Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ426

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Д.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Э.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Год холбогдох эрүүгийн 1711 00000 0037 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 2 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүрэг 13 дугаар хороо, Рашаантын 13 дугаар гудамж, 813 тоотод оршин суух хаягтай, урьд 2015 оны 9 сарын 29-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1162 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 сарын 06-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 229 дугаартай захирамжаар Анханы ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 01 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлэгдсэн,

2016 оны 9 сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, хугацаа дуусч суллагдасан,

2017 оны 4 сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 140 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 7 сард

хуулийн тэгштгэлээр суллагдаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай 

Шүүгдэгч Э.Г /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2017 оны 8 сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Содон гутлын ертөнц” дэлгүүрийн 3 давхарын 6 номерын Д.Любагийн түрээслэн ажилладаг лангуунаас 2 ширхэг богино годон гутал хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Гоос мөрдөн байцаалтанд мэдүүлсэн. ..2017 оны 8 сарын 14-ний орой нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчим гадаа хоносон. Тэгээд 2017 оны 8 сарын 15-ны өглөө 8 цаг өнгөрч байхад сэрээд хоол олж идэх санаатай Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төв орсон. Тэр хавиар жоохон алхаж байгаад Бөмбөгөр худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн талд нь байдаг Бөмбөгөр Содон гутлын дэлгүүр ороод 3 давхарт нь гараад алхаад явж байсан чинь хүн байхгүй хаалттай лангуу байсан. Тэр хавиар хүн харсан чинь байхгүй болохоор нь лангуун доогуур шургаад ороход гутлын лангуу байсан. Тэгээд би гуталнууд дотроос ил байсан 2 ширхэг богино годон гутлыг аваад цагаан өнгийн даавуун уутанд хийгээд аваад буцаад доогуур нь шургаад гарсан. Ингээд шууд Бөмбөгөр худалдааны төв дотор ороод хүмүүсээс гутал авах уу гээд асуугаад явж байгаад хиамны лангуун дээр худалдаа хийж байсан 40 орчим насны эмэгтэй дээр очоод гутал авах уу гээд асуусан чинь үзье гэхээр нь үзүүлсэн. Ингээд гутлыг харж байгаад авъя хэд юм бэ гэж асуухаар нь 50.000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд доошоо өгчих гэхээр нь 35.000 мянгаар зарсан. Нөгөө гутлыг нь хажууд нь хиам зарж байсан эмэгтэйд 30.000 төгрөгөөр зарсан. Тэндээс гараад мөнгөөр хоолонд орчихоод Баянхошуу ороод тэнд байдаг худалдааны төвөөс дотуур цамц авч өмссөн. Үлдэгдэл мөнгөөр нь хоолонд ороод өөртөө зарцуулаад дууссан.. гэсэн мэдүүлэг /хх-52-57/

 

Шүүгдэгч Э.Гоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Д.Любагаас мөрдөн байцаалтанд мэдүүлсэн: ..2017 оны 8 сарын 15-ны өглөө ажилдаа 11 цаг өнгөрч байхад ирсэн лангууны хаалга бага зэрэг хөшигдсөн байхаар нь нэг их юм бодолгүй яваад орсон. Ороод сууж байсан чинь гуталнууд дутуу юм шиг санагдаад бүртгэж үзэхэд 2 хос богино түрийтэй гутал алга болсон байсан.. миний хувьд алсдсан зүйлсээ буцааж эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан. Ямар нэгэн шомдол санал байхгүй. гэсэн мэдүүлэг /хх 14-19/

 

Гэрч Б.А мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..Би Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн хүнсний хэсэгт хиам махан бүтээгдэхүүн зарж борлуулдаг “Б” зааланд зогсдог юм. 2017 оны 8 сарын 15-ны өглөө байх 9 цагт ажил дээрээ ирээд лангуугаа нээгээд байж байхад, 20 орчим насны залуу орж ирээд хоёр ширхэг гутал барьсан авах уу гэхээр нь би нэг гутлыг нь аваад өмсөж үзсэн чинь надад таарахгүй 35 размерийн гутал байсан. Ингээд надад таарахгүй учраас охиндоо авъя гэж бодоод үнийг нь асуусан чинь 35.000 төгрөг гэсэн. Тэгээд би өглөө эрт онгойж байсан учраас мөнгө байхгүй байсан. Жоохон байж байгаад мөнгийг нь өгье гэж хэлээд нөгөө залууг явуулсан. Тэгээд нөгөө залуу 30 орчим минутын дараа ирэхээр нь эхлээд 10.000 төгрөг өгөөд явуулсан. Дахиад нилээд удаж байгаад ирэхээр нь үлдэгдэл 20.000 төгрөгийг нь өгөөд явуулсан.. гэсэн мэдүүлэг /хх 27-28/

Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоод өгсөн мэдүүлэгт: Ямар нэгэн ãомдол санал байхгүй, 30.000 төгрөгөө нэхэмжлэхгүй. /хх 19-22/

 

Гэрч Ч.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн: ..2017 оны 8 сарын 15-ны өдөр байх ажил дээрээ ирээд байж байхад 9 цаг өнгөрч байхад 20 орчим насны хүүхэд хүмүүст гутал үзүүлээд яваад байсан. Ингээд үзүүлж явж байгаад манай хажуу лангууны хүн өмсөж үзээд таарахгүй байсан чин,ь эгчээ танд таарах нь уу өмсөөд үзээдэх гэхээр нь би өмсөж үзсэн чинь таарсан. Ингээд хэдэн төгрөг юм бэ гээд асуухад 35.000 төгрөг гэхээр нь худалдаж авсан ..гэсэн мэдүүлэг /хх 29-30/

 

Гэрч Ч.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Ямар нэгэн номдол санал байхгүй, 35.000 төгрөгөө нэхэмжлэхгүй. /хх 23-26/

 

Шүүгдэгч Э.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 57/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 74/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 75-78, 80-86/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлийг хүлээн авсан тэмдэглэл, /хх 4/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх 34-36/, эд зүйлийн үнэлгээ /хх 38-39/ бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан дээрхи нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчээс яллагдагчаар татагдаад өгсөн мэдүүлэг үнэн зөв талаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Э.Г нь 2017 оны 8 сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Содон гутлын ертөнц” дэлгүүрийн 3 давхар, 6 номер хохирогч Д.Любагийн түрээслэн ажилладаг лангууны хаалга, хаалтыг нь татаж, завсраар нь шурган орж 2 ширхэг, 700.000 төгрөгийн үнэ бүхий богино годон гуталыг авч, бусад зарж борлуулсан болох нь тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Гыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Л нь хулгайд алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээж авсан гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч Б.Алтанцэцэг, Ч.Батсүх нар мөн нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Э.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Г нь өмнө 3 удаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж, ялыг эдлэж дууссан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар үйлдсэн хэрэг нь нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ялын хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Г нь шүүх хуралдаан болохоос өмнө 47 хоног цагдан хоригдсон байх тул дээрхи хугацааг эдлэх ялд оруулан тооцов.

 

Шүүгдэгч Э.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Э.Гыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Год оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гын цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Год урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАЯР