| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 181/2019/01144/И |
| Дугаар | 001/ХТ2020/00401 |
| Огноо | 2020-07-21 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2020/00401
Г.Э-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01520 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1579 дугаар магадлалтай,
Г.Э-гийн нэхэмжлэлтэй,
ВМР ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд 1 сарын цалинтай тэнцэх олговор 700,000 төгрөг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие хариуцагч компанийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд байрлах уурхайд уурын зуухны галчаар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс ажилд орсон бөгөөд гэрээг 2019 оны 2 дугаар сарын 05-ныг хүртэл хийсэн. Энэ хугацаанд би ажлаа ямар нэг асуудалгүй хийсэн бөгөөд гэрээний хугацаа дууссанаас хойш ч ажиллаж байгаад 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 10 хоногийн амралтаа авсан. Амраад эргээд ажилдаа очтол намайг ажлаас халсан гэсэн. Ямар үндэслэлээр халсныг нь мэдэхгүй, дараа нь сонсоход гэрээний хугацаа дууссан гэсэн. Уг нь бол гэрээг сунгана, төвөөс хүмүүс ирээд гэрээг шинэчилж сунгана гэж хэлж байсан боловч надаас бусад бүх хүмүүсийн гэрээг сунгаад миний гэрээг сунгаагүй байсан. Би 20 хоног ажиллаад 10 хоног амрах ёстой байдаг. Амралтаа аваад ирэхэд гэрээний хугацаа дууссан гэж хэлсэн. Гэрээ хийхдээ бүх хүмүүстэй 3 сараар л гэрээ хийдэг юм билээ. Хотоос явдаг хүмүүстэй бол 2 сарын гэрээ хийдэг байсан. Би хотоос очсон болохоор мөн 2 сарын гэрээ хийсэн юм. Зуух халаах ажил зогсохоор намайг үйлдвэрийн засварчин машинистаар авч ажиллуулахаар тохирсон. Энэ тухай тушаал ч байдаг юм билээ. Намайг үйлдвэрийн засварчин механикаар ажилд авна гэж хэлж байсан атлаа миний оронд өөр хүн авчихсан байсан. Хамгийн хүнд үед нь би 2-уулахнаа 24х24 цагаар ажиллаж байсан. Намайг ажилтай байлгана гэж хэлчихээд халсанд гомдолтой байна. Би ажиллах хугацаандаа ямар нэг алдаа эндэгдэл гаргаагүй, харин ч ажилдаа хариуцлагатай сайн ажилласаар ирсэн. Ажлаа мэддэг хүмүүсээ ажилд авах ёстой байсан гэж үзэж байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалинтай тэнцэх олговорт 700,000 төгрөг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан. Өвлийн улирал учир кемп халаах зорилгоор Г.Э-тай хөлсөөр ажиллах гэрээг 2 сарын хугацаагаар байгуулсан. Гэрээ хуульд нийцсэн, талуудын хүсэл зоригт нийцсэн. Гэрээнд заасан 2 сарын хугацаа дууссан учир түүнээс хойш тодорхойгүй хугацаагаар сунгагдаж, 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т зааснаар гэрээг цуцалсан. Энэ үйл явдал хуульд нийцсэн бөгөөд анхнаасаа Г.Э-г ажилд авсан тушаал гаргаагүй учир ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй. Нийгмийн даатгалын дэвтэр дээр ажилд авсан тушаалын тэмдэглэгээ энэ шалтгаанаар хийгдээгүй, харин ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлж байсан. Нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэн ажиллуулахаар тохирсон зүйл байхгүй. Хэнийг, хаана, ямар ажлын байранд авч ажиллуулах нь хөлсөөр ажиллуулагчийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. Цаашид ажил олгогч нэхэмжлэгчийг авч ажиллуулахгүй байсан шалтгаан нь уурхайн гүйцэтгэх захирал, уурхай хариуцсан захирал, уурхайн ня-бо, хүний нөөцийн дарга нарын зүгээс Г.Э-г үүрэгт ажил дээрээ унтдаг, энэ байдлаа хүлээн зөвшөөрдөггүй, мөн ажил гүйцэтгэх явцдаа зурагт үзэх зэргээр ажилдаа хариуцлагагүй ханддаг, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, өөрийн дураар өөртөө амралт олгодог, уурхайн ажлыг дураараа зохион байгуулдаг, энэ байдалдаа үнэлэлт дүгнэлт хийдэггүй, энэ байдлаас нь болж кемпийн галчаар ажиллуулахаар шийдвэрлэхэд ажлыг өөрөө хийхгүй гэсэн тайлбар гаргасан гэх гомдол мэдээлэл гарснаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хувийн байдлаас шалтгаалан цаашид гэрээг сунгаагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01520 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1-д заасныг тус тус баримтлан Г.Э-г уурын зуухны галчаар үргэлжлүүлэн ажиллуулахыг ВМР ХХК-д даалгаж, Г.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 700,000 төгрөг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс 91,550 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1579 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандахын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж нэхэмжлэгч Г.Э-г уурын зуухны галчаар үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэхдээ “...Хөлсөөр ажиллах гэрээ нь тодорхой бус хугацаагаар сунгагдсан тохиолдолд түүнийг хүндэтгэн үзэх үндэслэл байгаа тохиолдолд ...дуусгавар болгох боломжтой... хариуцагчийн санаачилгаар гэрээг цуцлах хүндэтгэх шалтгаан байсан нь нотлогдоогүй...” хэмээн дүгнэсэн. Мөн шүүх “...Талуудын тайлбараас үзвэл уурын зуухын галч гэх ажлын байр нь улирлын чанартай болох нь тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулиар хянан шийдвэрлэх үндэслэлгүй...” хэмээн дүгнэсэн. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.3, 189 дүгээр зүйлийн 189.1-д тус тус нийцсэн хөлсөөр ажиллах гэрээг хариуцагчтай байгуулан гэрээний дагуу зөвхөн өвлийн улиралд үйлдвэр, байгууламжийг хөлдөхөөс сэргийлэх зорилгоор уурын зуухын галчаар гэрээнд заасан хугацаанд /2 сар/ ажилласан. Гэрээний хугацаа дууссан хэдий ч цаг уурын шалтгааны улмаас талууд гэрээг хугацаагүйгээр сунгаж нэхэмжлэгч Г.Э-г уурын зуухын галчаар үргэлжлүүлэн ажиллуулсан. Улмаар өвлийн улирал дуусч, зуух халаах ажил зогсож үйлдвэр байгууламжийг халаах шаардлагагүй нөхцөл байдал үүссэн тул Г.Э-тай гэрээг шинэчилж байгуулаагүй, түүнийг үргэлжлүүлэн ажиллуулаагүй. Учир нь хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон ажлын байр нь улирлын шинж чанартай буюу зөвхөн өвлийн улиралд үйлдвэр байгууламж халаах үүрэгтэй уурын зуух галч байсан тул Иргэний хуулийн 221.1 “хүндэтгэн үзэх үндэслэл байвал хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно”, 221.2-д “гэрээний хугацааг үргэлжлүүлэх... боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ.” гэж тус тус заасны дагуу хариуцагч тал дангаар гэрээг цуцалсан. Хариуцагчийн энэхүү үйлдэл, эс үйлдэхүй нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2 дахь хэсэгт тус тус заасанд нийцсэн. Мөн иргэний хуулийн 365 дугаар зүйлийн 365.1.3-д заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын хөлсийг тооцож олгосны дараа түүнийг үргэлжлүүлэн ажиллуулаагүй. Хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байсан нэхэмжлэгч Г.Э-г урьд эрхэлж байсан ажилд үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэлгүй буюу ажилд эгүүлэн ажиллуулах асуудлыг талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн хуулиар зохицуулагдах ёстой. Харин зохигчийн дунд ямар нэгэн хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй мөн Хөдөлмөрийн тухай хууль энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй хэмээн шүүх өөрөө дүгнэсэн. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Г.Э-, ВМР ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд 1 сарын цалинтай тэнцэх олговор 700.000 төгрөг гаргуулах, 2019 оны 4 дүгээр сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг, хариуцагч зөвшөөрөөгүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангав.
Зохигчийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч Г.Э-, ВМР ХХК-ийн уурхайн уурын зуухны галчаар сарын 600.000 төгрөгийн хөлстэй, 2 сарын хугацаагаар ажиллахаар тохиролцжээ.
Дээрх гэрээний харилцааг анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ гэж үзсэн нь алдаатай, гэрээний зохицуулалтаас үзвэл, зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5, 6-р зүйлүүдэд ажил олгогчийн болон ажилтны эрх, үүргийн талаар зохицуулсан байна. Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд ажил олгогч ВМР ХХК нь ажилтан Г.Э-гаас компанийн дотоод журам болон байгуулагдсан гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэхийг шаардах, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхээс гадна ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох үүргийг, нөгөө талаас ажилтан Г.Э- нь хөдөлмөрийн аюулгүй болон эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, шагнал урамшуулал олгох, нэмэгдэл хөлс авах эрх, үнэнчээр хөдөлмөрлөх, байгууллагын нууцыг хадгалах, компанийн хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлэх үүргийг хүлээсэн нь тогтоогдсон байна.
Хоёр шатны шүүх эдгээр байдлыг анхаараагүй, зөвхөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр нь байнгын ажлын байр бус улирлын чанартай гэсэн дүгнэлт хийж, гэрээний харилцааг тодорхойлсон нь ононвчтой болоогүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т ...улирлын ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болох, тухайн гэрээний хугацаа дуусмагц талууд гэрээг цуцлах санал тавиагүй ажилтан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэсээр байгаа бол анх заасан хугацаагаар сунгасанд тооцохыг мөн зүйлийн 23.3-т заасан байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2019.02.05-ны өдөр дууссан талууд гэрээг дуусгавар болгох талаар санал гаргаагүй Г.Э- ажлаа үргэлжлүүлэн хийсэн нь тогтоогдсон тул гэрээ дахин 2 сараар сунгагдсан гэж үзэх бөгөөд хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа дууссан байх тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох үндэслэлгүй бөгөөд тэрээр 1 сарын цалин, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг шаардах эрхтэй.
Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасантай нийцнэ гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1579 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01520 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Г.Э-гийн ВМР ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагчаас 700.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, 2019.04.05-ны өдөр хүртэлхи нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг үүрэг болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хариуцагч ВМР ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ