| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2017/00372/И |
| Дугаар | 812 |
| Огноо | 2017-04-10 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын багц хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 812
| 2017 оны 04 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2017/00812 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, өөрийн байранд байрлах Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Ажнай корпораци ХХК-ийн байр, Эх орон телевиз ХХК-ийн байранд байрлах “Тэнгэрлэг эх орон” ХХК-д холбогдох,
Нийгмийн даатгалын өр төлбөрт 91 958 711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууган-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“Тэнгэрлэг эх орон” ХХК нь Монгол Улсын нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1.1, 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заагдсан үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 12 дугаар сарын шимтгэл төлөлтийн тайлангаар 61 305 807 төгрөгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь тэнд ажиллаж байгаа 44 даатгуулагчийн нийгмийн баталгааг алдагдуулж, тэдэнд нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх боломжгүй болгож байна.
Тус компанийн удирдлага, холбогдох албан тушаалтнуудад өр авлагыг барагдуулах талаар удаа дараа сануулж шаардсан, харилцах дансны зарлагын гүйлгээг түр зогсоох мэдэгдлийг холбогдох банкуудад хүргүүлэхээс гадна шимтгэлийн өрийг төлж барагдуулах талаар ажил олгогчоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хугацаатай гэрээ байгуулан харилцан ойлголцол, итгэлцлийн журмаар ажилласан боловч хэлсэн тохиролцсон тохиолдолд үр дүндээ хүрэлгүй шимтгэлийн өр авлагын хэмжээ өсч барагдуулахад хүндрэлтэй байдалд орлоо.
Иймд Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.2-т заасан заалтын дагуу “Тэнгэрлэг эх орон” ХХК нь дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 61 305 807 төгрөг, хугацаа хэтрүүлсэнд ноогдуулсан 30 652 903 төгрөг, бүгд 91 958 711 төгрөгийг “Тэнгэрлэг эх орон” ХХК-ийн хөрөнгөөс гаргуулж Төрийн банкин дахь тус хэлтсийн 105100004490 тоот дансанд шилжүүлж шимтгэлийн өрийг барагдуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сэргэлэн шүүхэд гаргасан тайлбартаа:
Баянгол дүүргийн ЭМНДХ-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Тэнгэрлэг эх орон” ХХК нь 91 958 711,30 төгрөгнөөс нийгмийн даатгалын шимтгэлийн өр 61 305 807 төгрөгийн 50 хувь болох 30 000 000 төгрөгийг төлж үлдэх 31 305 807 төгрөгийг 2017 оны 7 дугаар 01-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Алданги болох 30 652 903 төгрөгийн өрнөөс татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунболор шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Манай 5391423 тоот регистрийн дугаартай “Тэнгэрлэг эх орон” ХХК нь Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэргэлэнгийн 2017 оны 3 сарын 27-ны өдөр тус шүүхэд гаргасан эвлэрэх хүсэлттэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сэргэлэн шүүхэд гаргасан тайлбартаа “... үлдэх 31 305 807 төгрөгийг 2017 оны 7 сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна гэснийг манай байгууллага хүлээн зөвшөөрч байгаа юм. Манай байгууллагын зүгээс 2017 оны 3 сарын 09-ний өдөр тус нийгмийн даатгалын хэлтсийн дансанд 6 878 903 төгрөгийг, 2017 оны 3 сарын 28-ны өдөр 19 868 273 төгрөгийг тус тус шилжүүлсэн ба “Тэнгэрлэг эх орон” ХХК-ийн Капитрон банкин дахь дансанд байсан 3 531 400 төгрөгийг мөн тус нийгмийн даатгалын хэлтэст тушаасан ба одоогийн бодит үлдэгдэл болох 1 027 231 төгрөгийг төлж барагдуулах болохыг мэдэгдэж байна. Нэхэмжлэгчийн хүсэлтийн хүрээнд эвлэрч, үлдэгдэл өр төлбөрийг 2017 оны 7 сарын 01-ний өдрийн дотор барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Тэнгэрлэг эх орон” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын өр төлбөрт 91 958 711 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд “...Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй “Тэнгэрлэг Эх орон” ХХК-д холбогдох 91 958 711,30 төгрөгийн өр төлбөрийн 50 хувийг буюу 30 000 000 төгрөгийг 2017 оны 7 сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна. Алданги болох 30 652 903 төгрөгийн өрөөс татгалзаж байна” гэжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 91 958 711 төгрөгийг 61 958 711 төгрөгөөр багасгаж, зохигч талууд 30 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь 30 000 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагч “Тэнгэрлэг эх орон” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид зохигч талуудын эвлэрсэн хэмжээний буюу 30 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 153 975 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Баянгол дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Тэнгэрлэг эх орон” ХХК-д холбогдох нийгмийн даатгалын өр төлбөрт 91 958 711 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 30 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь 30 000 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2017 оны 7 дугааар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Баянгол дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Тэнгэрлэг эх орон ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 153 975 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН