Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/466

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2019/0436/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч Г.Уянга,

Хохирогч Д.Л,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт М.Бт холбогдох эрүүгийн 1918005900441 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт М.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч М.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ...... хотын ......дүүргийн ..... дүгээр хорооны ...... уулын өврийн .... дугаар гудамжны 0000 тоот иргэн Ж.Дгийн эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг хагалан орж орчин цагийн цагаан толгойтой, алтан нуухтай дунд гарын гартаам хөөргийг авч, 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Бын өгсөн: Хохирогч Ж.Дгийн гэрийн цонхыг хагалж ороод тавиур дээр байсан хөөргийг авсан. Тухайн хөөргийг 100.000 төгрөгөөр зарсан. Хохирол төлбөр төлөөгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Ж.Дгийн өгсөн: ...өглөө ажилдаа явахад манай эхнэрийн дүү хүүхэд хараад үлдсэн. 16:00 цагийн үед хадам ээж манайд ирээд манай хүүхэд, дүү нарыг гэрээс аваад явсан. Би ажлаа тараад хажуу айл Аынд сууж байхад манай хойд хашааны Магнай нь над руу залгаад “гэрт чинь хулгайч орсон байна” гэж хэлсэн. Манайд хулгайч орохыг хөрш айлын Дцэрэн харсан байсан. Гэртээ орж үзэхэд том өрөөний цонх хагарсан, шалан дээр нь ногоон өнгийн шуудайтай зүйл, манай гэрийн 42 инчийн Шарп загварын зурагт зэрэг зүйлсийг орхисон байсан. Эд зүйлээ бүртгэж үзэхэд орчин цагийн Д толгойтой, алтан нуухтай, дунд гарын гартаам хөөрөг алдагдсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 106-107/,

Хулгайч орсон гэх байшин нь ...... дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр ..... уулын өврийн 7-0000 тоот хашаа байх ба үзлэгээр том өрөөнд цонхны хагархай хэсгүүдээс 6 ширхэг гарын мөр, унтлагын өрөөний цонхны хүрээнээс 3 ширхэг гарын мөр илрүүлэн бэхжүүлэв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 110-114/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 02/210 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4, 5, 8, 9 гэсэн дугаартай 7 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 2 гэсэн дугаартай гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа MN000510005338 бүртгэлийн дугаартай М овогтой Бын баруун гарын эрхий хурууны хээтэй, 3 гэсэн дугаартай мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа MN000510014254 бүртгэлийн дугаартай М овогтой Бын зүүн гарын долоовор хурууны хээтэй тус тус тохирч байна. М овогтой Б нь Папилон санд MN003110014848, MN003110011654, MN00007025, MN000510005338, MN000510014254, MN000610001383 дугаараар 6 удаа бүртгэгдсэн байна” гэх шинжээчийн дүгнэлт, хавсралт /хх-ийн 116-132/,

“Дамно” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын “орчин цагийн цагаан толгойтой, алтан нуухтай, дунд гарын гартаам хөөрөг 450.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 135-136/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

1.2. Шүүгдэгч М.Б нь согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Лгийн үснээс зулгааж, газарт чирч, түүний биед баруун өвдөгт цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал үүсгэж, Д.Лгийн гартаа барьж явсан 180.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн ууттай хувцсыг авсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М.Бын өгсөн: ...Тухайн үед архи уучихсан байсан болохоор болсон асуудлыг тодорхой сайн санахгүй байна. Гэрчүүд байгаа тул эрүүл хүмүүс худлаа хэлэхгүй байлгүй. Хохирогчийг дээрэмдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөр төлөөгүй гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Лгийн өгсөн: 2019 оны зуны орой охиныдоо очих гээд Толгойт өөд явж байсан чинь нэг залуу ард яваад байсан. Тухайн үед зун болохоор гадаа гэгээтэй байсан. Гадаа гэгээтэй байсан учраас нэг их юм бодож анзаараагүй. Гэтэл миний урд ирж зогсчхоод явуулахгүй ээрч хоргоогоод байхаар нь “ээж шиг хүнийг яах нь уу, юу хэрэгтэй вэ, мөнгө авахаар бол ав” гэж хэлсэн. Гэтэл намайг багалзуурдаж засмал замаар чирээд замын цаана гаргасан. Би тэрхэн үед яахаа мэдэхгүй балмагдаж замын хашлагат хөлөө тээглүүлж тавихгүй гээд хашлагаас зүүгдсэн. Тэгэхгүй бол энэ залуу намайг тавихгүй байсан. Бас намайг юмаа авах гэхэд “Дуугүй бай авгай минь” гэж хэлээд үснээс татахаар нүүр лүү нь цохиод доод дэлгүүрийн залуу дээр очоод “амь авраарай” гээд байхад ирэхгүй юм гэсэн чинь гэр бүлийн хүмүүс муудалцаж байна гэж бодсон юм гэж хэлээд миний утсыг авч хүүхэд рүү маань ярьсан. Би гомдолтой байна. Би 350.000 төгрөгөөр 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Мөн шүүгдэгч нь надаас уучлал гуйгаагүй. Би үнэлгээгээр гарсан 180.000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Ц.Бийн өгсөн: 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн үед манай дэлгүүрээс дээш засмал замын хажууд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ноцолдоод байсан. Тэгэхээр нь би эхнэр, нөхөр  хоёр хоорондоо маргалдаад байна гэж бодсон. Тэгтэл эмэгтэй нь гүйж ирэхээр нь би урдаас нь яваад очиход “эгчийг нь энэ хүн хүчиндэх гээд байна. Туслаарай” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу зугтаагаад явсан байсан. Тэгээд тэр эгчийн хүүхдүүд ирэхээр нь цуг нөгөө залууг хайсан. Тэгтэл тэр залуу нэг айлын хашаанаас Дд гарч ирээд нарийн гудамж руу гүйж ороод бүдрээд унахаар нь би барьж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

Гэрч Д.Сын өгсөн: 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн үед гэр лүүгээ алхаж байхад улаан өнгийн өмдтэй эгчийг хар хувцастай хүн дээр нь гарчихсан зодож байсан. Тэгэхээр нь би эхнэр, нөхөр хоорондоо зодолдож байна гэж бодсон... гэх мэдүүлэг /хх-ийн 39/,

Гэрч Б.Эны өгсөн: ...манай эхнэр Дэнсмаа орж ирээд “доод худгийн ойролцоо ээжийг хүн чирээд хүчиндэх гээд дээрэмдсэн байна” гэж хэлэхээр нь худгийн ойролцоо очоод ээжээс юу болсон талаар асуухад “ээжийг нь үл таних залуу үсдэж чирээд хүчиндэнэ гээд жалга руу чирээд дээрэмдчихлээ” гэж хэлсэн. Тэр үед манай ээжийн өмсөж явсан хувцас нь шавар шавхай болчихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/,

Хэрэг учрал болсон гэх газрыг гэрч Ц.Б нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Замчин гэх хэсгийн зүүн талаар ертөнцийн зүгээр хойд зүгт чиглэсэн замын өгсүүр зам гэх тэмдгээс хойш 2 болон 3 дахь шонгийн голд шороон дээр эрэгтэй, эмэгтэй хүн ноцолдож байсан гэж заав... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-8/,

Хохирогч Д.Лгийн зүүн тохой улайсан, 2 өвдөг эмзэглэлтэй гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 10-11/,

Шүүгдэгч М.Б нь 0.90 хувийн согтолттой гэх согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/,

Шүүгдэгч М.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлт /хх-ийн 16-18/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “Д.Лгийн эмэгтэй хүний ханцуйтай хар өнгийн шинэ цамц 1 ширхэг, эрээн цоохор өнгийн хуучин өмд 1 ширхэг, эмэгтэй хүний хагас ханцуйтай энгэр дээрээ төмөртэй хуучин цамц, хагас өсгийтэй хар өнгийн хуучин гутал 1 хос зэрэг эд зүйлс 180.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 694 дугаартай “Д.Лгийн биед баруун өвдөгт цус хуралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Д.Лгийн тайлбарлаж байгаагаар үүссэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.      

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болох шүүгдэгч М.Бын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны ...... уулын өврийн 7 дугаар гудамжны 0000 тоот иргэн Ж.Дгийн эзэмшлийн өвлийн байшингийн цонхыг хагалан орж орчин цагийн цагаан толгойтой, алтан нуухтай дунд гарын гартаам хөөргийг авч, 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хохирогчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн ....... дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Лгийн үснээс зулгааж, газарт чирч, улмаар түүний гартаа барьж явсан 180.000 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн ууттай хувцаснуудыг авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор, хохирогчийн биед хүч хэрэглэн довтолсон шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилготой санаатай үйлдлийн улмаас хохирогч Ж.Дд 450.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Лд 180.000 төгрөгийн хохирол тус тус учирсан, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь хохирогч нарт учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байна.      

Иймд шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Дд 450.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Лд 180.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөр төлөөгүй байна.

Шүүгдэгч нь хохирол төлбөр төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах тухай хүсэлт гаргаагүй тул шүүгдэгч М.Баас 630.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Дд 450.000 төгрөгийг, хохирогч Д.Лд 180.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч М.Б нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 65-71/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь залуу хүн учраас ажил хөдөлмөр эрхэлж, нийгэмших бололцоог хангаж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч М.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, М.Бт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан гарын хурууны 7 ширхэг мөрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бт оногдуулсан 5 /тав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бын цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Баас 630.000 /зургаан зуун гучин мянга/ төгрөг гаргуулж, 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хохирогч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 7 дугаар гудамж, 0000 тоотод оршин суух Зэвгэ овогт Жигмидийн Д /РД: ВП90040912, утас: 99004905/-д, 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг хохирогч Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 4 дүгээр байр, 22 тоотод оршин суух Тайж овогт Донойн Л /РД: ТГ57071288, утас: 99399621/-д тус тус олгосугай.

7. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан гарын хурууны 7 ширхэг мөрийг хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР