| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2017/0041/э |
| Дугаар | 2017/ШЦТ/456 |
| Огноо | 2017-08-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тунамал, улсын яллагч Н.Булганчимэг, шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч А.Дулмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Тт холбогдох эрүүгийн “1711000000143” дугаартай, 186/2017/0041/э индекстэй хэргийг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн 1997 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймаг, Сайхандулаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 19-639Б тоот оршин суух бүртгэлтэй, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 428 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хорих ялыг шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Л.Т,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Л.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Peace mall” дэлгүүрийн урд талын явган хүний гарцан дээр явж байсан иргэн Ц.Мөнхзулын халааснаас Самсунг галакси эс-7 загварын гар утсыг хулгайлж, 600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Л.Т хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ: Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, дахин ийм хэрэг хийхгүй, эрүүгийн хариуцлага хүлээе гэв. 2. Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
- Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ц.Мөнхзулын:...2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр би Пийс Таурын урд талын хойшоо машин зам гарах гээд явж байх хооронд халааснаасаа өөрийн эзэмшлийн Самсунг эс-7 эдж маркийн гар утсаа хулгайд алдсан юм тэгээд 102 дугаарт залгаж цагдаад дуудлага өгсөн ба дуудлагаар ирсэн цагдаа нар нь тэр хавиар камер шүүгээд яваад байх шиг байсан тэгээд би оройн нь намайг цагдаагаас дуудаад гар утас хулгайлсан хүнийг олсон гэж хэлсэн тэгээд би цагдаагийн газар ирээд өөрийн Самсунг эс-7 эджэ маркийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан гэх мэдүүлэг /хх 6-7/,
- Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ууганбатын:....2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би ажил үүргээ гүйцэтгэж байх үед “ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Peace mall” худалдааны төвийн урд талын замын гарцан дээрээс иргэн Ц.Мөнхзул нь Самсунг Эджи-7 маркийн гар утсаа халааснаасаа хулгайд алдлаа гэх дуудлагын дагуу очиж шалгаж ойр орчинд нь байсан хяналтын камерыг шүүж үзлээ...Түвшинбаярын 80141814 дугаарлуу залгаж хэргийн талаар асуухад “...уучлаарай гар утсыг нь аваачаад өгье..” гээд удалгүй Ц.Мөнхзул гэж эмэгтэйгийн гар утсыг аваад ирсэн...гэх мэдүүлэг /хх-9/, Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-15/,
2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 428 дугаартай шийтгэх тогтоол /хх-33/, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-43/ зэргийг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Л.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Peace mall” дэлгүүрийн урд талын явган хүний гарцан дээр явж байсан иргэн Ц.Мөнхзулын халааснаас Самсунг галакси эс-7 загварын гар утсыг хулгайлж, 600.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
хохирогч Ц.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн... 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр би Пийс Таурын урд талын хойшоо машин зам гарах гээд явж байх хооронд халааснаасаа өөрийн эзэмшлийн Самсунг эс-7 эдж маркийн гар утсаа хулгайд алдсан юм тэгээд 102 дугаарт залгаж цагдаад дуудлага өгсөн ба дуудлагаар ирсэн цагдаа нар нь тэр хавиар камер шүүгээд яваад байх шиг байсан тэгээд би оройн нь намайг цагдаагаас дуудаад гар утас хулгайлсан хүнийг олсон гэж хэлсэн тэгээд би цагдаагийн газар ирээд өөрийн Самсунг эс-7 эджэ маркийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан гэх мэдүүлэг /хх 6- 7/,
гэрч Б.Ууганбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн:....2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр би ажил үүргээ гүйцэтгэж байх үед “ Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Peace mall” худалдааны төвийн урд талын замын гарцан дээрээс иргэн Ц.Мөнхзул нь Самсунг Эджи-7 маркийн гар утсаа халааснаасаа хулгайд алдлаа гэх дуудлагын дагуу очиж шалгаж ойр орчинд нь байсан хяналтын камерыг шүүж үзлээ...Түвшинбаярын 80141814 дугаарлуу залгаж хэргийн талаар асуухад “...уучлаарай гар утсыг нь аваачаад өгье..” гээд удалгүй Ц.Мөнхзул гэж эмэгтэйгийн гар утсыг аваад ирсэн...гэх мэдүүлэг /хх-9/ хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд заасан“Нийтэд тустай ажил хийлгэх ял” оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. Шүүх шүүгдэгчийн “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг” эдлүүлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан ялыг өдөрт 3 цагаар хийлгэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Тыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тт 360 /гурван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Л.Тт нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 3 цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг Л.Тт мэдэгдсүгэй.
5. Л.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ