Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2029

 

 

О.Ө-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01868 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Ө-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “О.Т” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Н-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч О.Ө,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Ө нь “О.Т” ХХК-ийн ЭМААБОАБОН-Аюулгүй байдал, гэнэтийн ослын удирдлагын хэлтэст 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс Гэнэтийн ослын багийн супервайзорын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “О.Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын №HR0008/17 тоот тушаалаар ноцтой зөрчил гаргасан хэмээн ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. О.Ө-ыг ажлаас халсан 2117 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн HR0008/17 тоот тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулий 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугaap зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дэх заалтууд, О.Ө-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1 “и” заалт болон Ажил гүйцэтгэл ба сахилгын тухай журмын 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.3.2.3 “е” заалтуудыг тус тус үндэслэн ажлаас халсан. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ....эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан ноцтой зөрчил гаргасан гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл хамаарах бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх ёстой.

О.Ө-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.1-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлүүдийг нэг бүрчлэн нэрлэн заасан байдаг бөгөөд энэхүү жагсаалтад бусдыг аливаа үйлдэл хийхэд нөлөөлөх гэж байдаггүй. HR1038/17 тушаалын үндэслэл болж буй хөдөлмөрийн гэрээний 10.2.1 “и” заалтад нөлөөлөхийг ноцтой зөрчилд тооцно гэж тухайлан нэрлэн заагаагүй. Мөн энэ үйлдлийг ноцтой зөрчилд тооцох талаар надтай харилцан тохиролцсон зүйл байхгүй. Хөдөлмөрийн гэрээний 10.2.1 “и” заалт нь компанийн эрх зүйн дотоод баримт бичгүүдийг бүгдийг дурдсан байх бөгөөд үүнд үндэслэн Ажил гүйцэтгэл ба сахилгын тухай журмын 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.3.2.3 “е” заалтуудыг ноцтой зөрчилд хамааруулж байгаа бол энэ нь ажпын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоох, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заах шаардлагыг хангаагүй байна. Ажил гүйцэтгэл ба сахилгын тухай журмын 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.3.2.3 е заалтууд нь ямар утга, агуулгатай заалт байгаа нь тодорхойгүй. Учир нь компанийн дотоодод мөрдөгддөг гэх хөдөлмөрийн харилцаатай холбогдох дээрх баримт бичгүүдийг ажилчдад ил тавьж, танилцуулдаггүйгээс юуг зөрчиж, буруу зүйл хийснээ одоо ч мэдэхгүй, мэдэх боломжгүйгээр хохирч байна. Уг тушаал гарсны дараа үзэхийг хүссэн боловч хүний нөөцийн алба нь өмгөөлөгчөөрөө дамжуулж аваарай гэдэг хариу өгч ажилтныхаа эрхийг ноцтой зөрчсөөр байна. О.Ө нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Аюулгүй албаны супервайзорт худал мэдээлэл өгөн зөвшөөрөл авч, 60 ширхэг хуванцар торхыг О.Т-н уурхайн талбараас гаргахад нөлөөлсөн сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн нь огт үндэслэлгүй.

Тухайн өдөр манай багийн жолооч н.Мөнхбаатар, аврагч О.Д нар надтай уулзаад 2010 оноос хойш талбай дээр хураагдаад, ашиглагдахгүй байсан хуванцар торхуудыг талбайгаас ачиж гаргах талаар Аюулгүй албаны супервайзор Б.Батбаяртай ярьчихсан байгаа, өөрийн багийн ахлах ажилтнаараа мэйл бичүүлчих гэсэн гэхэд нь Аюулгүй албанаас л зөвшөөрөл авдаг юм байх гэж бодоод Аюулгүй албаны супервайзор Б.Батбаярт дотоод сүлжээгээр дамжуулан хуванцар торхуудыг талбайгаас гаргах зөвшөөрөл хүсэн мэйл бичсэн. Аюулгүйн албанаас надад ямар нэгэн зөвшөөрөл, зааварчилгаа өгөөгүй. Харин хэн гэдэг хүн ямар машинаар ирж авах юм гэж хариу асуусан. Ингээд миний ажлын цаг дуусч амралтын байрлуугаа явсан. Хуванцар торхуудыг намайг ажил дээр байхгүй үед талбайгаас гаргасан байсан бөгөөд торхуудыг талбайгаас гаргахдаа үйлдсэн баримт бичиг дээр миний гарын үсгийг хэн нэгэн дуурайлгаж зурсныг сүүлд мэдсэн. Яг ямар үйлдлийг худал мэдээлэл өгсөн, зөвшөөрөл хүсч мэйл бичсэн боловч надад ямар нэгэн зөвшөөрөл, зааварчилгаа өгөөгүй байж, зөвшөөрөл авсан, нөлөөлсөн ноцтой зөрчил гаргасан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж байгаа нь хэзээ, ямар баримт /шийдвэр, дүгнэлт/-аар илрүүлж, тогтоосон гэдэг нь тодорхойгүй. Зөрчлийг илрүүлсэн талаар ямар нэгэн баримт байхгүй, сахилгын зөрчлийг ямар журмаар, ямар бүрэлдэхүүн шалган тогтоодог нь тодорхойгүй бөгөөд хэрэв тухайн үед илрүүлсэн бол хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах хугацааг баримтлаагүй зэргээр хууль зөрчиж ажлаас халсан. Зөвшөөрөл хүсч мэйл бичсэн миний үйлдэл “О.Т” ХХК-ийн бизнесийн болоод ажил хэргийн нэр хүндийг гутаасан эсэх, эд хөрөнгийн хохирол учруулсан эсэх, эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц ямар сөрөг үр дагавар бий болгосон нь тодорхойгүй буюу зөрчлийн бүрэлдэхүүн хангагдахгүй байхад хэрэглэгдэхгүй торхыг талбараас гаргах зөвшөөрөл хүсч мэйл бичсэн төдийхнөөр шалтаглан ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд дурдсан зүйл, заалтууд болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-т тус тус заасныг үндэслэн О.Ө намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоон “О.Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №HR0008/17 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан “О.Т” ХХК-ийн ЭМААБОАБОН-Аюулгүй байдал, гэнэтийн ослын удирдлагын хэлтэст гэнэтийн ослын багийн супервайзорын албан тушаалд эгүүлэн тогтоох, ажлаас үндэслэлгүй халагдсан 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоох хүртэл ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “О.Т” ХХК-д даалгаж өгнө үү. О.Ө-ыг ажлаас үндэслэлгүй халсны улмаас тэрээр зээлээ төлөх боломжгүй байгаа тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч О.Ө нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Аюулгүй албаны супервайзорт худал мэдээлэл өгөн, компанийн эд хөрөнгийг О.Т-н уурхайн талбараас гаргахад хүргэсэн үйлдэл гаргасан. Энэхүү үйлдэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1 “и” хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил болно. Тиймээс “О.Т” ХХК нь нэхэмжлэгч О.Ө-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр цуцалсан. Иймд нэхэмжлэгч О.Ө-ны нэхэмжлэлийн шаардлагуудыг хангахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч О.Т ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах № Эйч Ар 0008/17 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч О.Ө-г хариуцагч “О.Т” ХХК-ийн Аюулгүй байдал, гэнэтийн ослын удирдлагын хэлтсийн супервайзорын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүйбайсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 38 979 794 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Ө-д олгож, хариуцагч О.Т ХХК-д олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн үндсэн ажилд авах хүртэлх хугацааны цалин гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч О.Ө улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 352 848 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  ...Шүүх ...О.Ө-ны ....нэхэмжлэлийг хүлээн авч хянаад....нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй" гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг тус тус зөрчин иргэний хэрэг үүсгэсэн байна. Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар хариуцагчийн өмгөөлөгч хүсэлт гаргасан боловч шүүгч "Гомдлоор яаж хэрэг үүсгэдэг юм" хэмээн хүсэлтийг хүлээн авхаас татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан "нэхэмжлэлийн шаардлагын ...шийдвэрлэх үндэслэлтэй" гэж дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасны алийг барьж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болно.

О.Ө-ны ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу тэрээр "шийдвэр гаргахдаа гарч болох эрсдлийг олж тодорхойлон дүгнэлт гаргадаг байх" тухай заажээ. Аюулгүй байдал болон Гэнэтийн Ослын багын ахлан ажилтан О.Ө нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр аюулгүй албаны супервайзор Б.Батбаярт "... гал унтраах бодисыг ашиглаж дууссаны дараагаар хуванцар савыг буцаах, шаардлага хангахгүй хуванцар савыг устгалд оруулах юм" гэсэн цахим шуудан явуулж 60 ширхэг хуванцар торхыг О.Т-н уурхайн талбараас гарахад хүргэсэн үйлдэл гаргасан байдаг. О.Ө-ны цахим шуудандаа дурдсан "хуванцар савыг буцаах, устгалд оруулах юм" гэсэн үндэслэл, тайлбар нь нотлогдоогүй. Энэхүү үйлдэл нь түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1. дэх хэсгийн "и" заалт дахь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил болно. Тодруулбал, "Ажлын гүйцэтгэлийн менежмент ба хөдөлмөрийн сахилгын журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1.6 болон 3.3.2.3 "е" заалтын дагуу худал мэдээлэл өгөх, хууран мэхлэх нь сахилгын зөрчлийн хэлбэр бөгөөд ийнхүү худал мэдээлэл өгч хууран мэхэлсэн нөхцөлд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлагдах болох тухай заасан болно. Энэхүү худал мэдээл өгч хууран мэхэлсэн үйлдэлд холбогдох баримтууд болох О.Ө-ны Б.Батбаярт 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр явуулсан "... гал унтраах бодисыг ашиглаж дууссаны дараагаар хуванцар савыг буцаах, шаардлага хангахгүй хуванцар савыг устгалд оруулах юм" гэсэн цахим шуудан, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн О.Өнөрсайхантай хийсэн ярилцлагын тэмдэглэл " ... хүсэлт тавьсан email-ийг АА -руу ..явуулсан...” 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б.Батбаяртай хийсэн ярилцлагын тэмдэглэл "Манайх гаргах эрхийг өгдөггүй,...Хаалгаар гаргаж болно гэж Бамбайд зөвшөөрдөг байгаа, ...Өнөрөө-с email ирсэн. Өнөрөө рүү асуусан машин ирчихсэн байна гэсэн. Too ширхэг хэд гарах вэ гэхэд машиндаа ачиж байгаад болно. Бамбай зүүн хаалга дээр тоолоод гаргалаа 60 болж байна гэсэн ..." зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байтал шүүх хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1-ийн "и" заалт, "Ажлын гүйцэтгэлийн менежмент ба хөдөлмөрийн сахилгын журам"-ын 3 дугаар зүйлийн 3.1.6 болон 3.3.2.3 "е" заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна хэмээн хууль үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Маргаж буй хавтаст хэргийн 6 дугаар хуудаст буй иргэн О.Ө-с нотлох баримтаар гаргаж өгсөн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн HR0008/17 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд " ...О.Өнөрсайхан нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Аюулгүй албаны супервайзорт худал мэдээлэл өгөн зөвшөөрөл авч 60 ширхэг хуванцар торхыг О.Т-н уурхайн талбараас гаргахад нөлөө үзүүлсэн тул О.Т ХХК нь О.Ө-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай заасан байна. Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан О.Ө-с Б.Батбаярт явуулсан 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн цахим шууданд "...гал унтраах бодисыг ашиглаж дууссаны дараагаар хуванцар савыг буцаах, шаардлага хангахгүй хуванцар савыг устгалд оруулах юм" гэсэн байна. Тиймээс шүүх химийн хорт болон аюултай бодистой 60 ширхэг хуванцар торхийг гаргасан болох нь тогдоогдохгүй байна гэсэн дүгнэлт нь огт ойлгомжгүй байна.

...Шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасаар байтал шүүгч татгалзлыг Ерөнхий шүүгчид танилцуулан шийдвэрлүүлээд ирье шийдвэрлээд иртэл энд түр хүлээж бай “шүүх хуралдааныг түр завсарлуулаж” байна гэж хэлж (завсарлагаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч, нэхэмжлэгч нарын ажиглагч нар шүүх хуралдааны танхимаас гарч явсан болно) шүүх хуралдааныг түр завсарлуулсны дараагаар шүүх хуралдааныг дундаас нь цаашин үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэл, дүгнэлтүүд нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч О.Ө нь хариуцагч “О.Т” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч О.Ө нь “О.Т” ХХК-ийн ЭМААБОАБОН-Аюулгүй байдал гэнэтийн ослын удирдлагын хэлтэст 2012 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1791/12 тоот тушаалаар Гэнэтийн ослын багийн супервайзорын албан тушаалд томилогдон ажиллаж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргасангүй.

 

“О.Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн HR 0008/17 тоот тушаалаар ажилтан О.Ө-ыг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.1 “и” заалт, Ажлын гүйцэтгэл ба сахилгын журмын 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.3.2.3 “е” заалтуудыг баримтлан түүнийг 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Аюулгүй албаны супервайзорт худал мэдээлэл өгөн зөвшөөрөл авч, 60 ширхэг торхыг О.Т-н уурхайн талбараас гаргахад нөлөөлсөн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлийг заажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан эсэх талаар талууд маргасан байна.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэж заасан зөрчил гарсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар талууд тохиролцсон бөгөөд хөдөлмөрийн гэрээний 10.2.1 “и” хэсэгт “тухайн байгууллагад үйлчилдэг дүрэм журмыг нэрлэж заагаад уг дүрэм журмуудад ноцтой зөрчил гэж тооцсон, эсхүл ажлаас халах арга хэмжээ авахаар заасан зөрчлийг гаргасан” бол ноцтой зөрчилд тооцож ажлаас чөлөөлөх үндэслэлд хамааруулжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заахдаа талууд ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамдаа нэрлэн заасан байхаар зохицуулагдсан байна.

 

Хэргийн 111 дүгээр талд “Ажлын гүйцэтгэлийн менежмент ба хөдөлмөрийн сахилгын тухай журам авагдсан байх бөгөөд уг журмын 3.3.2.3-ын “е”-д худал мэдээлэл өгсөн байвал ноцтой зөрчилд тооцно гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар О.Ө нь тухайн өдөр О.Т-н уурхайн талбараас гаргах гэж байгаа 60 ширхэг торхны талаар мэдээлэл дамжуулсан байх бөгөөд уг мэдээлэл дамжуулсан бичиг буюу и-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэлээс үзвэл гал унтраах хөөсний хуванцар сав болох торхнуудыг устгалд оруулах тул сайтаас тээвэрлэж гаргахад зөвшөөрөл олгож өгнө үү гэх агуулга бүхий и-мэйлийг бичсэн байна.

 

Хариуцагч “О.Т” ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч О.Ө-тай хийсэн ярилцлагын тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд уг тэмдэглэлд манай 2 ажилтан хоосон савыг газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр ашиглах гэж байгаа талаар хэлж Alan-аас асууж байсан гэж тэрээр ярьсан байна.

 

О.Ө зөвшөөрөл өгөх эрх бүхий этгээд рүү мэдээлэл дамжуулахдаа уг хоосон торхнуудыг юунд ямар зориулалтаар гаргах гэж байгаа талаарх мэдээллийг дамжуулахдаа устгалд оруулна гэж мэдээллийг буруу дамжуулсаныг байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан 60 ширхэг торхыг О.Т-н уурхайн талбараас гаргахаар нөлөөлсөн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул дараах байдлаар зөвтгөнө. Нэхэмжлэгч О.Ө хөдөлмөрийн гэрээнд нэрлэж заасан ноцтой зөрчлийг гаргасан тул хариуцагч байгуулага түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/01868 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч О.Ө-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “О.Т” ХХК-ийн төлсөн 352 848 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ