Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/784

 

 

 

 

 

 

 

 

    2020         12            18                                  2020/ШЦТ/784                                                 

                                                                                                        

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Энхболд,

хохирогч П.Б , түүний өмгөөлөгч Г.Зоригтбаатар,

шүүгдэгч К.Б  , түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И   овогт К  Б  холбогдох эрүүгийн 1910028630059 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн .... суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “...........” ХХК-д үйл ажиллагаа хариуцсан захирал ажилтай гэх, ам бүл ............ хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ....... тоотод оршин суух хаягтай  боловч одоо Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 60-р байрны 48 тоотод амьдарч байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, И   овогт К  Б  /РД:..................../,

 

Холбогдсон хэргийн талаар:

 /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч К.Б   нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 70б байрны 53 тоот гэртээ хохирогч П.Б тай бэлгийн харьцааны шинжтэй үйлдлээ гар утсаараа бичлэг хийж, улмаар уг бичлэгийг П.Б гийн фейсбүүк чатад илгээж “эхнэрт чинь явуулна” гэж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйцаар сүрдүүлж, “манай ээжийн эмчилгээнд 85.0 сая төгрөг хэрэгтэй, туслах хэрэгтэй байна” гэж шаардан 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 20.0 сая төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч, заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч К.Б   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтад бичгээр гаргасан мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр прокурорын тогтоолтой танилцаад болсон хэргийн талаар үнэн бодитой зүйлсийг өөрөө дэлгэрэнгүй мэдүүлнэ гэж шийдсэн юм. Учир нь анх намайг гэрийн гаднаас өглөө 9 цагийн орчимд өөрсдийгөө "эрүүгийн албаныхан" гэж танилцуулсан 2 эрэгтэй хүн "өөрөө Б  мөн үү, Баясгаланг таних уу, өөрөөс чинь тодруулах юм байна, цуг явна" гээд миний гар утсыг халааснаас шууд хурааж аваад хар өнгийн суудлын машинд суулгаад төрийн ордны хажууд Эрүүгийн цагдаа гэдэг газар ирсэн. Тэгээд мэдүүлэг авна гэж өөрийгөө Отгонжаргал гэж танилцуулсан залуу нэг давхрын баруун хаалганд оруулсан. Тэр цагдаа надад "тэр бичлэг хаана байна, утсанд чинь бас өөр газар байгаа биз дээ, хаана хадгалж байгаа юм, гаргаж өгвөл өөрт чинд ашигтай, үнэнээ хэлэхгүй бол өөрийг чинь хорих 48 цагийн зөвшөөрөл надад байгаа, нөхөрт чинь энэ асуудлыг мэдэгдэнэ, гэр орныг чинь очиж нэгжнэ" гэж үнэхээрийн айлгаж хэлсэн. Би хорино, нөхөрт чинь хэлнэ гэдгийг сонсоод дотор харанхуйлаад, зүрх савлаад, айж чичрээд хэсэг үг ч хэлж чадахгүй байдалд орсон. Тэгээд хэлэхийг хүссэн зүйлийг нь хэлээд тэр газраас л гарахыг маш их хүссэн. Тэр цагдаа хадгалсан бичлэгээ өгөөд тэр 20 саяа өгчихвөл чамд асуудал алга, хөнгөн шийднэ гэсэн. Би мэдүүлэг өгснөө санаж байна. Гэхдээ үгчлэн санахгүй байна. Тэр өрөөгөөр зөндөө олон энгийн хувцастай хүмүүс орж гарч байсан. Тэгээд дагуулаад гэрт очоод орцны жижүүрийг оруулж ирээд зураг аваад байсан. Намайг ингэ тэг гэж зааж хэлүүлээд зураг авсан. Манай бүх өрөө, хувцасны халаас, чемодан сав, хүүхдийн тоглоомыг хүртэл нэгжсэн. Хэр удсаныг мэдэхгүй байна. Гэрээс буцаагаад ажил дээрээ авчраад "одоо чамайг хориноо" гэж суулгасаар байгаад 20 цагийн үед намайг өглөө 9 цагт ирээрэй гээд явуулсан. Би тэр өдөр өглөө 8 цагт хүүхдээ сургуульд хүргэж өгөхөөр нимгэн унтлагын хувцас, нимгэн куртиктэй машинтай явсан. Цагдаагийн газраас гараад гэртээ цаг гаруй алхаж ирсэн. Утас хураагаад авсан цүнх хувцсаа сольж, түрийвчээ авах боломж өгөөгүй учир нөхөртөө хэлж чадаагүй.

2.2019 оны 12-р сарын 3-нд юу болсныг мэдүүлэхээс өмнө Баясгаланг яаж таньж мэдэх болсноо хэлье.

Анх 2012 оны 4 дүгээр сарын эхээр найз Болороотой хамт найз Уукаагийн төрсөн өдрийг Сөүл ресторанд тэмдэглэж байна гэхэд нь орчоод гаръя гээд очсон. Тэгэхэд Баясгалан ирчихсэн, ширээний ард хүмүүстэй байсан. Тэнд бүгд хоорондоо танилцсан, бүгд эмнэлгийн мэргэжлийн хүмүүс байсан. Манай найз Болороо, Уукаа хоёулаа эмч мэргэжилтэй. Баясгаланг Моносын Эрдэнэчимэгийн нөхөр гэдгийг өөрийнх нь ярианаас мэдсэн. Сөүл ресторанаас найзтайгаа гарсны дараа, араас утсаар над руу хэд хэдэн удаа ярьсан, уулзъя гэсэн. Тэр явдлаас хойш уулзъя, тус дэмтэй явъя гэж олонтоо ярьдаг байсан боловч уулзалгүй явсаар 2019 он хүрсэн. Баясгалан намайг огт танихгүй хүн бишээ.

3.2019 оны 11 дүгээр сарын сүүлчээр Зайсанд байрладаг турк хоолны Султан ресторанд хүмүүстэй хооллож явж байхад Баясгалан тэнд байсан. Намайг таниагүй, анзаараагүй. 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажлынхаа заваар би залгаад Б  эмч байна гэхэд шууд таньсан. Тэгээд шууд л өнөө маргаашгүй уулзъя гэсэн. Орой Баясгалан залгаад "баяр тэмдэглэж байна, маргааш хоёулаа уулзъя, өглөө залгая" гэсэн. Өглөө Баясгалан залгаад "дотор муу байна, хаана уулзах уу" гэхэд нь гэртээ байгаагаа хэлтэл "танайх манайхтай ойрхон юм байна, яваад очъё " гээд цагийн дараа хүрээд ирсэн. 12 өнгөрч байхад манай орцны үүдэнд ирээд залгасан, код асуухад нь хэлсэн, тахианы махтай хоол хийж байхад орж ирсэн. Мэнд усаа мэдээд ойрын хэдэн жилийн сонин сайхан, эмийн үйлдвэр, тендерийн талаар гээд 1 цаг гаруй ярьж, фейсбүүк хаягаа мэдэлцэж, хоол идэж суусан. Бас эмээгийнхээ өвчнийг ярьж, эмч мөртөө тусалж эдгээж чадахгүй зовлонгоо яриад би уйлсан юм. Би Японоос ирэхдээ авчирсан 500 гр коньякийг өөрт нь бэлэглэсэн. Гэтэл шартаад дотор муу байна гэж хэлээд задлаад 1 удаа хундаганд хийж уусан. Би казах эмэгтэй хүн учраас уудаггүй. Ингээд бараг архи нь гараагүй орж ирсэн учраас нэлээд халамцуу болсон. Би гэртээ хүн ирлээ гэж хэлээд гэрээсээ бараг арай хөөлгүй гаргасан. Түүнээс 20 минутын дараа над руу 3 удаа залгахад нь би утсаа аваагүй. 4 дэх удаад нь би автал "би өнөөдөр 24 цаг завтай байна, хоёулаа бие биедээ гэмгүй, найзууд биз дээ, наад задалснаасаа ахиж нэг татаад гаръя" гэж надаас гуйсан. Би зөвшөөрөөд гэртээ оруулсан. Баясгалан гэртээ үлдээгээд гадагшаа гарч кола ундаа авчирсан. Баясгалан тэр коньякийг ганцаараа уусан. Тэр үедээ намайг дахин дахин тэвэрч аваад, толгой хүзүүгүй үнсээд, гараараа биеийн эмзэг хэсгүүдэд хүрээд байсан. Сүүлдээ дарж хэвтэх гээд байхаар нь би хоёр гараараа нэлээн хүчтэй түлхээд холдуултал сандраад жорлонд ороод хэсэг удсан. Энэ үед би айсан. Дараа нь баримт болог гэсэн бодлоор утсаа видео тохиргоо дээр тавьж амжсан, бичсэн нь үнэн. Гэтэл жорлонгоос гарч ирээд намайг ор руу гэнэт түлхэж хэвтүүлээд дээрээс дарж ноцолдсон. Би хашхирсан чинь Баясгалан манай зурагтын дууг удирдлагаар нь чангалсан. Тэгээд Баясгалан гадуур бэлтгэлийн өмд, дотуур өмдөө тайлсан, бэлэг эрхтнээ гаргаад, хоёр гарыг толгойн дээр холбож дарчхаад, нүүр нүдгүй үнсэж шүлстээд байсан. Би тасралтгүй хашхираад биеэ зайлаад хоёр хөлөөрөө өвдгөөрөө түлхэж байж доороос нь арайхийж гарсан. Миний унтлагын өмд, трусыктэй нь давхар тайлаад гар хуруугаа бэлэг эрхтэн рүү хийгээд гараа үнэрлэ гээд ам хамар дээр дараад байсан. Тэгээд гэнэт Баясгалан зогтусаад амандаа ойлгохгүй юм үглээд шууд хувцсаа хурдан өмсөөд хаалга хаалгүй хаяад гараад гүйсэн. Би хаалгаа татаж хааж дотроос нь цоожлоод хэсэг уйлсан. Тэгээд шууд утсаа аваад бичлэгээ зогсоогоод "чи ямар новш юм бэ, эмэгтэй хүнтэй ингэж харьцаж байдаг, чамайг цагдаа шүүхэд өгнө, энэ баримт нь байна " гэсэн утгатай мессеж Баясгалан руу бичсэн. Тэгээд бичлэгийг фейсбүүк хаягаар нь өөрт нь явуулсан. Би өөрийн утсан дахь бичлэгээ тусална гэсний дараа нь устгачих гээд байхаар нь тэр орой устгасан. Бас миний 7 настай хүү маань суулгасан тоглоом тоглодог болохоор үзчих болов уу гээд зовоод устгасан. Баясгалан маш олон мессеж над руу бичиж уучлалт гуйсан. "Би согтчихжээ, адилхан охинтой аав хүн, би одоо пиво уугаад сууж байна, хоёулаа уулзъя, уучлалт гуйя" гэсэн. Бас "би чиний амьдралд тус болъё, надад хэрэгтэй юмаа хэл" гэж мессеж ирүүлсэн. Өдөр сууж байхдаа миний эмээгийн бие муу, элэгний хавдартай гэж ярьж байсныг санасан бололтой Баясгалангаас "эмээд чинь тусална, эмээтэй чинь очиж уулзъя, наад бичлэг чинь хоёуланд маань гай болно, утсаа гээчих вий, устгачих, би ёстой нүгэл хийлээ, би одоо буян хийе" гэсэн утгатай мессежнүүд ирүүлсэн. Эмээд туслахыг би зөвшөөрсөн, мөнгөний дүн асуугаад шалгаагаад байхаар нь 85 сая гэсэн. “ОК” гэсэн мессеж ирүүлсэн. Тэгээд Баясгалан гэртээ орлоо, өглөө холбогдъё, баяртай гэсэн мессеж ирүүлсэн. Над руу залгахаар нь би огт аваагүй, дууг нь сонсож ярьж чадахгүй байсан. Өглөө 2019 оны 12 дугаар сарын 04-ний яг 07.00 цагт би гаршаас машин гаргаж байхад утас дуугарсан. Надад Баясгалангаас "сайн уу, сайхан амарсан уу, дансаа шидээрэй, өдөр орчихно, 50 сая төгрөг шилжүүлнэ" гэсэн мессеж ирсэн. Би "за, баярлалаа" гэсэн хариу бичтэл Баясгалангаас "өнөөдөр 20 орно, маргааш оройтлоо гэхэд 15 цагт 40 орчихно, их хэмжээний мөнгийг банкнаас авахад 1 өдрийн өмнө банканд захиалга өгдөг юм" гэх мэт мессежнүүд ирсэн. Тэгээд тэр өдөр 14.00 цагт 20 сая төгрөг миний Хаан банкны дансанд Баясгалангаас "ЗЭЭЛ" гэсэн утгаар шилжин орсон байсан.

Үүнээс хойш буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баясгалан үлдэгдэл 40-өө өгнө гэж байснаа гэнэт "юун мөнгө вэ, юу яриад байгаа юм бэ" гэсэн мессеж ирэхээр нь би Баясгалангаас "дансаа өг, буцаагаад шилжүүлье" гэж мессеж явуулсан боловч хариу өгөөгүй. Энэ үедээ цагдаагийнхантай яах вэ гэдгээ ярилцаж төлөвлөж байсан гэж одоо бодож байна.

Би бүр Баясгалангийн дансыг олж авах гээд эхнэр Эрдэнэчимэгээс нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 99116431 дугаартай утас руу нь 4 удаа мессеж явуулсан боловч хариу өгөөгүй. Тэрнээс хойш Баясгалан "надад хэцүү байна, мөнгө олдохгүй байна, би гэр бүлтэй хүн" зэргээр олон мессеж бичиж байснаа 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр "чамд 15 сая төгрөг өгье, ингээд дуусгая, Тэнгисийн ойр явж байна, хүнээс мөнгөө авчхаад залгая" гэсэн утгатай мессеж ирүүлээд таг чиг болсон. Тэгээд цагдаатай тааралдсан. Болсон асуудлыг бодитоор үнэн зөв мэдүүллээ.

Иймд өнөөдрийг хүртэл эмэгтэй хүнийхээ хувьд өөрийн болон гэр бүлийн нэр төрөө эрхэмд үзэж, Пүрэвийн Баясгалангийн миний гэр оронд бэлгийн эрх чөлөөнд халдаж хүчиндэхээр завдсан үйлдлийг шалгуулахаар гомдлоо гаргаагүй, бүр яллагдагчаар татах хүртэл өмгөөлөгчдөө болсон асуудлын талаар бүрэн, дүүрэн мэдээлэл өгөөгүй, мөрдөгч, прокурорыг хуулийн дагуу асуудлыг шударгаар шалгаж хэн алины буруутай үг, үйлдлийг тогтоож өгнө гэж итгэсээр явсан боловч тэгсэнгүйд гомдолтой байна...” гэжээ. /хх-ийн 1 дүгээр хавтас 156-159-р хуудас/

 

Хохирогч П.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би шүүгдэгчийг танихгүй. Хэрэг гарахын өмнөх өдөр санхүүчдийн баяр болсон ба баяр тэмдэглэж байхад К.Б   гэх хүн над руу залгасан. Би маргааш нь ямар учиртай хүн залгасан юм бол гээд залгахад “Германаас ирсэн. Танд бэлэг авчирсан. Ирж бэлгээ ав” гэсэн. Би “таныг танихгүй, бэлэг авахгүй” гэж гэхэд уулзъя гээд байсан. Тэгэхээр нь би гадуур уулзъя гэхэд “би гадаадаас ирээд удаагүй байгаа дулаан хувцасгүй тул гарах боломжгүй байна. Манай гэрт хүрээд ир, би хоол хийгээд байж байя, гэсэн. Гэрт нь яваад ороход танихгүй хүн байсан. Би гэрт нь ороод европ заншлаар хацар дээр нь үнссэн. Тэрээр намайг хоол ид гээд дайлсан тэгээд ийм бэлэг авчирсан гээд архи өгөхөөр нь хувааж уусан. Бид хоёр ярилцаад сууж байхад тэрээр Германд асрамжийн газар ажилладаг, сард 9000 еврогийн цалин авдаг гэж ярьсан. Би гэр бүлээрээ аялж байхдаа тухайн асрамжийн газрын ойролцоо амралтын газарт амарч байсан болохоор тэр асрамжийн газрын талаар асуухад мэдэхгүй байхаар нь жаахан гайхсан. К.Б   нь намайг “гарч бай манайд хүн ирэх гээд байна” гэхээр нь би дэлгүүр орж ундаа аваад буцаад орсон. Архиа ууж дуусаад ариун цэврийн өрөө орчхоод гараад иртэл К.Б   шалдан зогсож байхаар нь би тэвэрч аваад үнссэн. Унтлагын өрөөндөө ортол К.Б   намайг ор руу түлхээд миний дээр гараад хөдлөөд эхэлсэн. Миний хувцсыг тэр өөрөө тайлсан тэгснээ гэнэт “манай аав, ээж ирэх гэж байна больё” гэхээр нь би хувцсаа өмсөөд гараад явсан. Гэрээс нь гараад явж байтал К.Б   над руу залгаад фейсбүүк хаягаа өгөөч гэхээр нь фейсбүүк хаягаа өгтөл 36 секундийн бичлэг явуулсан. Бичлэгийг харахад К.Б   миний дээр гараад хөдөлж байгаа бичлэг байхаар нь эхний 6 секундийг үзээд цаашаа үзээгүй устгасан. Би К.Б   руу залгаад ярихад уйлаад “манай хүүхэд нас барчихлаа, чи надад туслаагүй, надтай 2012 онд уулзаж байсан, чи надад мөнгө өг тусал” гэж хэлээд ярихгүй байсан. Тэгээд манай ээжийн бие муу, хүнд өвчтэй байгаа, манайхан Герман явах гэж байгаа надад 85.000.000 төгрөг өг гэсэн. Би хүн үхэх гэж байгаа гэхээр нь 50.000.000 төгрөг өгье гэж хэлээд 20.000.000 төгрөг өгсөн. Дүүгээсээ мөнгө асуутал манай дүү надад танихгүй хүнд ингээд мөнгө өгөөд байгаа нь ямар учиртай юм бэ гэж хэлж байсан. Би 20.000.000 төгрөг өгтөл 2-3 хонгийн дараа над руу залгаад дарамтлаад эхлэхээр нь цагдаад өгөхгүй бол болохгүй юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Би анх зохион байгуулалттай гэмт хэрэг байхаа гэж бодож байсан. К.Б   нь 20.000.000 төгрөгөө буцааж төлсөн, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Эрүүгийн 1910028630059 дугаартай хавтаст хэргээс:

 

“Purev Bayasgalan” гэх нэртэй фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 05-09-р хуудас/,

“Bota Bota” гэх нэртэй фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 19-21-р хуудас/,

 Хохирогч П.Б гийн эзэмшлийн 9911хх26 дугаарт ирсэн мессеж, дуудлагад үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 10-15-р хуудас/,

 Хохирогч П.Б  оролцуулан Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 16-18-р хуудас/,

 Шүүгдэгч К.Б  гийн эзэмшлийн Самсунг Жи-7 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 39-49-р хуудас/,

Хохирогч П.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 60-62-р хуудас, хэргийн 2-р хавтас 05-06-р хуудас/,

Гэрч П.Буянтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 68-р хуудас/,

Хохирогч П.Б гаас хэрэгт баримтаар гаргаж өгсөн “Bota” гэх фейсбүүк хаягаас болон 9910хх04 дугаараас бичсэн мессежний хуулбарууд /хэргийн 1-р хавтас 74-114-р хуудас/,

Шүүгдэгч К.Б  гийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 117-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 118-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 138-р хуудас, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч К.Б  д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.  

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч К.Б   нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өөрийн оршин сууж байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 70б байрны 53 тоот гэртээ хохирогч П.Б тай хийсэн бэлгийн харьцааны шинжтэй бичлэгээ “олон нийтийн сүлжээнд тавина, гэр бүлийнхэнд чинь явуулна” гэж хохирогчийг сүрдүүлж,  85.000.000 /наян таван сая/ төгрөг өгөхийг шаардаж улмаар 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 20.000.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан болох нь:

         Хохирогч П.Б гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр миний 9911хх26 дугаарын утас руу 9910хх04 дугаараас танихгүй эмэгтэй залгаад “сайн байна уу, Баясаа мөн үү” гэхээр нь би “мөн байна, хэн бэ” гэхэд “Б  байна” гэсэн. Би “яах гэж байгаа юм бэ” гэхэд “тантай уулзах гэсэн юм аа” гэхээр нь “дараа болъё” гээд утсаа салгасан. Тэр өдөр санхүүчдийн баяр болоод компанийн шагнагдсан ажилчдад баяр хүргэж хамт найрлаж байгаад орой гэртээ харьж амарсан. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 11 цагийн орчимд миний 9911хх26 дугаарын утас руу 9910хх04 дугаарын утаснаас залгаад “Баясаа юу, яагаад алга болчхов оо, өглөө уулзъя гэж хэлээ биз дээ” гэхээр нь би “юу гэж хэлснээ санахгүй байна. Та ер нь хэн юм бэ” гэхэд “Б  байна, би Германаас ирсэн. Танай эхнэр та хоёрт бэлэг авч ирсэн. Тун удахгүй буцах гэж байна, ирээд юмаа авчих” гэхээр нь би “манай гэрийн ойролцоо байрлах кафед уулзъя” гэхэд “би гэрээсээ гарч чадахгүй байна, надад өвлийн хувцас байхгүй, чи өөрөө манай гэрт ирээд авчих” гэхээр нь би “дараа болъё” гэж хэлсэн. Би “UB town”-д байна, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 107 дугаар байрны 2 дугаар орцны 9 давхар 53 тоотод хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд хандаж “би согтуу байна, архи гараагүй, дотор муу байна” гэхэд “чи хүрээд ирээ, би хоол унд хийгээд хүлээж байя, би Германаас тахиа авч ирсэн, ирж тахианы шөл уу” гэхээр нь “би очиж амжихгүй ээ” гэхэд тэр эмэгтэй надад “би танай эхнэр, та хоёрт маш их баярлаж явдаг юм аа, ирээд бэлгээ авчихаа” гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд, удалгүй гэрээсээ гарч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 107-53 тоотод ирэхэд танихгүй эмэгтэй хаалгаа онгойлгоод намайг гэртээ оруулсан. Би тэр эмэгтэйг өмнө нь харж байгаагүй, огт танихгүй хүн байхаар нь гайхаад өөдөөс нь харахад надад хандаж “би хоол хийчихсэн байгаа, чи хоол идчихээд гар” гэхээр нь би куртикээ тайлаад ширээнийх нь ард суухад надад шөлтэй хоол аягалж өгсөн. Би хоол идэнгээ ойр зуурын юм асуухад тэр эмэгтэй надаас “Эрка сайн уу, улс төрөө хийж байгаа юу, дахин нэр дэвших үү” гэх мэт зүйл асууж ярилцсан. Мөн 2012 оноос хойш Герман Улсад амьдарч байгаад саяхан Монголд ирсэн, удахгүй буцаад явна гэж хэлээд 0.75 граммын шилтэй архи гаргаж өгөхөөр нь би аваад гэрээс нь гарах гэж байхад тэр эмэгтэй “архиа задалчих, ойрд уулзаагүй юм чинь уучихъя” гэхээр нь би архиа задлаад, тэр эмэгтэйтэй хамт архиа хувааж уугаад дуусгасан. Би архиндаа нэлээн согтоход тэр эмэгтэй надад “14.0 сая төгрөг зээлчих” гэхээр нь би “мөнгө зээлж чадахгүй ээ” гэж хэлэхэд “найз нь Герман Улсад оршин суудаг болохоор хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй удаж байна” гэж хэлээд намайг үнсээд, тэврээд миний дээр гарахаар нь би “00 ороод ирье” гээд ариун цэврийн өрөө ороод гараад ирэхэд тэр эмэгтэй өөрийнхөө бүх хувцсыг тайлаад дээр гарч хөдөлж байгаад гэнэт надад хандаж “чи одоо гэр рүүгээ яв, манай аав, ээж гэртээ ирэх гэж байна” гэхээр нь би босоод хувцсаа өмсөөд гэр рүүгээ алхсан. Тухайн үед би нэлээн согтсон байсан. Би гэр рүүгээ харих гээд алхаж байхад миний 9911хх26 дугаарын утас руу 99108хх04 дугаарын утсаар залгаад “чи фейсбүүкээ нээгээд миний явуулсан найзын хүсэлтийг авчих” гэхээр нь би найзын хүсэлтийг нь хүлээж авсан. Удалгүй миний Пүрэв Баясгалан гэх нэртэй фейсбүүк чат руу Bota гэх хаягаас тэр эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орох гэж байгаа бичлэг ирсэн. Би тус бичлэгийг үзээд гайхаад хэсэг зогсож байгаад, ойролцоо байсан паб руу ороод өөрийнхөө 9911хх26 дугаарын утаснаас 9910хх04 дугаарын утас руу залгаад “юу болоод байгаа юм бэ” гэхэд “би хариугаа авч байна. 2012 онд Эрка та хоёроос мөнгө гуйгаад авч чадаагүй, түүнээс болоод манай охин нас барчихсан” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би уучлалт гуйгаад, ямар шалтгаантай болохыг нь асуухад тэр эмэгтэй надад хандаж “чи туслах гэж байгаа бол одоо надад тусал, манай ээж хүнд өвчинтэй, хагалгаанд орох гэж байгаа. Үлдэгдэл 85.0 сая орчим төгрөгийг төлөхөд туслалцаа үзүүл, тэгвэл чамд буян болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тусална, хоёулаа уулзах хэрэгтэй байна” гэхэд уулзахгүй гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өглөө босоод, тэр эмэгтэйг өрөвдөөд “тусалъя” гэж бодоод мессеж бичиж байгаад 20.0 сая төгрөгийг 5041312063 дугаарын данс руу төрсөн дүү П.Буянтөгсийн данснаас шилжүүлсэн боловч 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн надаас дахин мөнгө нэхсэн ...Б  гэх эмэгтэй өөрийнхөө хувцас болон миний хувцсыг өөрөө тайлаад миний дээр гарч өөрөө хөдөлсөн. Би дур тавиагүй. Тус үйл явдал 5-15 орчим минут болсон байх. Би бэлгийн харьцаанд орох санал тавиагүй, хүч хэрэглэсэн зүйл байхгүй. Хаанаас, хэн бичлэг хийснийг нь би мэдэхгүй байна. Камер байрлуулсан байсан эсэхийг нь анзаараагүй. Миний фейсбүүк чатад ирсэн бичлэгийг би өөрөө үзээд сандарч, цочирдоод шууд устгачихсан... “ гэжээ. /хэргийн 1-р хавтас 60-62- хуудас, хэргийн 2-р хавтас 05-06-р хуудас/

 

          “Purev Bayasgalan” гэх нэртэй фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 05-09-р хуудас/,

 “Bota Bota” гэх нэртэй фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 19-21-р хуудас/,

 Хохирогч П.Б гийн эзэмшлийн 9911хх26 дугаарт ирсэн мессеж, дуудлагад үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 10-15-р хуудас/,

 Хохирогч П.Б г оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 16-19-р хуудас/,

 Шүүгдэгч К.Б  гийн эзэмшлийн Самсунг Жи-7 маркийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 39-49-р хуудас/,

  Хохирогч П.Б гаас хэрэгт баримтаар гаргаж өгсөн “Bota” гэх фейсбүүк хаягаас болон 9910хх04 дугаараас бичсэн мессежний хуулбарууд /хэргийн 1-р хавтас 74-114-р хуудас/,

 

Гэрч П.Буянтөгсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 04-ний өглөө миний төрсөн ах П.Б  “ах руугаа яаралтай залгаарай” гэж миний утас руу мессеж бичсэн байхаар нь би Баясгалан ахын 9911хх26 дугаарын утас руу залгаж ярихад “ахад нь яаралтай 60.0 сая төгрөгийн хэрэг болоод байна” гэхээр нь “би гэрт чинь очоод ярилцъя” гэж хэлээд удалгүй ахын гэрийн гадаа очиход, манай ах гарч ирээд миний автомашинд суусан. Тэгээд Баясгалан ах надад хандаж “ахынх нь хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаа бичлэгийг миний фейсбүүк чат руу явуулаад надаас мөнгө нэхээд байна” 60.0 сая төгрөг өгөх хэрэгтэй байна, яаралтай бэлдэж өг” гэхээр нь “ямар ч шалтгаантай байсан хүнд 60.0 төгрөг өгч болохгүй” гэж хэлээд гар утас болон фейсбүүк чатад ирсэн мессежнүүдийг уншихад Б  гэж хадгалсан 9910хх04 дугаарын, мөн Bota гэх нэртэй фейсбүүк чатаас миний ахын 9911хх26 дугаарын болон фейсбүүк чатад нь мөнгө нэхсэн агуулгатай мессежнүүд байсан. Тэгээд ахтайгаа ярилцаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би өөрийнхөө 5003887435 дугаартай Хаан банкин дахь данснаас 50413112063 дугаартай Хаан банкин дахь Көке Б  гэх нэртэй хүний данс руу 20.0 сая төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш дахин манай ахаас мөнгө нэхээд байсан учир би Баясгалан ахад “цагдаад мэдэгд” гэж хэлээд цагдаагийн байгууллагад хандуулсан. Манай ахаас 20.0 сая төгрөг заналхийлж авсан эмэгтэйг би танихгүй. Ахынхаа гар утсанд ирсэн мессеж болон чатуудыг уншсан. Бэлгийн харьцаанд орж байгаа бичлэг байхгүй байсан. Манай ах өөрөө устгачихсан гэж надад хэлсэн. Ахын утсанд ирсэн мессежийг уншихад Б  гэж хадгалсан 9910хх04 дугаарын утас, Bota гэх нэртэй фейсбүүк чатаас ирсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 68-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдож байна.

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх шүүх хуралдаанд “Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/67 дугаартай “Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах, түүнд тавих прокурор хяналт тавих харьяалал тогтоох” тушаал, мөн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/33 дугаартай “Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах, түүнд тавих прокурор хяналт тавих харьяаллыг шинэчлэн тогтоох тухай” тушаалын 4.12, 4.18-д Эрүүгийн цагдаагийн алба нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шалгахаар заасан. Гэтэл Эрүүгийн цагдаагийн алба нь харьяалал зөрчиж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Түүнчлэн К.Б  гаас гэрчийн мэдүүлэг авсан. Иймд Эрүүгийн цагдаагийн албаны харьяалал зөрчиж явуулсан хэрэг бүртгэлтийн баримтууд болон К.Б  гаас гэрчийн мэдүүлэг авсныг нотлох баримтаас хасаж өгнө үү. Мөн Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгч нь К.Б  гийн гар утсыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хураан авсан байтал 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гар утсанд  үзлэг хийсэн байна. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр К.Б  , П.Б  нарын хооронд харьцсан мессеж хэрэгт авагдаагүй байна. Шүүгдэгч К.Б  д холбогдох “хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах” дүгнэлт гаргаж мэтгэлцэв.

 Хэрэгт авагдсан баримтаар: Хохирогч П.Б  энэ хэргийн талаарх гомдлоо 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албанд гаргасан ба 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан нь Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын харьяаллыг зөрчөөгүй байна. Иймд Эрүүгийн цагдаагийн албанаас энэ хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж цуглуулж бэхжүүлсэн баримтуудыг нотлох баримтаас хасуулах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт  Шүүгдэгч нь “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” эрхтэй тул 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр К.Б  гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг /хэргийн 1-р хавтас 69-72-р хуудас/ нотлох баримтаар тооцохгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчөөс К.Б  гийн Самсунг Жи-7 загварын гар утсыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хураан авч /хэргийн 1-р хавтас 37-р хуудас/, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр К.Б  г байлцуулан гар утсанд үзлэг хийсэн /хэргийн 1-р хавтас 39-41-р хуудас/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5-д заасан “Үзлэг хийх” журмыг зөрчөөгүй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг хангалттай тогтоосон тул шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн “шүүгдэгч З.Б г цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг нь гэмт этгээдээс өмчийн шинж чанартай шаардлагыг хохирогчид тавьж, өөрт нь эсхүл ойр дотнын хүмүүсийн эрх, эрх чөлөө, нэр хүнд, хувийн нууц мэдээллийг тараахаар сүрдүүлэх,  эсхүл хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн зэрэг үйлдлээр илрэх бөгөөд гэм буруугийн хувьд шууд санаатай, шунахай сэдэлттэй үйлдэгддэг. Гэм буруугийн санаатай хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд: шүүгдэгч К.Б   нь хохирогч П.Б д “бэлэг өгөх” нэрийдлээр гэртээ дуудан ирүүлж архи өгч, хохирогчийг согтуурсан байхад нь бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн бичлэгээ “олон нийтийн сүлжээнд тавина, гэр бүлийнхэнд чинь явуулна” гэсэн утга бүхий сүрдүүлсэн мессежийг гар утас руу удаа дараа явуулж,  85.000.000 /наян таван сая/ төгрөг өгөхийг шаардаж  20.000.000 төгрөгийг өөрийн дансаар авсан хэргийн үйл баримт тогтоогдсон байх бөгөөд, гэм буруугийн хувьд шууд санаатай хэлбэр, шунахайн сэдэлттэй үйлдсэн байна. Иймд шүүгдэгч К.Б  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

          Хохирол, хор уршгийн талаар:

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

Шүүгдэгч К.Б   нь хохирогч П.Б гаас 20.000.000 төгрөг авч хохирол учруулсан ба шүүгдэгч нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 20.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч П.Буянтөгсийн данс руу шилжүүлж нөхөн төлсөн тул шүүгдэгч К.Б  г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

 Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь “10.000 нэгжээс 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ялын санкцитай.

 

         Шүүгдэгч К.Б   нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

         Шүүхээс шүүгдэгч К.Б  д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

          Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б  д 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.

           Хохирогч П.Б  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 4-д зааснаар саналаа гаргахдаа “шүүгдэгч К.Б  д торгох ял оногдуулах санал гаргасан.

           Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Хүрэлсүхээс “К.Б  гийн ээж нь 2020 оны 08 дугаар сард нас барсан, аав нь өчигдөр нас барсан ар гэрийн гачигдалтай байдал, мөн бага насны хүүхдийнхээ хамт амьдардаг, хохирлоо төлсөн төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 10.000 нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

          Шүүхээс шүүгдэгч К.Б  д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан 20.000.000 төгрөгийн хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, 2011 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 09 настай хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харьцуулан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч К.Б  д мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг Жи-7 загварын гар утсыг эзэмшигч К.Б  д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч К.Б   нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

 

1. И   овогт К  Б г бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б  г 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр /арван таван сая төгрөг/ торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч К.Б  д оногдуулсан 15.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч К.Б  д мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг Жи-7 загварын гар утсыг эзэмшигч К.Б  д буцаан олгосугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Б   нь иргэний нэхэмжлэгч П.Б 20.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч К.Б   нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч К.Б  д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.    

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.ОДБАЯР