Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/05

 

2018 12 25 05

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Р.Очирсүрэн, хохирогч Н.Б, түүний өмгөөлөгч Ц.А (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2563), шүүгдэгч Т.Ө, түүний өмгөөлөгч Б.Г (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2153) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Тын Өд холбогдох 1808 0419 81390 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Х овогт Тын Ө Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 07-ны өдөр аймгийн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эх бичиг судлаач мэргэжилтэй, “Х” ХХК-ний охин компани болох “Г” ХХК-нд хүнд машин механизмын оператораар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо, Алтайн  дүгээр гудамжны  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй (РД:).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр: Шүүгдэгч Т.Ө нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүгийн  дүгээр хороо, Алтайн  дугаар гудамжинд иргэн Н.Бтай маргалдан түүний баруун гарын хурууг мушгиж эрүүл мэндэд нь “баруун гарын эрхий хурууны 2 дугаар шивнүүрийн далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Т.Ө мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр эхнэр, хүүхдийн хамт харихаар Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хорооны дугаар гудамжинд . улсын дугаартай “приус-10” загварын автомашинтай явж байхад урд явж байсан цагаан машин гэнэт зогсохоор нь би хойшоо ухраад зогссон. Тэгтэл тэр урд зогссон машин хөдөлж хатуу болсон бетон миний машин руу үсэрч машиныг хонхойлгосон. Би машинаасаа бууж очоод жолоочид нь “миний машин руу чулуу ойлгоод машин хонхойлгосон байна” гэхэд энэ хохирогч ах “чам шиг бацаан намайг дийлэхгүй” гэсэн. Ингээд бид зодолдож байхад гудамжинд явж байсан залуу ирээд “хүүхэд чинь уйлаад байна” гэсэн. Би тэр залууд цагдаа дууд гээд манай эхнэрт хэлээд өг гээд хэлүүлсэн. Тэгтэл хохирогчийн эхнэр цагдаа дуудсан. Тэгээд би хүүхэд уйлаад байна гэсэн учраас явах гэхэд энэ хохирогч Б чулуу барьж ирээд намайг явуулахгүй байсан. Тэгээд над руу чулуу шидсэн бөгөөд тэр чулуу нь оноогүй. Б хоёр дахь удаагаа чулуу гартаа барихаар нь би чулууг нь гараас нь салгах үедээ түүний гарыг гэмтээсэн байх. Тухайн үедээ би гарыг нь гэмтээснээ мэдээгүй. Дараа нь Б цагдаагийн ажилтны хамт манайд ирэхэд нь мэдсэн. Б нь шорон ямар байдгийг чамд харуулна гэж намайг заналхийлсэн гэв.

Хохирогч Н.Б мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хорооны  дугаар гудамжинд . улсын дугаартай “ниссан караван” маркийн автомашинтай явж байсан. Үдээс өмнө нь бороо орсон байсан болохоор зам дээр машин хий эргээд явахгүй зогсож байтал энэ Ө гэх залуу ирээд “муу хөгшин нөхөр чи машинаа барьж чадахгүй, чулуу үсэргэлээ” гээд намайг барьж аваад толгой руу хоёр удаа цохисон. Би цагдаад дуудлага өгсөн, дуудлага өгч байхад миний гар руу цохиод утсыг унагасан. Ө дахиад надтай зууралдаад авахаар нь би боль боль чамтай би зууралдахгүй гэхэд тэгвэл машиныг чинь эвдэнэ гээд чулуу авчирч машиныг цохисон. Тэгээд миний гарыг мушгиад гарт гэмтэл учруулсан. Би Ө рүү чулуу шидээгүй. Одоо миний гар үеэрээ нугалрахгүй, хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Иймд олох байсан 2 сарын орлого 2.000.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал буюу хагалгааны зардал 2.000.000 төгрөг нэхэмжилнэ. Өнөөдөр 50.000 төгрөг хүлээн авсан. Автомашины эвдрэлийг даатгалын байгууллагаас төлсөн тул энэ хүнээс нэхэмжлэхгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1808 0419 81390 дугаартай хэргээс:

1. Хохирогч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн үед эхнэр Г.Огийн хамт өөрийн хувийн . улсын дугаартай “ниссан караван” загварын автомашинтай Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо, Алтайн  дугаар гудамжинд явж байхад зам үерийн ус урсаад шуудуу гарсан байсан. Түүгээр гарах гэтэл машины хойд талын дугуй хий эргээд арын машин руу шороо үсэргэсэн. Тэгтэл ард зогсож байсан . улсын дугаартай “тоёота приус 10” машины жолооч залуу машинаасаа бууж ирээд манай машины хаалгыг онгойлгоод намайг татаж буулгаад “чи машинаа барьж чадахгүй хий эргүүлж шороо үсэргэлээ” гээд миний толгой руу гараараа 2-3 удаа цохиод зүүн талын гуя руу хөлөөрөө өшиглөсөн. ...Тэр залууд хандан “та нар надтай зодолдоод хэрэггүй, зодолдох юм бол та нарыг зодчихно” гэж хэлээд хоёр тал руу нь сэгсрээд цааш нь түлхэж холдуулаад “чи миний гарыг дийлэхгүй байгаа биз дээ” гэж хэлэхэд д тэр залуу “тэгвэл би машиныг чинь эвдэнэ” гээд газраас том чулуу аваад миний машины баруун хойд талын карбоныг цохиод хонхойлгочихоор нь би тэр залууг барьж аваад “цагдаа дуудна” гэхэд нөгөө залуугаа “машин аваад зугт” гэж хэлээд миний баруун гарыг мушгиж тавиулаад зугтаад явсан. Тэгээд би араас нь хөөх гээд машиндаа суугаад гараа хартал баруун гарын эрхий хуруу хугараад тахийсан байхаар нь цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдөл гаргасан. Би тэр залууг цохиж зодоогүй. Намайг заамдаад авахаар нь адилхан заамдаж аваад түлхсэн. Дүүргийнхээ эмнэлгээр эмчилгээ хийлгэсэн, зардал мөнгө гараагүй. Одоо ажилгүй 2 сар гэртээ байна. Ажил хийгээгүй 2 сарын цалин болох 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оронж” халуун усны газрыг ажиллуулдаг. Эндээс сард 1.000.000 гаран төгрөгийн ашиг олж банкны мөнгө төлдөг. Эмчилгээний холбогдолтой баримтаар 100.000 төгрөгийн зардал гарсан. Мөн машин засуулахад 450.000 төгрөг болсон. Нийт 560.000 төгрөгийн зардал гарсан. ...” гэх мэдүүлэг ,

-Хохирогч Н.Бын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин өгсөн: “...Ө намайг хашаа руу шахаад хоолой бооход нь би түүнийг гарыг нь тавиулаад салсан. Тэгээд Өд хандан “чи ахынхаа гарыг дийлэхгүй” гээд түүнийг цааш нь түлхэж өөрөөсөө холдуулахад “тэгвэл чи машиныг чинь эвдэлнэ” гээд газраас том чулуу аваад миний машины баруун талын хойд кырло руу чулуу барьсан гараараа цохихоор нь би очоод барьж авахад чулуугаа хаяад намайг тэвэрч авсан. Би тэр үед Өг зугтаалгахгүй гээд энгэрээс нь заамдаад бариад авахад миний гарыг мушгиж тавиулчихаад зугтаад явчихсан. Би машиндаа суугаад жолооны хүрд дээрээ гараа тавиад хартал миний баруун гарын эрхий хуруу хугарчихсан байхаар нь Гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлсэн. ...Би машиныхаа хохирлыг Ард даатгалаас гаргуулж авсан. Харин ажил хөдөлмөр алдагдаж 2 сар гэртээ суусан, хоёр сар ажил хийж чадаагүй учраас 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Надад эмчилгээ хийлгэсэн эмчилгээний баримт байхгүй. Би эрүүл байсан бол зүгээр ажлаа хийгээд банкны мөнгөө цаг тухайд нь төлөх байсан. Энэ асуудлаас болж хоёр сал ажлаа хийж чадсангүй. ...гэх мэдүүлэг ,

2. Гэрч Г.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нөхөр Бын хамт 1 дүгээр хорооллын арын гэр хорооллын замаар явж байгаад үерийн ус орсон жалгаар гарах гэж байтал манай машины дугуй хий эргээд арын дугуй хөндийрөөд гарахгүй байсан. Энэ үед арын машинаас нэг залуу бууж ирээд жолооч талын хаалгыг онгойлгоод “машин руу чулуу шидлээ” гээд уурласан. Манай нөхөр “юун чулуу шидэх, машин хий эргээд гарахгүй байна” гэж хэлтэл тэр залуу манай нөхрийг шууд заамдаад чирч машинаас буулгасан. Тэгэхээр нь би “хөөе чи машин тэрэг унтраалгаж арааг нь салгуулаач” гэхэд манай нөхрийг машинаас чирч буулгаад балбаад эхэлсэн. Тэр залуу манай нөхрөөс том өндөр хүн байсан болохоор манай нөхрийг биедээ хүргүүлэхгүй толгой руу нь цохиод байсан. Би энэ үед машинаас бууж очоод нөхрөө өмөөрөөд нөгөө залуугийн гараас нь таттал миний нүүр рүү алгадах маягтай түлхээд газар унагаасан. Намайг газар унасан үед миний дээрээс хэвлий орчимд хөлөөрөө тийрсэн. Энэ үед манай нөхөр “чи одоо эмэгтэй хүн цохиод арчаагүй хулгайч вэ” гэж хэлсэн. Би машины хажууд хараад зогсож байсан эхнэрт нь хандан “нөхрөө аваач ээ, танай нөхөр хүн аллаа шүү дээ” гэж хэлсэн. ...машин руугаа орох гээд зугтаатал манай нөхөр явуулахгүй гээд машиных нь урд зогсоод “цагдаа иртэл байж бай” гэж хэлтэл нөгөө залуу өөрөө манай нөхрийг барьж аваад машинаасаа холдуулсан. ...манай нөхрийн гарыг мулт татаад тэр залуу газраас нэг том чулуу аваад манай машин руу шидэж зорчигч талын арын цонхны доод хэсэгт онож хонхойлгож хаячихаад явганаар гудамж өгсөөд гүйгээд алга болсон. ...Манай нөхрийг гараараа толгой орчимд нь цохиод байсан. Мөн гарыг нь бариад хойш нь дараад байсан. Тэр үед манай нөхөр баруун гарынхаа эрхий хурууг хугалсан юм билээ. Зүүн талын шанаа нь улайж хавдсан байсан. Толгой нь дүүрч өвдөөд байсан. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун гарын эрхий хуруу нь хугарсан байсан. Хоёр хоногийн дараа манай нөхрийн 2 нүд нь улайсан байсан. ...” гэх мэдүүлэг ,

3. Шүүгдэгч Т.Өгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 29- ний өдөр яллагдагчаар өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр . улсын дугаартай “приус-10” автомашинтай эхнэр Энхтуяа, хүүхдийн хамт замын цагдаагийн хэлтсийн баруун талын замаар өгсөөд 31 дүгээр хороо, Алтайн 2 дугаар гудамжны шороон замаар явж байхад миний урд “Ниссан караван” . улсын дугаартай цагаан өнгөтэй микро автобус шиг хэлбэртэй автомашин явж байгаад гэнэт зогсчихоор нь ард нь тулж очоод хойшоогоо ухраад 10 орчим метрийн зайд очоод зогссон. Уг машин урагшаагаа явахад нь хойд дугуйнаас нь бетоны хагархай үсэрч миний автомашины копуд болон дээвэр дээр үсэрч хонхойлгохоор нь би машинаасаа бууж тэр машины жолооч Б дээр очоод “та яаж яваад байгаа юм бэ, таны автомашины дугуйнаас юм үсрээд машин хонхойлгочихлоо, хүн аллаа шүү дээ ” гэхэд Б “би ямар тэгсэн юм уу” гэхээр нт “та буугаад хараач” гэхэд Б дахиад хөдлөх гэхээр нь “та битгий машинаа хөдлөгө, чулуу дахид үсэрнэ, та буугаад ир” гэхэд бууж ирэхгүй байхаар нь татаад машинаас нь буулгачихсан юм. Тэр ах бууж ирээд “би ямар чулуу шидсэн юм уу, хохь чинь” гээд байхаар нь “та байж бай, цагдаа дуудна” гэхэд Б “чи ямар овоо бацаан бэ, хүн машинаас татаж буулгадаг хэн бэ” гээд над руу дайраад байхаар нь эхнэртээ хандан “цагдаа дууд” гэхэд Бтай хамт явж байсан настай эмэгтэй машинаасаа бууж ирээд “би цагдаа дуудчихсан” гэж хэлсэн. Тэгээд би машиныхаа хажууд зогсож байхад Б над руу “чи яасан овоо бацаан бэ, чи миний хоёр гарыг дийлэхгүй шүү” гээд над руу дайраад толгой руу цохиод авахаар нь "та яаж байгаа юм бэ, настай хүн байж яаж байгаа юм бэ“ гэхэд цаанаас эхнэр нь хүрч ирээд миний нүүрийг маажихаар нь “та одоо холдооч” гээд түлхээд Бын гарыг бариад хашаа руу шахаад зогсож байхад нэг танихгүй залуу “хүүхэд чинь уйлаад байна шүү дээ” гээд тэврээд хүрээд ирэхэд манай эхнэр хүүхдээ аваад тэр залууд хандан “энэ хоёрыг зодолдуулмааргүй байна, салгаад өгөөч” гээд гуйсан байсан. Тэгээд тэр залуу бид хоёрын дундуур орж салгасан. Тэгээд би эхнэр, хүүхдээ аваад машиндаа суугаад явах гэтэл Б чулуу аваад манай автомашины урд гарч ирээд эхнэр хүүхэд сууж байсан талын хаалгыг татсан. Тухайн үед би машиныхаа хаалгыг цоожилчихсон байсан. Тэгээд явах гэтэл Б машины копуд нь дээр суучхаад явуулахгүй байхаар нь эхнэртээ хандан “чи хүүхдээ энэ газраас аваад холд, айгаад уйлаад байна, би энэ хүнтэй хэл амаа олоод араас чинь очъё, цагдаа сэргийлэх ирж байгаа байх” гээд машинаас буугаад Б дээр очиход гартаа барьсан чулуугаа над руу шидсэн. Гэхдээ чулуу нь намайг оноогүй. Тэгтэл дахиад газраас чулуу аваад хүрээд ирэхээр нь би чулуутай гарыг нь бариад машинаасаа холдуулаад чулууг нь авсан. ...Би Бын баруун гар дахь чулууг нь салгасан. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй маргахгүй. Гэхдээ Бын баруун гарын гэмтлийг би учруулаагүй. ... гэх мэдүүлэг ,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11243 дугаар дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэгт: Баруун гар эрхий хуруунаас шууны дунд хэсэг хүрсэн гөлтгөнөн аравч чигтэй. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны хүлээн авахын эмчийн үзлэгт: онош баруун гарын нэгдүгээр хурууны хоёрдугаар шивнүүрийн далд хугарал, тархи доргилт гэжээ. 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн баруун сарвууны 2 байрлалын рентген зурагт /СД-1ш/ эрхий хурууны хоёрдугаар шивнүүр дунд хэсгээр ташуу хугарсан бага зэргийн зөрүүтэй харагдана. ДҮГНЭЛТ: 1. Н.Бын биед баруун гарын эрхий хурууны 2 дугаар шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй. /Шинжээч О.Болороо/ ...” гэсэн дүгнэлт ,

5. Шинжээч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “...Иргэн Н.Бын биед учирсан хүндэвтэр гэмтэл нь хүний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна, тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх, дарах, мушгих, мохоо зүйлээр цохих, хуруугаар газар дарж унахад үүснэ. Н.Бын биед баруун гарын эрхий хуруу хугарснаас өөр гэмтэл бэртэл байхгүй. ...” гэх мэдүүлэг ,

6. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хохирогч Н.Бын осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн хуудас , “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн “Ниссан караван” загварын . улсын дугаартай автомашины эвдрэлийг 355.500 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан, гэрэл зураг , хохирогч Н.Бын хохирол нэхэмжилсэн баримт ,

7. Рентген зураг бүхий CD эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол , тус рентген бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл ,

8. Шүүгдэгч Т.Өгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Сонгинохайрхан дүүргийн  дүгээр хороо, Алтайн  дүгээр гудамжны  тоотод оршин суудаг тухай хорооны тодорхойлолт , Т.Өгийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа , түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтгүй тухай авто тээврийн үндэсний төвийн лавлагаа , мөн өмчлөлд нь бүртгэлтэй эд хөрөнгө мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай эд хөрөнгийн лавлагаа , Т.Өгийн Хаан банкинд эзэмшдэг депозит дансны хуулга , “Х” ХХК-ний тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно. Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Т.Ө нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, үзлэгийн баримт зэргээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гээс шүүгдэгч Т.Ө нь хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. Шүүгдэгч Т.Ө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргаж байсан боловч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно. Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал. Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Өд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1.Гэм буруугийн талаар. 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цагийн үед Т.Ө нь . улсын дугаартай “тоёота приус-10” загварын автомашиныг, Н.Б нь . улсын дугаартай “ниссан караван” загварын автомашиныг тус тус жолоодон Сонгинохайрхан дүүгийн 31 дүгээр хороо Алтайн 2 дугаар гудамжинд явж байх үедээ шүүгдэгч Т.Ө нь хохирогч Н.Быг машин руу нь “чулуу үсэргэлээ” гэх шалтгаанаар түүнийг машинаас нь татаж буулгаж улмаар хэрүүл маргаан үүсгэн, Н.Бын гарыг мушгиж, эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хурууны 2 дугаар шивнүүрийн далд хугарал бүхий бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь: - Хохирогч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн үед эхнэр Г.Огийн хамт өөрийн хувийн . улсын дугаартай “ниссан караван” автомашинтай явж байхад зам үерийн усанд урсаад шуудуу гарсан байсан. Түүгээр гарах гэтэл машины хойд талын дугуй хий эргээд арын машин руу шороо үсэргэсэн. Тэгтэл ард зогсож байсан . улсын дугаартай “тоёота приус-10” машины жолооч залуу машинаасаа бууж ирээд манай машины хаалгыг онгойлгоод намайг татаж буулгаад “чи машинаа барьж чадахгүй хий эрүүлж шороо үсэргэлээ” гээд миний толгой руу гараараа 2-3 удаа цохиод зүүн талын гуя руу хөлөөрөө өшиглөсөн. ...тэр залуу “би машиныг чинь эвдэнэ” гээд газраас том чулуу аваад миний машины баруун хойд талын кырло цохиод хонхойлгочихоор нь би тэр залууг барьж аваад “цагдаа дуудна” гэхэд ...миний баруун гарыг мушгиж тавиулаад зугтаад явсан. Тэгээд би араас нь хөөх гээд машиндаа суугаад гараа хартал баруун гарын эрхий хуруу хугараад тахийсан байсан. ...” гэх мэдүүлэг , мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/, - Гэрч Г.Огийн мөрдөн ажиллагаанд өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нөхөр Бын хамт 1 дүгээр хорооллын арын гэр хорооллын замаар явж байгаад үерийн ус орсон жалгаар гарах гэж байтал манай машины дугуй хий эргээд арын дугуй хөндийрөөд гарахгүй байсан. Энэ үед арын машинаас нэг залуу бууж ирээд жолооч талын хаалгыг онгойлгоод “машин руу чулуу шидлээ” гээд уурласан. Манай нөхөр “юун чулуу шидэх машин хий эргээд гарахгүй байна” гэж хэлтэл тэр залуу манай нөхрийг шууд заамдаад чирч машинаас буулгасан. ...манай нөхрийг биедээ хүргүүлэхгүй толгой руу нь цохиод байсан. ...Мөн гарыг нь бариад хойш нь дараад байсан. ...Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун гарын эрхий хуруу нь хугарсан байсан. ...” гэх мэдүүлэг , - Т.Өгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэр рүүгээ харих гээд . улсын дугаартай “приус-10” маркийн автомашинтай ...шороон замаар явж байхад миний урд “Ниссан караван” . улсын дугаартай цагаан өнгөтэй ...автомашин явж байгаад гэнэт зогсохоор нь ард нь тулж очоод хойшоогоо ухраад 10 орчим метрийн зайд зогссон. Уг машин урагшаагаа явахад нь хойд дугуйнаас нь бетоны хагархай үсэрч миний автомашины копуд болон дээвэр дээр үсэрч хонхойлгохоор нь би машинаасаа бууж Б дээр очоод “та яаж яваад байгаа юм бэ, таны автомашины дугуйнаас юм үсрээд машин хонхойлгочихлоо, хүн аллаа шүү дээ ” гэхэд Б “би ямар тэгсэн юм уу” гэсэн. ... “та буугаад хараач” гэхэд Б дахиад хөдлөх гэхээр нь “та битгий машинаа хөдлөг, чулуу дахид үсэрнэ, та буугаад ир” гэхэд бууж ирэхгүй байхаар нь татаад машинаас буулгачихсан юм. ...Б “чи ямар овоо бацаан бэ, хүн машинаас татаж буулгадаг хэн бэ” гээд над руу дайрсан. ...толгой руу цохиод авахаар нь "та яаж байгаа юм бэ, настай хүн байж яаж байгаа юм бэ“ гэхэд цаанаас эхнэр нь хүрч ирээд миний нүүрийг маажихаар нь “та одоо холдооч” гээд түлхээд Бын гарыг бариад хашаа руу шахаад зогссон. ..Б ...гартаа барьсан чулуугаа над руу шидсэн. ...дахиад газраас чулуу аваад хүрээд ирэхээр нь би чулуутай гарыг нь бариад машинаасаа холдуулаад чулууг нь авсан. ...Би Бын баруун гар дахь чулууг нь салгасан.... гэх мэдүүлэг , мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/, - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11243 дугаартай дүгнэлт , “...шинжээч О.Бийн “...Иргэн Н.Бын биед учирсан хүндэвтэр гэмтэл нь ...шинэ гэмтэл ба тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. ...” гэх мэдүүлэг , Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн хуудас , Рентген зураг бүхий CD эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол , тус рентген бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Т.Ө нь шууд бус санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан байна. Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Т.Ө, хохирогч Н.Б нарын зүй бус харьцаа, нийтийн эзэмшлийн замд хөдөлгөөнд оролцохдоо бие биенээ хүндлээгүй байдал зэрэг нь нөлөөлсөн байна. Шүүгдэгч Т.Өгийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, Т.Өг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. Улсын яллагчаас шүүгдэгч Т.Ө нь хохирогч Н.Бд 5.800 төгрөгтөлбөртэй байна, хохирогч 2 сар гаруй хугацаанд ажлаа хийгээгүй, цаашид гарах хагалгааны зардлыг нэхэмжилнэ гэснийг тогтоолд нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх гэсэн саналыг гаргасан, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гээс шүүгдэгч Т.Өгийн нэр дээр бүртгэлтэй хөрөнгө байхгүй, Улаанбаатар хотод эрхэлсэн ажилгүй тул хохирогчийн цаашид гарах зардлыг төлөх боломжгүй гэдгээ илэрхийлж байгаа, мөн хохирогч нь нэхэмжилж буй зардлынхаа эх үүсвэрийг зааж чадахгүй байна гэсэн саналыг, Хохирогчийн өмгөөлөгч Ц.Ааас “...шүүгдэгч Т.Ө нь цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхгүй гэж байгаагаар гэм буруудаа дүгнэлт хийгээгүй байгаа нь харагдаж байна...” гэсэн саналыг тус тус гаргаж, талууд мэтгэлцсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” талаар Иргэний хуульд заасан тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын зардлыг хариуцан арилгах үүрэгтэй юм. Тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирч хохирогч эмийн зардал 32.800 төгрөгийн болон шүүх эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн төлбөр 8000 төгрөгийн, нийт 40.800 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Мөн хохирогч Н.Бын эзэмшлийн “Ниссан караван” загварын . улсын дугаартай автомашины эвдрэлийн зардлыг 355.500 төгрөгөөр тогтоосон үнэлгээ хэрэгт авагдсан байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Ө нь хохирогч Н.Бд 50.000 төгрөг нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч Н.Бас шүүх хуралдаанд мэдүүлэхдээ автомашины эвдрэл хохирлын төлбөрийг даатгалын байгууллагаас авсан тул 355.500 төгрөгийг нэхэмжлэхгүй, харин 2 сарын хугацаанд гэмтлийн улмаас ажлаа хийгээгүй тул олох байсан орлого 2.000.000 төгрөг, цаашид хагалгаанд орох зардал 2.000.000 төгрөгийг зэргийг нэхэмжилж байх боловч энэ талаар хэрэгт ирүүлсэн нотлох баримтгүй тул энэ тогтоолоор хамт шийдвэрлэх боломжгүй байна. Иймээс хохирогч Н.Б нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдаж, энэ тогтоолоор шүүгдэгч Т.Ө нь хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

3.Эрүүгийн хариуцлагын талаар. Шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгч Т.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гээс шүүгдэгч Т.Ө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзнэ үү гэсэн дүгнэлтийг, Хохирогчийн өмгөөлөгч Ц.Ааас “... хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч зүй бус үйлдэл гаргасан гэдэг нь тогтоогдоогүй. Үерийн далантай зам дээр машин нь эргээд чулуу үсэрсэн нь хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэхэд эргэлзээтэй байна” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгч Т.Ө нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ. Шүүхээс шүүгдэгч Т.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь тогтсон ажил эрхэлдэг, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

4. Бусад асуудлын талаар. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Өд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдаж, хэрэгт хураагдаж ирүүлсэн нэг ширхэг CD-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Тын Өг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ө нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хууль заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн CD-г тус хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй. 5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Ө нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Н.Бд энэ тогтоолоор төлөх төлбөргүйг дурдсугай.

6. Хохирогч Н.Б нь тус гэмт хэргийн улмаас учирсан гэх олох байсан орлого болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, Т.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА