| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1770/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/1532 |
| Огноо | 2020-10-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2020/ШЦТ/1532
2020 10 14 2020/ШЦТ/1532
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч Э.Ариунболд,
Нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М холбогдох эрүүгийн 2006 00000 2437 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д.М , Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 120а-118 тоотод хамтран амьдрагч болох Ц.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Д.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],
Шүүгдэгч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цагийн орчимд манай эхнэр М над руу утсаар яриад хаана байгааг асуухаар нь би 120а байрны 9 тоотод ганцаараа байна, хүрээд ир гэж хэлсэн. Удалгүй М ирээд, бид хоёр хүнсний дэлгүүрээс 2,5 литрийн хэмжээтэй “Сэнгүр” пиво авч 120а байрны 9 тоот гэртээ орж уусан. Ингээд бид хоёр пиво ууж ярилцаж байгаад маргалдсан ба яг ямар шалтгааны улмаас маргалдсанаа одоо сайн санахгүй байна. Мягмарсүрэнтэй маргалдаж байхад тэрээр хөлөөрөө миний гуя хэсэг рүү нэг удаа жийж цохихоор нь би зөрүүлээд түүний хэвлий рүү жийсэн. Тэгтэл М миний цээж рүү хоёр удаа гараараа цохиод, хоолны шүүгээнээс хутга авахаар нь би шалны модны ишээр Мягмарсүрэнгийн гар руу хоёр удаа цохисон ба М миний цээжийг гараараа маажсан...” гэх мэдүүлэг[2],
Хохирогч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 12 цагийн орчимд миний хамтран амьдрагч Д.М над руу утсаар яриад архи уучихсан согтуу байхдаа хэл амаар доромжлоод байхаар нь би Д.М-т хандаж чи эрүүл болохоороо надтай яриарай гэж хэлээд утсаа салгасан. 20 цаг өнгөрч байхад би ажлаа тарчхаад Д.М руу залгаж хаана байгааг нь асуухад офицерт байна, чи энд хүрээд ир гэж хэлэхээр нь би Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 120а-8 тоотод очиж Д.М-тай уулзаад дэлгүүр орж хүнсний зүйл авах уу гэж асуухад хоол унд хэрэггүй, харин нэг пиво аваад өгчих гэж хэлсэн Д.М бид хоёр хамт хүнсний дэлгүүр орж 2,5 литрийн хэмжээтэй “Сэнгүр” пивоноос нэгийг авсан. Тэгээд Д.М бид хоёрт түүний гэрт ороход тэрээр ганцаараа пиво ууж байгаад намайг уугаач гэж хэлээд надад аяганд пиво хийж өгөхөөр нь би нэг аягыг л уусан. Тэгтэл Мөнхбаатар нь зүгээр сууж байгаад шалтгаангүйгээр миний бөөр лүү өшиглөөд бид хоёр маргалдахад тэрээр намайг зодсон ба зодуулсны дараагаар би цагдаа дуудах гэхэд намайг гэрээсээ хөөж гаргаад өөрөө зугтаасан...” гэх мэдүүлэг[3],
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10529 дугаартай:
“1. Ц.М-ийн биед дух, баруун гарын 1,4-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний гадна хажуу хэсэг, зүүн гарын алга, баруун шилбэний цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.6. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт[4]
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа[5],
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[6],
Шийтгэх тогтоолын хуулбар[7] зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 120а-118 тоотод хамтран амьдрагч болох Ц.М-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би шалны модны ишээр Мягмарсүрэнгийн гар руу хоёр удаа цохисон...” гэх[8],
Хохирогч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхбаатар нь зүгээр сууж байгаад шалтгаангүйгээр миний бөөр рүү өшиглөөд бид хоёр маргалдахад тэрээр намайг зодсон ба зодуулсны дараагаар би цагдаа дуудах гэхэд намайг гэрээсээ хөөж гаргаад өөрөө зугтаасан...” гэх мэдүүлгүүд[9], Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10529 дугаартай дүгнэлт[10] зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Д.М нь хохирогч Ц.М-ийн эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Ц.М-д Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 10529 дугаартай дүгнэлтээр “дух, баруун гарын 1,4-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шанаа, зүүн нүдний гадна хажуу хэсэг, зүүн гарын алга, баруун шилбэний цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт” гэмтэл тогтоогдсон байх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Д.М нь хохирогч Ц.М-д цохисон, өшиглөсөн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэж хүндрүүлэх шинжийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заасан байдаг.
“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг буюу гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэснийг; гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсныг; мөн бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг ойлгодог.
Шүүгдэгч Д.М нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Ц.Мягмарсүрэнийг зодож буюу түүний нүүрэн тус газар нь цохих, өшиглөх зэргээр хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдэл хийснийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ц.М нь шүүхийн шатанд 1 эмчилгээний төлбөрт 100,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн тул гэм буруутай этгээд Д.Мөнхбаатараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.М-д гаргуулж олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.М гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,
шүүгдэгч Д.М-т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан.
Шүүгдэгч Д.М-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон түүнийг 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Д.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.М ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.М-т 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхбаатараас 100,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.М-д олгосугай.
5. Шүүгдэгч Д.М нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.М-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас
[3] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 52-58 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 17 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас