Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 791

 

017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2017/00791

Улаанбаатар хот

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж, Нарны зам 53 Саруул төв, 109 тоотод байрлах “Глобалрост” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт-Ухаад байрлах Иргэний нисэхийн Ерөнхий газарт холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 68 350 698 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Од-Эрдэнэ,  Т.Мөнгөнцацрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баярсайхан /ШТЭҮ-2316/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, хариуцагчийн өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ /ШТЭҮ-2401/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.  

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  “Глобалрост” ХХК-ийн захирал С.Буянхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            “Глобалрост” ХХК нь 2015 онд Иргэний Нисэхийн Ерөнхий газраас зарласан “Ариун цэврийн өрөөнүүдийн засвар, тохижилт” хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах  ИНЕГ,ЦА./ТББ/А-14/06/15 дугаартай тендерт  шалгарч, 2016 оны 1 сарын 11-ний өдөр ИНЕГ-тай “Ариун цэврийн өрөөнүүдийн засвар, тохижилт” ажлыг гүйцэтгэх 238 999 188 төгрөгийн төсөвт өртөг бүхий гэрээг байгуулсан. Гэрээ байгуулагдаж ажил эхлэх үед гүйцэтгэгч захиалагч байгууллагын төлөөллүүд хуралдаж, засвар тохижилтын ажлын чиглэлийг харилцан тохирох хурал хийгдсэн. Энэ хурлаар “Чингис Хаан” Олон Улсын Нисэх Буудлын  захиргаанаас АСЕМ-ийн зочид  хүлээж авах, мөн нэгэнт хийлгэж  байгаа учир  чанартай өндөр зэрэглэлийн ТОТО брендийн тоноглол суурилуулах хүсэлт тавьж, нэмэлт  хөрөнгө гарвал бид тухайн үед нь шийдвэрлээд явна гэсэн. Бид саналыг хүлээн авч БНХАУ-аас ТОТО брендийн тоноглол авчирч суурилуулсан бөгөөд үүнтэй холбоотой төсвөөс гадуурх нэмэлт зардал 68 350 698 төгрөг болсон. Энэхүү төсөвт өртгөөс хэтэрсэн үнийн зөрүүг авах саналаа өгөхөд батлагдсан боловч ИНЕГ-ын зүгээс одоог хүртэл шийдэж өгөөгүй байна. Бид ИНЕГ-ын удирдлагад шийдвэрлүүлж өгөх тухай албан хүсэлтийг 3 удаа явуулж байсан ч  бидэнд хариу өгөөгүй.

            Иймд Иргэний Нисэхийн Ерөнхий газраас “Ариун цэврийн өрөөнүүдийн засвар, тохижилт” ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажлын  зөрүү  өртөг болох 68 350 698  төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнгөнцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч нь 2015 онд хариуцагчийн зарласан тендерт оролцон шалгарч уг ариун цэврийн өрөөний тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байдаг. Тухайн үед гэрээндээ 238 999 188 төгрөгөөр хийлгэхээр тохирсон байсан боловч тухайн үед АСЕМ уулзалттай холбоотой захиалагч байгууллага болох Иргэний нисэхийн ерөнхий газар, Буянт ухаа олон улсын нисэх буудлаас ариун цэврийн өрөөний тоноглолуудыг ТОТО брендийн бүтээгдэхүүнүүдээр хийлгэхээр санал гаргасаны дагуу, хүссэнээр нь хийж гүйцэтгэсэн. Энэ талаар баримт нь хэрэгт авагдсан байдаг. Тиймээс гэрээнд заасан төлбөрийн үнэд өөрчлөлт гарч нэмэгдэхэд хүрсэн. Энэ талаар мэдэгдэж, захиалагчийн хүсэлтээр хийгдсэн ажил байдаг юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ТОТО брэндийн мөн эсэх нь эргэлзээтэй гэсэн боловч энэ талаар гомдлын шаардлага гаргаж байгаагүй, хүлээн авсан. Мөн шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр ТОТО бренд мөн гэдгийг тогтоосон, бараа материалыг худалдан авсан баримт нь байгаа тул маргаан байхгүй гэж үзэж байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг. Гэтэл ажлын үр дүнг хүлээгээд авсан, хариуцагч нь нэмэлт гэрээ хийгээгүй гэж байна, гэтэл энэ нь санал гаргаад түүнийг нь зөвшөөрөөд ажлаа хийгээд захиалагч хүлээж авсан. 2016 оны 1 сарын хуралдааны тэмдэглэлд ТОТО брендээр хийлгэх гэж санал тавьсан гэдэг нь тодорхой харагдана. Дураараа бид үнийг өөрчлөх, өөр ажил хийх эрх байхгүй учраас хийсэн ажлынхаа хөлсний зөрүүг авахаар шүүхэд хандсан юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-д зааснаар өгсөн зааварчилгааг бид биелүүлсэн. Тиймээс нэхэмжлэлийг хангаж, ажил хийсэн байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.    

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Ариун цэврийн өрөөнүүдийн засвар, тохижилт ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний үнийн дүнг 238 999 188 төгрөгөөр тогтоосон. Үүнтэй холбоотой үнийн дүнд өөрчлөлт орохоор бол талууд мэдэгдэж, нэмэлт оруулахаар урьдчилан анхаарагдсан. Гэтэл гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар заасан байхад хариуцагч тал сайн дураараа хийсэн байгаа юм. Тиймээс л үнийн дүн нэмэгдсэн, бид зөвшөөрөхгүй гээд байгаа юм. Шүүх хуралдаан эхлэхэд бид дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлэсэн бол бид шинжээчээр хариуцагчийн суурилуулсан тоноглол нь ТОТО бренд мөн биш эсэхийг тогтоолгох байсан юм. Гэтэл шүүх энэ боломжийг олгосонгүй, тиймээс хариуцагчийн суурилуулсан тоног төхөөрөмж нь ТОТО брэндийх гэдэг нь эргэлзээтэй гэж үзэж байна. Талууд 1 сарын 22-ны өдрөөс ажлаа эхлэнэ гэж тохиролцсон. Гэрээний 3 дахь хэсэгт үнийн дүнг 238 999 188 төгрөг гэсэн байгаа. Гэрээгээр дурдсан ажлыг гүйцэтгэх талаар гэрээний баримт бичиг нь зөрчилдөх юм бол гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг үндэслэхийг талуудын байгуулсан гэрээний 5-д заасан байгаа. Гэрээний үнийн дүнг өөрчлөхөөр тохирсон бол гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар дахин томилно гэж тохирсон байгаа. 2015 онд хууль ёсны дагуу явсан тендерийн дагуу ИНЕГазар санал явагдаагүй бөгөөд төсөв нь батлагдаагүй байсан. Энэ нь батлагдаагүй төсвийн дагуу хийгдсэн бөгөөд гэрээний 5 дугаар зүйлд зааснаар гэрээ байгуулахаас өмнө ямар уулзалт хийсэн, ямар баримт бичиг байгуулсан нь хамаарахгүй гэсэн байгаа тул төлбөр нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-д зааснаар хууль зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид төлөх боломжгүй, нэмж хийсэн ажлын үнийн дүн нь өндөр гарсан байна. Төслийн менежерээр ИНЕГ-ын Хөрөнгө оруулалтын тасаг ажиллаж байсан, Болдбаатар гэдэг хүн хариуцаж байсан гэтэл төслийн менежерт мэдэгдээгүй, дураараа хийсэн ажлын зардлыг төлөх үүрэггүй гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Глоболрост” ХХК нь хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 68 350 698 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч “Глобалрост” ХХК нь хариуцагч Иргэний Нисэхийн ерөнхий газартай 2016 оны 1 дүгээр сарын 11-ний  өдөр №ИНЕГ.ЦА/ТББ/А-14/16/15 тоот “Ариун цэврийн өрөөнүүдийн засвар, тохижилт” ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулж,  захиалагч болох Иргэний Нисэхийн Ерөнхий газар нь гэрээт ажлын гүйцэтгэлийг 238 999 188 төгрөгөөр санхүүжүүлж, гүйцэтгэгч “Глобалрост” ХХК нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд байршилтай 12 ширхэг ариун цэврийн өрөөнүүдийн засвар, тохижилтын ажлыг 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр эхэлж, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 5-13-р хуудас/

Зохигч талууд “Ариун цэврийн өрөөнүүдийн засвар, тохижилт” ажлыг гүйцэтгэх №ИНЕГ.ЦА/ТББ-14/16/15 тоот гэрээг байгуулсан талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй, уг гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан шаардлагыг хангасан байх тул “Глобалрост” ХХК болон “Иргэний нисэхийн ерөнхий газар”-ын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн боловч хариуцагчийн хүсэлтээр ТОТО брэндийн тоног төхөөрөмж суурилуулсан нэмэлт зардал буюу үлдэгдэл хөлс болох 68 350 698 төгрөгийг төлөөгүй тул хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээний үнийн саналыг 238 999 188 төгрөгөөр харилцан тохиролцсон, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй, төслийн менежерт мэдэгдээгүй дураараа ТОТО брэндийн тоног төхөөрөмж суурилуулж, төсөв хэтрүүлэн хууль зөрчсөн тул нэмэлт зардал болох 68 350 698 төгрөгийг төлөх үүрэггүй, уг суурилуулсан тоног төхөөрөмж нь ТОТО брэндийнх гэдэг нь эргэлзээтэй, хийж гүйцэтгэсэн ажлын хөлс нь гэрээний үнэд тооцогдсон, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч нь ариун цэврийн өрөөнүүдийн засвар тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “Чингис хаан” ОУНБуудалд ариун цэврийн өрөөнүүдийн засварын ИНЕГ.ЦА/ТББ/А-14/06/15 гэрээт ажлыг хүлээн авсан акт, гүйцэтгэсэн ажлын гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна гэж үзэв.

Зохигч талуудын хооронд байгуулсан “Ариун цэврийн өрөөнүүдийн засвар, тохижилт” ажлыг гүйцэтгэх гэрээний 2-д “захиалагч нь ажлыг 238 999 188 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно”, 3-д “захиалагч нь гэрээт ажлын гүйцэтгэлийг 238 999 188 төгрөгийн Иргэний нисэхийн ерөнхий газрын 2014 оны үйл ажиллагааны цэвэр ашгийн хөрөнгөөр санхүүжүүлнэ” гэж зааснаар ариун цэврийн өрөөнүүдийн засвар, тохижилтын ажлыг 238 999 188 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч нь ажлын явцад захиалагчийн хүсэлтээр ТОТО брэндийн тоноглол суурилуулсны улмаас 68 350 968 төгрөгний нэмэлт зардал гарсан болох нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Ариун цэврийн өрөөнүүдийн засварын ажлын сантехникийн тоноглолын материалын үнийн зөрүү, орлогын баримтууд болон 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “Чингис хаан” ОУНБуудалд ариун цэврийн өрөөнүүдийн засварын ИНЕГ.ЦА/ТББ/А-14/06/15 гэрээт ажлыг хүлээн авсан акт, 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн №1 дугаартай Хурлын тэмдэглэлээр нотлогдоно гэсэн. /хэргийн 14-15, 18,  хуудас/

Хариуцагчаас 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн №1 дугаартай Хурлын тэмдэглэлээр тохиролцсон гэсэн боловч 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээнд тусгаагүй тул хүчин төгөлдөр биш, мөн талуудын хооронд байгуулагдсан “Ариун цэврийн өрөөнүүдийн засвар, тохижилт” ажлыг гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлд зааснаар гэрээ нь талуудын хувьд эцсийн тохиролцоо болох бөгөөд баримт бичгүүд нь хоорондоо зөрчилвөл гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг баримтлана, мөн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Ариун цэврийн өрөөнүүдийн засварын ажлын сантехникийн тоноглолын материалын үнийн зөрүүний үнийн дүнг “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын захирал Б.Бадрал зөвшөөрсөн нь үндэслэлгүй, төслийн менежерээр ИНЕГ-ын Хөрөнгө оруулалтын тасаг, н.Болдбаатар хариуцаж байсан.

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 41.4-д “урьдчилан анхааруулаагүй, эсхүл төслийн менежертэй хамтран ажиллагаагүйн улмаас захиалагчийн сонирхол хөндөгдсөн бол гүйцэтгэгчид нөхөн төлбөр төлөхгүй” гэж зааснаар үнэ нэмэгдэхийг урьдчилан анхааруулаагүй, төслийн менежертэй хамтран ажиллаагүй тул төлөхгүй гэж мэтгэлцсэн.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан “Ариун цэврийн өрөөнүүдийн засвар, тохижилт” ажлыг гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцлийн 36-д “өөрчлөлт” гэж ажилд өөрчлөлт оруулах талаар төслийн менежерийн өгсөн зааварчилгааг хэлнэ” гэж заасан байх бөгөөд хэрэгт авагдсан 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн №1 тоот Хурлын тэмдэглэлээр “Чингис хаан” ОУНБ-ын захирал Б.Бадралаас олон улсын стандартыг хангасан “ТОТО” брэндийн чанартай тоноглол тавиулах хүсэлтэй байна”, мөн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Хурлын тэмдэглэлээр Хөрөнгө оруулалтын тасгийн барилгын инженер Ө.Дашхоролоос “ажлын явцад шаазан хэрэгсэл “Брэнд”-ийнх байх хэрэгтэй гэж түүнийг авч суурилуулсан тул үнийн зөрүү гарсан” гэсэн тайлбаруудаар захиалагч буюу хариуцагчаас гэрээнд өөрчлөлт оруулахаар санал гаргаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг өөрсдийн дураар “ТОТО” брэндийн тоног төхөөрөмжийг суурилуулсан гэсэн хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Хариуцагч нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-д “гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч нь энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй”, мөн гэрээний ерөнхий нөхцлийн 29.1-д “гүйцэтгэгч ажлын чанарт сөргөөр нөлөөлөх, гэрээний үнийг өсгөх, эсхүл хугацаа хоцроож болзошгүй нөхцөл байдлын талаар төслийн менежерт аль болох урьдаас урьдчилан анхааруулах үүрэгтэй” гэсэн үүргийг нэхэмжлэгч нь биелүүлээгүй төслийн менежер н.Болдбаатарт урьдчилан мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй болох нь баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэмэлт хөлсийг төлөх үүрэггүй гэж тайлбарласан.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан Гэрээний ерөнхий нөхцлийн 1.1-д “төслийн менежер” гэж ажлын гүйцэтгэлд хяналт тавьж гэрээний удирдлагыг хэрэгжүүлэх үүрэг бүхий гэрээний тусгай нөхцөлд дурдсан этгээд /эсхүл төслийн менежерийн оронд ажиллуулахаар захиалагчийн томилж, гүйцэтгэгчид мэдэгдсэн этгээд/-ийг хэлнэ гэж заасан байх бөгөөд Гэрээний тусгай нөхцлийн 1.1-д “төслийн менежер” гэж Чингис хаан ОУНБ, ИНЕГ ХОТ гэж заасан байна.  /хэргийн 13-р хуудас/

Мөн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “Чингис хаан” ОУНБуудалд ариун цэврийн өрөөнүүдийн засварын ИНЕГ.ЦА/ТББ/А-14/06/15 гэрээт ажлыг хүлээн авсан актын 2.1-д “энэхүү ажлыг Чингис хаан ОУНБуудлын захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг өдөр тутмын байнгын хяналт хийж, үе шатны ажлын явцад ХОТасгийн ахлах инженер Т.Саранцацралт давхар хяналт тавьж ажилласан болно” гэсэн байх тул хариуцагчийн төслийн менежерээр н.Болдбаатар томилогдон ажиллаж байсан гэсэн тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээний ерөнхий нөхцлийн 4.1-д “гэрээнд тусгайлан заагаагүй бол гэрээтэй холбогдсон аливаа асуудлыг захиалагчийг төлөөлөн төслийн менежер шийдвэрлэнэ” , 6.1-д “талуудын гэрээний ерөнхий нөхцөлд холбогдох харилцаа нь зөвхөн бичгээр харилцсан тохиолдолд хүчинтэй байна. Бичгээр гаргасан мэдэгдэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчинтэй болно” гэж зааснаар “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Ариун цэврийн өрөөнүүдийн засварын ажлын сантехникийн тоноглолын материалын үнийн зөрүү нийт 68 350 968 төгрөгийн тооцоолол гарсан болохыг “Чингис хаан” ОУНБ-ын захирал Б.Бадрал танилцсан, уг баримтад гарын үсэг зурсан болох нь тогтоогдож байна. /хэргийн 18-р хуудас/

Хариуцагчаас хэрэгт авагдсан “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Ариун цэврийн өрөөнүүдийн засварын ажлын сантехникийн тоноглолын материалын үнийн зөрүү гэсэн баримтыг хуурамч, хууль бус эсэх талаар маргаагүй, тул Гэрээний ерөнхий нөхцлийн 37.1-д “төслийн менежер шаардсан бол гүйцэтгэгч өөрчлөлтөөр хийгдэх ажлын үнийн саналыг түүнд гаргаж өгнө” гэж зааснаар нэхэмжлэгч нь “ТОТО” брэндийн тоноглол суурилуулахад гарсан үнийн зөрүүний саналыг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан “Ариун цэврийн өрөөнүүдийн засвар, тохижилт” ажлыг гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцлийн 41.1.ж-д заасан “захиалагчийн үйл ажиллагааны улмаас бий болсон урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлыг арилгах, аюулгүй байдлыг хангах, эсхүл бусад үндэслэлээр шаардагдсан нэмэлт ажил гүйцэтгэх зааварчилгааг төслийн менежер өгсөн” нөхөн төлбөр хийх нөхцөл үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн гэрээний ерөнхий нөхцлийн 41.4-д заасан “урьдчилан анхааруулаагүй, эсхүл төслийн менежертэй хамтран ажиллагаагүйн улмаас захиалагчийн сонирхол хөндөгдсөн бол гүйцэтгэгчид нөхөн төлбөр төлөхгүй” гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна.

Гэрээний ерөнхий нөхцлийн 39.4-д “гүйцэтгэсэн ажилд төлөх төлбөрийн дүн нь өөрчлөлтөөр хийгдсэн ажлын болон нөхөн төлбөрийн зардлыг багтаана” гэж зааснаар Чингис хаан” Олон улсын нисэх буудалд байршилтай 12 ширхэг ариун цэврийн өрөөнүүдийн засвар, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхдээ “ТОТО” брэндийн тоног төхөөрөмжийг суурилуулахад 68 350 698 төгрөгийн үнийн зөрүү гарсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Ариун цэврийн өрөөнүүдийн засварын ажлын сантехникийн тоноглолын материалын үнийн зөрүү, гүйцэтгэсэн ажлын гэрэл зургийн үзүүлэлтүүд, ачаа тээврийн гэрээ, бараа худалдах худалдан авах гэрээ, “ТОТО” ариун цэврийн тоноглол худалдах, худалдан авах гэрээ, орлогын баримтууд, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д зааснаар “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн” байх бөгөөд ажлын үр дүнг хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газар нь хүлээн авсан талаараа маргаагүй тул мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан “гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн нэмэлт ажлын зөрүү 68 350 968 төгрөг нь зохигч талуудын хооронд байгуулагдсан “Ариун цэврийн өрөөнүүдийн засвар, тохижилт” ажил гүйцэтгэх гэрээний 238 999 188 төгрөгний үнэд багтсан, мөн нэмэлт ажлын зөрүү нь хэт өндөр тогтоогдсон гэж мэтгэлцсэн.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд байршилтай ариун цэврийн өрөөнүүдийн засвар тохижилтын ажлын гүйцэтгэлийн талаар буюу хичнээн хэмжээний ажил хийж гүйцэтгэсэн, нийт ажлыг хийж гүйцэтгэхэд ямар хэмжээний зардал гарсан, нэмэлт зардал бодитой эсэх талаар Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нь 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр №14 тоот дүгнэлтийг гаргаж, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №18/1 тоот албан бичгээр, мөн 2017 оны 3 дугаар сарын 30-ний өдөр тус тус шүүхэд ирүүлжээ. 

Барилгын Төсөвчдийн Холбооны 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 18/1 дугаар албан бичгээр ирүүлсэн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №14 тоот шинжээчийн дүгнэлтэд “ИНЕГ болон Глобалрост ХХК-ийн хооронд хийсэн ажил гүйцэтгэх гэрээний хавсралт төсвийн материалын зардалд ариун цэврийн өрөөнүүдийн тоноглолыг дараах анхны үнээр төсөвт тусгасан байна. Үүнд: 41 062 820 төгрөг, Ариун цэврийн өрөөнүүдийн тоноглолуудыг “ТОТО” брэндийн тоноглолоор хийхэд төсвийн материалын зардал өснө. Глобалрост ХХК-ийн бараа материал худалдан авсан баримт, падааныг зах зээлийн үнэтэй харьцуулахад бодит үнэ байгаа тул 106 392 442 төгрөгөөр тооцлоо. Шинжээчийн гаргасан нийт төсөвт өртгийн дүн 329 000 000 төгрөг болов.

Товч дүгнэлтэд: Глобалрост ХХК-ийн Чингис хаан Олон улсын нисэх буудлын ариун цэврийн өрөөнүүд болон бусад ажилд хийсэн төсөвт өртгийн гүйцэтгэлээр 329 012 612 төгрөг болсон байна. Анхны төсөвт өртгөөс нэмэгдсэн үндэслэл нь төсөвт энгийн материал хэрэглэхээр хийсэн боловч ажлын явцад Япон стандартын Тото брэндийн материал эдлэхүүнийг угсарснаас төсөвт өртөгнэмэгдсэн болно. Тендерийн баримт бичгийн 37.2-т “хэрэв нэгж үнийн зардал өөрчлөгдсөн хийгдсэн ажлын шинж чанар ажлын тоо хэмжээний нэр төрөл өөрчлөгдсөн бол гүйцэтгэгчийн гаргасан үнийн санал нь тухайн нэр төрлийн нэгж үнэ болно” гэж заасныг баримтлан Чингис хаан ОУНБ-ын төслийн ерөнхий менежер гүйцэтгэгчийн нэгж үнийн саналыг зөвшөөрч шинэчилсэн үнийн дүнтэй ажлыг хүлээн авсан байна” гэжээ. /хэргийн  68-р хуудас/

Мөн 2017 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн шүүхэд ирүүлсэн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №14 тоот шинжээчийн дүгнэлтийн Товч дүгнэлтэд “Глобалрост” ХХК нь Чингис хаан Олон улсын нисэх буудлын ариун цэврийн өрөөнүүд болон бусад ажилд хийсэн төсөвт өртөгийн гүйцэтгэлээр 329 012 612 төгрөг болсон байна. Анхны төсөвт өртгөөс нэмэгдсэн үндэслэл нь төсөвт энгийн материал хэрэглэхээр хийсэн боловч ажлын явцад Япон стандартын ТОТО брэндийн материал эдлэхүүнийг угсарснаас төсөвт өртөг нэмэгдсэн болно. Уг ажлыг Глобалрост ХХК нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа материал ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерт оролцож өөрсдөө үнийн санал оруулж, уг ажлыг гүйцэтгэх эрхийг авсан байна.

Уг үнийн саналаар 238 999 188 төгрөг байхаар санал өгч, уг үнээр гэрээ байгуулжээ. Уг хуулийн 41.1.1-д урдчилан харах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас гэрээнд зайлшгүй шаардлагатай нэмэлт өөрчлөлт хийхээс бусад тохиолдолд тендерийн агууламжтай холбоотой гэрээний нөхцлийг өөрчлөхийг хориглоно гэж заасан. Мөн 40.4.2-т суурь үнэ огцом өөрчлөгдөөгүй тохиолдолд үнийг нэмэгдүүлэхийг хориглоно гэж заасан. Гэтэл энэ 2 нөхцөл илрээгүй байхад үнийг өөрчилсөн байна.Гэрээнд заасан материалын суурь үнэ өөрчлөгдөөгүй байхад үнэтэй материалаар сольж, нэр төрийн өөрчилсөн байна. Нэмэлт гэрээ хийгдээгүй байхад төслийн менежер үнэтэй материал хэрэглэхийг зөвшөөрсөн нь дээрх хуулийн заалттай зөрчилдөж байна” гэжээ. /хэргийн 103-р хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь Барилгын Төсөвчдийн холбооны шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, №14 тоот шинжээчийн дүгнэлтийн “Товч дүгнэлт” хэсгийг 2 өөрөөр тайлбарлаж бичсэн нь эргэлзээтэй гэсэн боловч шинжээчийн дүгнэлтээр гаргасан ажлын гүйцэтгэл болон үнийн дүн тооцооллын талаар маргаангүй гэсэн тул шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй, тодорхой бус буюу үндэслэлгүй, эсхүл шинжээч зөрүүтэй дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.4-д “ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй” боловч нэмэлт ажлын үнийн зөрүү 68 350 698 төгрөг гарсан болох нь хэрэгт авагдсан “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Ариун цэврийн өрөөнүүдийн засварын ажлын сантехникийн тоноглолын материалын үнийн зөрүү, тээврийн гэрээ, бараа худалдах худалдан авах гэрээ, “ТОТО” ариун цэврийн тоноглол худалдах, худалдан авах гэрээ, орлогын баримтууд, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр өндөр үнэлгээ тогтоосон гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчаас энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй болно.

Мөн Барилгын төсөвчдийн холбооны №14 тоот шинжээчийн дүгнэлтээр “Глобалрост” ХХК-ийн “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын ариун цэврийн өрөөнүүд болон бусад ажилд хийсэн төсөвт өртгийн гүйцэтгэлийг 329 012 612 төгрөгөөр үнэлсэн байгаа тул нэмэлт ажлын зардал нь гэрээний үнэ болох 238 999 188 төгрөгт багтсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын нэмэлт зардлын зөрүү буюу үлдэгдэл хөлс болох 68 350 698 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Глобалрост” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг биет байдлын доголдолтой, “ТОТО” брэндийн тоноглол суурилуулсан эсэх нь эргэлзээтэй гэж маргасан боловч энэ талаараа гомдлын шаардлага гаргаагүй, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3-д зааснаар доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахаар шаардаагүй болно.

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилсон бөгөөд шинжээч нь ажлын хөлс болох 1 800 000 төгрөгний баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “...шинжээчийн ажлын хөлсийг зохигчоор нөхөн төлүүлэх”-ээр, 56 дугаар зүйлийн  56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ” гэж зааснаар хариуцагчаас шинжээчийн ажлын хөлсөнд 1 800 000 төгрөгийг  гаргуулан Барилгын төсөвчдын холбооны “БЭСГЭ” ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “Глобалрост” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 34/2016, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 92/2016 дугаартай албан бичгүүд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв. /хэргийн 19-20-р хуудас/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас  ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 68 350 698 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Глобалрост” ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 499 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 499 800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Глобалрост” ХХК-нд, шинжээчийн зардалд 1 800 000 төгрөгийг гаргуулж, Барилгын Төсөвчдийн холбооны “БЭСГЭ” ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Д.ХУЛАН