Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/790

 

 

 

 

 

 

 

    2020          12          21                                  2020/ШЦТ/790

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

  шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил хөтөлж,

        улсын яллагч Б.Хурц, 

        хохирогчийн өмгөөлөгч З.Хүрэлсүх,

шүүгдэгч Д.О , түүний өмгөөлөгч Ц.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г  овогт Д О  холбогдох эрүүгийн 1910028540389 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 49 настай, бүрэн дунд боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, ам бүл ............ хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Морнинг Стар сингапур резиденс орон сууцны 06-09 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г  овогт Д О  /РД:.............../

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.О  нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Морнинг стар сингапур резидэнс орон сууцны 06-09 дугаар байрны гэрчилгээг авахын тулд 100.000.000 төгрөг хэрэгтэй гэрчилгээ гарангуут банканд барьцаалан 100.000.000 төгрөгийг буцаан өгнө гэж иргэн Д.Г хуурч, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ гэх зүйлийг түүнтэй байгуулан, Хаан банк дахь өөрийн 5005152339 дугаарын дансаар 100.000.000 төгрөг шилжүүлэн авч, дээрх орон сууцны төлбөрт төлөлгүй, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан буюу бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

 Шүүгдэгч Д.О  шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би Гансүх гэх хүнээс 2019 оны 09 дүгээр сарын 12-нд 100.0 сая төгрөгийг авсан нь үнэн. Би биш манай охин Ундрам, Гансүхтэй ярьж тохирсон байсан. Охин маань над руу хэлээд Гансүх эгчтэй уулзаад 100.0 сая төгрөг авчих гэж хэлээд би очоод гэрээ байгуулаад уулзаад мөнгө авсан. Энэ бол манай охин Ундрамтай ярилцаж тохирсон асуудал байгаа. Байранд орсны дараа 1 жилийн дараа гэрчилгээ гарна гээд би Гансүхтэй дандаа уулздаг байсан. 2019 оны 9 дүгээр сарын 2-3-нд уулзтал Сарангоо гэх хүн гэрчилгээ гарахаар болсон байна гэж хэлсэн. Тэгээд Гансүхтэй уулзаад мөнгө аваад Сарангоотой уулзтал гэрчилгээ 7 хоногийн дараа гарахаар болсон гэсэн. Бид нар газрынхаа гэрчилгээний асуудал яригдаж байгаа энэ талаар манай хэлтэс хариуцсан хүнтэй уулз гээд уулзсан. Би ямар ч залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Гансүх гэх хүнтэй холбоотой 100 хоногийн дараа 500.000, 1.000.000, 3.000.000 төгрөг цувуулан өгч байсан. Миний биеийн байдал муудаж байсан. Охинтойгоо яриад цаашдаа цагдаа шүүхээр явахад хэцүү байна гэж хэлж байсан. Манай охин байнга л Гансүхтэй холбоотой байсан. Байрны гэрчилгээ гарахгүй гэж Гансүхэд хэлэхэд дургүйцэж хүлээж аваагүй байсан. Манай охин Гансүх эгчийнхээ мөнгийг боломжоороо өгөөрэй гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сараас Ундрам, Гансүх нар нь холбоотой байсан. Манай охин гадаадад хамт ажилладаг хүнийхээ дансаар дамжуулан Гансүхийн мөнгө хийж байсан. Өнөөдөр өглөө 10.000.000 төгрөг өгсөн гэсэн. Явуулсан банкны хуулгыг дараа нь гаргаад өгч болно. Өнөөдрийг хүртэл би өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Тухайн 100.000.000 төгрөг миний данс руу орсноос болоод энэ байдалд хүрээд байна. Би 2018 оны 01 дүгээр сараас эхлээд грүүпт орсон. Би 3 хүүхдийн хамт амьдардаг. Намайг гэрээсээ гарахдаа байнга хүнтэй хамт явж бай гэж хэлсэн. Би 11 дүгээр сарын 10-нд эмнэлэгт хэвтээд 11 дүгээр сарын 20-нд гарсан. Надад ах, дүү гэж байхгүй, надад хүүхдүүд минь л байгаа. Үнэхээр надад залилан мэхлэх сэдэл санаа байгаагүй. Би 300.000 төгрөгийн цалинтай. Манай охины ажил жигдэрсэн байгаа тул төлж барагдуулна гэж хэлсэн. Одоогоор 40.0 сая төгрөг төлсөн байгаа. Ундрам, Гансүх нарын хоорондоо чаталсан чат нь хүртэл байгаа. Би Гансүхэд мөнгийг нь төлөхгүй гэсэн асуудал байхгүй төлж барагдуулах болно. Хэрвээ надад ямар нэгэн асуудал болоход миний 3 хүүхдийг харах хүн байхгүй тул миний хувийн байдлыг харгалзан үзэж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

 

         Эрүүгийн 1910028540389 дугаартай хавтаст хэргээс:

Хохирогч Д.Г цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 1 дүгээр хавтас 13-14-р хуудас/

           Хохирогч Д.Г мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 38-44-р хуудас/

            Хохирогч Д.Г мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 46-р хуудас/

            Гэрч О.Ц мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 52-53-р хуудас/

            Гэрч Г.С  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 54-56-р хуудас/

Гэрч Ш.П   мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 57-р хуудас/

Гэрч Б.С мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 58-р хуудас/,

Зээлийн гэрээ: 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Д.Г , Д.О  нарын хооронд байгуулагдсан 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /хх-ийн 1-р хавтас 16-р хуудас/,

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гүйцэтгэгч Морнинг старлэнд ХХК, захиалагч Д.О  нарын хооронд байгуулсан орон сууц захиалж бариулах гэрээний хуулбар /хх-ийн 1 дүгээр хавтас 91-94-р хуудас/

“Морнинг Стар Лэнд” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 1 дүгээр хавтас 95-р хуудас/

Хаан банк дахь Д.Г дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 25-33-р хуудас/

Хаан банк дахь Д.О гийн 5005152339 дугаарын дансны гүйлгээний хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 115-131-р хуудас/

Худалдаа хөгжлийн банкны 406115440 дугаартай Д.О гийн дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 140-152-р хуудас/

Худалдаа хөгжлийн банкны 436001556 дугаартай Д.О гийн дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хавтас 153-166-р хуудас/

Хаан банк дахь Д.О гийн 5005152339 дугаарын дансны гүйлгээний талаарх 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 29/2159 дугаартай албан бичиг /хх-ийн 1 дүгээр хавтас 187-р хуудас/

Начин заан ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02/05/269 дугаартай албан бичиг /хх-ийн 1 дүгээр хавтас 227-р хуудас/

           

           Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: О.О гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 85-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 1 дүгээр хавтас 83-р хуудас/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /хх-ийн 1 дүгээр хавтас 84-р хуудас/, хүүхдийн төрсний бүртгэлийн хуулбар /хх-ийн 1 дүгээр хавтас 88-89-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1 дүгээр хавтас 61-р хуудас/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлав.

              

                Шүүгдэгч Д.О д холбогдох эрүүгийн хэргийг хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрлэв.

 

                    Гэм  буруугийн талаар.

             Шүүгдэгч Д.О  нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Д.Г ээс 100.000.000 төгрөгийг “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Морнинг стар Сингапур резидэнс хотхоны 06-09 тоот орон сууцны гэрчилгээ гарангуут банканд барьцаалж мөнгийг буцаан өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, их хэмжээний хохирол учруулсан болох нь:

           Хохирогч Д.Г мөрдөн байцаалтад өгсөн: “...Америкийн нэгдсэн улсаас Гантөмөрийн Ундрам гэдэг эмэгтэй бараа зардаг. Би бараанаас нь худалдан авч байгаад танилцсан. Тэрээр “манай ээжид туслаач 14 хоногийн хугацаатай 100,000,000 төгрөг өгөөч,  ээж О  амьдарч байгаа байрны зээлээ чөлөөлөөд байраа буцаагаад барьцаанд тавиад буцаагаад мөнгийг чинь өгнө” гэхээр нь “ хэр баталгаатай юм бэ” гэхэд “банкны хүнтэй ярьсан, ээж тантай уулзана” гэсэн. Д.О  надтай уулзахдаа “улсын бүртгэлийн газартай ярьсан. Бүх юм бэлэн. Одоо мөнгөө хийхэд л гэрчилгээгээ авна. Дараа нь байрны ордероо банканд тавиад таны мөнгийг буцаагаад өгнө. Би алга болохгүй, нөхөр маань нас барсан. Бид нар баар ажиллуулдаг, бас хувцасны дэлгүүр ажиллуулдаг” гэж ярьсан. Хүн учраа ярьж байхад гэж ойлгоод тусалъя. Хүүхэд нь Америкт ажилладаг гэдгийг бодоод зөвшөөрч зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан. Баянзүрх дүүрэг 14-р хороо, Морнинг Стар Резидэнс гэсэн байрыг худалдан авах гэрээг хавсаргаж өгсөн. Би Хаан банкнаас 100,000,000 төгрөгийн зээл аваад  Д.О гийн 5005152339 дугаарын данс руу шилжүүлсэн. Д.О  “баярлалаа. Мөнгөө төлөөд улсын бүртгэлийн газар орж байрныхаа ордерыг гаргаад барьцаанд тавиад буцаагаад мөнгийг өгнө. Би өдөр болгон тантай холбоотой байна” гэж хэлээд 7-8 хоног ярьчхаад сүүлдээ утсаа авахаа байгаад алга болсон. 2019 оны эхээр Д.О д 5000 америк доллар гурван сарын хугацаатай өгөөд буцаагаад авч байсан. Тухайн үед урьд мөнгө зээлж байсан болохоор найдвартай байх гэж бодоод энэ мөнгийг өгсөн. ...Би 2019 оны 09 дүгээр сараас 12 дугаар сар хүртэл мөнгөө өгөхгүй байхаар нь банкны хугацаа дуусахаар нь сунгуулаад 2019 оны 12 дугаар сард 100.000.000 төгрөгийн хүү 12.050.000 төгрөг нийлээд 112.050.000 төгрөгийг Хаан банканд төлж дуусгасан. Д.О  надад цувуулаад 17.000.000 төгрөг өгсөн. Д.О  энэ мөнгөө хүүд өгч байгаа гэж хэлээд өгсөн. Одоо бол би мөнгөний хүү авахгүйгээр үндсэн мөнгөө олж авах хүсэлтэй байна. ...Би 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 10.000.000 төгрөгийг Д.О гээс авсан. Харин хүүд өгсөн 17.000.000 төгрөгөөс би өөрөө Хаан банканд хүүд өгсөн 12.050.000 төгрөгийг хасаад 4.950.000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хасаж тооцно тэгэхээр 14.950.000 төгрөг өгсөн гэж үзээд 85.050.000 төгрөгийг нэхэмжилж байна. Д.О гээс мөнгөө авмаар байна намайг хуурч гэрээ хийгээд байраа барьцаанд тавиад миний мөнгийг өгнө гэж хуурсанд нь гомдолтой байна. Миний хохирлыг төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 38-44-р хуудас/

            Гэрч О.Ц мөрдөн байцаалтад өгсөн: “...Би эгч Д.Г тэй нэг гэрт хамт амьдардаг. 2019 оны 09 дүгээр сард Д.О  гэдэг эмэгтэйд “100.000.000 төгрөг зээлнэ” гэж ярьж байгаад удаагүй мөнгөө зээлсэн чинь Д.О  нь утсаа авахгүй алга болчихлоо гэсэн. Би утасны дугаарыг нь аваад залгаж үзэхэд утас нь холбогдохгүй дуудаж байх үедээ утсаа авахгүй байсан. Баянзүрх дүүргийн Халдварт эмнэлгийн урд Сингапур хотхоны 6-н давхарт очиход гэрт нь хүн байсан боловч хаалгаа тайлж өгөхгүй байж байгаад онгойлгож өгсөн чинь эрэгтэй хүн гарч ирээд байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрт нь ороход нөгөө залуу бие нь өвчтэй байгаа гэхээр нь уулзаагүй гараад явсан. Түүнээс хойш Д.О тэй уулзахад тодорхой хэмжээний мөнгө өгнө гэж байсан. түүнээс хойш алга болоод уулзалдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 52-53-р хуудас/

            Гэрч Г.С  мөрдөн байцаалтад өгсөн: “...Байр худалдан авах гэрээнд төлбөрийг бүрэн гүйцэт төлж дууссаны дараа байрны гэрчилгээ олгогдоно гэж заасан байгаа. Гэрчилгээ 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн гарч эхэлсэн. Д.О гийн 2 өрөө байрны гэрчилгээ төлбөрөө төлж дуусаагүй тул Баянзүрх дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн газраас гараагүй байгаа. Байрны төлбөрөө бүрэн төлсөн хүмүүсийн гэрчилгээг гаргаж өгсөн байгаа. Төлбөрийн үлдэгдэл 102.087.092 төгрөг байгаа үүнээс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш сар бүрийн 2.505.000 төгрөгийг төлөөгүй байгаа. ...2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажлын өрөөнд орж ирээд гэрчилгээ асуухаар нь “гарах болоогүй байгаа, та төлбөрөө төлөөрэй” гэж хэлээд дансны дугаараа явуулаад “төлөгдөөгүй зээлээ төлөөрэй” гэхэд 08 дугаар сарын төлбөрийг төлсөн. Надаас “100.000.000 төгрөг төлбөл гэрчилгээ гарах уу” гэж асууж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 54-56-р хуудас/

Гэрч Ш.П   мөрдөн байцаалтад өгсөн: “...Д.О  надаас 2019 онд 2 удаа нийт 40.000.000 төгрөг зээлж аваад хэд хэдэн удаагийн гүйлгээгээр 20.000.000 төгрөгийг эргүүлэн төлж байсан. ...50035700391 тоот Хаан банкны данс нь миний данс байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 57-р хуудас/

Гэрч Б.С мөрдөн байцаалтад өгсөн: “...513115442 дугаарын дансанд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр орсон 14.909.100 төгрөг нь Д.О  гэдэг эмэгтэй манай дэлгүүрийн лангуу түрээслэн ажиллуулсны түрээсийн төлбөр юм. Манай дэлгүүрийн 1 сарын түрээсийн төлбөр 3.800.000 төгрөг байдаг. Энэ төлбөр төлснөөс хойш дахин түрээсийн төлбөр хийгдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 дүгээр хавтас 58-р хуудас/

Зээлийн гэрээ: 2019 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Д.Г , Д.О  нарын хооронд байгуулагдсан 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээ /хх-ийн 1-р хавтас 16-р хуудас/,

 

2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн гүйцэтгэгч Морнинг стар лэнд ХХК, захиалагч Д.О  нарын хооронд байгуулсан орон сууц захиалж бариулах гэрээний хуулбар /хх-ийн 1 дүгээр хавтас 91-94-р хуудас/

Морнинг стар лэнд ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 06/2020 дугаартай албан бичигт: “...манай барилгыг 2019 оны 05 дугаар сард улсын комисс хүлээн авч, улмаар 2020 оны 01 дүгээр сард Улсын бүртгэлд бүртгэн авснаар Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгож байна...” гэх албан бичиг /хх-ийн 1 дүгээр хавтас 95-р хуудас/

Хаан банк дахь Д.О гийн 5005152339 дугаарын дансны гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 100.000.000 төгрөг Д.Г ээс орлого орсон,  мөн өдөр 50.000.000 төгрөг, 49.000.000 төгрөг, 1.027.152 төгрөгийг 5033614462 дугаарын дансанд шилжүүлсэн зарлага гарсан ” /хх-ийн 1 дүгээр хавтас 115-131-р хуудас/

 

Начин заан ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02/05/269 дугаартай албан бичигт: “...Д.О  нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр үнэт эдлэл барьцаалан 10.200.000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч 436001556 тоот данснаасаа 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тус компанийн 5111316989 тоот дансанд зээлийн төлбөр 10.783.500 төгрөг шилжүүлж зээлээ хаасан...” /хх-ийн 1 дүгээр хавтас 227-р хуудас/ зэрэг  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

         Шүүгдэгч Д.О  шүүхийн хэлэлцүүлэгт “Д.Г залилах санаа байгаагүй” гэж мэдүүлсэн бол шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Оргил шүүхийн хэлэлцүүлэгт “Д.О гийн гэм буруугийн талаар маргахгүй” гэсэн санал гаргав.

          Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд гэрээний харилцаагаар халхавчлан, анхнаасаа биелэх боломжгүй хийсвэр нөхцөлтэйгөөр дүр үзүүлэн байгуулах эсвэл гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдсэн субьектив санаатай, эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй байх үйлдэл, эс үйлдэхүйн хэлбэрээр үйлдэгддэг.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаар: Шүүгдэгч Д.О  нь өөрийн охин Г.Ундрамаар дамжуулан хохирогч Д.Г тэй танилцаж,  2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Д.Г ээс 100.000.000 төгрөгийг “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Морнинг стар Сингапур резидэнс хотхоны 06-09 тоот орон сууцны төлбөрт өгч, орон сууцны гэрчилгээ гарангуут банканд барьцаалж мөнгийг чинь буцаан өгнө” хэмээн зээлийн гэрээ байгуулан 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр  мөнгийг  буцаан төлөх нөхцөлтэйгөөр мөнгийг авч өөрийн хувийн хэрэгцээндээ буюу зээлийн төлбөр, түрээсийн төлбөрт төлөх зэргээр захиран зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.

          Хэдийгээр шүүгдэгч Д.О  нь Морнинг стар лэнд ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Морнинг стар сингапур резидэнс хотхоны 06-09 тоот Орон сууцыг захиалж бариулах гэрээ байгуулсан боловч уг орон сууцны гэрчилгээг авахын тулд 100.000.000 төгрөг хэрэгтэй, гэрчилгээ гарангуут банканд барьцаалан мөнгийг буцаан өгнө гэж хохирогч Д.Г хуурч, 100.000.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдлээ иргэд хоорондын иргэний эрх зүйн харилцааны хэлбэрээр гэрээ байгуулж төөрөгдүүлэх, гэмт үйлдлээ хаацайлах зорилго агуулсан гэж үзэхээр байна. Түүнчлэн шүүгдэгч нь хохирогчид өөрийгөө дэлгүүр, баар ажиллуулдаг төлбөрийг төлөх боломжтой хэмээн итгэл төрүүлсэн нь хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох аргаар, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирол хор уршгийн талаар      

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

         Шүүгдэгч Д.О  нь хохирогч Д.Г эд 100.000.000 төгрөгийн хохирол учруулсан ба шүүгдэгч нь хохирогчийн Хаан банк дахь 500 372 5257 тоот данс руу 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1.700.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 600.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлж төлсөн мөн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 10.000.000 төгрөг нийт 29.800.000 төгрөг төлсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хохирол төлүүлэхээр завсарлуулсан хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 10.000.000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 60.000.000 төгрөг, нийт 99.800.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

         Хохирогч Д.Г эд шүүгдэгч Д.О гийн охин Г.Ундрамаас “хохирол төлбөрт тооцуулахаар бараа бүтээгдэхүүн өгсөн” гэх боловч ямар бараа бүтээгдэхүүн хэдэн төгрөгт тооцож шилжүүлж өгсөн нь тодорхойгүй тул хохирлоос хасаж тооцох үндэслэлгүй гэж үзлээ. Шүүгдэгчийн охин Г.Ундрамаас хохирогч Д.Г эд бараа бүтээгдэхүүн шилжүүлэн өгсөн гэх асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.

        Хохирогч Д.Г эд учирсан 100.000.000 төгрөгийн хохирлоос 200.000 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О гээс 200.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Г эд олгохоор шийдвэрлэв.

          

          Эрүүгийн хариуцлагын талаар

 

           Шүүгдэгч Д.О г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгч Д.О  нь “ЦЕГ-ын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” /хх-ийн 1 дүгээр хавтас 61-р хуудас/ гэжээ.

 

            Эрүүгийн хариуцлагын хуралдаанд: Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.О д 2 жил 06 сарын хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Д.О  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, гурван хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргав.

        

Шүүгдэгч Д.О  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид 100.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 99.800.000 төгрөгийг нөхөн төлсөн,  ам бүл 4,  2008 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн 12 настай,  2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр төрсөн 7 настай насанд хүрээгүй хүүхдүүдийн хамт өрх толгойлон амьдардаг, мөн шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.О д 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

           Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгж буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.О д мэдэгдэх нь зүйтэй.

 

Хаан банк дахь шүүгдэгч Д.О гийн дансны хуулгыг СД-д буулган эд мөрийн баримтаар ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.О  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

                                                                                                  ТОГТООХ НЬ:

1. Г  овогт Д О г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.О г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.О д оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн /гурван жилийн / хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын  15 /арван таван/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.О д мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч нь хохирогчид 99.800.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгч Д.О гээс 200.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Г эд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Д.О  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР