| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0811/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/814 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/814
ө
2019 10 28 2019/ШЦТ/814
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,
Улсын яллагч: Ц.Батбямба,
Шүүгдэгч: Ц.Ж, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ц.Ж-д холбогдох эрүүгийн 1911 0215 20958 дугаартай хэргийг 2019 оны дугаар 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1991 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, ам бүл 4, 3 хүүхдийн хамт урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгчид даалгаж шийдвэрлэсэн,
Холбогдсон хэргийн талаар:
Ц.Ж нь 2019 оны 8 дугаар сарын 13-14-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Г.Гантуяагийн эд хөрөнгө болох Самсунг галакси Жи-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 497.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ж мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Г.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би 2019 оны 8 дугаар сарын 13-ны шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Дуулга шөнийн клубт найз Баясаагийн хамтаар орж хоёр хоёр ширхэг шилтэй пиво авч уун бүжиглэж байгаад өмсөж явсан малгайтай цамцныхаа урд талын халааснаас самсунг галакси жи-7 загварын гар утсаа алдсан ...надад гомдол санал байхгүй миний утсыг хулгайлсан гэх залуу миний хохирлыг барагдуулсан учир надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,
Гэрч О.Будбаярын мөрдөн шалгах ажилиллагааны үед мэдүүлсэн: “Би 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт согоот 113 дугаар чиглэлд эргүүлийн цагдаа жолооч ахлах ахлагч Батзаяагийн хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Харин 00 цаг өнгөрч байхад хэлтэс дээр дуудлагаар ирсэн хүмүүсийг авч ирсэн байхад иргэн Гантуяа гэх эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 17 дугаар сургуулийн автобусны буудлын дэргэд байх “Дуулга“ бааранд үйлчлүүлж байгаад гар утсаа алдлаа гэх дуудлагын дагуу очиж шалгахад уг бааранд үйлчлүүлж, ширээн дээр сууж байсан 4 залууг хохирогч эмэгтэй зааж, энэ хүмүүсийн хэн аль нь авсан гэхээр нь тухайн 4 залуугийн биед үзлэг хийсэн боловч алдагдсан гар утас гарч ирээгүй. Улмаар тухайн баарны хяналтын камерийн бичлэгийг шалгаж үзэхэд тодорхой зүйл олж харагдаагүй. ...Наранбаатар, Ц.Ж, Улаанхүү мөн нэрийг нь санахгүй нэг залуу сууж байсан гэж хэлсэн. Тухайн хүмүүсийн хувийн байдлын талаар сайн хэлж мэдэхгүй бөгөөд нэг залууг нь түр саатуулсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-р хуудас/,
Гэрч Д.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажилиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн орой 22-23 цагийн орчимд найз Гантуяагийн хамтаар стрессээ тайлах зорилгоор бааранд орсон. Тэгээд бааранд ороод бүжиглэж байгаад нэлээд архи, пиво ууж суусан юм. Харин тэр үед Гантуяа бүжгийн талбай дээр залуучуудтай бүжиглэж байсан. Нэг мэдэхэд Гантуяа утсаа алдчихлаа гэж хэлээд орилсон, тэгээд баарны хүмүүст хандаж улмаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж дуудлага өгсөн юм. Тухайн үед баарны хяналтын камерийн бичлэгийг үзээд байх шиг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-р хуудас/,
Гэрч С.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 17 дугаар сургуулийн автобусны буудлын баруун хойно байх бааранд орж сууж байгаад танил найз Ц.Ж руу утсаар залгаж завтай бол хүрээд ир гэж дуудаж ирүүлсэн юм. Бааранд сууж байхдаа бид хоёр хамтдаа нэг ширээнд сууж нэг шил архи захиалж аваад ширээнд суусан. Улмаар архи уунгаа уг бааранд үйлчлүүлж байсан нэг эмэгтэйтэй танилцаад бааранд хамт хэсэг хугацаанд бүжиглэсэн юм. Бааранд 2-3 цаг орчим бүжиглэж байгаад шөнийн 02 цагийн орчимд манай найз Ц.Ж намайг явъя гэхээр нь би баарнаас найзынхаа хамтаар гарч явсан. Баарны гадна гарч ирсний дараа Ц.Ж “нэг утас олсон юм аа, чи 50.000 төгрөгөөр авах уу” гэхээр нь би тэр үедээ тоогоогүй авчихсан юм. ...би Ц.Жаас авсан Самсунг жи-7 загварын гар утсаа явуулын танихгүй хүнд 70.000 төгрөгөөр зарсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-р хуудас/,
Гэрч Ц.Эрдэнэсолонгын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/
Шүүгдэгч Ц.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/
Дамно ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №ЧД2-19-463 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан: “Үнэлгээний дүн: 497.000 төгрөг” /хавтаст хэргийн 28-р хуудас/
Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8-12-р хуудас/
Шүүгдэгч Ц.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар дахин мэдүүлсэн: ”2019 оны 8 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн орчимд манай найз Наранбаатар над руу утсаар залгаж намайг уулзъя гэж дуудсан. Би гэрээсээ гараад 17 дугаар сургуулийн автобусны буудлын баруун хойно байх Дуулга бааранд ороход манай найз Наранбаатар бааранд ганцаараа сууж байсан юм. ...ууж байгаад бүжгийн талбайд гарч бүжиглэж байхдаа 30-35 орчим насны эмэгтэйтэй бааранд танилцаж, улмаар хамт бүжиглэсэн. Тэгээд бид нарын сууж байсан ширээнд ирж сууж байгаад босож явсан. Тэгээд дахин үргэлжлүүлэн бүжиглэж байхдаа хохирогч эмэгтэйгийн цамцны халааснаас гар утсыг авсан. Тэгээд баарнаас гарч явсан. Уг баарнаас гараад өөрийн найз Наранбаатарт 50.000 төгрөгөөр уг гар утсыг өгсөн юм. ...Би уг эмэгтэйд 840.000 төгрөгөөр тал мөнгийг нь өгөөд үлдэгдэл тал мөнгийг нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр уг эмэгтэйд мөнгийг бэлнээр өгсөн юм. Учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39-р хуудас/,
Шүүгдэгч Ц.Ж иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 41-р хуудас/
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн №638 тодорхойлолт /хавтаст хэргийн 48-р хуудас/
Шүүгдэгч Ц.Ж эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Ц.Ж нь 2019 оны 8 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 00 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дуулга” бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч Г.Гантуяагийн эд хөрөнгө болох Самсунг галакси Жи-7 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 497.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Г.Гантуяа, гэрч О.Будбаяр, Д.Амарбаясгалан, С.Наранбаатар, Дамно ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №ЧД2-19-463 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Ц.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Ж нь хохирогч Г.Гантуяагийн өмчлөх эрхэд халдаж түүний өмчлөлийн Самсунг Жи-7 загварын гар утсыг өөртөө эдийн ашигтай байдал бий болгох, ашиг олох зорилгоор, шунахайрах сэдэлтээр хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хохирогч Г.Гантуяад 497.400 төгрөгийн хохирол учруулсан. Мөн шүүгдэгч Ц.Ж нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч Ц.Ж нь гэм буруугийн талаар болон хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн зүйлчлэл, нотолгооны хүрээнд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн.
Прокуророос Ц.Ж үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ц.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Г.Гантуяа нь “надад гомдол санал байхгүй миний утсыг хулгайлсан гэх залуу миний хохирлыг барагдуулсан учир надад гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Ж нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Ц.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт, шүүгдэгч Ц.Ж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ц.Ж нь хэдийгээр урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч ял хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй боловч бусдын өмчлөх эрхийн эсрэг халдаж эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн байх тул гэмт хэргийн шинж, гэмт санаа зорилго зэргийг харгалзан тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Ц.Ж нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ц.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй боловч Ц.Ж нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул шүүгдэгч Ц.Жд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокуророос хэргийн хамт шилжүүлсэн, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдсан SOMEI гэх бичиглэл бүхий цагаан өнгөтэй 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэн прокурорын саналын дагуу хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.Ж нь нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Ц.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг шүүгдэгч Ц.Ж-д сануулсугай.
4.Шүүгдэгч Ц.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдсан SOMEI гэх бичиглэл бүхий цагаан өнгөтэй 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг үндэслэн хэрэгт хадгалсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Ж-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР