| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 166/2017/0243/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/289 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2017/0243/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Ө-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ц-,
Шүүгдэгч Г.Г.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ц-т холбогдох эрүүгийн 1818000000180 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Ц-, 1983 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдийн хамт эрхэлсэн ажилгүй оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г.Ц- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн ******* дугаар байрны гадна иргэн Д.Д.Ц-ын гар цүнх, П.П_Х-ын халаасанд байсан Нокиа-7360 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэн, хууль бусаар авч Д.Д.Ц-д 180 000 төгрөгийн, П.П_Х-д 20 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г.Ц- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* дугаар байрны гадна иргэн Д.Д.Ц-ын гар цүнх, П.П_Х-ын халаасанд байсан Nokia7360 загварын гар утас зэргийг хүч хэрэглэн, хууль бусаар авч Д.Д.Ц-д 180 000 төгрөгийн, П.П_Х-д 20 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Г.Ц-ын өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 13 цагаас хичээл ордог хүүхдүүдээ 15, 16 дугаар сургуульд хүргэж өгчхөөд ******* тоотод оршин суух өөрийн төрсөн дүү О-ийнд ороод байж байтал гаднаас манай хамаатны ах О- нэг шил архи авч орж ирээд тэр архийг О-, О- бид 3 хувааж уусан. Тэгээд О- ах явсан. Түүнээс хойш О- бид хоёр манай гэрт очиж түлээ нүүрс авч, хоол ундаа идчхээд манай гэрт бид хоёр 0.5 гр-ын нэг шил архи хувааж уусан. 23 цаг өнгөрч байхад бид 2 манай гэрээс гараад О-ийн гэр лүү явж байгаад тэдний байрны урд З-тай таарсан. З- хүүхдээ тэвэрчихсэн ганцаараа хогны савны хажууд зогсож байсан. Орцны хажуугийн шатан дээр эмэгтэй, эрэгтэй хоёр согтуу хүн байсан. З- бид хоёрыг хараад хүрээд ирсэн. О- бид хоёртой З- уулзаад надад хүүхдээ тэврүүлчхээд тэр хоёр хүнтэй З- юм яриад байсан. Би хүүхдийг нь тэврээд О-ийн гэрт орсон. Гэрт нь ороход О-ийн хүүхдүүд, нөхөр Энх-А-гийн хамт байсан. З- орж ирэхгүй болохоор нь гарахад З- гадаа зогсож байсан. Нөгөө хоёр нь байхгүй З-ын гар болон хувцас цус болчихсон байж байсан. Би З-ыг дагуулж О-ийн гэрт ороод З-ын гарыг нь угаалгасан. Тэгээд З-ын хамт төмөр замын вокзал ороод таньдаг бололтой хүнд гар утсыг худалдаад 2.5 гр-ын пиво аваад таксийгаар манай гэрт очсон. Тэр өглөө 06 цагийн орчим цагдаа нар ирээд З- бид хоёрыг аваад явсан гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Д.Д.Ц-ын өгсөн: ...нөхөр бид хоёр гэр лүүгээ явах гээд 18-н автобусны буудал руу явж байсан. Манай нөхөр найзтайгаа нэг шил архи уучихсан болохоор нилээд согтсон байсан. Тэгтэл 2 цагдаа тааралдаад “гайгүй юу та аваад явж чадах уу гэхээр нь “чадна” гээд нөхрийгөө босгоод 18-н автобусны буудлын зүүн талын байрны орцны орчим явж байтал 2 эмэгтэй тааралдаад “тамхи байна уу” гэхээр нь би “тамхи татдаггүй” гэсэн чинь “нөхөрт чинь тамхи байгаа юм биш үү” гэхээр нь би нөхрийн тамхинаас авч өгсөн. Гэтэл нэг эмэгтэй нь намайг хүзүүдэж аваад “эгч архи уучихсан мөнгөтэй айн, за цүнхэнд чинь хэдэн төгрөг байна” гэж байснаа миний цүнхийг булааж аваад цаад эмэгтэйдээ “энэ цүнхийг авч бай” гэж хэлээд цүнхийг нь өгсөн. Нөгөө эмэгтэй миний цүнхийг аваад цаашаа орц руу авч ороод “шальтай мөнгө цүнхэнд нь алга байна, Хаан банкны виза карт байна” гээд байхаар нь би “та нар чинь яаж байнаа, миний хүүхэд шиг хүмүүс байна, би та нар шиг хүүхэдтэй, миний цүнхийг өгчих” гэхэд намайг барьж байсан эмэгтэй “чимээгүй, дуугүй байгаарай, авгай минь” гээд шууд миний зүүн нүдний хэсэгт цохисон. Тэгэхээр нь “яаж байна аа” гээд доошоо суусан чинь намайг үсдээд босгоод ирсэн. Тэгснээ “дуугүй байгаарай” гээд намайг дагуулаад байрыг тойрохоор нь АТМ орох гэж байна гэж бодоод намайг бариад байсан охиныг би барьж аваад унагаад дээр нь гарсан. Тэгсэн чинь араас их хүчтэй толгой руу цохисон. Тэгээд л би ухаан балартсан. Хэсэг байж байгаад замаар явсан машины гэрэл харагдаад байхаар нь зам руу ойртож тусламж авъя гэж бодоод зам руу явж байтал цагдаа нар тааралдаад “юу болсон бэ” гэхээр нь “хүнд зодуулчихлаа” гээд хэлснээ санаж байна. Тэгээд ухаан алдаж, нэг мэдэхэд эмнэлэг дээр сэрсэн. Цагдаа мэдүүлэг аваад байх шиг байсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна, гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх 33-35/,
Хохирогч П.П_Х-ын өгсөн: Би өнөөдөр эхнэр Д.Ц-ын хамт “Сутай” бааранд орж архи уусан. Би нилээн согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа. Ямар ч байсан Сутай баар хаагаад гарсан. Тэгээд хажуугийн 20/2 дугаар байр болох цэнхэр байрны тэнд эхнэртэйгээ явж байхад нэг эмэгтэй тамхи байна уу өгөөч гээд би нэг тамхи өгсөн. Тэгээд цааш явах гэхэд бас нэг эмэгтэй байх шиг байсан. Тэгснээ намайг татаж унагаагаад цохиж байх шиг байсан. Тэр үед манай эхнэр миний цүнхийг авчихлаа гээд орилж байсан. Тэгээд харахад нэг эмэгтэй цүнхийг аваад орц руу орсон. Намайг унагаахдаа миний гар утсыг авсан. Манай эхнэрийг аймаар зодсон байгаа юм. Би эхнэрийг зодож байгааг нь сайн санахгүй байгаа” гэх мэдүүлэг /хх 187-188/,
Гэрч Р.З-ын өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 03-ны орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас Дарханд 22 цагийн орчим ирсэн. Бид хоёр Ерөөд байхдаа 0.5 гр-ын архи хувааж уусан байсан. Дарханд ирээд найз О-ийн гэр болох Дархан сумын 5 дугаар багийн 20/2-р байрны 71 тоотод ирэхэд нөхөр А- нь хүүхэдтэйгээ байсан. А- бид 2 хоёулаа 2 сартай хүүхдээ тэвэрчихсэн явж байсан. Тэдний гэрт А-, А- бид нар 0.75 гр-ын архи хувааж уусан. Архиа ууж дуусаад А- бид 2 жаахан хоорондоо маргасан. Тэгээд би байрны гадаа А-г гарч ирэх юм болов уу гэж бодоод хогийн савны хажууд хүүхдээ тэврээд хүлээгээд байж байтал байрны хойд талаар А-гийн эхнэр О- төрсөн эгч Ц-гийн хамтаар гарч ирж байсан. Тэр үед нэг ах, эгч хоёр байрны урд сууж байхад О-, Ц- хоёр тэр ах, эгч хоёртой маргалдаад Ц- нь эгчийн цүнхийг булааж аваад орц руу орсон. Тэгэхээр нь би наанаас нь хүүхдээ тэврээд орсон чинь тэр эгч намайг чи миний цүнхийг булаачихлаа гээд дайраад байхаар нь та хүн андуураад байна гэсэн чинь тэр эгч би 5 хүүхэдтэй хүн миний цүнхийг өгчих гээд намайг барьж авахаар нь би хүүхдээ Ц-д өгөөд тэр эгчтэй маргалдсан. Тэр эгч намайг үстээд, би эгчийг алгадаад, үстээд харилцан зодолдсон. Тэгж байтал Ц-, О- 2 намайг аваад гэрлүүгээ орсон. Гэрт нь ороход А- байхгүй байсан нөгөө эмэгтэйн цүнх тэдний гэрт байсан. Цүнхнээс нь LG маркийн хар өнгийн гар утас гаргаж ирсэн байсан. Би цүнхийг ухаж үзээгүй тэгээд байж байтал О-ийн нөхөр А- орж ирээд хоорондоо маргалдаад байхаар нь Ц- бид хоёр нөгөө LG маркийн гар утсыг авч гараад вокзал орж тэр утсаар 10 000 төгрөгийн пиво аваад Ц-гийн гэрт очиж пиво уучхаад амарч байсан чинь цагдаа нар ирээд бид хоёрыг цагдаа дээр авч ирсэн гэх мэдүүлэг /хх 38/,
Гэрч Э.А-гийн өгсөн: Би төрсөн ах Т-ын эхнэр З-ын хамтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас 2 хүүхдийн хамт 21 цаг өнгөрч байхад Дарханд замын унаанд сууж ирсэн. Бид 2 Ерөө суманд 0.5 гр-ын архи уусан байсан. Дарханд ирээд найз О-ийн гэр болох Дархан сумын ******* тоотод ороход найз О- байхгүй нөхөр Энх-А- байсан А- гэж дууддаг. З- 20 000 төгрөг гаргаж ирээд 0.75 гр-ын архи аваад А-, З- бид гурав хувааж уусан. Тэгээд З- түрүүлж гарсан. А- намайг хүргэж өгсөн. Гэрээс нь гараад сайн санахгүй байна би согтсон байсан. З- бид 2 хоёулаа 2 сартай хүүхэдтэй явж байсан. Тэгээд гэртээ шөнө ирээд унтаж байсан чинь цагдаа нар ирээд эрүүлжүүлэхэд хийсэн гэх мэдүүлэг /хх 40/,
Гэрч Г.Э--А-гийн өгсөн: 2017.10.03-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд эхнэрийн эгч Г.Ц- манай гэрт ирсэн. Түүнээс хойш эхнэрийн хамаатан О- гэх ах 13 цагийн орчим ирсэн. Ирэхдээ 0.75 гр-ын архи авчирсан. Намайг уух уу гэхээр нь би уугаагүй. Манай эхнэр, эгч Г.Ц-, ах О-гийн хамтаар тэр архийг уугаад байсан. Архины талийг нь тэр ах нь аваад гарсан гэсэн. Ингээд 17 цагийн үед манай эгч гэрээс гараад явсан түүнээс хойш утсаар ярихад эгчийндээ архи ууж байна гээд байсан. 19 цагийн үед Г.Ц-ын гэрт би өөрөө очиход гэртээ тэр хоёр байгаагүй арын хашаа болох А-гийн гэрт ороход эхнэр, эгчийн хамт тэнд байсан. Тэгэхээр эхнэрийг гэрлүүгээ явъя гэсэн чинь үгэнд орохгүй байсан. Тэгээд эгчийн гэрт ороод байж байтал эргүүлийн цагдаа нар ирсэн. Манай эхнэр орилоод байсан. Цагдаа нар надаас эхнэрийг чинь саатуулах уу гэхээр нь тэгээ тэг гээд байхаар нь тэндээ амрах юм байх гээд үлдээгээд би гэртээ харьсан. Түүнээс хойш эхнэрийг шинэ Дарханд эгчтэйгээ явж байна гэж манай найз утасдаж хэлсэн.
23 цаг өнгөрч байхад байхаа цаг сайн хараагүй А-, З- нар хоёр Ерөөгөөс ирлээ гээд хүүхдээ тэвэрчихсэн 1 шил 0.75 гр-ын архи аваад манай эхнэрийг сураад орж исрэн. Тэгээд надад архи хийж өгөхөөр нь ганц нэг татаад дахин уухгүй гээд би уугаагүй. А-, З- 2 тэр архийг хувааж уугаад хоорондоо маргалдаад байсан. Тэгсэнээ З- нь хүүхдээ аваад гараад явсан. Тэгтэл А- намайг гэрт хүргээд өгөөч ах намайг загнах байх гээд байхаар нь би таксигаар гэрт нь хүргэж өгсөн. Орцноос гарч байхад орцны үүдэнд танихгүй ах, эгч 2 сууж байсан. Намайг буцаад ирэхэд нөгөө 2 хүн замын хажууд 2 цагдаатай зогсож байсан. Би анзаараагүй гэртээ ороод ирэхэд манай эхнэр О-, эгч Г.Ц-, З- 3 байсан. З-ын хувцас нил цус болсон байхаар нь юун цус болсон юм бэ гэсэн чинь бид нар хоорондоо л маргалдсан юм гээд байсан. Тэгээд Г.Ц-, З- хоёр хамт гараад явсан. Эхнэр эгчийгээ хүргэж өгнө гээд байхаар нь унт гээд би үлдээсэн. Эхнэрийг унтаж байхад цагдаа нар ирсэн. Дахин цагдаа нар ирээд манайхаас эмэгтэй хүний танихгүй цүнхийг хурааж аваад явсан. Би тэр цүнхний талаар мэдэх зүйл байхгүй цагдаа нарыг ирээд юун цүнх юм гэхэд л мэдсэн гэх мэдүүлэг /хх 42/,
Гэрч Г.О-ийн өгсөн: 2018.10.03-ны өдөр 12 цагийн үед миний төрсөн эгч Г.Ц- манай гэрт ирсэн. 15 цагийн орчим манай хамаатны О- ах 0.75 литрийн архи авч ирсэн байсан. Тэр үед манай нөхөр Энх-А-, эгч Г.Ц- нар байсан бөгөөд тэр архинаас Энх-А- бол уугаагүй эгч Г.Ц-, ах О- бид 3 ууж байхад нөхөр уурлаад байхаар нь ах талыг нь ууж дуусгаагүй архийг аваад гарсан. Түүнээс хойш 17 цаг өнгөрч байхад эгчийн гэр лүү явсан. Гэрт нь байж байгаад нөхрийг тосоод аваач гарах гэж байна гэхэд нөхөр З-, А- хоёр ирсэн байна тосож авах унааны мөнгө байхгүй гэхээр нь эгчийн хамт алхаад ирэхэд байрны гадна орцны үүдэнд З- нэг эгчтэй маргалдаад байсан тэгэхээр нь би хүүхдийг нь аваад Г.Ц- эгчид өгсөн. З- хэлэхдээ гэрт А- байгаа хүүхдийг оруулаад өгчих гэсэн эгч Г.Ц-ыг хүүхдийг нь аваад орц руу орсон. З- тэр эгчтэй шууд үсдэлцээд авсан. Тэгэхээр нь салгах гээд дийлэхгүй байсан. Нөгөө талаас нь ч гэсэн нөгөө эмэгтэйгийн нөхөр нь салгах гээд дийлэхгүй байсан. Тэгэхээр нь би шууд тэд нарыг орхиод гэр лүүгээ яваад орсон. Орох үед З- тэр эгчийг дагуулаад булан эргэж байсан. Гэрт ороход Г.Ц- эгч, манай хоёр хүүхэд байхаар нь эгч З-ын хүүхдийг задлаад сууж байсан. Эгч бол дахин гарч ирээгүй. А- байгаагүй манай нөхөр А-г хүргэж өгөөд ирлээ хүүхэдтэйгээ явж байна гэж байсан. Тэгээд байж байтал З- нөгөө эгчийн цүнхийг барьчихсан ороод ирсэн. Манай гэрт тэд нарын ууж байсан гээд жаахан архи байсан тэрийг нь хувааж уугаад сууж байтал З- би эгчийнхээ гэр лүү явлаа гээд хүүхдээ аваад гарсан. Би Г.Ц- эгчийг нь гэрт нь хүргэж өглөө гэсэн чинь манай нөхөр намайг гаргаагүй. Тэгээд би унтаад өгсөн. Унтаж байхад цагдаа нар ирээд нөгөө цүнх манай гэрт байсныг хурааж авсан гэх мэдүүлэг /хх 43/,
Гэрч Ш.М- өгсөн: Тэр шөнө би оройн эргүүлээр Дархан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт ажиллаж байх хугацаанд 01 цагийн орчим “Сутай” нэртэй баарны үүдэн дээр 40 гаруй насны эхнэр, нөхөр хоёр бололтой 2 хүн байсан. Нөхөр нь нилээд согтуу газар хэвтэж байхаар нь явж чадах уу гэхэд эхнэр нь гэх эмэгтэй манай нөхөр согтоод босож чаддаггүй ээ, одоо гайгүй босоод явна гэхээр нь нөхрийг нь босгож өгөөд таксинд суулгаж өгөх үү гэхэд хэрэггүй, бид хоёр өөрсдөө суугаад гэртээ харина гээд 20/2 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн тал буюу орц талаар нь өгсөөд явсан. Гэтэл удалгүй радио станцаар 18-ын автобусны буудлын хажууд эмэгтэй хүн газар хэвтээд, хажууд нь нэг эрэгтэй хүн газар зогсож байна гэхээр нь хойд хэсгээр нь тойроод очиход “Сутай” баарны урдаас явуулсан эрэгтэй, эмэгтэй хоёр байсан. Эмэгтэйн толгойноос цус гарсан байдалтай газар хэвтээд намайг зодчихлоо гэхээр нь нөхрөөс нь хэн зодсон гэхэд нөхөр нь маш их согтолттой би мэдэхгүй гээд байсан. Тэгтэл эхнэр нь намайг нэг хүүхэдтэй хүүхэн, 2 эмэгтэй зодчихлоо гэсэн. Ингээд эмнэлэг дуудаад ирэхгүй болохоор нь эргүүлийн машин дуудаж эхнэрийг нь эмнэлэг рүү хүргүүлээд нөхрийг нь эхнэрээ зодсон байж болзошгүй гэж бодоод эрүүлжүүлэхийн машин дуудаад өгөөд явуулсан. Би тэр эмэгтэйгээс яг хаана ямар хүнд зодуулсан талаар асуухад 20/2-р байрны орцны үүдэнд 3 эмэгтэй намайг зодоод миний цүнхийг аваад явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би 20/2 дугаар байрны хойд орцны 3 давхар 71 тоотод архи уудаг хүүхнүүд их цугладаг би урьд нь дуудлагаар 4-5 удаа очиж байсан болохоор тэнд байдаг эмэгтэй байж магадгүй гэж бодоод шалгах гээд очиход хаалганых нь урд төмөр оосортой цаг байхаар нь юун цаг юм бол гэж бодоод хаалгыг нь тогшиход нэг эрэгтэй хаалга онгойлгохоор нь эхнэр чинь хаана байна гэхэд унтаж байна гэсэн. Тэгэхээр нь хамт байсан хүүхэдтэй эмэгтэй чинь хаана байна гэхэд гэр лүүгээ явсан гэхээр нь сэжигтэй юм байна гэж бодоод босоод ирээч, уулзъя гэсэн чинь тэр эмэгтэй босож ирэхдээ хэвтэж байсан гудсан доогуураа нэг зүйл хийх шиг болохоор нь шалгасан чинь нөгөө зодуулсан гэх эмэгтэй болон түүний нөхөр П_Х- нарын виза карт байхаар нь цагдаагийн газар авч ирж жижүүрт хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /хх 45/,
Гэрч Т.М- өгсөн: 2017.10.03-ны орой Ш.М-н хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 01 цагийн орчим байхаа баар хаасан байсан. Дархан сумын 5 дугаар баг Сутай баарны урд нэг эрэгтэй газар хэвтээд, нэг эмэгтэй хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь бид 2 эрэгтэйг нь босгож өгөөд явуулсан. Тэгээд араас нь харахад 20/2 дугаар байрны орцны урдуур гайгүй яваад өгсөн. М- бид хоёр түүний эсрэг талаар нь Сүсэгтний холбооны орчмоор тойрч явж байтал станцаар 18-н автобусны буудлын хажууд хүн хэвтэж байна гэхээр нь очиж шалгахад Сутай баарны урд таарсан эрэгтэй, эмэгтэй хоёр байсан бөгөөд эмэгтэй нь зодуулсан байдалтай газар хэвтэж байсан. Ингээд нөхрийг нь зодсон байж магадгүй гэж бодоод асуухад би мэдэхгүй гээд байсан. Харин эхнэр нь намайг жаахан хүүхэдтэй 3 эмэгтэй зодсон гэж хэлсэн. Тэгээд эмэгтэйг эмнэлэг рүү явуулаад эрэгтэйг нь эрүүлжүүлэх дуудаж өгсөн. Тэгээд М- 20/2 дугаар байрны 71 тоотыг шалгая гэж хэлээд шалгахад О- гэж эмэгтэй байсан. Хаалганы гадна эмэгтэй хүний цаг байсан. Мөн тэр О- гэж эмэгтэй гудсан доогуураа зодуулсан хүмүүсийн виза картыг нуусан байсан. Тэгээд тэр эмэгтэйг цагдаагийн газрын жижүүрт хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг /хх 46/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-8/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 9/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 22-24/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 25, 26-27/, хохирогч Д.Д.Ц-ын өвчний түүхийн хуулбар /хх 60-79/, “Капитал Зууч” ХХК-ний 2017.11.04, 2018.04.06-ны өдрийн дүгнэлтүүд /хх 96-97, 190/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 176-184/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ц- шүүх хуралдаанд: Шүүгдэгч Г.Г.Ц- дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй, энэ талаар гэрчүүд мэдүүлээгүй, хохирогчийн цүнхийг булаасан талаар юу ч яриагүй, шүүгдэгч цүнхийг бусдаас дээрэмдэж авсан талаар мэдээгүй, харанхуй шөнө дүү нь цүнх өгөхөөр нь цүнхийг аваад гэртээ орсон. Г.Ц-ын дээрмийн гэмт хэрэг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Хохирогч Б.Д.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн: ...18-ын автобусны буудлын зүүн талын байрны орцны орчим явж байтал 2 эмэгтэй тааралдаад “тамхи байна уу” гэхээр нь би “тамхи татдаггүй” гэсэн чинь “нөхөрт чинь тамхи байгаа юм биш үү” гэхээр нь би нөхрийн тамхинаас авч өгсөн. Гэтэл нэг эмэгтэй нь намайг хүзүүдэж аваад “эгч архи уучихсан мөнгөтэй айн, за цүнхэнд чинь хэдэн төгрөг байна” гэж байснаа миний цүнхийг булааж аваад цаад эмэгтэйдээ “энэ цүнхийг авч бай” гэж хэлээд цүнхийг нь өгсөн. Нөгөө эмэгтэй миний цүнхийг аваад цаашаа орц руу авч ороод “шальтай мөнгө цүнхэнд нь алга байна. Хаан банкны виза карт байна гэсэн. Би тэд нарыг харвал танина. Цүнхийг авч орц руу орсон эмэгтэй махлагдуу намхан эмэгтэй байсан. Намайг эхэлж цохисон эмэгтэй шардуу царайтай, шаргал үстэй байх шиг байсан харвал танина" гэх мэдүүлэг /хх 35/, хохирогч П.П_Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: "хэрэг болсны маргааш өглөөнөөс эхлээд тэд нарыг харсан. Г.Ц- гээд байгаа эмэгтэй эхэлж тамхи асуусан гэж бодож байна. ...тэр үед манай эхнэр миний цүнхийг авчихлаа гээд орилж байсан. Тэгээд харахад нэг эмэгтэй цүнхийг аваад орц руу орсон" гэх мэдүүлэг /хх 187-188/, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: "Шүүгдэгч Р.З- 1, Г.О- 2, Г.Г.Ц- 3 гэсэн дугааруудыг авсан байх бөгөөд хохирогч Д.Д.Ц- намайг зодсон хүмүүс гэж 3, 2, 1 гэсэн дугааруудыг заасан бөгөөд 1 дугаартай эмэгтэй 2 дугаартай эмэгтэйд миний цүнхийг өгөөд 2 дугаартай эмэгтэйгээс 3 дугаартай эмэгтэй миний цүнхийг аваад орц руу орсон. 2, 3 дугаартай эмэгтэй анх эхэлж тамхи асууж уулзсан болохоор царайг нь хараад шууд таньж байна. 3 дугаартай эмэгтэйг намхан, махлаг биетэй байсан гэдгээр нь таньж байна" /хх 27/ зэргээс хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг хангалттай заасан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Г.Г.Ц-ыг дээрэмдэх гэмт хэргийг шүүгдэгч Р.З-, Г.О- нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэгт хамтран оролцсон байна гэж үзлээ. Тиймээс шүүгдэгч Г.Г.Ц-ыг дээрэмдэх гэмт хэрэгт оролцоогүй, оролцсон нь эргэлзээтэй байна гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Г.Ц-ын шүүгдэгч Р.З-, Г.О- нартай бүлэглэн хохирогч Д.Д.Ц-, П.П_Х- нарын эд хөрөнгийг хүч хэрэглэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газрын прокурорын 2018.5.14-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор яллагдагч Г.О-, Р.З-, Г.Г.Ц- нарт холбогдох эрүүгийн 1718002670040 дугаартай хэргээс яллагдагч Г.Г.Ц-т холбогдох эрүүгийн 1818000000180 дугаартай хэргийг "яллагдагч Б.Г.Ц- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурах дон өвчтэйн улмаас Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.4.27-ний өдрийн 497 дугаар шийдвэрээр Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар албадан эмчилгээнд" явуулсны улмаас тусгаарласан байна.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22018.6.04-ний өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.О-, Р.З- нарт холбогдох эрүүгийн 1718002670040 дугаартай хэргийг шийдвэрлэж хохирогч нарын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1 211 551 төгрөгийг нэг хүнд ногдох хэсгээр нь хувь тэнцүүлэн шүүгдэгч Г.О-, Р.З- нарын төлсөн хохирлыг хасаж үлдэх 191 551 төгрөгийг Г.Г.Ц-аас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Хохирогч нар эрүүгийн 1818000000180 дугаартай хэрэгт хохирол гаргуулах талаар өөр бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд 191 551 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн болно.
Дээрх хохирлыг шүүгдэгч Б.Г.Ц- нөхөн төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүгдэгч Б.Г.Ц- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Б.Г.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан "бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Г.Ц-ыг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Г.Ц-т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Г.Ц-аас 191 551 /нэг зуун ерэн нэгэн мянга таван зуун тавин нэг/ төгрөг гаргуулж хохирогч П.П_Х- Д.Д.Ц- нарт олгосугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ