Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 154/2022/00019

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Баярмагнай

            Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг 

Шүүгдэгч Б.Батсайхан нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  эрүүгийн 2237000000018 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 33 настай, тусгай дунд боловсролтой, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4,  эхнэр 2 хүүхдийн  хамт Ховд аймгийн Үенч сумын  Хөх үзүүр  багт оршин суух,  ******* овогт*******гийн*******. /РД:ПК89102811/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

          Шүүгдэгч  Б.Батсайхан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн орчимд Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Алтаншагайтай маргалдаж явцдаа түүнийг зодож, Г.Алтаншагайгийн эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи болон алимд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, мултрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс

 

нь бүрэн шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Б.Батсайханы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр би бага зэрэг согтуу байсан. 17 цагийн үед биллъярд ороод Заяатай маргалдаж байтал Алтаншагай гарч ирээд манай дүүг яагаад зодож байгаа юм бэ? гээд намайг зодож тэлээгээр ороолгосон. Би зөрүүлээд нүүрэн тус газарт  нэг удаа цохьсон. Хохиролд 200.000 төгрөг төлсөн. Надаас нэмж хохирол төлбөр нэхэмжлээгүй” гэх мэдүүлэг,

    Шүүгдэгч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагаанд  яллагдагчаар  өгсөн: “...Би  орой 16 цагийн үед гэртээ сууж байгаад авдарт нэг шил 0.5 литртэй Аруг гэх нэртэй архи байхаар нь тэрийг ганцаараа ууж дуусаад 18 цагийн үед гудамжинд гараад иртэл найз  Батзаяа, Нямгарав, Отгонбаяр нартай таараад юм яриад зогсож байгаад Батзаяа бид хоёр хоорондоо маргалдаад зогсож байтал Алтаншагай ирээд чи яахаараа миний ахын хүүхэдтэй маргаж зогсдог юм бэ? гэж хэлээд миний шанаа хэсэгт нэг цохьсон, гудамжны нөгөө талд гараад тэлээгээрээ нэг удаа нурууруу цохьсон тэгэхээр нь би нүүрэн тус газарлуу нь нэг удаа гараар цохиход Алтаншагайгийн хамарнаас цус гараад дошоо тонгоогоод үлдсэн би гэртээ хариад унтаж амарсан...” гэх мэдүүлэг,

           Хохирогч Г.Алтаншагайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 19 цагийн үед Үенч сумын хөх үзүүр багийн нутаг Баяраагийн бильярдын үүдэнд Б.Батсайхан, Заяа нар хоорондоо маргалдаж байхаар нь та хоёр болио гэж хэлтэл Б.Батсайхан миний шүд рүү нэг цохиод дахиад зүүн талын нүд рүү нэг цохиод авсан. Тэгэхээр нь би эмнэлэг ороод цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

          Гэрч А.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Тухайн өдөр Батзаяа, Б.Батсайхан хоёр хоорондоо маргаад зогсож байтал Г.Алтаншагай гарч ирээд Б.Батсайханд чи яагаад миний дүүтэй маргаад байна гэж заамдаж аваад зогсож байтал Г.Алтаншагай архины шил аваад Б.Батсайхан луу шидэхэд түүний нуруунд нь оносон. Тэр хоёр маргаад Г.Алтаншагай тэлээгээр Б.Батсайханыг нуруу орчим газарт нэг удаа цохисон. Тэгтэл Б.Батсайхан Г.Алтаншагайгийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Г.Алтаншагай нүүрээ дараад тухайн газар суугаад үлдсэн. Харин Б.Батсайханыг Нямгарав бид хоёр дагуулж аваад гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг,

          Ж.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ”...Б.Батсайхан бид хоёр маргаад буцаад эвлэрээд зогсож байхад Б.Батсайхан архины шил аваад Г.Алтаншагай руу шидсэн Г.Алтаншагайг оноогүй тэр хоёр хоорондоо маргалдаад хоцорсон би гэртээ хариад амарсан. Хоорондоо зодолдсон эсэхийг хараагүй...” гэх мэдүүлэг,

       

         Гэрч Н.Нямгаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Г.Алтаншагай ирээд Б.Батсайханд чи яагаад миний дүүг зоддог юм бэ гээд*******, Алтаншагай нар хоорондоо маргасан тэгэхээр нь Батзаяа бид хоёр тухайн байрны хойд тал руу гараад

зогсож байгаад буцаад гараад иртэл Г.Алтаншагай доошоо тонгойгоод суусан хамраас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг,

          Д.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ”... Үенч сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар гарч байхад орой 19 цагийн үед Г.Алтаншагайгийн хамраас нь цус гарсан зүүн талын нүд хавдсан үүдэн шүд нь хөдөлсөн байсан болохоор даралтын эм өгсөн. Даралт нь буусны дараа ээж нь ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.Алтаншагайгийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 208 дугаартай:

1. Г.Алтаншагайгийн биед гэмтэл учирсан байна. Г.Алтаншагайгийн биед зүүн нүдний доод зовхи болон алимд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, мултрал гэмтэл тогтоогдлоо. /уг гэмтлүүд нь шинэ байна/

2.Г.Алтаншагайгийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгэдсэн.

3. Г.Алтаншагайгийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Г.Алтаншагайгийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

            Шүүгдэгч Б.Батсайхан нь гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчтой эвлэрсэн, хохиролоо нөхөн төлсөн байх тул Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Батсайханд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Батсайхан нь  

архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 19 цагийн орчимд Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Алтаншагайтай маргалдаж явцдаа түүнийг зодож, Г.Алтаншагайгийн эрүүл

мэндэд зүүн нүдний доод зовхи болон алимд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, мултрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан гэмт үйлдэл нь хохирогч Г.Алтаншагайгийн мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 208 дугаартай гэх дүгнэлт, гэрч А.Отгонбаяр, Ж.Батзаяа, Н.Нямгарав нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Батсайханы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

             Шүүгдэгч  Б.Батсайхан хохирогч Г.Алтаншагайтай маргалдаж, түүний зүүн нүдний доод зовхи болон алимд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, мултрал гэмтэл бүхий хөнгөн хохиролыг санаатай учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

             Шүүх шүүгдэгч Б.Батсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шудрага ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохиролыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж шийдвэрлэв

             Шүүгдэгч нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Батсайхан нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 09 дүгээр тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр танилцуулсан байна. Шүүгдэгч Б.Батсайхан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

             Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Б.Батсайханд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт*******гийн*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.Батсайханыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Батсайханд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун  мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Батсайхан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч  Б.Батсайханд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

          6. Шүүгдэгч Б.Батсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах

хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Л.ТҮВШИНЖАРГАЛ