Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2215

 

Г.А-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/02545 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Р.Б-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, тэжээн тэтгэх үүргийн дагуу 1 665 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.А

Хариуцагч Р.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 онд Р.Б-тэй танилцан, 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэрэлэлтээ бүртгүүлж гэр бүл болсон. Бидний дундаас 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр охин Б.А төрсөн. Р.Б гэр бүл болоод сар хүрээгүй архи уусан ба миний буруу, маргаашнаас уухгүй гэдэг боловч гадуур хонох, амралт салхинд гарах, төрсөн өдөр тэмдэглэх зэрэг зугаа цэнгэл нь хэрээс болсон. Хариуцагч өөр хүнтэй хамтран амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Б.А-ийг миний асрамжид үлдээж, эцэг Р.Б-ээс хүүхдийн тэтгэмж гаргуулж өгнө үү. Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардал 30 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хүүхдийн хэрэглээнд зарцуулж авсан бараа бүтээгдэхүүний үнэ 1 565 000 төгрөг нийт 1 665 200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

     Хариуцагч Р.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, харин хүүхдийн тэтгэлэг болон 1 565 000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие 2011 оны 6 дугаар сард Г.А-тэй танилцсан. 2011 оны 11 дүгээр сараас 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Афганистан улсад энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр явсан. Нэхэмжлэгч Г.А 7 настай би 11 настай хүүтэй, миний хүү ээжтэйгээ амьдардаг. Би хүүхдийн тэтгэлэг төлдөг. Нэхэмжлэгч Г.А зан байдлын хувьд үргэлж ууртай зандарсан байдалтай байдаг бөгөөд намайг байтугай төрсөн эхийгээ хүртэл харааж загнадаг. 2012 оны 9 дүгээр сард ээж минь хүнд өвчний улмаас нас барсан бөгөөд эхийгээ алдсандаа сэтгэлээр унаж өөрийгөө тайвшруулан хааяа нэг архи уухад, дэргэдэх хань минь ойлгохгүй, надтай хөндий хүйтэн харьцаж, намайг цагдаад хүртэл барьж өгч байсан. 2014 оны 2 дугаар сард намайг аавындаа очоод ирэх хооронд эхнэр өөрийнхөө ээж, эгч хоёроо дуудан бүх зүйлээ аваад, надаас салаад гэрээсээ явсан. Гэвч би тухайн үед амьдралаа бодож эхнэрээсээ уучлал гуйж түүн дээр очсон бөгөөд Г.А эргэж нийлэхгүй гээд эд хогшлоо ачаад явсан.

Би 2014 оны 10 дугаар сард ОХУлс руу 3 жилийн хугацаатай суралцахаар яваад 2015 оны 7 дугаар сарын 12-ны өдөр зуны амралтаараа ирсэн. 2015 оны 7 дугаар сарын 28, 30-ны өдөр Г.А-тэй уулзсан. Гэтэл 7-9 хоногийн дараа буюу 8 дугаар сарын 6, 7-ны үед “би жирэмсэн болчихлоо” гэж мессэж бичсэн ба 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн гэж эгчээс нь дуулсан. Би нэхэмжлэгч Г.А-ээс тусдаа удаан хугацаанд амьдарсан мөн бид 2 удаа уулзсан бөгөөд уулзсан хоногоо тооцож үзэхэд 7-9 хоногт жирэмсэн болсон гэдгийг мэдэх боломжгүй. Хүүхдийг Г.А-ийн асрамжид үлдээхийг зөвшөөрнө.

Харин хүүхэд миний хүүхэд гэдэгт итгэхгүй байгаа тул тэтгэлэг төлөхгүй. Эвлэрүүлэн зуучлалын 30 000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Харин 1 565 000 төгрөгийг төлөхгүй гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар О овогт Р.Б, Б овогт Г.А нарын гэрлэлтийг цуцалж,

         Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.А-ийг эх Г.А-ийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.А-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр cap бүр эцэг Р.Б-ээр тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.Б-ээс 1 282 286 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.А-т олгож, нэхэмжлэлийн уг шаардлагаас 312 714 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111 793 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Б-ээс 105 525 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.А-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Г.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцах үед охиныг надаар овоглож, н.А гэдгийг мэдсэн. Тэрээр надад охинтой болсон, хэн гэж нэр өгсөн талаар хэлээгүй бөгөөд охиныг надаар овоглоод гэрчилгээ авчихсан байсан. Хэрэв би тухайн үед мэдсэн бол хүүхдийг өөрөөрөө овоглох эсэхийг шийдвэрлүүлэх байсан. Миний бие охин н.А-ийн биологийн эцэг мөн эсэхэд эргэлзэж байгаа тул шинжилгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх "захиргааны журмаар тогтоосон учир шинжилгээ хийлгэх шаардлагагүй" гэж хүсэлтийг хангахгүй орхисон. Тухайн үед хүүхдийг надаар овоглосон асуудал гэрлэлтийн баталгаа болон нэхэмжлэгч Г.А-ийн хүсэл зоригийн дагуу хийгдсэн. Тэгэхээр надаар хүүхдийг овоглосон нь захиргааны журмаар Р.Б охин н.А-ийн биологийн эцэг мөн гэдгийг тогтоосон асуудал биш гэж үзэж байна. Иймд намайг охин н.А-ийн биологийн эцэг мөн эсэхэд шинжилгээ хийлгүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Р.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, тэжээн тэтгэх үүргийн дагуу 1 665 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.А, хариуцагч Р.Б нар 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр охин Б.А төрсөн үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй. Харин хариуцагч Р.Б охин Б.А-ийн төрсөн эцэг мөн эсэх талаар маргадаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харицагч нь хүүхдийн эцэг мөн эсэхэд эргэлзэж, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх “Нэгэнт хүүхдийн эцэг, эхийг захиргааны журмаар тогтоосон тул уг иргэний хэрэгт биологийн хувьд эцэг тогтоох шинжээч томилох шаардлагагүй” гэж үндэслэлгүй  хэрэгсэхгүй болгосон нь буруу.

Хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд шүүх зохигчийн хүсэлтээр шинжээч томилж, уг асуудлаар дүгнэлт гаргуулдаг. Гэтэл шүүх хариуцагчийн маргаж буй үндэслэлд хамаарах нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлээгүйн улмаас хэргийн үйл баримт бүрэн  тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байна. Хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрх хангагдаагүй тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/02545 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                            А.МӨНХЗУЛ

                                                                                                             Д.БАЙГАЛМАА