| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2017/01063/И |
| Дугаар | 875 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 875
| 2017 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 183/ШШ2017/00875 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байр-2 байрлах “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, 23-111 тоотод оршин суух Сарангэрэлийн Энхзаяад холбогдох,
Утасны ярианы төлбөр болон гар утасны төлбөрт 544 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22182711 тоот гэрээ байгуулан 99191064 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн “Гар утас, төхөөрөмж худалдах авах нэмэлт гэрээ” байгуулан Samsung Galaxy J7 утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр, зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөлдөөгүй байна.
Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 544 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Энхзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Иргэн С.Энхзаяа миний бие Мобиком ХХК-ийн нэхэмжилсэн 544 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сард багтаан төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч С.Энхзаяад холбогдуулан ярианы төлбөр болон гар утасны төлбөрт нийт 544 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч С.Энхзаяа нь нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 544 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 970 төгрөгний 8 485 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 8 485 төгрөг, хариуцагч С.Энхзаяагаас 8 485 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Энхзаяад холбогдох утасны ярианы төлбөр болон гар утасны төлбөрт нийт 544 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 970 төгрөгний 8 485 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот дансаас 8 485 төгрөг, хариуцагч С.Энхзаяагаас 8 485 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН