Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 32

 

Ц.Б-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч М.Нямбаяр, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Баярмагнай, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/179 дүгээр шийтгэх тогтоолтой, Ц.Бт холбогдох эрүүгийн 201620000087 дугаартай хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 05-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 35 настай, боловсрол, мэргэжилгүй/бичиг, үсэг мэдэхгүй/, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Увс аймгийн Тэс сумын 6-р багт оршин суудаг, регистрийн дугаар ОВ83030519, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 48А дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2, 145 дугаар зүйлийн 145.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсгүүдэд зааснаар 100.000 төгрөг хурааж, 2 жил 1 сар хорих ял шийтгүүлэн ял эдэлж байгаад Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 7 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Т ургийн овогт Ц-ийн Б.

Шүүгдэгч Ц.Б-ыг 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө бусадтай бүлэглэн Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг “Тарвагатайн хөдөө” гэх газраас хохирогч З.С-ын 9 тооны адуу хулгайлсан, бусадтай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө Монгол улсын хилийн 176/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, хохирогч З.С-ын 7 тооны адууг ОХУ-ын тал руу хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т ургийн овгийн Ц-ийн Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах, мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэж Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Б-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Т ургийн овогтой Ц-ийн Б-т 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сар хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар нэг жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйлийн 1, 1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан сар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жил хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нэг жил зургаан сар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан нэг жил зургаан сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Ц.Б энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Ц.Б-ын өмчлөлийн хүрэн гунан үхэр, 5 настай цоохор эм үхрийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах”-аар тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“... 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2018/ШЦТ/179 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.1, мөн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 19.14.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгээд 1 жил 6 сар хорих ялаар шийтгэсэн.

Миний бие хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, харин Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэхдээ бүлэглэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ганцаараа явсан.

Ц.Б надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 19.14.1 дэх хэсэгт заасан ялыг халдааж өгнө үү. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж хохирлыг арилгасан. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй засарч хүмүүжихээ амлаж байна.

Миний бие бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй тул зүйлчлэлд өөрчлөлт оруулж хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Ц.Б-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Б-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж гаргасан шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Ц.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн үед хохирогч З.Сын 9 тооны адууг хулгайлж, 2016 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн Монгол Улсын хилийг нэвтэрч 7 тооны адууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх

хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны  шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, уг дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, харин бүлэглэж Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул зүйчлэлийг өөрчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү “ гэх гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох бармитуудыг судалвал:

Шүүгдэгч Ц.Б нь бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Монгол улсын хилийн 176/2 тэмдэгтийн чиглэлээр хилийн боомт бус газраар Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь гэрч Х.Жанарбекийн “..машин дотроос гадна зогссон хүмүүс дотроос таниулахад Омак гэдэг тува хүн шууд Быг зааж энэ хүн надад адуу өгсөн хүн мөн, хамт явсан хүнийг танихгүй байна гэж хэлсэн “ гэх мэдүүлэг болон Ц.Бын улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн адууг хоёр Монгол хүнээс авсан тухай мэдүүлсэн Тува улсын иргэн Чимит Ай-хан Орлович, Кыргые Кежик-оол Владимирович, Янзо Омак Викторович нарын тайлбар зэргээр нотлогдсон байх ба хэрэгт эдгээр нотлох баримтыг үгүйсгэсэн нотлох баримт авагдаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс Ц.Б-т тухайн зүйл заалтад заасан хорих ялын доод хэмжээг оногдуулсан байх бөгөөд уг ял шийтгэл нь дээрхи хуулийн шаардлагад нийцсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 179 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нарын гаргасан давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Ц.Бын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 45 /дөчин тав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ