Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 163

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар,

шүүгдэгч Б.Эрдэнэболд нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Булгансүрэнгийн Эрдэнэболдод холбогдох эрүүгийн 201619000305 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, бизнес удирдлагын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Улаанбаатар Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол Гавжийн шандын 1-18 тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Сартуул овогт Булгансүрэнгийн Эрдэнэболд /РД:ГК91092817/ гэв.

           

            Холбогдсон хэргийн талаар

            Шүүгдэгч Б.Эрдэнэболд нь Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлын барилгын ажилчидын нийтийн байранд 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө хохирогч П.Оюун-Эрдэнийг хоорондын таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Эрдэнэболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэргийг маань хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

              

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Үүнд: МЭДҮҮЛГИЙН НОТЛОХ БАРИМТ болох нь:

            Хохирогч П.Оюун-Эрдэнэ хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: Би Сэргэлэн сумын Хөшигтийн олон улсын нисэх онгоцны буудлын барилгын туслан гүйцэтгэгч “ЭНДИ” ХХК-д туслах ажилтанаар ажилладаг  байсан юм. Тухайн үед ажилчдын нийтийн байранд Эрдэнэболд гэдэг залуутай хамт байдаг байсан. Би 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө цайгаа уучихаад байрандаа орж ирсэн юм. Эрдэнэболд байрандаа ирчихсэн гутлаа өмсөөд байж байсан. Гэтэл миний ор нь доогуур байсан цүнхтэй хувцас норчихсон байсан. Тэгэхлээр нь би орон доор байсан ундааны саванд үлдсэн байсан цайг чи асгасан байна гээд гаргаад шидчихсэн юм. Гэтэл Эрдэнэболд би цай асгаагүй орж ирэхэд ийм байсан гэж хэлсэн. Тэгээд “чи худлаа яриад байх юм чи л цай асгасан байна” гээд толгойг нь гараараа түлхсэн юм. Эрдэнэболд босч ирээд миний нүүр лүү гараараа цохисон юм. Тэгэхээр нь би түүнийг тонгороод ор нь дээр нь унгаасан. Тэгээд салаад байж байтал хөдөлмөр хамгаалалын инженер орж ирээд ажилдаа гараач гэж хэлсэн. Би хувцасаа өмсөөд Эрдэнэболд руу хараад зогстол тэр миний салтаа руу өшиглөсөн. Тэгээд миний салтаа руу шингэн юм урсаад байхаар нь “чи байж бай эндээс цус гараад байх шиг байна” гэж хэлтэл “чиний наадах чинь надад ямар хамаатай юм бэ” гээд дахиад өшиглөсөн. Тэгээд би Самсунгийн эмчид үзүүлэхэд бэлэг эрхтэний сувагнаас цус гарч байсан. Тэгээд намайг Төв аймгийн эмнэлэг рүү хүргүүлсэн юм. Би шүүх эмнэлэгийн дүгнэлтийг уншиж танилцлаа. Одоо миний биед өвдөж зовиурласан зүйл байхгүй. Бидний хооронд ямар нэгэн өс хонзон байхгүй. Ажил дээрээ ямар нэгэн маргаан үл ойлголцол байхгүй. Ер нь бид хоёр хоорондоо юм ярилцаад байддагүй юм. Би эхэлж Эрдэнэболдын толгой руу гараараа түлхсэн юм. Гэтэл үүнийг эхэлж намайг цохисон гээд байгаа юм. Дараад нь миний салтаа руу өшиглөчихөөд дахиад дайраад байхаар нь би түүний нүүрлүү 2-3 удаа цохисон. Надад гомдол санал байхгүй. Эмчилгээний зардал төлөгдсөн. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн гэх мэдүүлэг \хх-10-11 тал/,

           

            -гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6 тал/,

 

            -Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №196 шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/

            1.П.Оюун-Эрдэнийн биед бэлэг эрхтэнд хаван, хавдар, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг алдуулахгүй.

5.Нарийн мэргэжилийн эмчид үзүүлсэн бичиг авч ирээгүй  гэжээ /хх-15 тал/,

            -Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №195 шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/

            1.Б.Эрдэнэболдын биед хамар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ /хх-17 тал/,

 

- шүүгдэгч Б.Эрдэнэболдыг 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр сэжигтнээр /хх-24 тал/, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар /хх-27 тал/ тус тус байцаасан тэмдэглэл,

-шүүгдэгч Б.Эрдэнэболдын ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-29 тал/,

 

-2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 54 дугаартай прокурорын санал /хх-38 тал/,  гэх зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Эрдэнэболд Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндий дэх олон улсын нисэх онгоцны буудлын барилгын ажилчидын нийтийн байранд 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө хохирогч П.Оюун-Эрдэнийг хоорондын таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь: хохирогч П.Оюун-Эрдэнийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №196 дугаар шинжээчийн дүгнэлт /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/, шүүгдэгч Б.Эрдэнэболдын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Эрдэнэболдыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 99 дугаар зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Б.Эрдэнэболдын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Б.Эрдэнэболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

           

            Хохирлын талаар:

            Хохирогч П.Оюун-Эрдэнэ хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ “надад гомдол, санал байхгүй, эмчилгээний зардал төлөгдсөн. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн” гэсэн байх тул шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290, 293, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Тэмээчин овогт Булгансүрэнгийн Эрдэнэболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Эрдэнэболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

            3. Б.Эрдэнэболдод авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

           

            4. Энэ хэргийн улмаас Б.Эрдэнэболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, эд мрөийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

           

              5. Эрүүгийн хуулийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Эрдэнэболдод бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ