Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 03

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Э” ТӨҮГазар, “Э” ТӨҮГазрын  ТҮХ-нд тус тус холбогдуулан гаргасан

  1. “Э” ТӨҮГазрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн

ТБ-114-12/1617 тоот мэдэгдэл,

  1. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ТБ-114-12/1847 тоот мэдэгдлийг

тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”,

3. “ЭҮХХК/201904079 дугаартай “ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц барих” тендерт “Г” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах”,

4. “ТҮХ-ны “Г” ХХК-ийг тендерт шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”,

5. “Э” ТӨҮГ-ын ТҮХ-нд гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөхийг даалгах”

6. “Э” ТӨҮГазрын ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/1078 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг тус тус хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2019/0017/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Ж.Э, Г.Г, өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З, Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : “... Монгол Улсын хуулийн этгээд “Г” ХХК нь 1997 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Барилга хот байгуулалтын яамны БУ-47/18 дугаартай барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж юм. 

            2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр www.tender.gov.mn сайтад ЭҮХХК/201904079 дугаартай “ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц барих” нээлттэй тендерийн урилга зарлагдсан. Үүний дагуу “Г” ХХК нь “Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮХХК/201904079 дугаартай “Эко-400 орон сууцны дэд бүтэц, барилга угсралтын ажил”-ын нээлттэй тендер шалгаруулалтад “П” ХХК-тай түншлэл болж оролцсон бөгөөд тус тендерийн захиалагчаас шаардсан бүх материалыг хуулийн хүрээнд бүрдүүлэн оролцсон билээ. 

            Гэвч захиалагч “Э” ТӨҮГ-аас 2019 оны 10 дугаар 03-ны өдөр ТБ-114-12/1617 тоот “Мэдэгдэл хүргүүлэх” албан бичиг ирүүлсэн. Тус мэдэгдэлдээ “танай компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйл, ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн дараах шаардлагыг хангаагүй байна.” гээд ажиллах хүчин болон барилгын тусгай зөвшөөрөлтэй холбоотой 2 үндэслэл заасан байдаг. Нэгдүгээрт: Түншлэгч болон туслан гүйцэтгэгч компаниудын ирүүлсэн материалд /2.1.1*  Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил/ тусгай зөвшөөрлийн заалт байхгүй байна, хоёрдугаарт: “Г” ХХК болон түншлэгч “П” ХХК-ийн инженер, техникийн ажилчид нь тухайн компанийн үндсэн ажилтан байх шаардлагыг хангахгүй, Түншлэгч гишүүн нэг бүр ижил ерөнхий шаардлагыг хангасан байх шаардлагатай гэсэн 2 үндэслэлээр татгалзсан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын дагуу бүх тендерээс татгалзсан тухай мөн дурдсан байдаг.

Манай “Г” ХХК-ийн зүгээс тус мэдэгдэлтэй танилцаад мэдэгдэлд дурдсан манай тендерээс татгалзсан үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэрт 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан.

Монгол Улсын Сангийн яам гомдлыг хянан үзээд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 6-1/7154 тоот “гомдлыг хянасан тухай” албан тоотыг “Э” ТӨҮГ-т хүргүүлсэн.

... Энэхүү албан бичгийн дагуу манай компаниас “Э” ТӨҮГазарт хандан 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01/527 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан.

Иймээс захиалагч 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ТБ-114-12/1847 тоот “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр манай компанийг тендерт шалгаруулахаас татгалзсан 2 үндэслэл байснаас “Г” ХХК болон түншлэгч “П” ХХК-ийн инженер, техникийн ажилчид нь тухайн компанийн үндсэн ажилтан байх шаардлагыг хангахгүй, Түншлэгч гишүүн нэг бүр ижил ерөнхий шаардлагыг хангасан байх шаардлага хангаагүй” гэсэн үндэслэлээр татгалзсаныгаа хууль бус болохыг зөвшөөрч, зөвхөн 2.1.1* шаардлагыг хангаагүй талаар мэдэгдсэн.

... Түншлэгч болон туслан гүйцэтгэгч компаниудын ирүүлсэн материалд /2.1.1* Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил/ тусгай зөвшөөрлийн заалт байхгүй байгаа нь шаардлагад нийцэхгүй гэсэн тухайд:

Захиалагч “Э” ТӨҮГ нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигтээ “ ...1. Түншлэгч болон туслан гүйцэтгэгч компаниудын ирүүлсэн материалд /2.1.1* Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил/ тусгай зөвшөөрлийн заалт байхгүй байгаа нь шаардлагад нийцэхгүй” гэжээ. Гэвч “Г” ХХК нь 2023 он хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрөлтэй тул 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрлийг авах шаардлагагүй бөгөөд авах боломжгүй болох нь дараах байдлаар  тодорхойлогдоно.

Нэгдүгээрт: БХБ-ын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 89 дүгээр тушаалаар “хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага”-ыг зохицуулдаг байсан бол БХБ-ын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тушаалаар тус асуудлыг шинэчлэн зохицуулж 89 дүгээр тушаалыг хүчингүй болгосон.

Улмаар БХБ-ын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалын хавсралтаар 2 шаардлагыг  дүйцүүлсэн.

“Э” ТӨҮГ-ын шаардаж буй 2.1.1*. Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил” гэсэн ажлын төрлийг БХБ-ын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 11 тушаалаар хүчингүй болгосон буюу ийм тусгай зөвшөөрөл олгохыг журмаар зогсоосон байдаг.

Улмаар тус “2.1.1 Барилгын засвар, засал, чимэглэл, орчны тохижилт” зөвшөөрлийн хүрээнд 2.1.1*-ийг нэгтгэн цаашид “БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил” гэсэн нэртэй байхаар журамласан байдаг.

...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасны хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Худалдан авах ажиллагаанд ил тод, ...үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлана гэж заасан атал захиалагч  “Э” ТӨҮГ худалдан авах ажиллагаанд энэхүү зарчмыг баримтлаагүй.

“Э” ТӨҮГ-ын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ТБ-114-12/1617 тоот мэдэгдэл, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ТБ-114-12/1847 тоот мэдэгдэл нь тус тус Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, ашиг сонирхолыг хөндсөн шийдвэр.

Улмаар захиалагч нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ТБ-114-12/1617 тоот мэдэгдлээр манай компианаас 2 үндэслэлээр татгалзаж байсан бол 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ТБ-114-12/1847 тоот тус тус мэдэгдлээр нэг үндэслэл болж өөрчлөгдсөн. Гэвч манай “Г” ХХК-иас 2019 оны 11 сарын 04-ний өдрийн ТБ-114-12/1847 тоот мэдэгдлээр баримт дутуу гэж татгалзсан нь нэгэнт олгох боломжгүй, хүчин төгөлдөр бус журмыг үндэслэн баримт бичиг шаардаж байгаа нь хууль бус юм.

...Мөн тус тендер шалгаруулалт нь нийт 33.540.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй бөгөөд тендер шалгаруулалтад 2 компани оролцож, манай компани 29.920.273.291 төгрөгийн үнийн санал илгээж, нөгөө оролцогч этгээд 29.979.298.837 төгрөгийн санал ирүүлж, манай компани хамгийн бага үнийн санал илгээсэн атал иинхүү хууль бус шалтгаанаар татгалзаж байгаа “Э” ТӨҮГ-ын хууль бус үйлдлийг хүлээн  зөвшөөрөхгүй байна.

Тус хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.” гэж заасныг зөрчсөн.

Иймд “Э” ТӨҮГазрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ТБ-114-12/1617 тоот мэдэгдэл,      2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ТБ-114-12/1847 тоот мэдэгдлийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож,  “ЭҮХХК/201904079 дугаартай “ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц барих” тендерт “Г” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э” ТӨҮГазарт даалгаж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Г” ХХК  1997 онд байгууллагдсан. 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Барилга хот байгуулалтын яамнаас БУ16-47/18 дугаартай барилга угсралтын тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаа. “Э” ТӨҮГ-т холбогдуулж 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ТБ-114-12/1847 тоот мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан. Мөн “Э” ТӨҮГ-ын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Г” ХХК болон түншлэгч “П” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг шаардлага хангаагүй тендер гэж үзэж татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-ын тендерийн хороонд “Г” ХХК болон түншлэгч “П” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг хамгийн сайнд үнэлж гэрээ байгуулах шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэсэн шаардлага гаргасан. Учир  нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Э” ТӨҮГ www.tender.dov.mn сайт дээр ЭҮХХК/201904079 дугаартай “ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц барих” нээлттэй тендерийн урилга зарлагдсан. Үүний дагуу “Г” ХХК нь “Э” ТӨҮГ-аас зарласан ЭҮХХК/201904079 дугаартай орон сууцны дэд бүтэц, барилга угсралтын ажил”-ын тендерт “Г” ХХК, “П” ХХК-ийн түншлэгч болж оролцсон. Хуулийн хүрээнд тендерийн баримт бичиг материалыг бүрдүүлж шаардлага ханган “Э” ТӨҮГ-т хүргүүлсэн. Захиалагч “Э” ТӨҮГ 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ТБ-114-12/1617 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг ирүүлсэн. Тус мэдэгдэлдээ “танай компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйл, ажил гүйцэтгүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн дараах шаардлагыг хангаагүй байна” гээд ажиллах хүчин болон барилгын тусгай туслан гүйцэтгэгч компаниудын ирүүлсэн материалд 2.1.1* /Барилгын засал чимэглэл, интерьерийн ажил/ тусгай зөвшөөрлийн заалт байхгүй байна, хоёрдугаарт “Г” ХХК болон түншлэгч “П” ХХК-ийн инженер, техникийн ажилчид нь тухайн компанийн үндсэн ажилтан байх шаардлагыг хангахгүй, Түншлэгч гишүүн нэг бүр ижил ерөнхий шаардлагыг хангасан байх шаардлагатай” гэсэн 2 үндэслэлээр татгалзсан. Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын дагуу бүх тендерээс татгалзсан тухай дурдсан байдаг. Бусад компаниуд ч гэсэн энэ шаардлагыг хангаагүй гэдэг. Үүнийг манай “Г” ХХК зөвшөөрөхгүй учраас Тендерийн тухай хуулийн 55.1-д заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам гомдлыг хянаж үзээд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 6-1/7154 тоот “гомдлыг хянасан тухай” албан бичгийг “Э” ТӨҮГ-т хүргүүлсэн. Тус албан бичигт “Г” ХХК болон “П” ХХК-ийн түншлэлээс гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгосон инженер, техникийн ажилчдыг захиалагч “П” ХХК-ийн инженер, техникийн ажилчид нь тухайн компаний үндсэн ажилтан байх шаардлагыг хангаагүй гэж үнэлсэн  захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гээд хүчингүй болгосон. Мөн “Г” ХХК болон “П” ХХК-ийн түншлэлийн тендерт ирүүлсэн Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон тусгай зөвшөөрөл /барилгын засал чимэглэл, интерьерийн ажил гүйцэтгэх 2.1.1* заалт байхгүй байгааг/-ийн талаар холбогдох байгууллагаас нягталсны үндсэн дээр тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг хууль журмын дагуу дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасны дагуу мэдэгдье” гэсэн байсан. Өөрөөр хэлбэл 2.1.1, 2.1.1* гэсэн заалт нь шаардлагатай юу, үгүй гэдгийг дахиж холбогдох байгууллагаас нь тодруулаад хариуг явуул гэсэн. Энэхүү албан бичгийн дагуу манай “Г” ХХК 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01/527 тоот албан бичгээр манай тендерт үнэлгээ хийж өгөөчээ гэж хандсан. Захиалагч байгууллага гомдлыг хянасан тухай хариу хүргүүлсэн байсан. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өмнө нь 2 үндэслэлээр татгалзсан байснаа дээд шатны байгууллагын үндэслэлийг хүлээн зөвшөөрч үлдэх нэг үндэслэлээр манай тендерийг хүлээн авахаас татгалзсан. Тэр нь 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрөл байхгүй байна гэсэн үндэслэлээр дахиад татгалзсан. Дахин татгалзсан тухай шийдвэрийг эс зөвшөөрч дахин Сангийн яаманд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн гомдол гаргасан. Сангийн яам өмнө нь энэ шийдвэрийг шийдвэрлэсэн байна гэж үзэж захиалагч байгууллагын шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шүүхэд гомдол гаргасан. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрөл байхгүй байна гэсэн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл захиалагчийн яриад байгаа 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрлийг бид нар авах шаардлагагүй, авах боломжгүй тусгай зөвшөөрөл байгаа. Хүчингүй болсон журмын дагуу бид нараас энэ тусгай зөвшөөрлийг шаардсан байна гэж үзэж байгаа. Барилга, Хот байгуулалтын яамнаас нилээн олон журам хүчингүй болгосон байгаа. Барилга, Хот байгуулалтын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 89 дүгээр тушаалаар “хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага”-ыг зохицуулсан байсан. 7 жилийн өмнө хэрэгжиж байсан журам дээр 2.1.1 болон 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрлийг Барилга, Хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 11 дугаартай тушаалаар шинэчлэн зохицуулж 89 дугаартай тушаалаар батлагдсан журам хүчингүй болгосон. 2013 онд  хэрэгжиж байсан журмаар 2.1.1, 2.1.1* гэсэн нэршилтэй байсан бол 2018 оны  шинэ журмаар БА 8.1 гэсэн нэршлийг нь сольсон байдаг. Манай гэрчилгээний ард 2.1.1 гэсэн зөвшөөрөл байгаа. 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрөлтэй бол БА 8.1 дэх заалттай дүйцүүлэх ёстой юм байна гэж Барилга, Хот байгуулалтын яамнаас 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр аргачлал батлах тухай журам баталсан. Энэ аргачлалаар 2.1.1 “Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт” гэсэн нь дүйцүүлсэн журмаар БА 8.1 “ Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил” гэх болсон. Гэтэл 2.1.1* маань энэ журмаар хувираагүй. 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрөлтэй бол БА 8.1 гэсэн тусгай зөвшөөрлийг хэрэгжүүлж болно гэсэн байгаа. Дүйцүүлж байгаа журам маань өөрөө өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр журам шинэчлэн батлах тухай аргачлалаас харвал БА 8.1 гэсэн заалт нь танайх шүү гэсэн байгаа. Энэ нөхцөл байдлаас “Г” ХХК-ийн 2.1.1 гэсэн заалт нь БА 8.1 гэсэн заалттай дүйцэж байгаа. Харин 2.1.1* гэсэн заалт нь дүйцээгүй байна. 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрлөөр БА 8.1 гэсэн тусгай зөвшөөрлийг дангаар нь хийж болохгүй гэсэн аргачлалтай байна. Үүнийг нэгдүгээрт нь Барилга, Хот байгуулалтын яамнаас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тодруулга хүргүүлэх тухай албан бичиг байгаа. Энэ албан бичгээр 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрөлтэй бол БА 8.1-ийн тусгай зөвшөөрлийг эрхэлж болно гэж байгаа. Мөн барилгын тусгай зөвшөөрөл олгодог Монголын Барилгын Үндэсний Ассоциаци”-аас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай байгууллагад ирүүлсэн албан бичигт” Танай байгууллага хуучин суурь нөхцөл, шаардлагын 2.1.1 “Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт” гэсэн заалт бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч бол энэхүү зөвшөөрлийн хүрээнд 2.1.1* “Барилгын засал, чимэглэл, интериерийн ажил” болон шинэчилсэн төрөл, суурь нөхцөл, шаардлагын дүйцүүлэх заалт болох БА 8.1 “Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьерийн, орчны тохижилтын ажил”-ыг хийж гүйцэтгэх боломжтой гэсэн тодорхойлолт ирүүлсэн. Мөн өнөөдрийн хурал дээр шинээр гаргаж өгсөн Барилга хот байгуулалтын яамнаас ирүүлсэн албан бичгээр ижил утга агуулгатай албан бичиг ирүүлсэн байгаа. Хариуцагчийн танайд ийм тусгай зөвшөөрөл байхгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл 2.1.1* гэдэг заалт нь аль хэдийнээ хүчингүй болсон байгаа. Нэг жилийн өмнө хүчингүй болсон журам дээр үндэслэж тусгай зөвшөөрөл нэхээд байгаа нь үндэслэлгүй байна. Ийм үндэслэлээр “Г” ХХК “Э” ТӨҮГ болон ТҮХ-нд холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа .” гэв.

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТҮХ-ны шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа үндэслэл нь хуульд үндэслэх  үндсэн зарчмыг биелүүлээгүй. Бидний нэхэмжлэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтаар татгалзсан захиргааны акт нь хууль бус байгаа учраас хүчингүй болгуулах. Мөн татгалзсан шийдвэр учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106. 3.4-т заасны дагуу татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож зөвшөөрсөн шийдвэр буюу “Г” ХХК болон “П” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг хамгийн сайнд шалгарсан тендерийн материал гэж үзэж шийдвэр гаргуулъя гэсэн шаардлага гаргасан. Хариуцагч байгууллага нь хүчингүй болсон захиргааны хэм, хэмжээний актыг үндэслэж шаардлага тавьсан. Хуульд үндэслэн гэдэг бол одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд үндэслэх ёстой. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Барилгын тухай хуулиараа барилгын тусгай зөвшөөрлийг Барилга, Хот байгуулалтын яам түүнээс эрх олгосон байгууллага эрх олгодог. Одоогоор Монголын Барилгын үндэсний ассоциаци тусгай зөвшөөрөл олгодог. Барилгын яамнаас тусгай зөвшөөрөл олгох тухай журам боловсруулдаг. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.14.6-д “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх” гэж заасан байна. Барилгын тусгай зөвшөөрөл нь дотроо ямар, ямар чиглэлээр задрах вэ гэдгийг Барилга, Хот байгуулалтын яам өөрөө шийдэж тогтоодог. Өмнө нь үйлчилж байсан хэм, хэмжээний актаар 2.1.1* гэсэн заалтаар интерьер буюу орчны тохижилтыг тусад нь зохицуулж байсан. Түүнийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 тоот Барилга, Хот байгуулалтын яамны даргын тушаалаар өөрчилж дүйцүүлэх аргачлалыг 33 тоот актаар тогтоосон байдаг. 33 тоот актаар дүйцүүлэх аргачлалыг тогтоохдоо 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь БА 8.1 буюу “Барилга байгууламж, интерьер, орчны тохижилт” гэсэн нэгдсэн аргыг хэрэгжүүлж явна гэж тооцоолсон байна. Дүйцүүлнэ гэдэг нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдэд өмнөх журмынхаа нэр томъёогоор тусгай зөвшөөрөл олгосон байгаа. Тэр тусгай зөвшөөрлийг өөрчлөхгүйн тулд өмнөх журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч маань одоогийн журмаар тусгай зөвшөөрөл эзэмшигч байна гэдгийг харуулж байгаа юм. 2.1.1 гэсэн заалт бол БА 8.1 гэсэн заалт юм гэж тогтоосныхоо дараа 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 217 тоот шинэчилсэн журмаараа БА 8.1 гэсэн тусгай зөвшөөрөл авна гэж журамлаж өгсөн байгаа. Тэгэхэр хариуцагчийн зүгээс 2013 онд үйлчилж байсан, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүчингүй болчихсон тусгай зөвшөөрлийн томьёолол буюу тусгай зөвшөөрлийг нэхэж байгаа нь хууль, хэм хэмжээний актад байхгүй шаардлага тавьж байна гэж үзсэн. Нөгөө талаас ТҮХ-ны гаргаж байгаа шийдвэр нь Захиргааны ерөнхий хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зарчимд нийцэхгүй байна. Мөн  Захиргааны ерөнхий хуулийн 4.2-д “үр нөлөөтэй байх, зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн заримд нийцэхгүй байна. Хариуцагч байгууллага өмнө нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 2 үндэслэл зааж манай тендерээс татгалзсаны дагуу дээд шатны байгууллага буюу Сангийн яаманд гомдол гаргаж Сангийн яамнаас энэ 2 үндэслэлийн нэгийг нь шууд хууль бус байна гэж зааж өгч хүчингүй болгож үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Харин одоо яриад байгаа журмыг холбогдох Төрийн захиргааны байгууллагаас асууж судалсны үндсэн дээр шийдвэр гарга гэж даалгавартай үүрэг өгсөн. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэлээс харахад 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хурлаас хойш холбогдох Төрийн захиргааны байгууллагаас лавлагаа, тодорхойлолт авсан зүйл байхгүй байна. Дээд шатны захиргааны байгууллагын шийдвэр гарсан даруйд доод шатны захиргааны байгууллага буюу ТҮХ Сангийн яамны шийдвэрийг биелүүлэх ёстой байсан. Сангийн яамнаас өгсөн үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэсэн бол энэ процессын зөрчил гарахгүй байх байсан. Барилга, хот байгуулалтын яамны тодорхойлолт, Монголын Барилгын үндэсний ассоциаци гэдэг байгууллагын тодорхойлолтоор 2.1.1* гэдэг тусгай зөвшөөрөл Монгол Улсад хэрэгжихгүй, 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа журмаараа БА 8.1 гэсэн тусгай зөвшөөрлийг давхар гүйцэтгэх боломжтой. 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрөл бол байхгүй шүү гэдгийг тодорхойлоод өгчихсөн. Энэ баримтуудыг хариуцагч цуглуулчихсан байсан бол ийм шийдвэр гарахгүй байх байсан. Энэ процессын зөрчил нь шийдвэр гаргахад шууд хуулийн зөрчил болж хувирсан байна. Тийм учраас “Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны  2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хурлын шийдвэр хууль ёсны болж чадаагүй байна. Мөн Захиргааны ерөнхий хууль болон Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцэхгүй байна. Энэ татгалзсан үндэслэл нь хууль бус болж тогтоогдох юм бол “Г” ХХК болон түншлэгч “П” ХХК хоёр хамгийн бага үнийн санал гарсан. Хамгийн бага үнийн санал гаргасан учраас хамгийн сайнд тооцогдох тендер учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиараа тухайн байгууллагатай гэрээ байгуулах шийдвэрийг хариуцагч гаргах ёстой байсан. Тийм учраас “Г” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгаж өгнө үү гэсэн шаардлага гаргасан.” гэв.

Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендер сонгон шалгуурлалтын бичиг баримт дээр уг ажил үйлчилгээг хийх шаардлагыг нарийн тусгаж өгсөн. Хариуцагчийн зүгээс сонгон шалгаруулалтын шаардлага хангасан бичиг баримтуудыг “Г” ХХК болон түншлэгч “П” ХХК боловсруулж хуульд нийцүүлж бүх бичиг баримт, материалыг өгсөн байгаа. Ирсэн тендерийн материал дээр ТҮХ тал бүрээс нь үнэлж дүгнэж шалгуур тус бүрээр нь шийдвэр гаргасан байгаа. Шийдвэр гаргахдаа тийм, үгүй гэдэг байдлаар үнэлгээ гаргасан байсан. Үгүй гэсэн 2 үнэлгээ хийгдсэн шийдвэр гаргасан. Ажиллах боловсон хүчин болон тухайн компаний эзэмшиж байсан тусгай зөвшөөрөлтэй холбоотой шаардлага дээр үгүй гэсэн шийдвэр гаргасан. Бусад шалгуур дээр тийм гэж зөвшөөрсөн байна гэж шийдвэр гаргасан. Манай компанийг 2 төрлийн шаардлага хангаагүй бусад шаардлагыг хангасан байна гэж дүгнэж шийдвэр гаргасан байсан. Сангийн яаманд гомдол гаргасны дараа дахин үнэлгээ хийсэн. Дахин үнэлгээ хийсэн хуралдааны тэмдэглэлээр юуг шийдсэн байна вэ гэхээр тендерт оролцогч нь 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрлийг эзэмшээгүй байна. Бусад материал нь тендерийн шаардлагыг хангасан юм байна. Гэхдээ 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрлийг эзэмшээгүй байгаа нь татгалзах үндэслэл болж байна гэсэн шийдвэр гаргасан байдаг. 2.1.1 гэдэг тусгай зөвшөөрөл байх ёстой гэсэн харилцааг зохицуулсан Барилга, Хот байгуулалтын сайдын 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 тоот тушаалаар батлагдсан энэ журам нь өөрөө хүчингүй болчихсон. Хүчингүй болсон хэм хэмжээний актад тавигдсан шаардлагыг биднээс шаардсан байна. Барилга, Хот байгууллагын яам болон одоогийн Монголын Барилгын үндэсний ассоциаци гэдэг байгууллагаас барилгын тусгай зөвшөөрөл авах материалаа хуулийн этгээдэд нь хүргүүлээд энэ шаардлагыг хангаж байна уу гэдгийг шалгаж, дүгнэлт гаргаж тодорхой хугацаатай тусгай зөвшөөрөл олгодог. Хэм хэмжээний акт хүчингүй болдог, өөрчлөгддөг, шинэчлэн найруулагддаг тохиолдол бүртээ олгогдсон хэдэн зуун тусгай зөвшөөрлийг цуцалж татаад шинэчилсэн бүртгэл хийдэггүй юм байна. Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүндрэл учруулдаг юм байна. Ямар аргачлалыг баримталдаг вэ гэхээр дүйцүүлэх байдлаар аргачилал тогтоож энэ харилцааг зохицуулсан байдаг юм байна.  Маргаж буй хэм хэмжээний акттай холбоотой харилцааг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр баталсан 33 тоот аргачлалаар зохицуулагдана. Энэ аргачлалаар 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээд шинэчлэн батлагдсан журмаар БА-8.1-д заасан бүх төрлийн үйл ажиллагаа явуулж болох аргачлалыг хуульчилсан байна. БА-8.1-д “Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилт” гэдэг тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан байна. 2.1.1 гэдэг тусгай зөвшөөрлөөр “Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт” гэсэн үйл ажиллагаа явуулах ёстой гэсэн байна. Захиалагчийн зүгээс 2.1.1* “Барилгын засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилт” гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшдэг байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Энэ аргачлалаар захиалагчийн хүсээд байгаа барилгын тусгай зөвшөөрөл буюу БА-8.1 гэсэн тусгай зөвшөөрлийг манайх эзэмшдэг болох нь тогтоогдож байгаа. Хариуцагч байгууллага нэгдүгээрт хүчингүй болсон журмыг үндэслэж татгалзсан шийдвэр гаргасан байна. Хоёрдугаарт дүйцүүлсэн тусгай зөвшөөрлүүд нь хороондоо ямар аргачлалаар дүйцэж байгаа юм бэ гэдэг аргачлал бэлэн байхад энэ аргачлалыг хэрэглэж үнэлгээ хийсэн бол “Г” ХХК “Барилгын засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилт” гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшдэг болох нь тогтоогдож байна. Гэтэл ийм үнэлгээ хийгээгүй байна. Тиймээс манай тендерийн материалаас татгалзсан шийдвэр нь үндэслэлгүй байна. Бусад төрлийн шаардлага дээр тийм гэсэн үнэлгээ авч “Г” ХХК бусад шаардлагыг хангасан болох нь тогтоогдож байна. Тиймээс “Г” ХХК болон түншлэгч “П” ХХК-ийн тендерийн материал нь хамгийн сайн гэсэн шаардлагыг хангаж байна гэж үзэж гэрээ байгуулах тухай шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү.” гэв

Хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Анх “Эко 400” орон сууцны барилга, угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тендерийн сонгон шалгаруулалт явуулах үнэлгээний хороо 2019 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн А/88 тоот Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж тендерийн баримт бичгийг буюу гүйцэтгэгч компаниудад тавигдах шаардлагыг баталсан байна. Тэр шаардлагын 4.4.в-д “ажил гүйцэтгэх компани нь ямар тусгай зөвшөөрөлтэй байх юм бэ гэдэг шаардлага дээр 2.1.1, 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрөлтэй байна” гэсэн шаардлагыг 100 хувийн саналаар дэмжиж, энэ шаардлагыг тавьсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.5-д “Тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичиг”-ийг хэлнэ гэж зааж өгсөн. Тендерт оролцогчдод өгөөд байгаа зааварчилгаа бол захиалагчаас тавьсан шаардлага. Тэр шаардлага дээр гүйцэтгэгч компани нь барилга угсралтын 2.1.1 “Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт”, 2.1.1* “Барилгын засвар, засал чимэглэл, интерьер, тохижилтын ажил” гэсэн тусгай зөвшөөрөлтэй байна гэсэн шаардлагыг тавьсан. ТҮХ-2.1.1* гэсэн тусгай зөвшөөрөлтэй байна гэсэн шаардлагыг тавиад байгаа учир нь Эрдэнэтэд бүхэл бүтэн орон сууцны хороолол буюу таун хаус бариулах гэж байна. Нарийн интерьер, дизайнерын ажил шаардлагатай гэж үзэж 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрөл заавал байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Тендерт оролцогчдоос ирүүлсэн тендерийн баримт материалтай танилцахад “Г” ХХК нь өөрөө 2.1.1, 2.1.5 гэсэн тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан. Захиалагчийн тавьсан шаардлага бол 2.1.1* буюу “Барилгын засвар, засал чимэглэл, интерьер орчны тохижилт” гэсэн тусгай зөвшөөрөл байхгүй байна гэж үзэж татгалзсан шийдвэр гаргасан. Тендер гэж юуг хэлэх вэ? гэхээр захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг хэлнэ гэж хуульд заасан байдаг. “Эко 400” хорооллын хувьд захиалагчийн зүгээс 2.1.1, 2.1.1* тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани энэ тендерт оролцох эрхтэй гэж үзсэн байгаа. Тендер сонгон шалгаруулалтад оролцогч этгээд нь захиалагчийн зүгээс тавьсан шаардлагад нийцүүлж тендерийн материалаа бүрдүүлж ирүүлэх үүрэгтэй. Захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12.2-д зааснаар “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана” гэж заасан. Энэ шаардлагыг хангасан гэж үзвэл ТҮХ хамгийн сайн үнэлэгдсэн тендерээ шалгаруулна. “Г” ХХК-ийн хувьд 2.1.1* тусгай зөвшөөрөл байхгүй байсан учраас үнэлгээний хороо татгалзсан шийдвэр гаргасан. Тиймээс хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бол 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрлийг авах шаардлагагүй. Хүчингүй болсон журмыг үндэслэн шаардлага тавьсан гэж тайлбарлаж байна. 2013 оны Барилга, хот байгуулалтын сайдын 87 дугаартай тушаалаар батлагдсан журмын дагуу 2.1.1, 2.1.1* заалт нь 2018 оны шинэчилсэн журмаар хүчингүй болсон гэж байна. Гэтэл анхнаасаа захиалагч байгууллага маань тендер сонгон шалгаруулалтад 2.1.1, 2.1.1* тусгай зөвшөөрлийг шаардсан. Анхнаас 2.1.1* заалт хүчингүй болчихсон байхад яагаад ийм шаардлага тавиад байгаа юм бэ. Энэ тусгай зөвшөөрөл бид нарт байхгүй, авах боломжгүй тусгай зөвшөөрөл байна гэж хандаж байсан бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д зааснаар Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гомдол гаргаж болох байсан. Тендерийн маргаан маань өөрөө тусгай төрлийн маргаан. Дээд шатны байгууллагад гомдол гарах эрх нь нээлттэй байдаг. Тухайн үедээ тендерт манайх шаардлагыг хангах юм байна гэж үзэж баримт материалаа ирүүлчихээд дараа нь ийм тусгай зөвшөөрөл байхгүй юм байна гэхээр захиалагч биднээс хүчингүй болсон журмыг баримталж тусгай зөвшөөрөл шаардаж байна гэж дараа нь дахин шаардлага гаргасан юм шиг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт энэ тусгай зөвшөөрлийг одоо ямар ч байдлаар олгогдохгүй, авах боломжгүй учраас хууль бус шаардлага тавьж байна гэж үзэж байх шиг байна. Нэхэмжлэгч байгууллага нь 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 89 дүгээр тушаалаар батлагдсан журам 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хүчингүй болсон гэж байна. Аргачлал батлах тухай Барилга, Хот байгуулалтын сайдын 33 дугаар тушаалаар батлагдсан журмаар барилгын тухай хууль болон шинэчилсэн журам батлагдсан гарахаас өмнө олгогдсон барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл тухайн гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэй байна гэж байгаа. “Г” ХХК-ийн хувьд 2018 онд тусгай зөвшөөрлөө авсан бол хүчинтэй хэвээр байгаа. “Г” ХХК шинэ журам батлагдахаас өмнө 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрөл аваагүй байсан. Тийм тусгай зөвшөөрөл аваагүй байж дараа нь одоо бид нар авах боломжгүй, хүчингүй болсон журмыг үндэслэж шаардлага тавьж байна гэж хариуцагч байгууллага руу буруугаа өгөх нь зохимжгүй гэж үзэж байна. Мөн аргачилал батлах журмаар 2.1.1 заалт нь БА-8.1-тэй дүйцнэ гэж тайлбарлаж байна. Шинэ журам нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Барилга, Хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн БА-8.1 гэсэн тусгай зөвшөөрөл бий болсон. Хэрвээ 2018 оноос хойш БА-8.1 гэсэн тусгай зөвшөөрөлтэй компаниуд орж ирвэл тендер шалгаруулалт зарласан захиалагчийн тавиад байгаа 2.1.1, 2.1.1* заалтыг хангасан үүнтэй дүйцэж байна үзэж тендерийг үнэлнэ гэж аргачлалд зааж өгсөн байгаа. Тэрнээс биш 2.1.1, 2.1.1* огт олгогдохгүй тусгай зөвшөөрөл гэсэн заалт байхгүй байгаа. “Г” ХХК  2.1.1* тусгай зөвшөөрлийг  аваагүй юм. Хэрвээ 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрөл  нь хүчингүй болсон гэж үзэж байгаа бол өөрсдийнх нь 2.1.1 гэсэн тусгай зөвшөөрөл нь мөн адил хүчингүй болсон байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д зааснаар “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах” ёстой. ТҮХ-ны болон захиалагчийн бүх тендерээс татгалзаж байгаа шийдвэр нь хүчингүй болвол хэний эрх ашиг сэргээгдэх юм. Мөн гэрээ байгуулахыг даалгах гээд байгаа нь үндэслэлгүй байна. Тендер нь өөрөө тусгай журмын шаардлагад нийцсэн тендерийг шалгаруулж дараа нь хамгийн сайн тендер гэж үзэж гэрээ байгуулах ёстой. “Г” ХХК-ийн тендер хамгийн сайн тендер гэж үнэлэгдээгүй байхад гэрээ байгуулахыг даалгах гээд байгаа нь өөрөө хууль зөрчиж байна.”  гэв.

Хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тусгай зөвшөөрлийн суурь ойлголт дээр тайлбар хэлмээр байна. 2.1.1, 2.1.1* гэсэн тусгай зөвшөөрлийг авахын тулд энэ компани нь өөрөө 2.1.1 буюу барилгын техникч гэсэн мэргэжилтэй хүнтэй байх ёстой. 2.1.1*-д нь барилгын инженер, дизайнер гэсэн 2 хүн байх ёстой.  Үнэлгээний хороо үүнийг юу гэж үзэж дүгнэсэн бэ гэхээр БА-8.1 гэсэн заалт 2.1.1 гэсэн заалттай ижилхэн гэсэн утгатай зүйл ярьж байх шиг байна. Бид нар шалгууртаа 2.1.1, 2.1.1* тусгай зөвшөөрлийг ирүүлнэ гэсэн байгаа. 33 дугаар тушаалаар 2.1.1, 2.1.1* заалтыг БА 8.1-дэх заалттай дүйцүүлж тооцно гэж байгаа. Тэгэхээр “Г” ХХК-д 2.1.1* тусгай зөвшөөрөл байгаагүй. Үнэлгээний хороо 2.1.1* тусгай зөвшөөрөл байхгүй гэвэл БА-8.1 тусгай зөвшөөрөл байгаа эсэхийг  харъя гэхэд мөн тэр зөвшөөрөл  байгаагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар 2.1.1 зөвшөөрлийг авчихсан байхад БА-8.1 зөвшөөрөлтэй ижилхэн гэж тайлбарлаад байна. Хавтаст хэргийн 24 хуудсанд Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 07/3765 гэсэн аргачлал байна. 2.1.1 “Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт”, 2.1.1* “Барилгын засал, чимэглэл, интерьерийн ажлын хүрээнд нэгтгэж БА-8.1 болно гэж заасан байгаа. Нэгтгэж гэдгийг тайлбарлавал 2.1.1 барилгын техникч, 2.1.1* заалт дээр дизайнер гэсэн үг байна. Эрдэнэтийн өнгө үзэмжтэй холбоотойгоор барилгын засал чимэглэлийг хийхийн тулд барилгын дизайнер хүн зайлшгүй байх ёстой. БА-8.1 суурь нөхцөлийг тодорхойлбол 2.1.1, 2.1.1* зөвшөөрлүүд нь нэгдэж БА 8.1 болно гэж зааж өгсөн байгаа.” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Г” ХХК “Э” ТӨҮГазарт холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай”  ТБ-114-12/1617 дугаар албан бичиг,  2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-114-12/1847 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, “ЭҮХХК/201904079 дугаартай “ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц барих” тендерт “Г” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах тухай нэхэмжлэлүүдийг шүүхэд гаргасан бөгөөд

            “Э” ТӨҮГ-ын ТҮХ-г хамтран хариуцагчаар татаж, түүнд холбогдуулан “Э”  ТӨҮГ-ын ТҮХ-ны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаар “Э” ТӨҮГ-ын ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны үнэлгээ хийсэн хурлын шийдвэр /тэмдэглэл /,  “Э”  ТӨҮГ-ын ТҮХ-ны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар “Э” ТӨҮГ-ын ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийсэн хурлын шийдвэр /тэмдэглэл/-ийг  тус тус хүчингүй болгуулах, “Э” ТӨҮГ-ын ТҮХ-нд гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг нэмэгдүүлсэн ба мөн  “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/1078 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн болно.

            1. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч  “Э” ТӨҮГ-ын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-114-12/1617 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах,  “ЭҮХХК/201904079 дугаартай “ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц барих” тендерт “Г” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах, “Э”  ТӨҮГ-ын ТҮХ-ны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаар “Э” ТӨҮГ-ын ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны үнэлгээ хийсэн хурлын шийдвэр /тэмдэглэл /-ийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсан болно.

 Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ хэсэгчлэн татгалзсан татгалзлыг баталж, тухайн шаардлагуудад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй  болгож шийдвэрлэлээ. 

            2. ““Э” ТӨҮГазрын  2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-114-12/1847 тоот мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

. ““Э” ТӨҮГазрын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-114-12/1847 дугаар албан бичиг нь “Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Үнэлгээний дүгнэлт” буюу “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерийг дахин үнэлэн шаардлагад нийцээгүй гэж үзэж тендерээс татгалзсан шийдвэрийг тендерт оролцогч компанид дамжуулан мэдэгдсэн агуулга бүхий албан бичиг байна.

Дээрх албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасан “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэсэн захиргааны актад хамаарахгүй, өөрөөр хэлбэл, “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий менежерын гарын үсэг бүхий албан бичиг нь захиргааны акт биш юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж  үзэж захиалагч тендерээс татгалзана/-т зааснаар захиалагч тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзвэл тендерээс татгалзахаар заасан бөгөөд энэхүү захиалагчийн тендерээс татгалзах шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 /энэ хуульд заасны дагуу Үнэлгээний хороо байгуулах/, 47 дугаар зүйлийн 47.2.2 /тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийн төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно/-т зааснаар Үнэлгээний хорооны шийдвэрээр дамжин хэрэгжих бөгөөд захиалагч байгууллага, түүнийг удирдах эрх бүхий албан тушаалтан өөрөө тендерийг хянан үзэх, тендерээс татгалзах шийдвэрийг бие даан гаргаагүй болно.

 “Э” ТӨҮГ нь ТҮХ-ны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн үнэлгээний дүгнэлт буюу “Г” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэн тухайн тендерээс татгалзсан шийдвэрийг дамжуулан мэдэгдсэнээс бус тендерээс татгалзах шийдвэрийг “Э” ТӨҮГ гаргаагүй, иймд уг албан бичиг нь эрх зүйн үр дагаваргүй, энэ шинжээрээ захиргааны акт биш юм.

Иймд “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженерын 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ТБ-114-12/1848 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй

3. “Э”  ТӨҮГ-ын ТҮХ-ны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар “Э” ТӨҮГ-ын ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийсэн хурлын шийдвэр /тэмдэглэл/-ийг  хууль бус болохыг тогтоож,  хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/285 дугаар тушаалаар “Э” ТӨҮГ-ын 2019 оны Хөрөнгө оруулалт төлөвлөгөөнд тусгагдсан ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц барих ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах үнэлгээний хороог байгуулсны дагуу ТҮХ 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тендер сонгон шалгаруулалтыг зарлаж, цахим тендерийн урилгыг тарааж, тендерийг  2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нээжээ.

ТҮХ-ны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаас “Г” ХХК, “Люксвүүд групп” ХХК-даас ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу “шаардлагад нийцээгүй” тендер гэж дүгнэн, 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт зааснаар “бүх тендерээс татгалзах”-аар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Г” ХХК нь ТҮХ-ны шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 6-1/7154 дугаар албан бичгээр “ ...“Г” ХХК болон “П” ХХК-ийн түншлэлээс гэрээт ажлыг гүйцэтгэхэд санал болгосон инженер, техникийн ажилчдыг захиалагч “П” ХХК-ийн инженер, техникийн ажилчид нь тухайн компанийн үндсэн ажилтан байх шаардлагыг хангаагүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна...

...“Г” ХХК болон “П” ХХК-ийн түншлэлийн тендерт Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон тусгай зөвшөөрөл /барилгын засал чимэглэл, интерьерийн ажил гүйцэтгэх 2.1.1* заалт байхгүй байгааг/-ийн талаар холбогдох байгууллагаас нягталсны үндсэн дээр тухайн тендер шалгаруулалтын үнэлгээг хууль журмын дагуу дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-т заасны дагуу мэдэгдье...”  гэсэн хариуг хүргүүлсэн байна.

Сангийн яамны албан бичгийн дагуу ТҮХ 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дахин үнэлгээ хийхэд “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрөлд 2.1.1* заалт байхгүй зөвхөн 2.1.1 заалт байгаа учир шаардлага хангахгүй гэж үзэж бүх тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй”  гэснийг зөрчөөгүй  байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь тендерийн баримт бичигт эрх зүйн үйлчлэлгүй болсон журмын заалтаар тусгай зөвшөөрлийг шаардсан, энэ нь Барилга, хот байгуулалтын сайдын 2013 оны “Журам батлах тухай” 89 дүгээр тушаалаар “хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага”-ыг зохицуулж байсан ба Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр тушаалаар тус асуудлыг шинэчлэн зохицуулж 89 дүгээр тушаалыг хүчингүй болгосноор тогтоогдож байна,  манай компани 2.1.1 тусгай зөвшөөрөлтэй байхад уг барилгын ажилд 2.1.1* заалт шаардлагагүй, мөн Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар баталсан аргачлалаар 2.1.2, 2.1.1* тусгай зөвшөөрлүүдийг дүйцүүлэн БА-8.1 болгосон учраас 2.1.1* тусгай зөвшөөрөл шаардлагагүй болсон гэж маргасан болно.

“Г” ХХК нь “Э” ТӨҮГ-ын “ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц, барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 в-д ажлыг гүйцэтгэхэд барилга угсралтын 2.2.3, 2.2.4, 2.1.1, 2.1.1*, 2.1.2, 2.2.1, 2.2.2, 2.2.8, 2.3.2, тусгай зөвшөөрөлтэй байхыг шаардсанаас гадна “Тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны “Аргачлал батлах тухай” 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дагуу дүйцүүлж үзнэ.” гэж тусгажээ.

 “Г” ХХК-ийн БУ16-47/18 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд  барилга угсралтын  2.1.1, 2.1.2, 2.1.4, 2.1.5, 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4 заасан ажил, үйлчилгээг эрхлэх эрхтэй байгаагаас үзэхэд “Г” ХХК нь Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ4.4 в-д заасан 2.1.1* шаардлагыг хангаагүй болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрвээ нэхэмжлэгч компани эрх зүйн үйлчлэлгүй хэм хэмжээний актад заасан  тусгай зөвшөөрлийг тендерийн баримт бичгээр шаардсан гэж үзсэн бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн бол тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гаргасан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэрээ гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана.” гэж заасны дагуу тендерийн баримт бичигт тусгасан 2.1.1* тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдлоо гаргаагүй атлаа шүүхэд уг асуудлаар маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар 2.1.1 /барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт/, 2.1.1* /барилгын засал чимэглэл, интерьерийн ажил/ гэсэн 2 тусгай зөвшөөрлийг нэгтгэн БА-8.1 /барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилт/ болгосон, шинэчилсэн журам батлагдан гарахаас өмнө олгогдсон барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэй байхаар зохицуулсанаас үзэхэд тендерийн баримт бичигт заасан шаардлагыг нэхэмжлэгч компани хангаагүй гэж үзэн ТҮХ-ны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэр /тэмдэглэл/ нь хууль зөрчөөгүй гэж үзэн уг захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

4. “Э” ТӨҮГ-ын ТҮХ-нд “Г” ХХК-ийг “хамгийн сайн” тендерт үнэлж, гэрээ байгуулахыг, гаргасан шийдвэрээ захиалагчид хүргүүлэхийг тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.”гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэлийн шаардлагын  үндэслэлээ тодорхойлох” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг захиргааны байгууллагад даалгах нэхэмжлэлийг гаргадаг учиртай. 

“Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэр /тэмдэглэл/-ийг хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр ба нэхэмжлэгч “Г” ХХК-ийн эрх, хууль ёсны  ашиг сонирхолыг зөрчөөгүй гэж дүгнэн, ТҮХ-ны шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. 

Иймээс нэхэмжлэгч компанийн ТҮХ-нд “Г” ХХК-ийг “хамгийн сайн” тендерт үнэлж, гэрээ байгуулахыг, гаргасан шийдвэрээ захиалагчид хүргүүлэхийг тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагын  хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учраас уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

5. “Э” ТӨҮГазрын  ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/1078 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Г” ХХК нь А/1078 дугаар тушаал нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 30 дугаар зүйлийн 30.4.3, 30.4.1, 30.4.2 дахь заалтуудыг хангаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.3 дахь заалтуудыг зөрчсөн гэж маргасан.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3 дахь хэсэгт “энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал үүсвэл шууд гэрээ байгуулах”, 30.1-д “Дараахь тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана.”, 30.1.1-д “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй” гэж заасан байна.

Харин “Э” ТӨҮГазрын  ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/1078 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал нь “Уурхайчин-3” буюу “ЭКО-400” орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгох, хэлэлцээ хийх ажлын хэсгийг байгуулах асуудлыг шийдвэрлэсэн. Байгуулагдсан ажлын хэсэг нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хурлаараа шүүхийн шийдвэрийг гартал ажлын хэсгийн үйл ажиллагааг түр зогсоосон болох нь хэрэгт авагдсан баримт, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

Иймээс “Э” ТӨҮГазрын  ерөнхий захирал  2019 оны  11 дүгээр сарын 20-ны өдрийн А/1078  тушаал гаргасныг буруутгах боломжгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4, 106.5, 109 дүгээр зүйлийн  109.1, 109.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан

-“Э” ТӨҮГазарт холбогдуулан  “Э ТӨҮГ-ын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-114-12/1617 дугаар албан бичиг хүчингүй болгуулах, “ЭҮХХК/201904079 дугаартай “ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц барих” тендерт “Г” ХХК-тай гэрээ байгуулахыг “Э” ТӨҮГазарт даалгах”,

-“Э” ТӨҮГ-ын ТҮХ-нд холбогдуулан  “Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаар “Э” ТӨҮГ-ын ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны үнэлгээ хийсэн хурлын шийдвэр /тэмдэглэл/-ийг  хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаасаа нэхэмжлэгч “Г” ХХК тус тус татгалзсаныг баталж, тухайн шаардлагуудад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Э” ТӨҮГ-ын  2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-114-12/1847  дугаартай албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн  12.2, 12.3, 16 дугаар зүйлийн  16.2, 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.4.3, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь заалтуудыг тус тус баримтлан “Г” ХХК-ийн “Э” ТӨҮГ-ын ТҮХ-нд холбогдуулан   “Э” ТӨҮГ-ын ТҮХ-ны 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаар “Э” ТӨҮГ-ын ЭКО-400 орон сууцны хорооллын дэд бүтэц, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийсэн хурлын шийдвэр /тэмдэглэл/-ийг  хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,  “Э” ТӨҮГ-ын ТҮХ-нд “Г” ХХК-ийг “хамгийн сайн” тендерт үнэлж, гэрээ байгуулахыг, гаргасан шийдвэрээ захиалагчид хүргүүлэхийг тус тус даалгах,

 “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/1078 дугаар тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА