Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1028

 

2020        12          18                                 2020/ШЦТ/1028                                                

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2020/0928/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч П.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2009022081138 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1999 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот, .........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Б.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 8 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Амарбаясгалант” зочид буудлын хашаанд байсан хохирогч Ж.Отгонжаргалын эзэмшлийн үнэ цэнэ бүхий эд зүйлсээ автомашины бүхээгт түр хадгалж, бусдын хууль бус халдлагаас сэргийлэн автомашиныхаа хаалгыг түгжиж, цонхыг нь хааж битүүмжлэн харуул хамгаалалттай зочид буудлын хашаанд үлдээж явсан байсан Ниссан Эди /Nissan Edi/ маркийн 12-74 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд буюу тусгайлан хамгаалсан агуулах саванд хууль бусаар нэвтэрч Michael Kors гэх бичиглэлтэй цагаан болон ногоон цагаан цэцэгний дүрс бүхий жижиг цүнх 2 ширхэг, MK гэх том хар цүнх 1 ширхэг, Coach гэх бичиглэлтэй ягаан оосортой бор шаргал өнгийн том гар цүнх 1 ширхэг, Coach гэх бичиглэлтэй бор шаргал өнгийн жижиг гар цүнх 1 ширхэг, Nike Air макс 270 загварын хар өнгийн пүүз нэг хос, Kate Spade брэндийн 2 ширхэг хэтэвч La Baume нэртэй дарс 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд бүх үнэнээ хэлсэн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс:

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл, CD, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-16 тал/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-26 тал/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний: “...эд зүйлийн үнэлгээ, нийт 1.586.000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 28-29 тал/,

Хохирогч Ж.Отгонжаргалын өгсөн: "...Би 2020 оны 8 дугаар сарын 14-ний орой Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Амарбаясгалант зочид буудалд хоолонд орсон бөгөөд тухайн үед өөрийн эзэмшлийн Ниссан Эди /Nissan Edi/ маркийн 12-74 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслээ орхиод ойролцоогоор 22 цаг өнгөрч байх үед эхнэрийнхээ хамт такси бариад гэртээ хүргүүлсэн бөгөөд энэ үед машиныхаа түлхүүрийг тухайн таксинд унагаасан байсан. Маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 15-ны өглөө гэрээсээ гараад машинаа авах гэж очиход миний машины түлхүүр надад байгаагүй болохоор түлхүүрээ хаясан байна гэж бодоод түлхүүр олшруулдаг дуудлагын хүн дуудаж машинаа онгойлгуулж түлхүүрээ хувилуулсан. Гэтэл машины арын суудал дээр тавьсан хайрцагтай Америкаас захиалж авчруулсан бараа бүтээгдэхүүн алга болсон байсан. Тэгэхээр нь би Амарбаясгалант зочид буудлын камерыг шүүлгэж үзэхэд өглөө үүрээр 05 цаг 13 минутын орчим орчимд Приус-20 маркийн саарал өнгийн машинтай хүн ирээд машин дотроос удирдлагыг нь дарж онгойлгож үзчихээд машинаа цааш нь тойруулж тавиад буцаж явган ирээд миний машин дотроос хайрцагтай эд зүйлийг авч явж байгаа нь бичигдсэн байсан ...Michael Kors гэх бичиглэлтэй цагаан, ногоон цагаан цэцэгний дүрс бүхий жижиг цүнх 2 ширхэг, МК гэх том хар цүнх 1 ширхэг, Coach гэх бичиглэлтэй ягаан оосортой бор шаргал өнгийн том гар цүнх 1 ширхэг, Coach гэх бичиглэлтэй бор шаргал өнгийн жижиг гар цүнх 1 ширхэг, Nike Air макс 270 загварын хар өнгийн пүүз 1 хос, Kate Spade брэндийн 2 ширхэг хэтэвч, La Baume нэртэй дарс 1 ширхэг зэрэг эд зүйл алга болсон байсан ... Би эдгээр эд зүйлсээс Kate Spade брэндийн жижиг 144,000 төгрөгийн үнэтэй түрийвч, Nike Air макс 270 загварын хар өнгийн шинэ пүүз зэргийг буцааж аваагүй бусад эд зүйлийг хүлээн авсан ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,

Гэрч Б.Жавхлангийн өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 14-ний орой 20 цаг өнгөрч байх үед өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн цагаан өнгийн 16-89 УНЯ Улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй таксинд явсан. Сүхбаатар дүүрэгт буюу яаралтай тусламжийн 103-ийн цаад талын уулзвараас эрэгтэй, эмэгтэй 2 хүн авсан. Эрэгтэй нь нэлээн согтуу байсан бөгөөд эмэгтэй нь эрүүл байсан. Ингээд эдгээр хүмүүс цэцэрлэгт хүрээлэнгийн урд буусан. Тэгээд би хүмүүсээ буулгаад ямар нэг хүн аваагүй явж байгаад 3 дугаар хороололд  хувиараа  такси  үйлчилгээнд  явдаг Б.Б гэх залуутай таасан бөгөөд Б.Б тухайн үед хүний машинтай таксинд явж байна гээд Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан. Надаас Б.Б гадуур хүн хэр их байна гэхэд нь би 103-ийн цаад уулзвараас 2 хүн л авлаа гээд ярьж байгаад хойд талын хаалгаа онгойлгоод суудлынхаа бүтээлгийг янзлах гэж байхад суудал дээр Ниссан гэсэн бичигтэй хар өнгийн машины түлхүүр байсан ба Б.Б миний хажууд хараад зогсож байснаа надаас   би  наад   түлхүүрийг   чинь   авчихъя    гээд  авсан. Тэгээд  би  тэндээс  Б.Б-с салаад таксиндаа явсан ...Надтай Б.Б 2020 оны 08 дугаар сарын 17-ны үед таарсан бөгөөд тухайн үед шинэ пүүз өмсчихсөн явж байхаар нь би шинэ пүүз авсан юм уу гэхэд надад чиний машинаас олсон түлхүүрээр 103-ын орчимд очиж байгаад машиныг олоод түлхүүрээр нь онгойлгоод машин дотроос нь энэ пүүзийг аваад өмссөн гэж хэлсэн бөгөөд өөр ямар нэг зүйл авсан талаараа хэлээгүй. Тухайн үед чи яаж байгаа юм бэ баригдана ш дээ гээд зэмлээд орхисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,

Гэрч М.Тэлмүүний өгсөн: "... 2020 оны 08 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчим манай эхнэрийн талын хамаатан Б.Б миний машиныг гуйж авч таксинд явсан. Би маргааш нь 15-ны өдрийн өглөөний 08-аас 09 цагийн хооронд машинаа авсан. Гэрт оруулж ирээд түлхүүрийг нь үлдээсэн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/,

Яллагдагч Б.Б-н өгсөн: "... Би 2020 оны 8 дугаар сарын 14-ний орой
19 цагийн үед хүргэн Тэмүүлэнгийн приус 20 маркийн 83-56 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хувиараа  такси  үйлчилгээнд явсан. Намайг 3 дугаар хорооллын Бичилийн аркны зогсоол дээр зогсож байх үед Жавхлан гэх таксинд явдаг залуу хажууд ирж зогсоод машинаасаа буугаад юм ярилцаж байх үед  машиныхаа арын хаалгыг онгойлгоод арын суудлаа янзалж байхад машины түлхүүр орхисон байсан. Тэгээд би Жавхлангаас наад түлхүүрийг чинь авья гээд авсан. Тухайн үед Жавхлан надад 103-ийн орчмоос 2 хүн аваад буулгаж өгсөн өөр хүн аваагүй гэж ярьж байсан юм. Тэгээд би Жавхлангаас салаад өөрт нь хэлэхгүйгээр 103-ийн ойр орчимд очиж түлхүүрийн удирдлага буюу чипээр машин болгон руу удирдаад явж байгаад Амарбаясгалант зочид буудлын үүдэнд байсан Ниссан Эди маркийн машин руу удирдахад машин онгойхоор нь өөрийнхөө унаж явсан машиныг цаашаа очиж тавиад буцаж машин руу ирж онгойлгоход арын суудал дээр нь хайрцагтай эд зүйл байхаар нь шууд аваад машин руугаа очоод хайрцагтай эд зүйлийг машиндаа хийгээд авч явсан. Би тэндээс шууд өөрийн гэртээ харьж хайрцагтай эд зүйлийг задалж үзэхэд дотор нь том жижиг нийлсэн 7 ширхэг шинэ цүнх, хар өнгийн шинэ пүүз, 1 ширхэг дарс зэрэг байсан. Тэгэхээр нь би маргааш нь шинэ пүүзийг нь өмсөөд 1 ширхэг жижиг түрийвчийг хүргэн Тэмүүлэнгийн машиныг өгөхдөө эгч Ануд өгсөн. Бусад эд зүйлийг хайрцаг дотор нь хийгээд гэртээ орхисон. Манай гэрийнхэн байхгүй хөдөө байгаа учир миний авчирсан хайрцагтай эд зүйлийг мэдээгүй. Ингээд 2 хоногийн дараа Жавхлантай таарч уулзахад Жавхлан шинэ пүүз авсан юм уу гэхэд нь би чиний машинаас олсон түлхүүрээр машиныг нь олж онгойлгоод дотор нь байсан пүүзийг аваад өмссөн гэдгээ хэлэхэд намайг яагаад хулгай хийж байгаа юм баригдана даа гэж хэлж байсан. Тухайн үед би өөр эд зүйлс авсан талаар Жавхланд хэлээгүй. Намайг цагдаагаас 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дуудаж мэдүүлэг авахад нь би айгаад худлаа мэдүүлэг өгсөн. Дараа нь үнэнээ хэлж гэрт байсан хайрцагтай эд зүйлийг авчирч хүлээлгэж өгсөн. Харин пүүзийг өмссөн байсан учир нөгөө хүн авахгүй гэсэн. Мөн Ану эгчид өгсөн жижиг түрийвчийг буцааж авах гэсэн хөдөө явсан учир авч чадаагүй буцааж өгөөгүй. Мөн 1 жижиг түрийвч нь Тэмүүлэн ахын машины голын хайрцганд явж байсан болохоор авч чадаагүй байж байгаад сүүлд нь дарсны хамт хүлээлгэж өгсөн. Дарсны хувьд би уучихсан байж байгаад шинээр авч өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 тал/,

М.Тэлмүүний тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 84-85 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Шүүгдэгч Б.Б нь 2020.08.15-ны өглөөний 05 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Амарбаясгалант зочид буудлын хашаанд байсан хохирогч Жовжидийн Отгонжаргалын эзэмшлийн Ниссан Эди маркийн 12-74 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд буюу тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч брэндийн цүнх, хэтэвч, спорт загварын пүүз зэрэг эд зүйлүүдийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1 586 000 /Нэг сая таван зуун наян зургаан мянга/ төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Б.Б-г тусгайлан хамгаалсан байр, агуулах хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт өгч байгаа гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Б-н хохирогчийн худалдан борлуулах зорилгоор АНУ-аас авчруулсан үнэ цэнэ бүхий эд зүйлсээ автомашиныхаа бүхээгт түр хугацаагаар хадгалж, бусдын хууль бус халдлагаас сэргийлэн автомашиныхаа хаалгыг түгжиж, цонхыг нь хааж битүүмжлэн харуул хамгаалалттай зочид буудлын хашаанд үлдээж явсныхаа дараа хохирогч Ж. Отгонжаргал нь автомашины чиптэй түлхүүрээ санамсаргүй хаясан байсныг хууль бусаар олж  автомашинд нэвтрэн  эд зүйл  хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б-г гэм буруугийн шүүх хуралдаанаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирол төлбөрт 348.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Ж.Отгонжаргалд олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс хохирол нөхөн төлөх хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан бөгөөд эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогч Ж.Отгонжаргалын эхнэрийн данс руу 348.000 төгрөгийн хохирлыг шилжүүлж, хохирогч нь шүүгдэгчид гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэдэг санал хүсэлтийг шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хэргийн болон шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан түүнд оногдуулах ялыг хуульд зааснаас хөнгөрүүлж ял оногдуулахаар шийдвэрлэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн өөр эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын    биелэлтийг   түдгэлзүүлж  тогтоол    биелэгдэх    хүртэл   шүүгдэгч    Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.БОЛДБААТАР