Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/316

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                           

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Буянхишиг хөтлөн

улсын яллагч М.Мөнхзул

шүүгдэгч Д.Г

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1** дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын *-ны өдөр Төв аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эхнэр, охины хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид хотхон ** байр, ** тоотод оршин суух, ялгүй, ** дугаарын регистртэй, Б овогт Д-ийн Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.Г 2019 оны 2 дугаар сарын 10-ны орой Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2 А байрны гадна хохирогч С.Бийн хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Мөрдөн шалгах явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэгүй. Хохирогчийн хөөргийг буцаан өгсөн гэв. 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч С-ын Б “... 2019 оны 2 дугаар сарын 10-ны орой 18 цагийн үед би гэрээсээ гарч найз Цийн гэрт золгохоор очсон. Тухайн үед Ц гэртээ байхгүй, хүү Э нь байсан. Ингээд Цийнхаас Сынх руу золгохоор явсан ба намайг Э Сын гэрийн үүд хүртэл хүргэж өгсөн. Сынд ороход С, эхнэрийн хамтаар, мөн нэг залуу байсан. Ер нь би нилээн согтсон байсан. Сынд ууж, идэж байгаад би хөөргөө гаргаж хөөрөглөхөө мартсан байсан. Хөөрөг миний дээлний энгэрт байсан. Сынд нилээн сууж байгаад гэр рүүгээ харихаар болж С намайг хүргээд өгье гэхэд Сын гэрт байсан Г гэх залуу би явах гэж байгаа юм чинь зам дагуу таныг хүргэж өгье гэж хэлээд аваад гарсан. Тэгээд би Г гэх залууд гэрийнхээ хаягийг зааж өгсөн. Тэр залуу намайг гэр рүү оруулах үедээ миний дээлний энгэрийг ухаад байсан ба би гадаа салхинд гараад нилээн муудсан. Шөнө сэрэхэд эхнэр чиний хөөрөг байхгүй байна гэж хэлсэн. Г намайг гэр рүү оруулж өгөөд явсан байсан” /хх-н 5-6/ гэж,

яллагдагч Д-ийн Г “... би 2019 оны 2 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед гэрээсээ гарч талийгаач найз Тооройгийн аав ээжийн гэр рүү золгохоор явсан. Тухайн үед С, эхнэрийн хамтаар хоёулаа байж байсан. Ингээд цай уугаад, бууз жигнэж идээд ярилцаад сууж байхад хаалга дуугарах чимээ сонсогдсон. Тэгтэл Сын найз, Хөдөлмөрийн баатар Б гэх хүн нь нилээн согтсон байдалтай орж ирээд С аав, бид гурав юм яриад ууж, идээд байж байхад цаг нилээн орой болсон байсан учраас би явахаар болсон. Тэгтэл С аав намайг Бийнх манай байрын залгаа байр, гэрт нь хүргээд өг гэж хэлсэн. Ингээд би С аавынхаас Бийг түшиж гараад машины арын суудал дээр суулгаж гэрийнх нь гадаа ирсэн. Би орцны кодыг мэдэхгүй нилээн удсан. Тухайн  үед Б гуайгаас орцны код асуухаар шал өөр юм яриад байхаар нь би дээлний энгэрийн карманаас утсыг нь үзэх гээд ухахад утас байгаагүй, даалин хөөрөгний хамтаар гарч ирсэн. Ингээд би хөөргийг нь даалингийн хамтаар авсан. Тэгээд төд удалгүй байрнаас хүн гарч ирж Б гуай 5 давхарт гэж яриад байсан болохоор нь 5 давхарт гаргаж гэр рүү нь оруулж өгч, эхнэрт нь хүлээлгэж өгсөн” гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогч С.Бийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-н 2/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 16-17/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 29/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад /бодит байдалд/ нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Д.Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Гт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Д.Гийн хувийн байдал, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг хэрэглэх боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт Д-ийн Гийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Д.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Д.Гт оршин суух газар, ажлаа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Гийг ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Д.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Б гомдолгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Гт урьд авсан “хувийн баталгаа гаргах” тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

                                                  

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ