| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2017/0371/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/331 |
| Огноо | 2017-08-24 |
| Зүйл хэсэг | 16.3.1., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 2017/ШЦТ/331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
Улсын яллагч Д.Энх-Оргил,
Шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,
Шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч, Д.С нарт холбогдох эрүүгийн 201725030807 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 9 сарын 22-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, 24 настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, өрлөг арматурчин мэргэжилтэй, орцны үйлчлэгч ажилтай, ам бүл 2, охины хамт Баянгол дүүрэг 13-р хороо 2г байрны 1-р орцны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 7 сарын 05-ны өдөр Төв аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй халх, боловсролгүй, мэргэжилгүй, орцны жижүүр ажилтай, ам бүл 4, ах, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 23-518 тоотод түр оршин суух хаягтай, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 640 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Б.Ч, Д.С нар нь бүлэглэн 2017 оны 4 сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн Б зааланд өөрийнхөө төрүүлсэн 1 нас 7 сартай Ч.Ууганааг хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Чээс мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..Сэр-Од бид 2 ажилд орохоор бүртгүүлэхдээ хүүхэдтэй юу гэж асуухлаар нь хүүхэдгүй гээд хэлчихсэн байсан юм. Тэгээд Сэр-Од бид 2 хоорондоо хүнд өгөх үү, төөрүүлэх үү гэж ярилцаж байгаад Сэр-Од бөмбөгөрт аваачаад төөрүүлчий гэж хэлсэн. Тэгээд Сэр-Од бид 2 Ууганааг дагуулаад хороололоос гандангийн хажуугаар гараад алхаад явж байгаад, бөмбөгөрийн хойд талын баруун тийшээ харсан хаалгаар орохдоо Сэр-Од тэвэрч ороод газар буулгачихаад түрүүлээд явсан. Тэгээд би охин Ууганааг дагуулаа Сэр-Одын араас хүнсний ногооны дундуур явж байгаад, би охинтойгоо хамт цаашаа түрүүлээд печень чихэр зардаг лангуун дээр үлдээгээд цаашаа явсан чинь араас Сэр-Од ирсэн. Тэгээд бид 2 зүүн талын хаалгаар гараад бөмбөгөр худалдааны төвийн араар тойроод автобусны хажуугийн гүүрэн дээгүүр гараад цаашаа зам гараад гандангийн хажуугаар гараад цаашаа гүйгээд явсан.. гэсэн мэдүүлэг /хх51/
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: .. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Бөмбөгөр худалдааны төвийн чихэр жимний лангууны хажууд хүүхдээ Д.Стой орхиж явсан. Д.С намайг хүүхдээ орхичих, хоёулаа хамт орцны жижүүр хийе гэж хэлсэн тул би хүүхдээ орхисон.. гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Д.Соос мөрдөн байцаалтад мэдүүлсэн : ..он сараа санахгүй байна. Гандан гарчихаад тэндээсээ Чимэд Бөмбөгөр зах ороё гэхээр нь яах гэж байгаа юм бэ гээд асуусан чинь, чи миний хүүхдийн аав биш юм чинь чамд ямар хамаатай юм чи цаанаа хүн харж бай гэсэн. Тэгээд Чимэд би өөрөө хүүхдээ төөрүүлнэ гээд төөрүүлсэн..гэсэн мэдүүлэг /хх 60/
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: .. Б.Ч намайг Бөмбөгөр рүү явъя гэхээр нь Б.Чийг дагаад явсан. Ээж уурлаад байна гэж Б.Ч хэлэхэд нь би хүүхдээ битгий хая гэхэд Б.Ч намайг дагаад яв, хаяна гэсэн..гэсэн мэдүүлэг
Хүний биед хийсэн үзлэг хийсэн тэмдэглэлд: ..79 см өндөр биетэй, 15 см урт бор шаргал өнгийн үстэй эмэгтэй хүүхэд байв. Духны баруун дээд хэсэг, үсний уг хэсэгт 4мм урттай хуучин хэрэн өнгийн тав болсон шархтай, цээжний дээд хэсэгт 2x3см, цээжний баруун хөхний дээд хэсэгт 1х2см, хэвлийн хүйсний дээд хэсэгт 3х5см хэмжээтэй цагаан өнгийн соривтой. Биед өөр ил харагдах гэмтэл шархгүй эмэгтэй хүүхэд байв.. /хх 12/
Аюулын зэргийн үнэлгээний маягтад “..эцэг эх нь хүүхдээ санаатай орхиж явсан..” /хх 15/.
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: .. 2017:04:14 18:52:12 гэж эхлэх ба яагаан эрээн цамцтай, эмэгтэй ногоон өнгийн куртик өмссөн, 2 орчим насны эмэгтэй хүүхэд дагуулан Юмт бөмбөгөр худалдааны төвийн Б заалны баруун тийш харсан хаалгаар орж ирээд, ногооны лангууны урдуур явах ба араас нь малгайтай хар өнгийн цамц өмссөн эрэгтэй орж ирээд хажуугаар нь түрүүлээд өнгөрөх ба хүүхэдтэй эмэгтэйгээс 1-2 орчим метрийн зайтай дагаж явах ба эмэгтэй уг хүүхдийг дахин чихрийн лангуу руу дагуулж ороод хүүхдийг лангуунд үлдээгээд гарч явах ба малгайтай цамцтай эрэгтэй мөн араас нь явж байгаа харагдах ба хүүхэд лангуунд үлдээсэн эмэгтэй, эрэгтэй 2 цааш А заалаар дамжин уг худалдааны төвийн зүүн хаалгаар эргэн харан гарч явж байгаа дүрс бичлэг байв.. /хх 26/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбасүрэнгээс мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..би зурагт хараад сууж байсан чинь манай зээ охинтой адилхан хүүхдийн зураг 25 дугаар суваг телевизээр гарсан. Зурагтаар гарсан хүүхэд манай охин Чимэдийн охин Ууганаа гэдэг охин байна..орой унтах гээд хэвтэж байхдаа би охин Чимэд рүү залгаад чи ирнэ гэсэн яасан бэ гэхэд би хүүхдээ Өвөрхангай аймгийн баян малчин айлд өргүүлчлээ гэж хэлсэн.. гэсэн мэдүүлэг /хх28-29/
2017 оны 4 сарын14-ний өдөр Боржигон овогт Тогоочийн Мөнх-Оюунаас авсан тайлбарт: ..2017 оны 4 сарын 14-ний өдрийн 18 цаг 50 минутын үед харуулын байранд байж байхад хуучин бөмбөгөрийн Б заалны 2 дугаар павилонд байдаг Мөнхжаргал ирээд манай лангууны хажууд хүүхэд байна эцэг, эхийг нь олж өгөөч гэхээр нь Мөнхжаргалын хамт Б зааланд очсон чинь 1 нас гарантай ногоон өнгийн куртиктай эмэгтэй хүүхэд ганцаараа зогсож байсан.. гэсэн мэдүүлэг /хх 7/
Гэрч З.Э мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..хувцасаа авч явсныхаа маргааш нь намайг ярьхад хүүхдээ хүнд өргүүлсэн гэж байсан. Тэгэхлээр нь хаанахын ямар хүнд өргүүлсэн юм бэ гэхэд Өвөрхангай аймгийн хөдөөний хүнд өгсөн гэж байсан.. гэсэн мэдүүлэг /хх 35/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5710 тоот дүгнэлтэнд:.. биеийн ерөнхий байдал дунд зэрэг. Ухаан санаа саруул. Асуусан асуултанд хариулна. Байрлал идэвхитэй. Хүүхэн хараа 2 талд ижил, дугариг. Гэрлийн урвалд жигд оролцоно. Нүдний алимны чичэрхийлэлт илрэхгүй.., .. одоогоор нэр хаяг тодроогүй эмэгтэй хүүхэд нь 1,5-2 нас орчим өсөлттэй..гэсэн дүгнэлт /хх 38/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэнд: ..Б.Ч нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, Б.Ч нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна, Б.Ч нь болсон явдлыг зөвөөр тусгаж үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна, Б.Ч нь хэрэг хүлээх чадартай байна..гэсэн дүгнэлт /хх 40/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэнд: ..Д.С нь хэрэг хариуцах чадвартай байна.. гэсэн дүгнэлт /хх 43/
Хохирогч Ч.Ууганааг эмээ Ц.Бямбасүрэнд хүлээлгэн өгсөн гэх тэмдэглэлд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ногоон өнгийн куртиктэй, дотуураа цайвар өнгийн даавуун цамц, футболктой, доогуураа яагаан өнгийн тирко, цагаан эрээн өмдтэй, яагаан оймстой, улаан яагаан өнгийн гуталтай, Чимэдийн Ууганаа, 1 нас 7 сартай, эмэгтэй, биед нь ямар нэгэн гэмтэл шархгүй хүлээлгэн өгөв.. гэсэн тэмдэглэл /хх 48/
Шүүгдэгч Б.Чийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 152/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 153/, Говьсүмбэр аймгийн 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх 155/, шүүгдэгч иргэний үнэмлэхний хуулбар /хх159/, Д.Сын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 157/, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Б.Ч, Д.С нар нь бүлэглэн хамтарч хүүхэдгүй амьдрах, ажил хийх зорилгоор өөрөөр хэлбэл хүүхэдгүй амьдрах зорилгоор 2017 оны 4 сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн Б зааланд Б.Чийн төрүүлсэн 1 нас 7 сартай Ч.Ууганааг төөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Б.Ч, Д.С нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх боловч тэдний гэмт үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх хугацаанд үйлдэгдсэн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, шүүгдэгч Б.Ч, Д.С нарыг төрүүлсэн хүүхдээ төөрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, албадан ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна
Шүүгдэгч Б.Ч 2017 оны 4 сарын 24-ний өдрөөс, 2017 оны 8 сарын 24-ний өдрийг хүртэл 122 хоног, шүүгдэгч Д.С 2017 оны 4 сарын 24-ний өдрөөс 5 сарын 25-ны өдөр хүртэл 31 хоног тус тус цагдан хоригдсон байх тул шүүгдэгч нарын цагдан хоригдсон 1 хоногийг албадан ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлж тооцвол шүүгдэгч Б.Чийн цагдан хоригдсон 122 хоног нь 976 цаг албадан ажил хийлгэх ялтай, шүүгдэгч Д.Сын цагдан хоригдсон 31 хоног нь 248 цаг албадан ажил хийл ялтай тэнцэж байна.
Шүүгдэгч Б.Чэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ч, Д.С нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлийн 3.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ч, Д.С нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Б.Ч Д С нарыг төрүүлсэн хүүхдээ төөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч, Д.С нарыг тус бүр 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасныг журамлан Б.Чийн цагдан хоригдсон 122 хоног, шүүгдэгч Д.Сыг цагдан хоригдсон 31 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Б.Чийг албадан ажил хийлгэх ялыг эдэлж дууссанд тооцож, шүүгдэгч Д.Сод оногдуулсан албадан ажил хийлгэх ялын хугацааг 52 цагаар тогтоосугай.
5. Шүүгдэгч Б.Ч, Д.С нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шүүгдэгч Б.Чэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ч, Д.С нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР