Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1023

 

2020      12               17                         2020/ШЦТ/1023                                       

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2019/0993/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Э.Оюунтунгалаг,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнням нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох эрүүгийн “1909017530970” дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “Фрэндс Фонт” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Ц.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Этүгэн” сургуулийн орчим иргэн З.Бат-Оргилыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би бусдын биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байна.  Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Би одоо архи дарс уухаа байгаад 1 жил гаран болж байгаа. Энэ хугацаанд эхнэр маань төрж шинэ хүнтэй болсон. Буруу зүйл хийснээ ухаарч ойлгосон” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч З.Бат-Оргилын өгсөн: "...22 цагийн орчим найз Батбилэгийн ажлын газар дээр нь очоод Батбилэгийн найз Ц.Б-, бид гурав архи уусан. ...Батбилэг, бид хоёр Хөвсгөл аймагт 10 жилд байсан талаар яриад инээлдээд сууж байсан чинь Ц.Б- “та нар муу хөдөөнөөс ирсэн нөхдүүд, Улаанбаатар хотыг ийм муухай болголоо, хөдөө рүүгээ зайлцгаа гээд агсам тавиад эхэлсэн. Тэгээд ийм зүйл ярьж болохгүй гээд хэлээд байж байтал Ц.Б- миний хажуу талаас цохиод авсан. Би шоконд ороод байж байтал намайг дарж унагаад хоолой боосон. Би бараг ухаан алдах гээд байж байтал Батбилэг Ц.Б-ийг татаж аваад мултарсан. Тэгээд гадаа гарч ирээд цагдаа дуудсан. ...гадаа гараад намайг хөөсөн, би бүдрээд унасан чинь толгойн ар хэсгээс 2-3 удаа цохисон..." гэх мэдүүлэг /хх –ийн 10-11 тал/,

Б.Хулангийн гэрчээр өгсөн: “...манай нөхөр гэртээ ирэхгүй болохоор нь санаа зовоод залгасан чинь “...намайг Билгээгийн найз Ц.Б цохьчихлоо, цагдаа дуудаад ирсэн байна” гэсэн. Тэгээд удаагүй уруул нь хавдаад дотор талдаа язарсан, өмсөж явсан саарал цамц нь цус болсон, өмд нь бас цус болсон байдалтай орж ирсэн. Надад хэлэхдээ Билгээгийн найз хамт ажилладаг Ц.Б цохисон гэж хэлсэн. ...хөдөөний оркууд хотод ирж хог, новштой болгосон гэж хэлж маргалдаад цохисон гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5335 дугаартай: “...З.Бат-Оргилын биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, хоёр хөлийн өвдөг, шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” Шинжээч Ч. Эрдэмболор гэх дүгнэлт /хх-ийн 13 тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2019.04.28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эзэн АСБТ ХХК-ийн оффисын өрөөнд болон Этүгэн сургуулийн орчим гадаа хохирогч Зоригтбаатарын Бат-Оргилтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, хоёр хөлийн өвдөг, шилбэнд цус хуралт, зулгаралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд согтуугаар бусадтай зүй бус харьцаж, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан, зодоон цохион үүсгэж асуудлыг хурцатгасан түүний зан харьцаа, ёс суртахууны наад захын хэм хэмжээ дутсан байдал нь нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Б-н хохирогч З. Бат-Оргилыг толгой нүүрэн тус газарт нь гараараа цохих, хоолойг нь боох, унагаж байгаад дээрээс нь өвдөглөн суух зэрэг үргэлжилсэн идэвхтэй үйлдлээр бие, эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийн үндсэн шинж, бүрэлдэхүүнийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч З.Бат-Оргилын эрүүл мэндэд энэ хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан бөгөөд хавтаст хэргийн 35 дугаар талд болон шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...Ц.Б-д ямар нэг санал хүсэлт, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Ц.Б-г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, анх удаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэнээс хойш өөртөө дүгнэлт хийж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхээ байсан байдал, уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байр суурь  зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгосон торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш      14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч  Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР