулан хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоох үндэслэлтэй байна” гэжээ.

 

 

 

 

Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дээрх албан бичгийг үндэслэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаар “ердийн өвчний улмаас” хөдөлмөрийн чадвараа алдсан гэж үзэж, Т.Л-н тэтгэврийг тогтоож, нөхөх олговор болох 10481499 /арван сая, дөрвөн зуун наян нэгэн мянга, дөрвөн зуун ерэн есөн/ төгрөгийг олгожээ.

Харин Т.Л нь “Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасанд хамааруулан тэтгэвэр тогтоолгоно” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 274/137 дугаар “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын “Ердийн өвчний жагсаалт”-ын 3.5-ын в-д “тархинд цус харваж, саажилт үлдсэн байх”, “тал биеийн саажилттай тархины эмгэг” зэрэг өвчнүүдийг ердийн өвчний жагсаалтад хамааруулна гэж зааснаас үзэхэд Т.Л нь албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдолгүй ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон гэрч нарын мэдүүлэг, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2009 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт” зэрэг бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч Т.Л нь “Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн УМ-2 харуулын байранд ажиллаж байхдаа “харуулын байранд хуурай халаагуур ажиллуулдаг байсан бөгөөд хажууд нь тавьсан ус ширгэж, агаар их хуурайшсан байсан. Түүнээс болж осолд орсон” гэж тайлбарлаж байгаа боловч энэ байдлыг нотолсон, тогтоосон акт, шийдвэр байхгүй, мөн тухайн үед Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор ослын акт гаргуулаагүй, тогтоолгоогүй гэх үйлдэл нь хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас болоогүй учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын сарын 26-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

 

 

 

 

 


 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.