Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 237

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

-улсын яллагч Б.Ганбулган,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

-шүүгдэгч Г.Хосбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганзоригийн Хосбаярт холбогдох Эрүүгийн 201619000449 тоот хэргийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1993 оны 11 сарын 07-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар баг, Баянгол гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ганзоригийн Хосбаярт /РД:НБ93110714/,

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Хосбаяр нь Төв аймгийн Батсүмбэр сумын 3-р баг Баянгол гэх газарт 2016 оны 06 дугаар сарын 13 өдөр иргэн Б.Жавзанхорлоогийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Хосбаяр нь шүүхийн хэлэцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би эхнэртэйгээ эвлэрсэн. Эхнэрээсээ уучлалт гуйсан дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэв. 

 

Хохирогч Б.Жавзанхорлоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би нөхрийгөө шуудангийн унаанд суулгаад өгөө ч гэхэд чадахгүй гэхээр бид 2 маргалдсан. Одоо бид 2 эвлэрсэн тул Г.Хосбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Хохирогч Б.Жавзанхорлоо мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 06 дугаар сарын 13 өдөр өглөө 07 цагийн үед би гэртээ байж байгаад нөхөр Хосбаярыг би шугамын унаанд хүргээд өг гэж гуйсан тэгтэл Хосбаяр чадахгүй гэж хэлэхээр нь би Хосбаярыг чи зайл гэж хэлсэн тэгтэл Хосбаяр хэвтэж байснаа босож ирээд намайг орон дээр дарж аваад энгэрээс заамдаж аваад боогоод хөхрүү тохойгоороо цохичихсон юм.Тэгээд тухайн үедээ намайг хөхрүү тохойгоороо цохичихоор нь тоолгүй хаячихсан улаанбаатар хотруу явчихаад орой ирээд хүүхдээ хөхүүлэх гэтэл баруун хөх доод хэсэгтээ хөхөрчихсөн байсан маш ихээр хөндүүрлээд байсан юм.Тэгээд би тухайн үедээ гайгүй яваад байх юм байх гэж бодоод хаячихсан байсан 06 сарын 20 өдөр би Хосбаяртай дахин хэрэлдээд уурандаа цагдаад өргөдөл гаргасан юм...” гэх мэдүүлэг /хх-6-7/,

 

Шинжээчийн 304 тоот дүгнэлтэнд:

1. Б.Жавзанхорлоогын биед баруун хөх цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэх дүгнэлт,

-шүүгдэгч Г.Хосбаяр нь “урд ял шийтгэл эдлэж байгаагүй” гэх лавлагаа /хх-21/,

-шүүгдэгч Г.Хосбаярыг 2016 оны 06 дугаар сарын 30-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-15-16/, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-17/ зэргийг шинжлэн судлав.

          

Шүүгдэгч Г.Хосбаяр нь Төв аймгийн Батсүмбэр сумын 3-р баг Баянгол гэх газарт 2016 оны 06 дугаар сарын 13 өдөр иргэн Б.Жавзанхорлоогийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.Жавзанхорлоогийн “ .. Хосбаяр чадахгүй гэж хэлэхээр нь би Хосбаярыг чи зайл гэж хэлсэн тэгтэл Хосбаяр хэвтэж байснаа босож ирээд намайг орон дээр дарж аваад энгэрээс заамдаж аваад боогоод хөхрүү тохойгоороо цохичихсон юм...” гэх мэдүүлэг, шинжээчийн 304 тоот дүгнэлт, шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.Хосбаярын хэргээ хүлээн мэдүүлж буй мэдүүлэг зэргээр давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Хосбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэсний заасны дагуу шүүхийн шатанд шүүгдэгч Г.Хосбаяр, хохирогч Б.Жавзанхорлоо нар нь сайн дураараа эвлэрсэн байх тул Г.Хосбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтын талаар:

Шүүгдэгч Г.Хосбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.       

 

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дүгээр зүйлийн 248.1.2, 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ганзоригийн Хосбаярыг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. . Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Жавзанхорлоо нь шүүгдэгч Г.Хосбаяртай сайн дураараа эвлэрсэн байх тул Г.Хосбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3. Г.Хосбаяр нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Г.Хосбаярт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Хосбаярт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ж.МӨНХТУЯА