Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/849

 

 

   

 

 

 

 

 2020             9           29                                         2020/ШЦТ/849

 

 

     

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч Б.Б-нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2005025251348 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Едэн ХХК-д үйлдвэрийн дарга, хувиараа үсчин ажилтай, ... аймгийн ... сум ... дугаар баг ... дугаар хорооллын ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч, ам бүл 4, ах, дүү нарын хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б.Б-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Б.Б-нь согтуугаар 2020 оны 8 дугаар сарын 06-наас 07-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны баруун буланд иргэн Х.Батбаярыг бусадтай андууран түүний толгой, нүүрэн тус газарт гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйханд шарх, зүүн хөмсөг, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн мөр, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-мэдүүлэхдээ: “Би 2020 оны 8 дугаар сарын 06-наас 07-ны өдөр шилжих шөнө ахтайгаа хамт 2,5 литртэй пиво уучихаад, дахиад пиво авах гээд ах дэлгүүр явж байтал хүн замд зодчихлоо гэсэн. Тэгээд би булан тойроод явж байтал хоёр хүн өндөр дуугаар дуугараад явж байхаар нь би очоод цохичихсон юм. Тэгээд ах булан тойрч гарч ирээд наад хүн чинь биш байна гэсэн юм. Тэгээд дэлгүүр орж пиво аваад буцаж байхад цагдаа ирсэн” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-нь согтуугаар 2020 оны 8 дугаар сарын 06-наас 07-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байрны баруун буланд иргэн Х.Батбаярыг бусадтай андууран түүний толгой, нүүрэн тус газарт гараараа цохиж зодон, эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйханд шарх, зүүн хөмсөг, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн мөр, зүүн шуунд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Хохирогч Х.Батбаярын “2020 оны 8 дугаар сарын 6-ны орой би өөрийн дүү Ганпүрэвийн хамтаар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Нийслэл пабад сууж 0,5 литрийн хоёр шил Боргио пиво уусан. Тэгээд Нийслэл пабаас гараад бид хоёр салаад гэр гэр лүүгээ явсан. Намайг гэр лүүгээ  буюу Баянгол дүүргийн 5 дугаар хороо 24 дүгээр байр луу алхаад явж байхад 23 дугаар байрны баруун булан хэсэгт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоёр залуу гүйж ирээд наадах чинь мөн үү гээд байсан. Тэгээд арай жижиг биетэй залуу нь миний толгойн баруун хэсэгт  гартаа хатуу зүйл барьж байгаад цохисон. Тэгсэн чинь өндөр залуу нь ахын дүү наад хүн чинь биш байна гээд татаж байсан. Өндөр залуу нь ах нь бололтой, одоо болио гээд татаж байх үед жижиг биетэй залуу нь энэ мөн байна гээд миний зүүн хөмсөг рүү цохиод татаж газарт унагаад чирсэн. Тэр үед нь би ахыгаа битгий зод гэж гуйгаад босч зугтаад, байр тойрч гүйж байгаад өөрийн охин Мөнх-Ундралтай тааралдаж аавыг нь зодох гээд хөөгөөд байна гэж хэлсэн чинь охин гэр лүү дагуулж оруулаад намайг зодуулсан байна гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

... Миний толгой хэсэгт хагарч гурван оёдол тавиулсан. Тэгээд гар хөл бусад хэсэгт жаахан жаахан шалбарсан байна. Тухайн үед хоёр залуу л байсан. Өөр хүн харагдаагүй. Миний эрүүл мэндэд учирсан хохирол эмчилгээ эмнэлэгт хэвтсэн, зураг авхуулсан гээд нийт 1.200.000 төгрөгний хохирол учирсан. Миний хохирлыг тухайн хүүхдүүд бүрэн барагдуулсан. Надад одоо санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.

... Би уг хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдүүлмээр байна. Би Өмнөговь аймгийн Мандал суманд ажилтай учир одоо ажил руугаа явахгүй бол болохгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6-7 дугаар хуудас/

 

Гэрч Б.Даваанямын “2020 оны 8 дугаар сарын 06-ны орой би гэртээ өөрийн дүү Баярсайханы хамтаар 2,5 литрийн пиво уугаад дэлгүүрээс дахин пиво авахаар дэлгүүр орсон юм. Намайг дэлгүүрийн гадна талд 20-25 орчим насны залуу мөрлөж зам харж яваач пизда минь гэсэн. Би эргэж хараад явсан гэсэн бэ гэж асуусан чинь шууд намайг цохиод явсан. Яг тэр үед манай дүү Баярсайхан орцноос гарч ирж таараад шууд хөөе гээд орилсон чинь тэр залуу зугтаасан. Тэр залууг зугтаах үед манай дүү Баярсайхан ардаас нь гүйж байрны булан эргэсэн. Би ардаас нь гүйгээд очсон. Манай дүү намайг цохисон хүнээс өөр ахыг барьж аваад цохиж байсан. Би Баярсайханд наад хүн чинь биш байна гэж хэлж болиулж салгасан. Тэгээд бид хоёр байрны гадна талд сууж байгаад цагдаа нар ирж барьж авсан. Намайг цохиод зугтаасан хүнтэй андуурч цохисон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дугаар хуудас/

 

        Б.Баярсайханы яллагдагчаар өгсөн “2020 оны 8 дугаар сарын 06-наас 07-ны өдөр шилжих шөнө би өөрийн төрсөн ах Даваанямын хамтаар гэрт нь 2,5 литрийн Сэнгүр пиво уугаад 23 цагийн үед хүнсний дэлгүүр хаахаас өмнө ганц пиво авъя гээд ах бид хоёр гэрээс гарсан. Манай ах Давааням надаас арай түрүүлж гараад би ард талаас нь гараад ирсэн чинь Давааням ахтай нэг эрэгтэй маргалдаж байгаад цохиод зугтаачихсан. Би ахыг цохиод зугтаахыг хараад ард талаас гүйгээд байрны булан эргээд нэг хүн явж байхаар нь Давааням ахаас мөн үү гэж асуугаад шууд толгойн дээд хэсэгт нь нэг удаа, нүүр хэсэгт нь дахин нэг удаа цохисон. Би тэр ахыг цохиж байх үед Давааням ах ардаас наад хүн чинь биш байна гээд татах үед би тэр ахыг зуурч газарт унагасан. Тэгээд Давааням ах намайг салгаж аваад бид 2 байрны хойно очиж тамхи татаж тайвшираад буцаад гэр лүүгээ орох гээд явж байхад цагдаа нар барьж аваад архи согтууруулах зүйл хэрэглэсэн байна гээд эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Би хохирогчтой сайн дураараа эвлэрч, хохирлыг барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдүүлэх хүсэлтэй байна. Би хохирогч Батбаяр гэх ахтай уулзаж уучлалт гуйж эмчилгээний зардал төлбөрт 2.000.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулж, эмнэлэгт 7 хоног хэвтүүлэн эмчилгээ хийлгүүлсэн. Би өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээж гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байнагэсэн мэдүүлэг /хэргийн 23-25 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Баярсайханы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Батбаяр “... Миний эрүүл мэндэд учирсан хохирол эмчилгээ эмнэлэгт хэвтсэн, зураг авхуулсан гээд нийт 1.200.000 төгрөгний хохирол учирсан. Миний хохирлыг тухайн хүүхдүүд бүрэн барагдуулсан. Надад одоо санал хүсэлт, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хэргийн 6-7 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Б-гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ “ ... шүүгдэгч Б.Б-нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан байдлыг харгалзан ялаас чөлөөлөх тухай” дүгнэлтийг гаргасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “... учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

           

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б-баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Баярсайханыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Б.Баярсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б-цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баярсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ