Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
Хэргийн индекс | 126/2019/0036/з |
Дугаар | 08 |
Огноо | 2020-02-18 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Н-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын ИТХТ-д холбогдох
“Хөвсгөл аймгийн **сумын ИТХТ-ийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 126/2019/0036/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, хариуцагчийн өмгөөлөгч Т.Д, гуравдагч этгээд Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Хөвсгөл аймгийн ** захирагчийн сонгуульд нэр дэвшиж оролцсон. Уг сонгуулийн дүнгээр нэр дэвшигч нарын хэн аль нь ч сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн буюу 50 хувийн саналыг авч чадаагүй. Дахин санал хураалт явагдах нөхцөл үүсээд байсан. Гэвч Хөвсгөл аймгийн **захирагчийн Сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “нэр дэвшигч Б.Г нь нийт санал хураалтад оролцсон сонгогчдын 50.74 хувь, нэр дэвшигч Ч.Н нь нийт санал хураалтад оролцсон сонгогчдын 49.26 хувийн санал авсан” гэж санал хураалтын дүнг гаргасан бөгөөд уг захиргааны актад миний бие шүүхэд гомдол гаргаж хүчингүй болгуулсан. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0169 магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 214 тогтоолоор Хөвсгөл аймгийн **захирагчийн Сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 тогтоолыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл санал хураалтын дүн, зохих шатны шүүхийн шийдвэрийн дагуу **захирагчийн сонгуулийн үр дүнд нэр дэвшигч Б.Г, Ч.Н нарын хэн нь ч олонхийн санал аваагүй нь тогтоогдсон. Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах огцруулах тухай журмын 25-д “Хэрэв нэр дэвшигчийн хэн нь ч ийнхүү олонхийн санал аваагүй бол сонгуульд оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оролцуулна” гэж заасан. Энэхүү журмын дагуу **захирагчийн сонгуульд хамгийн олон санал авсан Б.Г, Ч.Н нарын хооронд дахин санал хураах байтал Хөвсгөл аймгийн **сумын ИТХТ-д нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоолыг тус тус гаргаж, **захирагчийн сонгуулийн товыг тогтоож, дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй байна. Ийнхүү дахин сонгуулийг зарласан нь **захирагчийн сонгуульд нэр дэвшигч хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн нэг Ч.Н миний сонгогдох эрх буюу дахин санал хураалтад орох эрхийг минь зөрчиж байгаагаас гадна Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах огцруулах тухай журмын 25-д “Хэрэв нэр дэвшигчийн хэн нь ч ийнхүү олонхийн санал аваагүй бол сонгуульд оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оролцуулна” гэсэнтэй нийцэхгүй байна гэж үзнэ.
Хөвсгөл аймгийн **сумын ИТХТ-ийн 44, 48 тоот тогтоолууд хүчингүй болбол 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр өрсөлдсөн Г бид хоёрын дунд дахин санал хураалт явах учиртай. Дахин санал хураалтаар бид хоёрын хэн нь сонгогдох, эсвэл хэн ч сонгогдохгүй шинээр сонгууль явуулах юм уу гэдэг нь шийдэгдэх ёстой байсан. Үүнийг хангаж өгөхгүй миний эрх, ашгийг зөрчиж ийм асуудал үүсгээд байгаа. “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах тухай журамд заасны дагуу хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч болох Ч.Н, Г нарын хооронд дахин санал хураалт явуулж өгнө үү” гэсэн хүсэлт өгөөд одоо хүртэл шийдэгдээгүй байхад дундуур нь сумын ИТХ орж ирээд дахин сонгууль зарласан байгаа. “Сонгуулийн нэгдсэн хороо сонгуулийг хүчингүй болгоно” гэж заасан байдаг. “Сумын ИТХ сонгуулийг хүчингүй болгоно” гэсэн ямар ч заалт байхгүй. “Сонгуулийг хүчингүйд тооцох Сонгуулийн нэгдсэн хорооны шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор тухайн шатны ИТХ дахин сонгууль явуулна” гэж заасан байгаа. Сонгуулийн нэгдсэн хорооноос сонгуулийг хүчингүй болгох тухай ямар ч шийдвэр гараагүй. Хурлын дарга, Тэргүүлэгч нь энэ хурал дээр ирсэн байна. Миний дахин санал хураалтад оролцох хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Хөвсгөл аймгийн **сумын **захирагчийн Сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Захирагчийн сонгуулийн санал хураалтын дүн баталгаажуулах тухай” 06 дугаар тогтоолын 1-д “Захирагчийн сонгуульд нийт 2298 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс санал хураалтад 1389 сонгогч санал өгч хураалтын ирц 60.4 хувьтай байсан тул захирагчийн сонгуулийг хүчинтэйд тооцсугай” гэснийг,
2. Давж заалдах шатны шүүхийн магадлалын “Тогтоох” хэсгийн 1-д “...**захирагчийн Сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоол, мөн аймгийн **сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 07 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгосугай гэж,
3. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 214 тоот тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 1-д “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА/2019/0169 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай” гэжээ.
4. Энд Сонгуулийн нэгдсэн хорооны сонгуулийг хүчинтэйд тооцсон 06 тоот тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтаар **захирагчийн Сонгуулийн нэгдсэн хорооны 06 тоот тогтоолыг нийтэд нь хүчингүй болгосон гэж ойлгогдож байгаа болохоос бус 06 дугаар тогтоолын нэг дэх буюу сонгуулийг хүчинтэйд тооцсон тогтоолын заалтыг хэвээр үлдээсэн байна гэж үзэх үндэслэлгүй байна.
5. Өнөөдрийн байдлаар УИХ-ын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам”-ыг хот, тосгоны захирагчийн сонгууль явуулахад мөрдөж байгаа болохоос бус нарийвчлан зохицуулсан хууль байхгүй байх бөгөөд тус “Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам”-ын 22-т “Сонгуулийг Сонгуулийн нэгдсэн хороо дараахь тохиолдолд хүчингүйд тооцно.
1/сонгуулийн журам зөрчиж явуулсан,
2/хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь олонхийн санал аваагүй түүнчлэн, ...” гэж заасан байна.
Дээрх заалтаас үзэхэд Ч.Н, Б.Г 2-ын хэн аль нь олонхийн санал аваагүй гэж үзээд шүүх сонгуулийг хүчинтэйд тооцсон тогтоолыг хүчингүй болгосон тул **сумын ИТХТ-д хуулинд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу **захирагчийн сонгуулийн санал хураалтын дүнг болон шүүхээс гарсан шийдвэрүүдийн талаар хэлэлцээд дахин сонгууль явуулах нь зүйтэй гэж үзээд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 44 тоот тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “**захирагчийн сонгуулийн тов зарлах тухай” 48 тоот тогтоолуудыг гаргасан нь Ч.Н-ын дахин нэр дэвших эрхийг хаагаагүй юм. Учир нь **захирагчийг сонгох сонгуульд нэгдүгээрт 2 нэр дэвшигчийн хэн аль нь олонхийн санал аваагүй гэж шүүх үзсэн, хоёрдугаарт мөн сонгууль хүчинтэйд тооцсон 06 тоот тогтоолыг шүүхээс хүчингүй болгосон, гуравдугаарт санал хураалтад оролцох нэг нэр дэвшигч болох Б.Г нэр дэвшихээс татгалзсан хүсэлт ирүүлсэн зэргээс сонгууль дахин явуулах нөхцөл бүрдсэн. Иймд Хөвсгөл аймгийн **сумын ИТХТ-д хуулинд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “**захирагчийн сонгуулийн санал хураалтын дүнг хэлэлцэх тухай” 44 тоот тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “**захирагчийн сонгуулийн тов зарлах тухай” 48 тоот тогтоолууд нь хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа.
Мөн энэ хоёр тогтоол хэд хэдэн хүний эрх ашгийг хөндөж байгаа. Нэгдүгээрт 48 дугаар тогтоол гарч сонгуулийн тов зарлагдсан учраас тов зарласнаас хойш 10 хоногийн дотор шинэ сонгуульд 2 хүн нэр дэвшсэн. Энэ хоёр хүний эрх ашиг зөрчигдөж болзошгүй юм. Хоёрдугаарт 48 дугаар тогтоол 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүчингүй болсон учраас сонгуулийн асуудлыг шийдэхийн тулд дахин тогтоол гарна. Дахин тогтоол гарснаас хойш 10 хоногийн дотор Ч.Н дахин сонгуульд өрсөлдөх эрх нь нээлттэй байгаа. Тиймээс энэ тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагагүй. Ийм учраас Ч.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь “**сумын ИТХТ-ийн 44, 48 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах” гэсэн байгаа. Нэхэмжлэгчийн маргалдаж байгаа гол зүйл нь Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүх сонгуулийг хүчинтэй тооцсон. Тийм учраас дахин санал хураах ёстой гэж байгаа. Хариуцагч тал санал хураалтыг хүчинтэйд тооцсон 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 тоот тогтоолыг нийтэд нь хүчингүй болгосон учраас Давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн тогтоолыг хуульд заасан хугацаанд буюу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сайн дураар биелүүлэхгүй бол албадан биелүүлнэ гэсэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдэл ирснээр **захирагчийн Сонгуулийн нэгдсэн хорооны дарга Б нь **сумын ИТХТ-д хандаж, Давж заалдах шатны шүүхийн магадлал болон Хяналтын шатны шүүхийн тогтоол, мэдэгдлийн хамт хүргүүлж сонгуулийг хэрхэн яаж зохион байгуулах вэ гэсэн албан бичиг явуулсан. Тухайн үед Сонгуулийн нэгдсэн хороо татан буугдчихсан байсан учраас Б дарга албан бичиг дээрээ тамга, тэмдэг дараагүй хүсэлт ирүүлсэн учраас сумын ИТХТ-д 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж энэ асуудлыг хэлэлцээд 06 тоот тогтоолыг хүчингүй болгосон тул дахин сонгууль явуулах нь зүйтэй юм байна гэсэн дүгнэлт гаргасан. 44 тоот тогтоол нь захирагчийн сонгуулийн товыг хуулийн хугацаанд товлон зарласан гэсэн тогтоол, 48 тоот тогтоол нь захирагчийн сонгуулийг 1 дүгээр сарын 16-ны өдрийн Пүрэв гарагт **төвд зохион байгуулахаар товлосугай гэсэн тогтоолууд гарсан. Энэ бол **сумын ИТХТ-ийн эрх хэмжээнийхээ хүрээнд асуудлыг шийдсэн хуульд нийцсэн тогтоол юм гэж үзэж байна. Энэ хоёр тогтоол нь Ч.Н, Г нарыг дахин сонгуульд өрсөлдөх эрхийг нь хязгаарласан гадагшаа чиглэсэн тогтоол биш юм. Хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн үйл ажиллагаа байгаа. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн тогтоол 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гарсан. Сонгуулийн нэгдсэн хороо хэдэн сарын хэдний өдөр хүлээж авсан гэдэг нь ойлгомжгүй, тэр талаар нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа. Манай үйлчлүүлэгчийн хэлж байгаагаар Сонгуулийн нэгдсэн хороо сонгуулийн нэгдсэн дүнг ИТХТ-д танилцуулах ёстой байсан боловч яасан нь мэдэгдэхгүй 5, 6 сар чимээгүй явсан. Тийм учраас энэ асуудлаа шийд гэж Сонгуулийн хорооны дарга руу ИТХТ-д болон бусад хүмүүс хандсан учраас хэлэлцэн шийдвэрлэж тогтоол гаргасан нь хуульд нийцсэн байна. Нэр дэвшигчдийн хэн аль нь сонгуулийн дүнд олонхийн санал авч чадаагүй учраас Сонгуулийн нэгдсэн хороо нь нэгдсэн дүн гаргахдаа санал хураалтанд оролцогчдоосоо дүнгээ гаргахгүй хүчингүй болсон саналын хуудсыг хасч дүн гаргасан бол сонгуулийн дүнг буруу гаргасан нь ойлгомжтой байдаг. Гэхдээ Давж заалдах шатны шүүхийн магадлал болон Хяналтын шатны шүүхийн тогтоол дээр дахин санал хураалт явуулах талаар дурдсан боловч сонгуулийг хүчингүйд тооцож дахин санал хураалт явуулсугай гэсэн заалт байхгүй. 06 тоот тогтоол маань дотроо 4 зүйл заалттай байгаа. Энэ 4-н зүйл заалтын 1 дэх заалт буюу сонгуулийг хүчинтэйд тооцсугай гэсэн заалтыг хэвээр үлдээгээгүй, бүгдийг нь хүчингүй болгосон байгаа. Тийм учраас сонгуулийг хүчинтэйд тооцсон тогтоол нь хүчингүй болсон учраас дахин сонгууль явуулах талаар ИТХТ-ийн ойлгон хэрэгжүүлж байгаа нь хуулийг зөрчсөн асуудал биш гэж харж байна. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Ж.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний хувьд **захирагчийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн сонгуулийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож, “Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам”-ын 23 дугаар зүйлд заасны дагуу **захирагчийн сонгуулийг дахин зарласан нь журамд нийцнэ гэж үзэж байна. Миний бие нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зарлагдсан захирагчийн сонгуульд өрсөлдөхөөр **оршин суугчдын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлаас нэр дэвшиж, шинээр байгуулагдсан Сонгуулийн нэгдсэн хороонд бүртгүүлэн сонгуулийн бэлтгэл ажлыг хангаад байна. **сумын ИТХТ-ийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоол, Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журмын 3, 13 дахь заалтуудын дагуу нэр дэвшсэн миний сонгогдох эрхэнд Ч.Н-ын дээрх тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэл саад учруулж байна гэж үзэж байгаа бөгөөд энэ тогтоол гарсанаар Ч.Н-ын нэр дэвших эрхийг ямар нэгэн байдлаар хаагаагүй, энэ хүн нэрээ дэвшүүлж өрсөлдөх эрх нь нээлттэй гэж үзэж байна.
Сумын ИТХТ-д хуралдаж 06 тоот тогтоол хүчингүй болсон учраас бүрэн эрхийнхээ хүрээнд Сонгуулийн нэгдсэн хороог татан буулгаж, Сонгуулийн нэгдсэн хорооны даргад хариуцлага тооцож, дахин сонгууль явуулах нь зүйтэй юм байна гэж үзэж дахин сонгууль явуулсан. Миний бие нь сонгуульд өрсөлдөх эрхээ авсан. Мөн А.Б гэж хүн хуралдаанаар нэр дэвшиж эрхээ авч сонгуулийн ажилдаа орсон. Би 10 орчим сая төгрөгийн хөрөнгөө гаргаж сонгуульдаа бүртгүүлж, сонгуулийн сурталчилгааны ажлын бэлтгэлээ эхэлчихсэн байсан. Сонгуульд нэр дэвших эрхээ аваад баримтаа бүрдүүлсэн байгаа” гэв.
Гуравдагч этгээд А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2018 оны 10 дугаар сард **захирагчийн ээлжит сонгуульд Б.Г, Ч.Н нар нь хэн ч олонхийн санал аваагүй талаар шүүхийн шийдвэр эцэслэн гарсан. Шүүхийн шийдвэрээр сонгууль хүчингүй болгосон. Тиймээс шинээр зарлаж шинээр нэр дэвшигч бүртгүүлэн шинээр явагдах болсон гэж **сумын ИТХ-ын дарга, түүний Тэргүүлэгчид тайлбар хийж, шийдвэр гарган түүний дагуу миний бие **сумын ИТХ-аас захирагчийн сонгуульд нэр дэвших эрхээ авсан. 2018 онд болсон сонгуулийг хүчингүй болгоогүй, хоёр нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал аваагүй дахин санал хураалт явагдах нөхцөл үүссэн нь хуулиар тогтоогдож байгаа тул шинээр зохион байгуулагдах сонгуульд оролцохгүй болсоноо тайлбар гаргаж байгаа болно” гэжээ.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Н нь Хөвсгөл аймгийн **сумын ИТХТ-д холбогдуулан “Хөвсгөл аймгийн **сумын ИТХТ-ийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т “Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол сонгуульд оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан 2 хүнийг дахин санал хураалтад оруулна” гэж зааснаар Хөвсгөл аймгийн **сумын **захирагчийг сонгох сонгууль 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр явагдаж, нэр дэвшигч Ч.Н, Б.Г нарын хэн аль нь олонхийн санал аваагүй бөгөөд Ч.Н-ын дахин санал хураалтад оролцох эрх, ашиг сонирхол зөрчигдсөн болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0169 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 214 дугаартай тогтоолоор тус тус тогтоожээ.
Иймд Сонгуулийн нэгдсэн хороо нь дээрх хоёр нэр дэвшигчийг дахин санал хураалтад оруулах хууль зүйн үндэслэл бий болсон гэж үзнэ. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж зааснаар Сонгуулийн нэгдсэн хороо татан буугдсан бол түүнийг байгуулсан Хөвсгөл аймгийн **сумын ИТХ дахин санал хураалтыг явуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, эрх зүйн үр дагаврыг хариуцах үүрэгтэй.
Гэтэл Хөвсгөл аймгийн **сумын ИТХТ-д дахин санал хураалт явуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэлгүйгээр дахин сонгууль зарласан нь хууль бус бөгөөд дахин сонгууль зарлах хууль, журамд заасан үндэслэл бий болоогүй байна.
Тодруулбал, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4-т “Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах журмыг Улсын Их Хурал тогтооно” гэж, Улсын Их Хурлын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам”-ын 22-т “Сонгуулийг Сонгуулийн нэгдсэн хороо дараахь тохиолдолд хүчингүйд тооцно: 1/сонгуулийн журам зөрчин явуулсан; 2/хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй, түүнчлэн ...” гэж зааснаар Сонгуулийн нэгдсэн хорооноос сонгуулийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй байхад журмын 23-т “Сонгуулийг хүчингүйд тооцох тухай Сонгуулийн нэгдсэн хорооны шийдвэр гарснаас хойш 30 хоногийн хугацаанд тухайн нэгжийн ИТХТ-д дахин сонгуулийг зарлан явуулна” гэж зааснаар дахин сонгууль зарласан тогтоолууд гаргасан нь буруу байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 211/МА2019/0169 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 214 дугаартай тогтоолын дагуу Ч.Н-ын дахин санал хураалтад оролцох эрхийг хангаж, дахин санал хураалт явуулсны үндсэн дээр хоёр нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал аваагүй тохиолдолд Улсын Их Хурлын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам”-ын 22, 23-т зааснаар дахин сонгууль зарлах эрх зүйн үр дагавар үүснэ. Гэтэл дахин санал хураалтын ажиллагааг зохион байгуулалгүйгээр шууд дахин сонгууль зарласан нь буруу юм.
Иймд дээрх үндэслэлээр Хөвсгөл аймгийн **сумын ИТХТ-ийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоолууд хууль бус болох нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Ч.Н-ын дахин санал хураалтад оролцох эрх, ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зөрчигдсөн эрх сэргээгүй байх тул дээрх тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй.
Хариуцагчаас “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2019/0169 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 214 дугаартай тогтоолоор Хөвсгөл аймгийн **захирагчийн Сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Энэ 06 дугаартай тогтоолын 1 дэх заалтаар сонгуулийг хүчинтэйд тооцсон. Гэтэл энэ тогтоолыг шүүхээс хүчингүй болгосноор сонгууль хүчингүй болсон” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр нийт сонгогчийн олонхийн санал аваагүй нэр дэвшигч Б.Г-ыг сонгогдсонд тооцсон тогтоолын улмаас Ч.Н-ын дахин санал хураалтад оролцох эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн Хөвсгөл аймгийн **захирагчийн Сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Харин сонгуулийг хүчингүй болгох талаар хэргийн оролцогчид маргаагүй, дээрх шүүхийн шийдвэрүүд сонгуулийг хүчингүй болгох талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байдаг.
Хариуцагчийн тайлбараас харахад **захирагчийн Сонгуулийн нэгдсэн хорооны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай тогтоолын 1 дэх заалт нь “Захирагчийн сонгуульд 2298 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс санал хураалтад 1389 сонгогч санал өгч, ирц 60.4 хувьтай байсан тул захирагчийн сонгуулийг хүчинтэйд тооцсугай” гэж заасан нь сонгогчийн ирцийн хувьд хүчинтэй гэж үзсэн байна.
Харин сонгуулийг хүчингүй болгох эрх нь Сонгуулийн нэгдсэн хорооны шийдвэрлэх асуудал бөгөөд Улсын Их Хурлын 1994 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Хот, тосгоны захирагчийн сонгууль явуулах, огцруулах тухай журам”-ын 22-т “Сонгуулийг Сонгуулийн нэгдсэн хороо дараахь тохиолдолд хүчингүйд тооцно: 1/сонгуулийн журам зөрчин явуулсан; 2/хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй, түүнчлэн ...” гэж заасан үндэслэлээр Сонгуулийн нэгдсэн хорооноос сонгуулийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй тул дахин сонгууль зарлах нөхцөл байдал үүссэн гэж үзэхгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 3.1.12, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2, 4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Ч.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн **сумын ИТХТ-ийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 44 дүгээр тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 48 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Н-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн ИТХ-аас 70200 / далан мянга, хоёр зуун / төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ