| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2018/0170/э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 33
Д.Ж-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч М.Нямбаяр, Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Баярмагнай, бичгийн дарга Г.Алтанлхам нарыг оролцуулан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 424 дүгээр шүүгчийн захирамжтай, Д.Ж-т холбогдох эрүүгийн 1835003200194 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1993 оны 2 дугаар сарын 25-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10-р баг 15-14/б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, яс үндэс баяд, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ОО93022731, Г овогт Д-гийн Ж.
Шүүгдэгч Д.Ж нь Увс аймгийн Малчин сумын нутаг “Харганатай далан” гэх газарт 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 61-21 УВХ улсын дугаартай Тоёота Ланд крузер маркын автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 21.8а дахь заалтыг зөрчсөний улмаас хохирогч П.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Р.Ц, Ч.Н нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Д.Ж-т холбогдох 1835003200194 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Увс аймгийн Прокурорын газарт буцааж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр хэрэглэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардаж авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй” гэж тус тус заан шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагч Д.Ж-т холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралданаар хянан хэлэлцээд, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэнийг эс зөвшөөрч эсэрцүүцэл гаргасан.
...Шүүгдэгч Д.Ж нь В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, 914901 дугаартай жолооны үнэмлэхтэй болох нь хавтаст хэргийн 81 дүгээр хуудсанд авагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг лавласан” дэлгэрэнгүй лавлагаа, мөн хавтаст хэргийн 19 дүгээр хуудсанд авагдсан жолоочийн үнэмлэх зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байна. Хавтаст хэргийн 81 дүгээр хуудсанд авагдсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг лавласан” дэлгэрэнгүй лавлагааг Цагдаагийн газрын “АSАР” сангаас 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 08 цаг 31 минутанд гаргаж өгсөн байхад тодорхойлолт гэсэн тэмдэгт он, сар, өдөр тавигдаагүй гэх үндэслэлээр хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй байна.
Шүүх хавтаст хэргийн 81 дүгээр хуудсанд авагдсан лавлагааг хэн, хэдийд, хаанаас гаргаж өгсөн болохыг тодорхой судалж, харж үнэлээгүй байна. Учир нь хавтаст хэргийн 81 дүгээр хуудсанд авагдсан лавлагааны зүүн доод буланд “2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 08 цаг 31 минутанд гэсэн компьютерийн мэдээллийн огноо гарсан, мөн уг лавлагааг Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгаас гаргасан болох нь тодорхой байна.
...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2, 3, 4 дүгээр зүйлд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хасах нэмэгдэл ял оногдуулахаар хуульчилсан, харин яллагдагч Д.Жын үйлдсэн хэргийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялгүй тул тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын үнэмлэхийн прокурорын зөвшөөрлөөр хурааж, хэргийн хамт шүүхэд шилжүүлэх шаардлагагүй юм.
Шүүхийн зүгээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд хуулбар хувь, он, сар, өдөр байхгүй гэх үндэслэлийг гаргаж, үүнийг үндэслэж шинжээчийн дүгнэлт гарсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, хууль, журамд үндэслээгүй шийдвэр болжээ.
Учир нь Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 36, А/68 дугаар хамтарсан захирамж, тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Хавтас хэргийг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх журам”-д зааснаар мөрдөгч, прокурор, шүүгч нь эрүүгийн хэрэгт шинжилгээ хийгэхээр шинжилгээний байгууллагад тогтоол, захирамжийг хүргүүлэхдээ хэргийн материалыг хүргүүлэхгүй байхаар журамлаж өгсөн болно.
Гэтэл энэхүү журмыг уншиж судлахгүйгээр таамаглалд үндэслэж, хэргийн материалд үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна гэх дүгнэлтийг хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болсон байна.
Шинжээчийн дүгнэлтэд Замын хөдөлгөөний дүрмийн 21.8а-д “...Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэж явахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн байх ба хэрэгт авагдсан ямар нотлох баримтанд үндэслэсэн нь тодорхойгүй байна. 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр тухайн осол болох үед Д.Жын автомашинд 7 хүн зорчиж явсан нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх боловч тухайн тээврийн хэрэгслээр хэдэн хүн тээвэрлэхээр тогтоосныг нотолсон баримт авагдаагүй байна гэж дурдсан нь дараах байдлаар үгүйгэгдэж байна.
Шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар дүгнэлтэнд "...яллагдагч Т.Ж-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 21.8.а “...Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэж явсан гэсэн заалтыг зөрчсөн” талаар дурдсан байна. Мөн тээврийн гэрчилгээнд “61-21 УВХ тоёото ланд крузер 80 загварын автомашин нь суудлын машин, суудлын тоо 5” гэж заасан байхад шүүх тухайн тээврийн хэрэгслээр хэдэн хүн тээвэрлэхээр тогтоосныг нотолсон баримт авагдаагүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй, хэн ч хараад 5 хүн тээвэрлэх зориулалттай суудлыг машин болох нь тодорхой байна.
Яллагдагч Д.Ж нь Увс аймгийн Малчин сумын нутаг “Харганатай далан” гэх газарт 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 61-21 УВХ улсын дугаартай Тоёота Ланд Крузер загварын авто машин жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 21.8.а дахь хэсэгт заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч П.Дгийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Р.Цэвэлмаа, Ч.Навчаа нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн.
Өөрөөр хэлбэл яллагдагч Д.Ж нь суурин газрын гадна буюу хөдөө тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан тул одоо тээврийн хэрэгсэл тухайн цаг хугацаанд хэдэн км/цагийн хурдтай явж байгаад авто осол гаргасныг тогтоох боломжгүй юм. Хатуу хучилттай зам дээр зам тээврийн осол гаргасан бол тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжтой юм. Харин энэ хэргийн хувьд хөдөөний шороон зам дээр явж байгаад зам тээврийн осол гаргасан, тухайн үед үүссэн ул мөр арилсан зэрэг нөхцөл байдлаас улмаас шүүгчийн захирамжийн энэхүү заалтыг биелүүлэх боломжгүй юм.
Шинжээчийн дүгнэлтэнд яллагдагч Д.Ж-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсөн талаар дурдагдсан. Шүүх захирамжиндаа яллагдагч Т.Ж-ыг 9.1-д заасныг зөрчсөн гэж үзсэн бол мөн дүрмийн 9.3-д заасан тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлсэн эсэхийг тогтоосон байхыг шаардана гэж алдаатай дүгнэлт хийсэн байна. Прокуророос яллагдагч Д.Жыг Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасныг зөрчсөн гэж буруутгаж байгаа болно.
Хэрэгт шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт болох Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2014 дугаар тодорхойлолтод “Д.Ж нь ажил эрхэлдэггүй, өрхийн орлогогүй, мал хөрөнгөгүй иргэн болохыг тодорхойлов” гэж бичсэн. Гэтэл шүүгдэгчийн эхнэр С.Нарантуяа 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ”.ам бүл 3-лаа, би эх баригч, нийгмийн ажилтан мэргэжилтэй, одоо Улаангом сумын Мөнх бишрэлт өрхийн эмнэлэгт ажилладаг ба 500.000 төгрөгний цалинтай” гэж мэдүүлсэн, мөн Увс аймгийн Автотээврийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 266 дугаар албан бичигт Даваа овогтой Жын нэр дээр 82-76 УВХ улсын дугаартай Ноndо Сiviс маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна гэж бичсэн байна. Эдгээр баримтуудаас дүгнэхэд шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд хоорондоо зөрүүтэй, үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц байгааг дурдах нь зүйтэй гэжээ.
Дээрх үндэслэлд дүгнэлт хийхэд багийн засаг даргын зүгээс яллагдагч Д.Жыг ажил эрхэлдэггүй, өрхийн орлогогүй, мал хөрөнгөгүй гэж тодорхойлсон. Харин Автотээврийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 266 дугаартай албан бичигт Даваа овогтой Жын нэр дээр 82-76 УВХ улсын дугаартай Ноndo Сiviс маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй гэсэн лавлагаа гаргасан. Шүүгдэгчийн эхнэр С.Нарантуяа нь ажил эрхэлдэг, 500.000 төгрөгний цалинтай гэдгээ үнэнээр мэдүүлсэн зэрэг нөхцөл байдал нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөх шалтгаан нөхцөл биш юм. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд хоорондоо зөрүүтэй, үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлэхүйц тийм нөхцөл байдлыг бий болгосон зүйл байхгүй байхад энэхүү үндэслэлийг дурдаж дүгнэлт хийсэн нь илүүц болжээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 424 дугаар шүүгчийн захирамж нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэх, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг бүхэлд нь үгүйсгэсэн, шүүхийн зүгээс хэргийн бодит байдлыг тал бүрээс нь судалж үзэхгүйгээр эргэлзээтэй нотлох баримтууд авагдсан гэж үзэж хэргийг прокурорт буцаасан байна.
2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол үзэл баримтлал нь хэрэг маргааныг хурдан шуурхай шалгаж, шийдвэрлэхэд тулгуурласан. Мөн яллагдагч Д.Ж-ын холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг байхад үндэслэлгүй заалтуудаар хэргийг прокурорт буцааж, удаашруулж байгаа нь нэг талаас хэргийн оролцогч нарыг шүүх чирэгдүүлж байгаа явдал, нөгөө талаас хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж чадахгүй байгаатай холбоотой байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 424 дугаар шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдал нийцээгүй байх тул хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор оролцох болно” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Увс аймгийн прокурорын газрын дээд шатны прокурорын эсэргүүцэлийг үндэслэн Д.Ж-т холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
Прокуророос Д.Жыг Увс аймгийн Малчин сумын нутаг “Харганатай далан” гэх газарт 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 61-21 УВХ улсын дугаартай, Toёота Ланд Крузер маркийн автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 21.8а заалтыг зөрчсөний улмаас хохирогч П.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Р.Ц, Ч.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх Д.Ж-т холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Увс аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэснийг прокурор шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэн эсэргүүцэл бичсэн байна.
Д.Ж-т холбогдох эрүүгийн хэргийг хянаж үзэхэд мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг бүрэн гүйцэт тогтоогоогүй, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх талаархи Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсон тул шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3-т “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” 16.6 дугаар зүйлийн 4-т “ Энэ хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлнэ” гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан зарим нотлох баримтууд нь дээрхи хуулийн шаардлагыг хангаагүй байна.Тухайлбал: Хавтас хэргийн 19 дүгээр хуудсанд байгаа тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, 81 дүгээр хуудсанд авагдсан жолоочийн мэдээлэл нь хуулбараар авагдсан, хэн, хэзээ, хаанаас гаргасан нь тодорхойгүй, мөрдөгч нь энэ талаар тэмдэглэл үйлдээгүй байна.
Д.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан буюу автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэрэгт холбогдсон тул тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх, жолоочийн мэдээлэл зэрэг нь хуулийн шаардлага хангасан байх шаардлагатай.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх гэм буруу нь ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа, захиргааны хэм хэмжээний актыг хэрхэн зөрчсөн, жолооч нь гэмт хэрэг гарах үед эрхтэй байсан эсэх зэрэгт хууль зүйн дүгнэлт хийх тул дээрхи нотлох баримтыг онцгой ач холбогдол бүхий баримт гэж үзнэ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д зааснаар шинжээч нь дүгнэлтийнхээ агуулгад шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явцаа тусгах өөрөөр хэлбэл шинжээч нь шинжилгээний ямар зүйлийг үндэслэн дүгнэлт гаргасанаа дүгнэлтэндээ тусгах ёстой.
Хэрэгт авагдсан 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар шинжээчийн дүгнэлтэнд дээрхи мэдээллийг тусгаагүй ба харин мөрдөгчийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 3/703 дугаар шинжээчид хэргийн материал хүргүүлэв гэх албан тоотоос үзвэл шинжээч нь хэргийн материалд авагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт гаргажээ гэж үзэхээр байна.
Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд нь /жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, жолооны үнэмлэх/ хуулийн шаардлага хангаагүй байх тул нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтыг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтийг мөн хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулахаар хуульчилсан байхад тус хуульд заасан журмуудыг зөрчиж явуулсан дээрх ажиллагаануудыг нөхөн гүйцэтгүүлэхээр буцааж байгаа анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцжээ.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 424 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэрэг прокурорт очтол Д.Жт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Н.МӨНХЖАРГАЛ