Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 207

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,

Шүүгдэгч  С.Баттүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Сүрэнжавын Баттүвшинд холбогдох эрүүгийн 201619000374 дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1973 оны 03 сарын 11-ний өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5 , эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 15-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Сүрэнжавын Баттүвшин /РДНЮ73031119/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

            Шүүгдэгч С.Баттүвшин нь Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн баруун толгой дээр 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр иргэн Р.Доржийг хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд

Шүүгдэгч С.Баттүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн тул хэргийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогч Р.Дорж хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ Би 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед Ганбат, Баттүвшин бид гурав 5 дугаар хорооны цэнхэр дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн галт ус гэх нэртэй архи аваад 2 дугаар багийн зүүн талын толгой дээр гарч тэр авсан архиа сууж байгаад хувааж ууж дуусгаад босоод харих гээд явж байсан чинь араас Баттүвшин хүрч ирээд чамайг шаачхуу гээд ероол нь хагархай рүүнк барьчихсан байхаар нь миний дүү арай болохгүй байлгүй гэсэн чинь миний цээж рү нөгөө барьж байсан хагархай рүнкээр цохиод авсан тэгсэн миний цээжнээс цус гараад ирсэн. Тэгээд би  тэр тухайн үед нэг их цус гарахгүй болохоор тоогоогүй гэртээ харьсан авгай үзий гэхээр нь үзүүлэх гээд тонгойсон чинь гоожоод эхлэхээр нь манай эхнэр цагдаа дуудаж эмнэлэг дуудсан. Тэгээд цагдаа ирэхээр Баттүвшингийн гэрийг зааж өгөөд байж байтал эмнэлэг ирээд намайг аваад явсан. Баттүвшин бид хоёр архи ууж байхдаа 2015 онд халамцуу явж байхад нэг юм хувааж уух уу гэсэн тэр үед нь би хүүхдүүдтэй архи уудаггүй гэсэн тэрийг яриад маргалдсан нэг сүртэй маргалдсан зүйл байхгүй. Би нэг жилийн өмнө шил архи дэлгүүрээс аваад явж байсан чинь Баттүвшин таараад хамт уух талаар ярихад би дүргүйцээд би бацаануудтай архи уудаггүй гэх зэргээр хэл амаар доромжилж байсан. Тэгээд тэрийг архи ууж байхдаа яриад надтай маргалдаж байсан. Тэрнээс өөр маргалдсан зүйл байхгүй. Бид нар архи ууж дуусаад би нэг их бодолгүй босоод гэрлүүгээ явж байсан чинь араас ирээд миний цээжин тус газар хагархай шилээр цохиж гэмтээсэн. Ганбат, Баттүвшин бид 3 нэг шил 0,75 литрийн галт ус нэртэй архи уусан өөр хүн байгаагүй. Ганбат бид хоёр архи уугаагүй Баттүвшин халамцуу байсан тэгэхдээ согтсон зүйл харагдаагүй. Баттүвшин бид хоёр маргалдаад зодолдсон зүйл байхгүй архи ууж дуусаад босоод явж байсан чинь ирээд хагархай шилээр миний цээжин тус газар цохиод авсан. Тэр үед бид хоёрын хажууд Ганбат байсан өөр хүн байгаагүй. Баттүвшин миний цээжин тус газар хагархай шилээр цохисон Ганбат бид хоёрын урд явж байсан. Бид хоёр нэг газар амьдардаг болохоор танилууд нэг их найз нөхөд биш. Би Баттүвшинд гар хүрсэн зүйл байхгүй. Миний цээжин тус газар зүсэгдэж 4 оёдол тавьсан одоо миний бие зүгээр. Миний эмчилгээний зардал 200 000 төгрөг өгсөн одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх-16 тал/,

 

Гэрч Д.Ганбат хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ 2016 оны 05 дугаар сарын 18-ы өдөр Дорж, Батүвшин бид 3 Гандангийн зүүн талын таксины зогсоол дээр таараад Дорж би нэг шил архи авна гээд бид гурав 5 дугаар хорооны хамгийн хойд талын гудманд байдаг дэлгүүрээс хамт явж нэг шил 0,75 литрийн цэнхэр тагтай архи аваад дэнжийн багийн төвийн харалдаа зүүн талын хамар дээр гарч сууж байгаад бид гурав авсан архиа ууж дуусгаад хамгийн түрүү би босоод явж байтал Баттүвшин, Дорж хоёр араас цуваад явж байгаа харагдсан тэгтэл Дорж араас ирээд намайг шилээр шаачихлаа гэхээр нь би эргээд харсан чинь Дорж Баттүвшин намайг шилээр шаачихлаа гээд байсан. Намайг харахад Доржийн нүүр зүгээр байсан тэгээд цамцаа сөхдөө гээд харсан чинь гэдэс рүү нь цус урсаж байсан. Доржид би эмнэлэг дууд гээд хэлээд байж байтал Баттүвшин би хатгачихсан байна уу гээд хүрээд ирсэн. Тийм байна чи уучлалт гуй гэж хэлээд би шууд гэр лүүгээ яваад өгсөн. Араас Баттүвшин, Дорж хоёр хамт явж байсан гэсэн мэдүүлэг /хх-17 тал/,

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/,

-яаралтай түргэн тусламжийн хуудасны хуулбар /хх-11 тал/,

-цус авсан тухай тэмдэглэл /хх-12 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-14 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №252 тоот актад

1. Р.Доржийн биед цээжинд зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг  сарниулахгүй гэжээ /хх-19 тал/,

- 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 521 дугаар бүхий Төв аймгийн Зуунмод сумын Ланс багийн засаг даргын тодорхойлолт /хх-32 тал/,

-жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-40 тал/,

-эрүүлжүүлсэн хүний бүртгэлийн хуулбар /хх-38 тал/,

 

            - С.Баттүвшинийг 2016 оны 06 сарын 14-ний өдөр сэжигтнээр /хх-28 тал/, 2016 оны 06 сарын 16-ны өдөр яллагдагчаар /хх-30 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

            - С.Баттүвшины ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд ял шийтгэл үгүй гэх лавлагаа  /хх-33 тал/,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Баттүвшин нь Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар багийн баруун толгой дээр 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр иргэн Р.Доржийг хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Р.Дорж, гэрч Д.Ганбат нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №252 дугаар акт, шүүгдэгч С.Баттүвшингийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч С.Баттүвшингийн холбогдсон Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт  яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч С.Баттүвшинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Хохирлын талаар

            Хохирогч Р.Дорж нь шүүгдэгч С.Баттүвшинтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.           

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч С.Баттүвшин нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Сүрэнжавын Баттүвшиныг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн С.Баттүвшинд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          3.Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Баттүвшин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4.С.Баттүвшинд авсан бусдын батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

        5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж С.Баттүвшинд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ