Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 10

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Э” ХК

            Хариуцагч: ОАТХД-д холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “ОАТХД-ын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2020/0001/3 дугаар индекстэй захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “ОАТХД-ын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаар тушаалаар “Э” ХК-ийн 321097.3 мянган төгрөгийн татварын өрийг сэргээсэн. Дээрх тушаалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуульд өр сэргээх тухай зохицуулалт байхгүй. Нэгэнт татварын хууль тогтоомжид өр сэргээх тухай заагдаагүй тул ОАТХД-ын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаар тушаал хуульд үндэслээгүй байна. Мөн ТХД-ын эрх хэмжээнд татварын өр сэргээх асуудал хамаарахгүй ба эрх хэмжээгүй асуудлаар гаргасан шийдвэрийг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн уг тушаал дээр ямар ч хууль үндэслээгүй акт болно.

2. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд татварын алба, татварын улсын байцаагчийн үйлдэх баримт бичгийн тухай заасан ба 33.1 дэх хэсэгт “Татварын алба, татварын улсын байцаагчаас татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл үйлдэнэ гэж заасан. Гэтэл ОАТХД-ын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаар тушаал гаргаж татварын өр сэргээсэн нь Татварын ерөнхий хуульд заагаагүй эрх зүйн баримт бичиг байх ба хэлбэрийн илт алдаатай шийдвэр болжээ. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2 дахь хэсэгт “татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлох, эд хөрөнгө битүүмжлэх, холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулахад акт үйлдэх” тухай заасан. Харин татварын албаны дарга тухайн байгууллагын дотоод зохион байгуулалтын асуудлаар тушаал гаргах боломжтой.

3. ОАТХД-ын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 тоот тушаалын тушаах нь гэсэн хэсэгт “....Э” ХК-иудад холбогдох татварын өрийг сэргээн хавсралтаар баталсугай...” гэсэн байх ба хавсралтын 2-д манай компанийн 281384900 төгрөгний 2004 оны бичилтээр хаагдсан өрийг нөхөн сэргээсэн гэж тусгасан байдаг. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй тушаалаар манай компанийг 281384900 төгрөгний өр төлөх үүргийг бий болгосон байх ба Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5 Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно гэж заасан. Орхон аймгийн Татварын хэлтсийн А/41 тоот тушаалаар нэгэнт хаагдсан өрийг сэргээж манай компанид үүрэг бий болгосон байдлаараа татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах зэрэг эрхийг зөрчсөн. ОАТХД-ын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 тоот тушаалаар өр сэргээх асуудал нь ТХД-ын эрх хэмжээнд хамаарахгүй ба эрх хэмжээгүй асуудлаар гаргасан шийдвэрийг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй юм.

4. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй ОАТХД-ын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 тоот тушаалыг татварын хэлтсээс өмнө нь компанид огт мэдэгдээгүй. Компани нь Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт компанийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.М-ыг оролцуулж байгаа ба өмгөөлөгч М.М нь компанийн гүйцэтгэх захирал Д.Б-той 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр уулзаж Орхон аймгийн Татварын хэлтсээс 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр А/41 дугаартай Татварын өр сэргээх тухай тушаал гарсан байгаа гэж хэлсэн. Үүний дагуу уг тушаалын хуулбарыг мөн өдөр нь М.М-ын ажил дээр компанийн захирал Д.Б уншиж танилцсан. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ОАТХД-ын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлыг Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2 /татварын албаны шийдвэрийн талаарх гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад гомдол гаргана/ гэж зааснаар Татварын ерөнхий газарт гаргасан. Энэ гомдлын хариуг Татварын ерөнхий газраас 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03/2992 тоот “Гомдлын хариу өгөх тухай” албан бичгээр ирүүлсэн. Улмаар уг хариуг хүлээн авч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан болно ”.

Мөн дээрх тушаалыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэх ёстой байсан боловч энэ үүргээ ОАТХД биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл хүлээн аваагүй тул уг тушаалыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гарган өгөх боломжгүй байна. Татварын ерөнхий хуулийн 72.1.2 татварын албаны шийдвэрийн талаарх гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад гомдол гаргахаар заасан тул харьяаллын дагуу Татварын ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03/2992 тоот албан бичгээр ОАТД-ын 2014 оны  05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 тоот тушаалыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна хэмээн хариу ирүүлсэн” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Э” ХК нь “ОАТХД-ын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх тушаалыг эс зөвшөөрсөн үндэслэл нь энэ тушаалыг гаргах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуульд татварын өр сэргээх гэсэн ойлголт байдаггүй. Татварын ерөнхий хуульд өр сэргээнэ гэсэн ойлголт байхгүй учраас ОАТХД-ын 2014 оны 05-р сарын 30-ны өдрийн А/41 тоот тушаал хуульд үндэслээгүй гарсан байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан ТХД-ын эрх хэмжээнд өр сэргээхтэй холбоотой асуудал нь хамааралгүй. Тийм учраас эрх хэмжээнд нь хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан нь энэ актыг илт хууль бус гэж үзэж үндэслэлтэй.

 Хоёрдугаарт: Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд татварын Улсын байцаагчаас үйлдэх бичиг баримтын талаар заасан. Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардлага, мэдэгдэх хуудас, дүгнэлт, төлбөрийн хуудас, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл үйлдэнэ гэж заасан. Гэтэл ОАТХД-аас А/41 тоот тушаалыг гаргаж байгаа нь хуульд заагаагүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн байна. Татвар ногдуулалттай холбоотой асуудлаар Татварын ерөнхий хуулийн 33.1-д заасан бичиг баримтуудыг үйлдэх ёстой. Татварын байгууллагын дотоод асуудал буюу ажилтныг томилох, чөлөөлөх дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр Татварын албаны дарга тушаал гаргах боломжтой. “Э” ХК-д татвар төлөх үүрэг үүсгэж гадагшаа чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгэсэн учраас хэлбэрийн хувьд алдаатай тушаал гарсан байна. ОАТХД-ын үйлдсэн тушаалын тушаах хэсэгт “Э” ХК-д холбогдох татварын өрийг сэргээн хавсралтаар баталсугай гэсэн байх бөгөөд хавсралтын 2-рт “Э” ХК-ийн 281,384,900 төгрөгийн 2004 оны бичилтээр хаагдсан өрийг нөхөн сэргээв гэж тусгасан байдаг. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаж байгаа тушаалаар манай компаний 281,384,900.0 төгрөгийн өр төлөх үүргийг бий болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 37.5-д заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзсэн. 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 тоот тушаалаар өр сэргээж байгаа асуудал нь Татварын албаны даргын эрх хэмжээнд хамааралгүй асуудлаар захиргааны акт гаргаж байгаа нь энэ актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д зааснаар” Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан бол илт хууль бус болохыг тогтоох” боломжтой байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа тушаалтай холбоотой асуудлаар “Э” ХК-д мэдэгдсэн зүйл огт байдаггүй.

Өнөөдрийг хүртэл уг тушаалыг гардуулж өгөөгүй. Үүнтэй холбоотой компани Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.М өмгөөлөгчийг оролцуулж байсан. Өмгөөлөгч М.М нь компаний гүйцэтгэх захирал Б-той 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр уулзаж Орхон аймгийн Татварын хэлтсээс 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн а/41 тоот “Өр сэргээх тухай” тушаал гарсан гэдгийг мэдэгдсэн. Уг тушаалын хуулбартай компаний гүйцэтгэх захирал Б өмгөөлөгч М.М-ын ажлын байран дээр ирж танилцсан байдаг. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ОАТХД-ын А/41 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлыг Татварын ерөнхий хуулийн 72.1.2-д заасны дагуу дээд шатны Татварын албаны даргад гаргасан. Энэ гомдлын хариуг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2992 тоот “Гомдлын хариу өгөх тухай” албан бичгээр ирүүлсэн. Энэ хариуг хүлээж аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн “ОАТХД-ын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэсэн шаардлага гаргасныг дэмжиж байна” гэв.

Хариуцагч ОАТХД-ын /үүргийг түр орлон гүйцэтгэгч/ Б.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Э” ХК нь 2003 онд “Ж” ХК-иас худалдах, худалдан авах гэрээний дагуу тус компаний өмчлөлийн худалдаа үйлчилгээний барилга буюу үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан байна. “Э” ХК-ийн захирлаар ажиллаж байсан С нь 2003 онд уг барилгыг хугацаандаа төлөгдөөгүй албан татварын өрөндөө өгөх хүсэлт гаргасны дагуу Санхүү, эдийн засгийн сайдын зөвлөл хуралдан шийдвэр гаргах, тухайн үеийн Үндэсний Татварын ерөнхий газар болон Орхон аймгийн Татварын хэлтэст татварын өрөнд үл хөдлөх хөрөнгийг хураан авах үүрэг өгөх зэргээр эрх бүхий байгууллагуудаас зохих журмын дагуу ажиллагаа явагдаж улмаар Санхүү, эдийн засгийн сайдын 190 дүгээр тушаал гарах үндэслэл болсон. Энэ тушаалын дагуу “Э” ХК-д холбогдох 281,384,900.0 төгрөг,  “Ж” ХХК-д холбогдох 39,712,400.0 төгрөг, нийт 321,097,300.0 төгрөгийг албан татварын өрийг татварын албанаас хүчингүй болгосон. Гэтэл “Ж” ХК нь “Э” ХК-ийг хууль бусаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж үзэж  2010 онд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 1235 дугаар шийдвэрээр худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулан, улмаар  2013 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 399 тоот шийдвэрээр Санхүү, эдийн засгийн сайдын 190 дүгээр тушаалыг мөн хүчингүй болгуулсан байдаг.

Гэхдээ Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... эрх бүхий байгууллага “Э” ХК-иас татварын өр төлбөрийг  нөхөн барагдуулах эрхтэй болохыг дурдсан” байдаг. “Ж” ХК нь зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар сэргээлгэн өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эргүүлэн төлбөл зохих албан татварын өр төлбөрөө хаалгуулсан хууль бус үйлдлийг залруулан засах нь хууль  зүйд нийцнэ. ОАТХД-ын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаар тушаал нь Татварын ерөнхий газраас “Ж” ХК болон “Э” ХК-тай холбогдох 2004 оны 321,097,300.0 төгрөгийн татварын өрийг сэргээх тухай 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2а/3427 тоот албан бичгийг тус хэлтэст ирүүлсний дагуу зохион байгуулагдсан хууль ёсны үйл ажиллагаа байсан. Тус хэлтэст “Э” ХК-д холбогдох өрийг сэргээх талаар 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2б/1140 тоот албан бичиг, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06/1318 тоот албан бичгээр тус тус Татварын ерөнхий газраас чиглэл ирүүлсэн бөгөөд өр сэргээх, өрийг барагдуулах ажиллагаа явуулах талаар үүрэг өгсөн. Нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт “Э” ХК-иас өрийг нэхэмжлэх эрхтэйг дурдсан, мөн шууд харьяалах дээд газраас холбогдох ажлуудыг гүйцэтгэхийг даалгаж байгаа тул ТХД өөрийн эрх хэмжээний хүрээнд өрийг сэргээх тушаал гаргасан юм.

Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 766 дугаар тушаалаар батлагдсан “Татварын өр барагдуулах ажлын удирдлага, хяналт, бүртгэлийн журам”-ын 9.2.1-д “татварын өр барагдуулах үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж буй эсэх, түүний бүртгэл хөтлөлт үнэн зөв хийгдэж буй эсэхэд байнга хяналт тавьж, “Татварын өрийн удирдлагын мэдээллийн сан”-тай байнга танилцаж, татвар хураалтын байцаагчдыг өдөр тутмын удирдлага арга зүйгээр хангаж ажиллана гэж зааж өгсөн тул маргаан бүхий тушаалыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Тус журмын 10.1 “Татварын өр барагдуулах үйл ажиллагаанд татварын ерөнхий газраас хяналт, удирдлагаар хангах үүргийг татварын ерөнхий газрын татвар хураалтын удирдлага, арга зүйн газар татварын өрийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч хүлээнэ”-д Татварын ерөнхий газрын тавих хяналтыг тодорхой тусгасан. “Э” ХК нь 2004 оны байдлаар  үүссэн өр төлбөрөө хуульд заасан хугацаандаа татварын хуульд заасны дагуу төлж барагдуулах, эсвэл татварын алба болон холбогдох эрх бүхий байгууллагуудад хүргүүлж санал нь хууль ёсны байх үүрэгтэй байсан юм.

Тус компаний нэхэмжлэлд ТХД нь тушаал гаргаснаар албан татварын өр үүсгэж одоогийн захирал, цаашлаад энэ компанид хүндрэл учруулж байгаа мэтээр гомдол гаргаж байгаа нь ихээхэн учир дутагдалтай бөгөөд хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Компани хүлээн авах, эрх шилжүүлэх тухай цогц харилцаа нь давхар үүргийн биелэлтийг шаардаж байдаг онцгой үйлдэл гэдгийг татвар төлөгч анхаарах шаардлагатай байдаг. Татварын ерөнхий газраас ТХД-ын 2014 оны А/41 дугаар тушаалыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй болох тухай тус компанид 2019 онд албан тоот хүргүүлсэн байна.

Иймд гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгон хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХК нь 2003 онд “Ж” ХК-иас худалдах, худалдан авах гэрээний дагуу тус компаний өмчлөлийн худалдаа үйлчилгээний барилга буюу үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авсан байна. “Э” ХК-ийн захирлаар ажиллаж байсан С нь 2003 онд уг барилгыг хугацаандаа төлөгдөөгүй албан татварын өрөндөө өгөх хүсэлт гаргасны дагуу Санхүү, эдийн засгийн сайдын зөвлөл хуралдан шийдвэр гаргах, тухайн үеийн Үндэсний Татварын ерөнхий газар болон Орхон аймгийн Татварын хэлтэст татварын өрөнд үл хөдлөх хөрөнгийг хураан авах үүрэг өгөх зэргээр эрх бүхий байгууллагуудаас зохих журмын дагуу ажиллагаа явагдаж улмаар Санхүү, эдийн засгийн сайдын 190 дүгээр тушаал гарах үндэслэл болсон. Энэ тушаалын дагуу “Э” ХК-д холбогдох 281,384,900.0 төгрөг, “Ж” ХК-д холбогдох 39,712,400.0 төгрөг, нийт 321,097,300.0 төгрөгийн албан татварын өрийг татварын албанаас хүчингүй болгосон. Гэтэл “Ж” ХК нь “Э” ХК-ийг хууль бусаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж үзэж  2010 онд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 1235 дугаар шийдвэрээр худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулан, улмаар 2013 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 399 тоот шийдвэрээр Санхүү, эдийн засгийн сайдын 190 дүгээр тушаалыг мөн хүчингүй болгуулсан байдаг.

Гэхдээ Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... эрх бүхий байгууллага “Э” ХК-иас татварын өр төлбөрийг  нөхөн барагдуулах эрхтэй болохыг дурдсан” байдаг. “Ж” ХК нь зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар сэргээлгэн өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө эргүүлэн төлбөл зохих албан татварын өр төлбөрөө хаалгуулсан хууль бус үйлдлийг залруулан засах нь хууль зүйд нийцнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ТХД-ын эрх, үүрэгт өр сэргээх тухай заалт байхгүй гэж ярьж байна. Үүн дээр ямар зарчим үйлчилж юуг дагаж мөрдөх вэ гэхээр Үндсэн хуульд татвар төлөх нь үүрэг байхаар хуульчилсан. Татварын ерөнхий хуульд татвараа хэрхэн төлөх талаар хуульчилсан. “Э“ ХК-иас үл хамаарах шалтгаанаар хөрөнгө нь улсаас буцаж “Ж” ХК-д дээр шилжиж очсон. Тэгэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа зүйл нь хууль ёсны зарчимд үл нийцэж байна. Улсад хөрөнгө өгөөд өрөө хаалгасан бол болж байна. Тухайн үеийн хууль дээр өрийг хөрөнгөөр хаах заалт байхгүй байсан хэдий ч Санхүү, эдийн засгийн яам тийм шийдвэр гаргаж байсан байна. Одоо бол ТХД тийм, тийм тушаал гаргах эрх байхгүй гэсэн үндэслэлээр татварын өрөөс чөлөөлөгдөх ойлголттой ярьж байна, энэ нь хуульд болон шударга ёсны зарчимд нийцэхгүй.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажиллаж байгаа байх. “Э” ХК 2003 оноос хойш Татварын хэлтэстэйгээ огт харилцдаггүй аж ахуйн нэгж байсан. Удирдлагуудаа өдөр тутам сольдог. Өнөөдөр энэ нэхэмжлэл гаргах болсон шалтгаан нь 2018 онд энэ өрийг “Э” ХК-иас гаргуулахаар Татварын алба Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Энэ компанитай харьцахад хүндрэлтэй байдаг. Улсаас юмаа авч болж байгаа юм бол улсад төлөх ёстой өрөө төлөх хэрэгтэй. “Ж” ХК мөн энэ үндэслэлээр шүүхэд гомдол гаргаж байсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг судлахад тодорхой харагдах байх. “Ж” ХК энэ өрийг бас төлөхгүй гэж маргадаг. Үүнийг тухайн үед  Улсын дээд шүүх шийдэхдээ та хөрөнгө авчихсан бол өрөө төлөх ёстой гээд шийдвэр гаргачихсан. Үүнтэй нэгэн адил тухайн үед байсан татварын өр байхгүй болсон. Шүүхийн шийдвэрээр хөрөнгөө буцааж хураалгаж байгаа бол хуулийн дагуу татварын өрөө төлөх тухай асуудал гарч ирнэ. Өр төлөхийн тул ямар нэгэн процесс ажиллагаа явагдах ёстой. Татварын Ерөнхий газраас тухайн компани өртэй холбогдуулан ажиллагаа хийх ёстой гэсэн чиглэл өгсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дурдсан.

Татварын албаны дотоод асуудлыг Татварын албаны дарга шийдвэрлэдэг. Өр бол манай Татварын албаны дотоод асуудал. Өр барагдуулах бол манай байгууллагын зорилго, зорилт юм. Программ дээр өрийн бүртгэл үүссэн. Татварын албанаас ямар нэгэн мэдэгдэл хүргүүлэхийн тул Татварын албаны дарга тушаал гаргасан. Түүнээс биш тушаал гарснаар шууд өр бий болсон зүйл биш юм. Энэ нь арай өөр ойлголт. Татварын албаны дарга хийх ёсгүй ажил хийсэн гэж яриад байгаа. Хийх ёстой ажлаа хийсэн. Тухайн компаний гаргаж байгаа хүсэлтийг шударга бус, учир дутагдалтай гэж үзэж байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Э” ХК нь Татварын хэлтэстэй харьцдаг эсэхийг бид мэдэхгүй. Үндсэн хуульд татвар төлөх үүргийг  үндсэн үүрэг гэж заасан. Тийм учраас татвар төлөх үүрэг нь “Э” ХК-д хамааралтай. Хуулиас илүү давуу эрх эдэлсэн зүйл байхгүй. “Э” ХК-ийн хувьд ТХД-ын А/41 тушаалтай маргаж байгаа үндэслэл нь энэ тушаал нь илт хууль бус байна гэж маргаж байгаа. Энэ татварын  өрийг төлөхгүй гэж маргаагүй. 2014 онд гарсан шийдвэрээ үндэслэж 2018 онд Татварын хэлтэст Иргэний хэргийн шүүхэд хандсан байсан. Төр давуу эрх эдлэхгүй, иргэн ч гэсэн давуу эрх эдлэхгүй. Иргэний хэргийн маргаан бол тэгш эрхийн үндсэн дээр явагддаг. Тийм учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа яаж явагдаж байгааг мэдэхгүй. Тэр хэрэг удааширч байгаа нь “Э” ХК-ийн буруу гэдэг дүгнэлтийг хийж байгаад гайхаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ танилцуулах үүргийг зааж өгсөн. ТХД тайлбартаа энэ тушаалыг танилцуулсан гэж ярьж байна. Тэгсэн мөртлөө энэ тушаалыг “Э” ХК-д танилцуулсан баримт байхгүй. Захиргааны байгууллага актыг танилцуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна. Магадгүй дотогшоо чиглэсэн акт гэж ойлгосон байх. Энэ бол гадагшаа чиглэсэн акт гэдэг нь захиргааны актад тавигдах шинжээрээ тодорхойлогдож байгаа юм.

Энэ тушаалаар “Э” ХК-ийн өрийг бий болгосон. Энэ тушаалыг үндэслээд Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг нь энэ өртэй холбоотой байгаа. Тийм учраас үүнтэй холбоотой маргах эрх нь байгаа. М.М өмгөөлөгч уг тушаалыг нэхэмжлэгчид танилцуулснаар захиргааны байгууллагын өмнөөс танилцуулах ёстой ажиллагааг нь хийсэн. Үүний үндсэн дээр нэхэмжлэл гаргах ажиллагаа бий болсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2002 оны хуулийн 9-р зүйлд заасан захиргааны актыг илт хууль бус шийдвэр гаргахтай холбоотой хэд хэдэн асуудал байна. 9.1.3-д заасан захиргааны акт гаргах эрх хэмжээ олгогдоогүй захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргасан бол энэ нь илт хууль бус байна гэсэн нэхэмжлэлийн шаардлагаар явдаг байсан байна. Тийм учраас энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Ингэснээр “Э” ХК-ийг татварын өрөөс чөлөөлж байгаа шийдвэрийг шүүх гаргахгүй. Захиргааны үйл ажиллагаа явдгаараа явна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий хуулийг үндэслэж татварын өр сэргээх тухай тушаалыг хянан ёстой гэж үзэж байна. 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Татварын алба, татварын Улсын байцаагчаас татвар ногдуулалт, хяналт тавих, татвар хураахтай холбогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мэдэгдэл, акт, шаардах, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, дүгнэлт, гэрээ, үйл ажиллагааны тэмдэглэл үйлдэнэ” гэж заасан байгаа. Хуульд Татварын байгууллага, албан тушаалтнаас татвар хураах ажиллагааг тодорхой зохицуулж өгсөн байгаа. Тэгэхээр татварын өр сэргээх тухай тушаалыг илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна. Гэхдээ энэ тушаалаар гадагш чиглэсэн “Э” ХК-ийн дуусгавар болсон татварын өрийг буцаан гаргуулах эрх зүйн үр дагаврыг бий болгосон учраас “Э” ХК-ийн эрх, ашиг сонирхолд шууд нөлөөлсөн захиргааны акт мөн байна. Татварын өр нь дуусгавар болсон үйл баримт харагдаж байгаа. Дуусгавар болгож байгаа Санхүү, эдийн засгийн яамны шийдвэрийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон байна. Тэгэхээр буцаад татварын өр төлөгдөөгүй мэт байдалд шилжсэн байна. Татварын албаны дарга энэ өрийг бий болгохын тулд заавал татварын өрийг сэргээх тухай тушаал гаргах ёстой юм шиг ойлгосон байна.

Тухайн үед татварын өрийг дуусгавар болгож өрөндөө үл хөдлөх хөрөнгийг нь шилжүүлж авч явсан боловч шүүхийн шийдвэрээр захиргааны байгууллагын гаргасан шийдвэр нь хүчингүй болсноор буцаад татварын өр нь төлөгдөөгүй нөхцөл байдал бий болж байна. Өр сэргээсэн тушаал гаргахаас илүү мэдэгдэл, шаардлага, акт гэсэн баримт бичгүүдийг гаргаад явах боломжтой байсан. Өр сэргээсэн тушаал гаргаж байгаа нь хууль бус байна. 2008 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуульд татварын өр дуусгавар болгох тухай зохицуулалт байна. Татварын өр бий болгох асуудал өмнө нь бий болж энэ нь процессын дагуу явж Санхүү, эдийн засгийн яамнаас тушаал гарч хөрөнгө хураах комисс бий болж үл хөдлөх хөрөнгийг нь хурааж Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд заасан татварын төлөх үүрэг дуусгавар болох гэсэн зохицуулалт руу орсон байна.  Үл хөдлөл хөрөнгөө шилжүүлж өгснөөр энэ эрх зүйн харилцаа дуусгавар болсон байна. Үүний дараа дуусгавар болсон харилцаан дээр Захиргааны хэргийн шүүх “Ж” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу өрөнд хураасан үл хөдлөх хөрөнгийг хураах тухай тушаал, шийдвэр, худалдах, худалдан авах гэрээнүүдийг дуусгавар болгосон байна. Тухайн шийдвэрийг хүчингүй болгосноор энэ өрийг буцааж нэхэх Татварын байгууллагын бүрэн эрх нь үүссэн байж болох юм.

 Шүүхийн шийдвэрээр татварын өрийг нь сэргээх тухай шийдвэр гараагүй. Захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцээд явах эрх нь нээлттэй үлдсэн байна. ТХД дээрээс бичиг ирээд байхаар нь өрийг нь сэргээх ёстой юм байна гэж ойлгож өрийг нь сэргээсэн гэсэн зүйл ярьсан. Татварын ерөнхий хуульд татварын өр сэргээнэ гэсэн ойлголт байдаггүй юм байна. Татварын ерөнхий хуульд үндэслэсэн шийдвэр биш юм байна. Мөн энэ өр сэргээх тухай ойлголт нь Татварын хэлтсийн өр сэргээх ойлголтонд хамаарахгүй байна. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.3-д “Захиргааны акт гаргах эрх хэмжээгүй байгууллага, албан тушаалтан гаргасан, мөн 9.1.7-д “ Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж байгаа.

Тэгэхээр энэ актыг гаргах хууль зүйн үндэслэл нь Татварын ерөнхий хуульд тусгагдаагүй байсан байна. Өрийг нь ингэж сэргээнэ шүү гэсэн процессыг Татварын ерөнхий хуульд зааж өгөөгүй байна. Тэгэхээр энэхүү актыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.3, 9.1.7-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Татварын өр сэргээх тухай акт гаргаж өрөө нэхэж байгаа юм уу, эсвэл өмнө нь 281 сая төгрөгийн өрийг нэхэж байсан баримтаа үндэслэж нэхэж байгаа юм уу гэдэг дээр хариуцагч тал тайлбар хэлэх байх. Үүнээс өмнө тавигдсан акт байгаа бол хариуцагч тал тодорхой байр сууриа илэрхийлэх байх гэж бодож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

            Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Э” ХК нь ОАТХД-д холбогдуулан “ОАТХД-ын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Татварын өр сэргээх тухай” А/41 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба энэхүү өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т тус нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн бөгөөд маргаан бүхий захиргааны актын хавсралтаар баталсан “Э” ХК-д холбогдох татварын өрийг сэргээсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарлав.

            Нэхэмжлэгчээс ОАТХД нь маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх хэмжээгүй, захиргааны акт гаргах эрх зүйн  үндэслэл байгаагүй байхад А/41 тоот тушаалыг гаргасан /Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлин 9.1.3 /захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан/, 9.1.7 /захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй/ гэж үзэн, “ОАТХД-ын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаар тушаалын хавсралтын “Э” ХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул тус нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэв.

            Мөн нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 /тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан/ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаа ба маргаан бүхий захиргааны акт гарах үед тухайн Захиргааны ерөнхий хууль /2015 он/  үйлчлээгүй байсан тул шүүх маргаан бүхий захиргааны акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж  байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийг тус тус хэрэглэж, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

            ОАТХД нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Татварын өр сэргээх тухай” А/41 тоот тушаалыг гаргахдаа:

            1. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 399 дугаар  шийдвэрийг үндэслэсэн байх бөгөөд тус шүүхийн шийдвэрээр “Ж” ХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам болон Төрийн өмчийн хороонд холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, тус шүүхийн шийдвэрт: ... “Э” ХК-иас Орхон аймгийн ** суманд байгаа худалдаа үйлчилгээний цогцолборыг, Сэлэнгэ аймгийн ** суманд байгаа үйлдвэрлэл үйлчилгээний цогцолборыг улсад төлөх татварын өрөнд тооцож авахыг хүссэн хүсэлт, татварын өрөнд авах үл хөдлөх хөрөнгийн үнийг тогтоох комиссын саналыг харгалзан татварын өр авлагыг барагдуулах зорилгоор “Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай” Монгол улсын Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 190 дүгээр тушаал гарсан. Уг тушаалаар “Э” ХК-ийн улсын төсөвт төлөх 613597.3 мянган төгрөгийн татварын өрөнд эдгээр үйлчилгээний цогцолборуудыг тус тус төрийн өмчид бүртгэн авсан бөгөөд уг бүртгэж авсан үйлдлийг нь хууль бус гэж үзэж, Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 190 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Мөн “ ... төрийн эрх бүхий байгууллага “Э” ХК-иас татварын өр төлбөрийг нөхөн барагдуулах эрхтэй” болохыг дурдсан байна.

Дээрх шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, Татварын Ерөнхий газраас 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Татварын өр төлбөр барагдуулах тухай” 2а/3427, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Татварын өр сэргээх тухай” 2б/1140, 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 06/08 тоот албан бичгүүдийг Орхон аймгийн Татварын хэлтэст тус тус хүргүүлсэн байна.

Үүний дагуу ОАТХД /О.У/-аас 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 тоот тушаалыг үйлдэж, түүний хавсралтаар “Э” ХК-ийн 281,384,900.0 төгрөгийн өрийг сэргээсэн байна.

Нэхэмжлэгч тал  дээрх Татварын Ерөнхий газрын 2013 оны 2а/3427, 2014 оны 2б/1140, 2014 оны 06/08 албан бичгүүдэд “Дээд шатны байгууллагаас доод шатны байгууллагад өгсөн чиглэл гэж үзэж байгаа, гадагшаа чиглэсэн акт биш, захиргааны актын шинжийг агуулаагүй тул гомдол гаргаагүй[1] гэж тайлбарласан.

Орхон аймгийн Татварын хэлтсээс “Э” ХК-ийн “2004 оны бичилтээр хаагдсан өрийг нөхөн сэргээх тооцоо”-гоор 281,384,900.0 төгрөгийн өрийг сэргээсэн ба тус татварын өрийн талаар хэргийн оролцогч нар маргаагүй.

Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1 /татварын алба нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна/,  31.2.3 /татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдүүлэх/ 53 дугаар зүйлийн 53.2 /Татварын бүртгэлд татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдол, хөнгөлөлт, чөлөөлөлт, алданги, торгууль, тэдгээрийн төлөлт, хураалт, өрийг анхан шатны баримтад үндэслэн бүрэн тусгана/ гэж заасан ба Үндэсний татварын алба нь татварын ногдуулалт, төлөлт, хураалтад хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй бөгөөд “Э” ХК-ийн хугацаандаа төлөөгүй татварын өрийг барагдуулахаар доод шатны байгууллага болох Орхон аймгийн Татварын хэлтэст чиглэл өгсөнийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн ОАТХД нь “Э” ХК-д  ямар нэгэн байдлаар хууль бусаар өр үүсгэсэн гэх буруутай үйлдэл тогтоогдохгүй байна.

Иймд татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 /татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх/, 43 дугаар зүйлийн 43.1 /Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө/-д зааснаар  хуулиар ногдуулсан албан татварыг төлөх үүрэгтэй.

Татварын ерөнхий хууль /2008/-ийн 27 дугаар зүйлийн  27.2 “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, аймаг, нийслэлийн татварын газар, хэлтэс татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, дүүргийн татварын хэлтэс, сумын татварын улсын байцаагч аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн удирдлага дор тус тус ажиллана”, 27.3 “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүх шатны татварын албаны үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлага, төсөв хөрөнгөөр хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана” тус тус заасан бөгөөд Орхон аймгийн Татварын хэлтэс нь Татварын ерөнхий газрын удирдлага дор ажиллахаар хуульчилсан байна.

Мөн хуулийн 28 дугаар зүйлийн  28.1 /Татварын алба дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ/, 28.1.1 /татварын хууль тогтоомжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэг мөр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах/,  28.1.8 /татварын өрийг барагдуулах, татвар хураах үйл ажиллагааг энэ хуульд заасан журмын дагуу явуулах/, 55 дугаар зүйлийн 55.1 /Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй дор дурдсан татвар, түүнд ногдуулсан алданги, торгуулийг татварын өрөнд хамруулна/, 55.1.1 /татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр, түүнд тооцсон алданги/  гэж  заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл ОАТХД нь дээд шатны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлж, “Э” ХК-ний тайлангаар тодорхойлогдсон татварын өр төлбөрийг барагдуулахаар хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 /захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан/ дахь заалт нь нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтны хариуцах үүрэг, түүний эрх хэмжээг хууль, тогтоомжоор зааглан тогтоосон байдаг бөгөөд  тухайн байгууллага, албан тушаалтанд эрх мэдлийг нь хуулиар тусгайлан зөвшөөрч олгосон тохиолдолд тодорхой захиргааны акт гаргах боломжтой гэсэн шаардлагыг зөрчиж, захиргааны акт гаргасан байхыг ойлгодог.

            Мөн зүйлийн 9.1.7-д заасан /захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй/ гэдэгт “захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасан байхыг ойлгоно” гэж Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолд тайлбарласан байна.

Татварын хэлтэс /алба/-ийн дарга нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хангах, … татварын өрийг барагдуулах, татвар хураах үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах эрхтэй субьект бөгөөд ОАТХД нь өөрт хуулиар хүлээлгэсэн эрх хэмжээний хүрээнд, хуульд заасан үндэслэлийн дагуу 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Татварын өр сэргээх тухай” А/41 тоот тушаалыг гаргасан гэж дүгнэхээр байна.

            Иймд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл  тогтоогдохгүй байх тул “ОАТХД-ын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Татварын өр сэргээх тухай” А/41 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.1, 28.1.8, 43 дугаар зүйлийн 43.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.1.1 дэх хэсэгт  заасныг тус тус баримтлан “Э” ХК-ний ОАТХД /Б.Ө/-д холбогдуулан гаргасан “ОАТХД-ын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/41 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.САРАНГЭРЭЛ

                                   

 


[1] Тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** тайлбарласан.