| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2019/0827/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/832 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/832
2019 11 01 2019/ШЦТ/832
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,
Улсын яллагч: Э.Бадрал,
Шүүгдэгч: А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын газрын прокуорор Э.Бадрал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г-д холбогдох эрүүгийн 1811 0212 30790 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйч мэргэжилтэй, Содон .......... ХХК-д туслах ажилтан, ам бүл 6, эхнэр болон дүү нарын хамт
Холбогдсон хэргийн талаар:
А.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Төв шуудан” орчим Турк улсын иргэн хохирогч Сийн цүнхнээс хэтэвчтэй бэлэн 500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “би өмнөх гэрчийн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Болж өнгөрсөн зүйлийн талаар үнэн зөв мэдүүлсэн байгаа. ...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/,
Хохирогч Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 14:50 минутын орчимд Чингэлтэй дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах …... элчин сайдын яамны урдуур зүүнээс баруун чиглэлд явж байхад үл таних охин цүнх чинь онгойсон байна гэхээр нь үүрч явсан үүргэвчээ шалгаад үзэхэд үүргэвчний цахилгаан нээлттэй байсан учраас доторх эд зүйлийг нь шалгаад үзэхэд хэтэвч байхгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11-р хуудас/,
Эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл: “20.000 төгрөгийн дэвсгэрт 24 ширхэг буюу 480.000 төгрөг, 5000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг буюу 20.000 төгрөг нийт 500.000 төгрөгийг хүлээн авч хохирогчид хүлээлгэн өгөв” /хавтаст хэргийн 28-р хуудас/,
Шүүгдэгч А.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт найздаа цүнхтэй хувцасыг нь өгчихөөд эргээд мэргэжилтний 20 орохоор төв шуудан өнгөрөөд явж байхад миний урд гадаадын иргэний үүр явсан жижиг үүргэвч онгойчихсон дотроос нь улаан хүрэн өнгийн хэтэвч цухуйж байхаар нь аваад дотор нь байсан бэлэн мөнгийг аваад өөрөөс нь түрүүлээд алхаж байгаад хэтэвчинд байгаа эд зүйлийг үзэхэд дотор бэлэн мөнгө мөн бичиг баримт байсан учраас мөнгийг нь аваад эргээд харах үед нөгөө гадаад эмэгтэй цүнхээ үзээд зогсож байхаар нь хэтэвчийг нь өгчихөөд эргээд мэргэжилтний 20-н автобусны буудал руу гүйчихсэн. Тухайн эмэгтэй миний араас дуудсан, гүйсэн зүйл байхгүй. Гайхаад үлдэх шиг болсон. Тэгээд би цэцэг төвийн уулзвар гараад авсан мөнгө тоолоод үзэхэд 500000 төгрөг байсан. Ингээд би автобусанд суугаад гэртээ харихаар 1 дүгээр хороололд явж байхад миний 8890…... дугаарын утсанд танихгүй дугаараас дуудлага ирээд Чингэлтэй дүүргийн цагдаагаас Ууганбат байна төв шуудангийн урдаас хэтэвч алдагдсан байна чамтай уулзах хэрэгтэй байна гэхээр нь баригдсанаа мэдээд өөрөө ирж уулзаад хэтэвчнээс авсан мөнгөө буюу 500.000 төгрөгийг авчирч өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/,
Шүүгдэгч А.Г-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 24-25-р хуудас/,
Шүүгдэгч А.Г-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч А.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Төв шуудан” орчим Турк улсын иргэн хохирогч Сийн цүнхнээс хэтэвчтэй бэлэн 500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Сийн гэрчээр болон хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч А.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Г-н үйлдэл нь Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. А.Г нь бусдын эд хөрөнгө болох 500.000 төгрөгийг хохирогч Сийн цүнхнээс хэтэвчтэй нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь үйлдлийн аргын хувьд хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх ба гэм буруугийн хувьд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн буюу шүүгдэгчийн хувьд тухайн гэмт хэргийг шунахайн сэдлээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор өөрийн үйлдлийн улмаас учирах хор уршгийг мэдсээр байж зориуд хүсэж үйлдсэн байна.
Прокуророос А.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Г-н үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад нийт 500.000 төгрөгийн хохирол учирсныг бүрэн төлж барагдуулсан болох нь эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Г нь бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:
Шүүгдэгч А.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлсөн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч А.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч А.Г нь хөнгөн гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч А.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг шүүгдэгч А.Г-д сануулсугай.
4.Шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдусугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Г-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР