Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 280

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт байрлах “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт Э.Х-т холбогдох,

“Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 421,124 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 18-ны  өдөр хүлээн авч, 2017 оны 10  дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 22200145 тоот гэрээ байгуулан 99213168 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung Galaxy J3 GOLD утсыг зээлээр авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2–т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ  төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд харицагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 421,124 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Э.Х нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Э.Х миний бие нь М компаний нэхэмжилсэн  шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 421,124 төгрөгийг бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Э.Х-т холбогдуулан дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 421,124 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Э.Х нь 421,124 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,284 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 421,124 төгрөгөнд төлөх хувиас 50 хувь хөнгөлж 6,642 төгрөгийг, төрийн сангаас 6,642 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр нийт 421,124 төгрөгийг хариуцагч Э.Х нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,284 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 6,642 төгрөг, хариуцагч Э.Х-с 6,642 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч  М ХХК-нд олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ