Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 08

 

                                                                                                                          

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Гомдол гаргагч: “А” ХХК-ийн гомдолтой, 

       Хариуцагч: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч М.Т-д холбогдох,

     “Увс аймгийн Татварын хэлтсийн орлогын тасгийн дарга М.Т-ын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0176457 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “А” ХХК-ийн захирал Ө.Б, хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Гомдол гаргагч “А” ХХК-ийн захирал Ө.Б шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Увс аймгийн Татварын хэлтэсийн орлогын тасгийн дарга М.Т нь иргэн М.Сайнжаргалын гомдлын дагуу манай компанийг цахим төлбөрийн баримт олгоогүй гэх үндэслэлээр 26.061.059 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Шийтгэлийн хуудаст дурдсанаар М.Туул нь "Иргэн М.Сайнжаргалаас ирсэн гомдлын дагуу 20022094 регистрийн дугаартай "А" ХХК-иас 2 өрөө орон сууц худалдан авахад цахим төлбөрийн баримтыг зөвхөн 2019 онд төлсөн дүнгээр буюу 49.1 сая төгрөгөөр олгосон, харин 2018 онд төлсөн дүнгээр цахим төлбөрийн баримт олгоогүй болох нь "А" ХХК-ийн захирал Ө.Б-ийн мэдүүлэг, компанийн дансны хуулга, office.barimt.mn сайтын 2019 оны хэвлэлийн мэдээлэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна" гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл манай компанийг худалдан авалт хийсан иргэнд цахим төлбөрийн баримт олгоогүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулжээ.

      Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсэгт "бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувь" торгохоор заасан байх ба тус заалтыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байна. Гэтэл татварын улсын байцаагч М.Т нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 0176457 дугаартай шийггэлийн хуудсыг оногдуулахдаа тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн заалтыг биш 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өөрчлөлт орж, хүчингүй болсон хуулийн заалтаар манайд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. түүнчлэн манай компани нь иргэн М.Сайнжаргалын худалдаж авсан орон сууцны төлбөрт 2018, 2019 онд төлсөн дүнгээр баримт олгосон болно.

      Иймд Увс аймгийн Татварын хэлтсийн орлогын тасгийн дарга М.Т-ын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0176457 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү" гэжээ.

      Хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч М.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Увс аймгийн татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч М.Т би иргэн М.Сайнжаргалаас 2020 оны 1-р сарын 22 ны өдөр ирсэн "А компаниас 2018 онд 64,4 сая төгрөгөөр орон сууц худалдан авч урьдчилгаа төлбөрөө төлж ороод 2019 он 4-р сард ипотекийн зээл гарч үлдэгдэл төлбөрөө бүрэн барагдуулаад төлбөрийн баримт олгохыг шаардсан боловч 2019 оны 12-р сард 49,1 сая төгрөгийн баримт хэвлэж өгсөн. Орон сууц худалдан авсан нийт дүнгээрээ баримтаа хэвлүүлж авья гэхэд 2018 оны баримт хэвлэж өгөх боломжгүй гэж хэлсэн. Надад 64,4 сая төгрөгөөр биш 49,1 сая төгрөгөөр баримт олгосон. Үүнээс болж би татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэж чадахгүй байна." Гэх гомдлын дагуу шалгаад :

     Уг татвар төлөгчийг 2019 оны 03-р сарын 22-нд өөрчлөн найруулж 2020 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхпэсэн Зөрчлийн хуулиийн 11.19-р зүйл "8.1.төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь "гэсэн заалтаар торговол гомдол мэдүүлсний өмнөх сарын буюу 2019 оны 12- р сарын борлуулалт хуулгаар 2929,1 сая байгаа ба үүний 2% нь 58,5 сая төгрөгөөр торгох нь өндөр буюу тухайн татвар төлөгчийн эрхзүйн байдлыг дордуулж байна гэж үзсэн.

      Зөрчлийн хуулийн 1.4-р зүйлийн 4-р хэсэгт заасан "Зөрчилд тооцохгүй болсон.оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээгхөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн.хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ " гэсэн хуулийн заалтыг хэрэглэвэл: 2020 оны 1-р сарын 1-ээс өмнө хэрэглэж байсан Зөрчлийн хуулийн 11.19-р зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан " Бэлэн мөнгөний тасалбар олгоогүй бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь" гэсэн заалтаар 2018 оны 12-р сарын борлуулалт болон 2019 оны 4-р сарын орлогын 2% болох 26.061.059 төгрөгөөр 2020 оны 3-р сарын 13 ны өдөр торгосон .

    Шийтгэлийн хуудсыг 2020 оны 3-р сарын 17-ны өдөр баталгаат шууданд хүлээлгэн өгснийг шуудангийн алба 2020 оны 03-р сарын 18 ны өдөр татвар төлөгчид гардуулсан. Татвар төлөгч шийтгэлийн хуудсыг үндэслэлгүй гэж үзвэл ажпын 5 хоног буюу 03-р сарын 20-ны дотор гомдол гаргах байсан боловч 05-р сарын 20-нд гомдол гаргасан байна” гэжээ.Гомдол гаргагч Ө.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Увс аймгийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн дарга М.Т нь иргэн Сайнжаргалын гомдлын дагуу “А” ХХК-ийг цахим төлбөрийн баримт олгоогүй гэх үндэслэлээр 26.061.590 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Шийтгэлийн хуудаст дурдсанаар Увс аймгийн Татварын хэлтсийн Орлогын тасгийн дарга М.Т нь иргэн Сайнжаргалаас ирсэн гомдлын дагуу 2002094 регистрийн дугаартай “А” ХХК-аас 2 өрөө байр худалдан авахад цахим төлбөрийн баримтыг 2019 онд төлсөн бөгөөд 2018 онд төлбөрийн баримт олгоогүй болох нь дансны хуулга, ебаримт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. “А” ХХК-ийг байр худалдан авалт хийсэн иргэнд цахим төлбөрийн баримт олгоогүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант сарын  хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувиар торгохоор заасан. Тус заалтыг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар өөрчлөн найруулсан байна. М.Т нь 0176457 дугаартай шийтгэлийн хуудсыг оногдуулахдаа хуучин мөрдөж байсан хүчин төгөлдөр бус хуулийг ашиглаж шийтгэлийн хуудас оногдуулсан тул 0176457 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.

      Зөрчлийн хэрэг нээх тогтоолд А ХХК-ийн регистрийн дугаар, гомдол гаргагчийн нэр зөрсөн байсан. 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зөрчлийн хэрэг нээх тогтоолд“ татвар төлөгч 20020595 регистрийн дугаартай “А” ХХК гэж бичигдсэн байсан. Манай компанийн регистрийн дугаар буруу бичигдсэн байна. Өөр компанид хандаж зөрчлийн хэрэг үүсгэсэн мэт харагдаж байна. “А” ХХК 2002094 регистрийн дугаартай гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоно. Мөн зөрчлийн хэрэг нээх тогтоолд намайг Улаанбаатар хотод амьдардаг мэтээр бичсэн байна. Би Увс аймгийн Улаангом сумын 7-р баг 430 тоотод оршин суудаг. Иргэн Сайнжаргалын гомдолд холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн боловч зөрчлийн хэрэг нээх тогтоолд “ мэдээлэл гаргагч Н.Энхбуян гэж дурдагдсан байсан. Зөрчлийн хэрэг нээх тогтоолд энэ мэтийн алдаа дутагдал их байсан тул “А” ХХК-д хамааралгүй гэж үзэж шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөөгүй. Мөн иргэн Сайнжаргал “А” ХХК-тай уулзаагүй байж байгаад Увс аймгийн Татварын хэлтэст гомдол гаргасан байсан. Шийтгэлийн хуудас дээр хаана, хэзээ, хэнд гомдол гаргах талаар байхгүй байсан бөгөөд надад эрх үүрэг тайлбарлаагүй. Сайнжаргал 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гомдолгүй гэж бичиж өгсөн байгаа. Хохирогчоос авсан мэдүүлэгт он сар бичигдээгүй байсан. 2018 оны 11 дүгээр сарын борлуулалт авах ёстой байтал 2018 оны 12 дугаар сарын борлуулалтын тайлангаар шийтгэлийн хуудас оногдуулсан байсан. Мөн иргэн Сайнжаргал нь хувь хүнтэй гэрээ хийсэн байхад “А” ХХК-д холбогдуулан шийтгэлийн хуудас оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Татварын улсын ахлах байцаагч М.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Сайнжаргалаас татвар төлөгч А ХХК-ийн зүгээс зөрүүтэй цахим төлбөрийн баримт олгосон гэх гомдол ирсэн. А ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар борлуулалтын орлого нь 2.9 тэрбум төгрөг байсан. 2020 оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан заалтаар А ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын борлуулалтын орлого болох 2.9 тэрбумын төгрөгийн борлуулалтын орлогын 20 хувиар торгосон бол татвар төлөгч А ХХК-ийг 580.000.000 төгрөгөөр торгох ёстой байсан. Энэ нь хэтэрхий өндөр үзүүлэлт байсан тул зөрчил торгон шийдвэрлэх дээд хэмжээ буюу 200.000 төгрөгөөс давж гарсан үзүүлэлт болсон. Иймд Увс аймгийн Прокурорын газрын прокуророос асууж мөнгө олгосон тохиолдолд баримт олгох ёстой гэж үзээд татвар төлөгчийн гаргасан зөрчил тус бүр торгууль оногдуулахаар шийдэж 2020 оны 1 дүгээр арын 01-ний өдрөөс өмнө хэрэглэж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар тухайн тайлант сарын борлуулалтын орлогын 2 хувиар торгууль оногдуулахаар шийдвэрийн хуудас бичсэн. 2019 оны 4 дүгээр сард ипотекийн зээл гарч А ХХК-д Сайнжаргалын зүгээс 49.100.000 төгрөг төлсөн гэдэг боловч А ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд татвар төлөгч тусгагдаагүй байсан тул прокурорын зөвшөөрлөөр дансны хуулга банкуудаас авч үзэхэд 532.000.000 төгрөгийн борлуулатын орлоготой байсан. Тухайн мөнгөн дүнгийн 2 хувь 10.600.000 төгрөг болох ёстой. 2018 оны 11 дүгээр сарын цахим тайлангийн борлуулалтын орлого нь 733.100.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын цахим тайлангийн борлуулалтын орлого нь бүр илүү өндөр гарсан тул 2018 оны 11 дүгээр сарыг сонгон авч цахим тайлангийн борлуулалтын орлого нь 733.100.000 төгрөгийн 2 хувь 11.600.000 төгрөг гаргсан. Үүний 2 хувь 5.200.000 төгрөг гээд нийт 26.000.000 төгрөгөөр торгосон. Татвар төлөгч гаргаж байгаа гомдолдоо иргэнтэй холбоотой худалдан авалт хийгдсэн гэдэг боловч худалдах худалдан авах гэрээнд анх иргэнд мөнгө орж ирдэг боловч ипотекийн зээл А ХХК-ийн дансанд орсон. Сайнжаргалын гаргаж өгсөн Бат-Очиртой байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ байсан тул өөр гэрээ шаардаж шалгаагүй.

      Алдаатай бичигдсэн зөрчлийн хэрэг нээсэн тухай тогтоолыг А ХХК-д хүргүүлээгүй. Манай дотоод ажилтай холбоотой бичиг баримт алдаатай гарсан байсан. Татвар төлөгч буюу “А” ХХК-д хүргүүлсэн зөрчлийн хэрэг нээсэн тогтоолд ямар нэгэн алдаа дутагдалгүй, компани, нэр, регистрийн дугаар зөрүүгүй тогтоол хүргэгдсэн. Би шийтгэлийн хуудас оногдуулахаас өмнө болон оногдуулсны дараа “А” ХХК-ийн захирал Ө.Б удаа дараа дуудаж уулзах гэсэн боловч ирээгүй. Улаанбаатар хотод байна гэж хэлээд ирж уулздаггүй байж байгаад 2020 оны 2 дугаар сард ганц удаа ирж уулзахдаа хэрүүл маргаан үүсгэж, манай байгууллагын дотоод ажилтай холбоотой алдаатай гарсан маягтын зургийг авч алдаатай тогтоол гарсан тул үндэслэлгүй гэж маргасан. Тухайн үед уг шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол шийдвэр гарсны дараа өмгөөлөгч аваад шүүхэд хандах боломжтой гэж эрх үүргийг тайлбарлан өгсөн. Гэтэл шийтгэлийн хуудас оногдуулах шийдвэр гараагүй байхад татвар төлөгч Ө.Б нь Татварын ерөнхий газар болон Увс аймгийн Прокурорын газарт удаа дараа гомдол гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтад дурдагдсан. Увс аймгийн Татварын хэлтэст “А” ХХК-д холбогдуулан 2 зөрчлийн гомдол ирсэн. 1 татвар төлөгчтэй байгаа тул орлогын тасгийн дарга М.Т намайг уг 2 зөрчлийн гомдлыг шалгаж шийдвэрлэхээр дээд шатны албан тушаалтнаас надад хуваарилсан. Гэтэл “А” ХХК-ийн захирал Ө.Б нь “чи яагаад манай компанийн 2 зөрчлийн гомдлыг шалгаж шийтгэл оногдуулах гээд байгаа юм бэ. Хувийн ашиг сонирхлыг үндсэн дээр санаатайгаар торгууль оногдуулж байна гэж миний нэр төрд халдсан” гэжээ.

      Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      “А” ХХК нь “Увс аймгийн Татварын хэлтсийн орлогын тасгийн дарга М.Т-ын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0176457 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай” гомдлыг шүүхэд гаргажээ.

      Шүүхээс зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гомдол гаргагч, хариуцагч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч М.Т-ын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0176457 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож,  хүчингүй болгож шийдвэрлэв. 

      Шүүх хуралдаанд гомдол гаргагч нь шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж, манай компанид ирүүлсэн шийтгэлийн хуудас дээр хэзээ, хаана гомдол гаргах талаар дурьдаагүй байснаас гомдлыг Татварын ерөнхий газарт гаргаж хугацаа алдсан, иргэн М.Сайнжаргал нь “А” ХХК-тай бус иргэн Ө.Бат-Очиртой гэрээ байгуулсан, 2018 онд байрны урьдчилгаа 15.3 сая төгрөгийг М.Сайнжаргал нь хувь хүний данс руу шилжүүлсэн, зөрчлийн хэрэг нээсэн тогтоолд гомдол гаргагчийн нэр болон компанийн регистрийн дугаарыг буруу бичсэн, холбогдогчийн эрх үүргийг тайлбарлаж өгөөгүй, мөн хүчингүй болсон хуулийн зүйл, заалтыг баримтлан шийтгэл оногдуулсан гэх үндэслэлүүдээр татварын улсын ахлах байцаагчийн 0176457 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар тайлбар гаргаж оролцов.

       Хариуцагчийн зүгээс “2020 оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхлэсэн Зөрчлийн тухай хууль нь гомдол гаргагч “А” ХХК-ийн эрх зүйн байдлыг дордуулж, өндөр торгууль тавигдаж байсан тул 2020 оны 1-р сарын 1-ээс өмнө хэрэглэж байсан Зөрчлийн хуулийн 11.19-р зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан " Бэлэн мөнгөний тасалбар олгоогүй бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь" гэсэн заалтыг буцаан хэрэглэж шийтгэл ногдуулсан. Торгууулийн хэмжээг   2018 оны 12-р сарын борлуулалт болон 2019 оны 4-р сарын орлогын 2% болох 26.061.059 төгрөгөөр тогтоож, 2020 оны 3-р сарын 13- ны өдөр торгосон. Мөн шийтгэлийн хуудсыг татвар төлөгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн атал хуулийн хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй байна” гэх тайлбар гаргав.

       Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч М.Т нь  2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0176457 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар холбогдогч 2002094 регистрийн  дугаартай  “А” ХХК-ний гаргасан “орон сууц худалдан авсан иргэнд цахим төлбөрийн баримт олгоогүй” гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу 26 061 059 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

     Улсын байцаагч “А” ХХК гомдол гаргагч М.Сайнжаргалд цахим төлбөрийн баримт хэвлэж өгөөгүй болох нь холбогдогчийн мэдүүлэг, цахим төлбөрийн баримтны хяналтын office.barimt.mn сайтын 2019 оны хэвлэлтийн мэдээлэл, тухайн компанийн дансны хуулга  зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж үзжээ.

     Гомдол гаргагч М.Сайнжаргалаас 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр   “А” ХХК-иас 64.4 сая төгрөгийн байр 2019 онд худалдан авахад цахим төлбөрийн баримтыг дүн зөрүүтэй олгосон” гэх гомдол мэдээлэл цахимаар гаргасныг Увс аймгийн Татварын хэлтэс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг 40 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэн баталгаажуулсан байна.

    Татварын улсын ахлах байцаагч 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гомдол гаргагч М.Сайнжаргалаас мэдүүлэг авч 01 дүгээр сарын 27-ны өдөр зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлджээ. Уг тогтоолоос үзэхэд 2002095 регистрийн дугаартай “А” ХХК-ний иргэний байрны худалдан авалтанд цахим төлбөрийн баримт олгоогүй гэх зөрчилд Ө.Б-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээсэн байна. 

      М.Сайнжаргал “2018 оны 12 сард урьдчилгаа 15.3 сая төгрөг төлөөд байрандаа орсон. Орон сууцны зориулалттай байраа нийт 64.4 сая төгрөгөөр худалдан аваад банкны ипотекийн зээл 45.1 сая төгрөг, урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 4.0 сая төгрөг гээд 2019 оны 4-р сард нийт 49.1 сая төгрөгийг төлж барагдуулсан. 2019 оны 12 дугаар сард цахим төлбөрийн баримтыг 49.1 сая төгрөгөөр олгосон. 2018 онд төлсөн урьдчилгаа төлбөрт цахим төлбөрийн  баримт олгоогүй. 2018 оны жилийн эцсийн тайлан баталгаажсан учраас олгох боломжгүй гэсэн” гэж мэдүүлжээ.

      Үүнээс үзэхэд М.Сайнжаргал нь 2018 онд төлсөн орон сууцны урьдчилгаа төлбөрт “А” ХХК цахим төлбөрийн баримт олгоогүй талаар гомдол мэдүүлсэн байхад татварын улсын ахлах байцаагч “А” ХХК-ийг 2018, 2019 онуудад цахим төлбөрийн баримт иргэнд олгоогүй гэх зөрчилд буруутгаж, 2018 оны 12 дугаар сараас гадна 2019 оны 04 дүгээр сарын борлуулалтын орлогын үнийн дүнгээс 2 хувиар тооцож торгосон нь үндэслэлгүй болжээ. 

      “А” ХХК-ийн захирал Ө.Б шүүх хуралдаан дээр “М.Сайнжаргал орон сууц худалдах худалдан авах гэрээг анх иргэн Ө.Бат-Очиртой байгуулсан, байрны урьдчилгаа 15.3 сая төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн“ гэх тайлбар гаргасан ба М.Сайнжаргал, Ө.Бат-Очир нарын хооронд байгуулагдсан “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-г шүүхэд ирүүлсэн байна. Энэхүү тайлбарыг үгүйсгэсэн өөрөөр хэлбэл М.Сайнжаргалаас байрны урьдчилгаа төлбөр 15.3 сая төгрөгийг “А” ХХК-д шилжүүлснийг нотлох баримт зөрчлийн хэргийн хэргийн материал дотор авагдаагүй байна. Түүнчлэн “А” ХХК болон М.Сайнжаргал нарын хооронд эрх, үүргийн харилцаа  үүссэнийг нотлох хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан эсэхийг  тогтоогдоогүй байна. 

    Иймээс “Амарсанаа” ХХК-ийг 2018 онд 15.3 сая төгрөгийн цахим төлбөрийн баримтыг иргэн М.Сайнжаргалд олгоогүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

      Мөн Увс аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч М.Туулын “Амарсанаа” ХХК-д баталгаат шуудангаар хүргүүлсэн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0176457 дугаартай шийтгэлийн хуудсанд хэзээ, хаана гомдол гаргах талаар дурьдаагүй байх тул гомдол гаргагч “Амарсанаа” ХХК-ийг шүүхэд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна. 

      Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгаар зүйлийн 8.1 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагчийн  М.Туулын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0176457 дугаартай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох үндэслэлтэй байна. 

     М.Сайнжаргал нь 2020 оны  02 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Татварын хэлтэст хандан цахим төлбөрийн баримт олгоогүй гэх гомдлоо буцаан авах тухай хүсэлтийг гаргасан байх ба “Амарсанаа” ХХК нь түүний гомдлыг барагдуулж 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр М.Сайнжаргалд 15.3 сая төгрөгийн цахим төлбөрийн баримт олгож, гомдолгүй болгосон байна.  

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгаар зүйлийн 8.1 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “Амарсанаа” ХХК-ний гомдлыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч М.Туулын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 0176457 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах” тухай шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосугай.

      2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж гомдол гаргагч “Амарсанаа” ХХК-нд олгосугай.

      3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг таван хоногийн дотор бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авна. Шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.ОЮУНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3-р багт оршин суугч, иргэн Ачит овгийн Хүдэрчулууны Нямаагийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,

Гуравдагч этгээд: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт байрлах “Хийц-Увс” ХХК-ийн захирал Б.Нямхүү

“Х.Нямаагийн эзэмшлийн Ү-1520000452 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй давхцуулан олгосон “Хийц Увс” ХХК-ийн лабораторийн зориулалтаар бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох, улсын бүртгэгчийн шийдвэр илт хууль бусад тооцох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Нямаа түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Нямаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний эзэмшлийн 60х15 метрийн харьцаатай 3 давхар барилга нь анх 1985 онд БУТ-ийн конторын зориулалтаар баригдаж ашиглалтанд орсон. 1996 онд БУТ нь “Их барилга-Увс” ХК болж өөрчлөгдсөн бөгөөд 2004 онд “Их барилга-Увс” ХК-иас шилжүүлэн авч өөрийн нэр дээр 2004.05.20-нд улсын бүртгэлд бүртгүүлж 0077886 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан болно. Энэ хугацаанд энэхүү 60х15 м харьцаатай 3 давхар барилга дотор “Хийц Увс” ХХК нь 2 өрөө лабораторийн зориулалтаар түрээсэлж байсан. 1997-2017 он хүртэл энэ барилгад ямар нэг ажил үйлчилгээ явагдаж байгаагүй бөгөөд 2017 оноос эхлэн хэсэгчлэн засварлаж ашиглаж эхэлсэн. Гэтэл саяхан манай барилгаас түрээсэлж байсан хэсгээ зарах тухай яриа хэлэлцээр хийж яваа тухай олж мэдээд УБХ-д хүсэлт гаргаж лавлахад бүртгэл давхардсан байна гэсэн хариу авлаа. Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нь миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдын нэр дээр давхар бүртгэж гэрчилгээ олгосон нь миний өмчлөх эрхэнд төрийн зүгээс бүдүүлгээр халдаж байгаа явдал юм. Улсын бүртгэгч нь уг барилга хэний эзэмшил вэ?, урьд нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдэж байсан эсэх, хэн нэгний хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа эсэхийг судалж үзээгүй, өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг судлаагүй, оролцогчдын оролцоог хангаагүй, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 дахь заалтыг зөрчсөн байх тул гаргасан шийдвэр нь илт хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргав. Иймд Х.Нямаагийн эзэмшлийн Y-1520000452 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй давхцуулан олгосон “Хийц Увс” ХХК-ийн лабораторийн зориулалттай бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох, улсын бүртгэгчийн шийдвэрийг илт хууль бусад тооцох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Их барилга ХК /2001772/ нь анх 1999.12.10-нд үл хөдлөх хөрөнгийн баримт бичиг, өмч хувьчлалаар авсан гэрчилгээ 1-р гарын үсгийн баталгаа, хөрөнгийн жагсаалт гаргаж үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 3-р баг дулааны станцын урд талд байрлах Улсын бүртгэлийн Y-1520000452 дугаартай конторын барилга 60х15 мкв хэмжээтэй ажлын байр, Y-1520000453 дугаартай үйлдвэрийн гол корпусын барилга, Y-1520000454 дугаартай авто гараж, Y-1520000455 дугаартай кислородын барилга, Y-1514000003 дугаартай Түргэн сум Цүнхэг дахь амралт үйлчилгээ, Y-1520000456 дугаартай гаражын дэргэд байрлах үйлчилгээний зэрэг хөрөнгүүдийг тус тус бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авч байсан. 2004 оны 05 сарын 16-ны 14 цагт Их барилга Увс ХК №02 Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр конторын зориулаттай ашиглагдахгүй байгаа үл хөдлөх хөрөнгийг Х.Нямаад хувьцааны оронд олгохоор шийдвэрлэсний дагуу 2004.05.20-ны өдөр мэдүүлэг, түүнд хавсаргах нотлох баримтыг гаргаж Х.Нямаа нь өмчлөгчөөр бүртгүүлэн авчээ.

Хийц-Увс ХК /2001713/ нь 2013.06.03-нд мэдүүлэг түүнд хавсаргах нотлох баримтыг гаргаж 3-р баг Итгэлт барааны захын урд байрлах лабораторын барилгыг /барилгын материал үйлдвэрлэл/ Улсын бүртгэлийн Y-1520003738 дугаартай бүртгүүлж өмчлөлийн гэрчилгээ авсан байна. Энэ гэрчилгээнд нийтдээ төмөр бетон эдлэлийн цех, агуулах, дэд өртөөний барилга, жижиг зүйлсийн склад, насосны байр, цементний агуулах, зуурмаг узель, автопүү зэрэг багтсан.

Иргэний хуулийн 183-р зүйл болон ЭӨЭТХЭХБЭУБТ хуулийн 13-р зүйлд зааснаар Хийц Увс ХК хөрөнгийн мэдүүлэг, албан хүсэлт, план зураг эд хөрөнгийн тооллогын жагсаалт зэрэг нотлох баримтыг үндэслэн анх удаа бүртгэгдсэн байна. Ингээд 2018.04.25-нд ЭХӨЭТХЭХБЭУБТ хуулийн 19-р зүйлд заасны дагуу нэмэлт өөрчлөлт хийлгэхээр мэдүүлэг болон албан бичиг, газрын гэрээ, гэрчилгээний хуулбар /лабораторын барилга м.кв, зориулалтаараа тусгагдсан байгаа нь нотлох баримтаар байна/, үйлчилгээний хөлс төлсөн баримт, анх авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, тухайн үед мөрдөгдөж байсан хуульд заасан нотлох баримтыг гарган өгч хөрөнгийн зориулалтын өөрчлөн Улсын бүртгэлийн Y-1520003738 дугаартай дээр үйлдвэрлэлийн зориулалтай үл хөдлөх хөрөнгө үлдсэн, улсын бүртгэлийн Ү-1520005356 дугаартай лабораторын барилга, Ү-1520005358 дугаартай бетон зуурмагийн үйлдвэр зэрэг тус тусад нь салгуулж гэрчилгээ авсан байна.

ЭХӨЭТХЭХБЭУБТ хуулийн 13.9-р зүйлд 2018.11.01-ээс шинээр мөрдөгдөж байгаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.7-р зүйлд мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна гэж заасан байдаг Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул тухайн үед нотлох баримтыг үнэн зөв тооцож бүртгэлийг хийсэн. Х.Нямаа болон Хийц-Увс ХХК хооронд 3 давхар үл хөдлөх хөрөнгийн давхардсан бүртгэл байхгүй, хэсэгчилсэн бүртгэл хийгдсэн болно. Тиймээс иргэн Х.Нямаагийн гаргасан үл хөдлөх хөрөнгийг давхардуулан олгосон гэх нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж байна” гэжээ.

Гуравдагч этгээд “Хийц Увс” ХХК-ийн захирал Б.Нямхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Нямаагийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа “Хийц Увс” ХХК-ийн захирал Б.Нямхүү миний бие нэхэмжлэгч Х.Нямаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Маргаан бүхий лабораторын барилга нь анх баригдахдаа “Их барилга” ХК-ийн конторын барилгын нэг давхарын урд жигүүрт гол хэсгээрээ конторын барилгаас төмөр бетон нь ханаар тусгаарлагдсан тусдаа орж, гарах хаалгатайгаар 1987 онд ашиглалтанд орсон одоо ч тэр хэвээрээ байгаа болно. Манай компаний хувьд тухайн үл хөдлөх хөрөнгийг хуулийн дагуу бүх бичиг баримтыг бүрдүүлэн өмчилж авсан. Одоо хэдий үйл ажиллагаа явуулахгүй байгаа ч үл хөдлөх эд хөрөнгийн татвараа хуулийн хугацаандаа төлөөд явж байгаа болно.

Нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг тухайн үл хөдлөх хөрөнгийг түрээсэлсэн зүйл огт байхгүй, түрээсийн төлбөр ч төлж байгаагүй. Нэхэмжлэгч 2004 онд анх өөрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авахдаа ч манай компаний үл хөдлөх хөрөнгө байгаа гэдгийг мэдэж байсан бид үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа ч хаалга үүдийг нь янзлах хашаа барих, цонхуудыг нь тоосгоор өрж битүүмжлэх зэргээр хөрөнгөө гадны халдлагаас хамгаалах арга хэмжээ авч байснаас манай компаний өмч хөрөнгө гэдгийг нэхэмжлэгч мэддэг байсан гэтэл нэхэмжлэлдээ энэ талаар мэдээгүй улсын бүртгэлээс лавлагаа аваад л мэдсэн мэтээр худлаа зүйл бичсэн байна. Миний зүгээс улсын бүртгэлийн хэлтэс дээр очиж уулзаж манай компаний үл хөдлөх хөрөнгийг баримт материал нь байхад шалгаж нягталж үзэхгүйгээр нэхэмжлэгч Х.Нямаагийн үл хөдлөх хөрөнгөтэй давхцсан мэтээр худлаа лавлагаа гаргаж өгсөн улсын бүртгэлийн ажилтанаас ямар учиртайг нь асууж тодруулахад “Х.Нямаагийн үл хөдлөх хөрөнгийн хэмжээ дутаад байхаар танай үл хөдлөх хөрөнгөтэй давхцсан байна гээд лавлагаа гаргаж өгсөн” гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн болон манай компаний бүх баримт материал байхад нягталж шалгаж үзэхгүйгээр хэмжээ дутсан гээд давхардсан гэдэг зүйлийг гаргаж өгсөн улсын бүртгэлийн ажилтаны ажлын хариуцлага алдсан үйлдэл байна. Манай компаний үл хөдлөх хөрөнгө бол тухайн барилгыг анх баригдах үеэс тусдаа гарц, орцтой барилгын материалын лабораторын зориулалтаар баригдсан манайх гэрчилгээг нь 2013 онд авсан боловч тэрнээс өмнө ч тухайн хөрөнгийг хуулийн дагуу эзэмшээд, өмчлөөд явж байсан болно. Хэдий нэг барилга боловч анх баригдсан үеэсээ өөр өөр зориулалттай, тус тусдаа өмчлөгчтэй 2 тусдаа үл хөдлөх хөрөнгө болно.” гэжээ.

Нэхэмжлэгч Х.Нямаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Y-1520000452 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг Улсын бүртгэлийн хэлтэс нээгдэх үед анх бүртгүүлж байсан. Хувьчлалаар 60x15 хэмжээтэй конторын зориулалттай 3 давхар барилга нь “Их барилга” ХК-ийн хувьчлалд анхнаасаа шилжиж ирсэн. Бид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байхад 2000 оноос хойш “Хийц Увс” ХХК-ийн захирал солигдож Б.Нямхүү болсноос хойш “энэ манай хөрөнгө шүү” гэж хэлэх үед нь тийм зүйл байхгүй. Энэ манай хөрөнгө, бид үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй гэдгээ удаа дараа хэлж байсан. 60x15 хэмжээтэй хэмжээтэй “Их барилга” ХХК-ийн конторын 3 давхар барилга дотор лаборатори, халуун ус, контор, агуулах гээд бүх зориулалтаар ашиглаж байсан барилга юм. “Хийц Увс” ХХК-ийн захирал Б.Нямхүү нь уг барилгын гэрчилгээ  авахдаа өөрийн газрын кадастрын зураг дотор өөрийн өмчилж авсан бүх барилгын зургийг оруулж байгаад, газрын зурагт ороогүй лабораторийн барилгыг нэмж бүртгүүлсэн бөгөөд 2-3 жилийн дараа лабораторийн барилгыг салгуулна гэж очиж Улсын бүртгэлийн хэлтсийг төөрөөгдүүлэх замаар тусад нь салгуулж авсан байсан. 60мх15м хэмжээтэй “Их барилга” ХХК-ийн конторын 3 давхар барилга нь манай хөрөнгө гэдгийг нотлох бүх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа”

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Х.Нямаагийн эзэмшлийн Ү-1520000452 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй давхцуулан олгосон “Хийц Увс” ХХК-ийн лабораторийн зориулалтаар бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох мөн улсын бүртгэгчийн шийдвэрийг илт хууль бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 2014 онд хууль бусаар давхцуулан олгосон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бүртгэснээс хойш Б.Нямхүү нь эд хөрөнгийн гэрчилгээтэй холбоотой хууль бус гэрээ, хэлцэл хийсэн байхыг үгүйсгэхгүй. Улсын бүртгэгчийн шийдвэр илт хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн өдрөөс хойш хийсэн бүх гэрээ, хэлцэл хууль бус болох ёстой гэдэг үүднээс нэхэмжлэлийн шаардлагад тусгасан. “Их барилга” ХК нь анх хувьчлалын үед 6 хэсэг болж задарсан. Үүнээс үлдсэн барилга дээр маргаан гарч байна. Хуучин Барилга угсралтын контор байсан барилгыг “Их барилга” ХХК-д үлдээх тухай гаргасан шийдвэрүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа. 2004 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Их барилга” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд хуралдаж, уг барилгыг Х.Нямаад шилжүүлсэн шийдвэр гаргасан. 2004 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Х.Нямаа нь Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргаж түүнд хавсаргах нотлох баримтуудыг гаргаж өгснөөр уг барилга нь Х.Нямаагийн өмчлөлд бүртгэгдсэн. 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр “Хийц Увс” ХХК-ийн захирал Б.Нямхүү нь лабораторийн барилгыг бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргаж, бүртгүүлж гэрчилгээ авсан байсан. 2003 оны 6 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан тухайн үед хэрэгжиж байсан Эд хөрөнгө өмчлөх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “мэдүүлэг гаргах түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах эсвэл мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гарна” гэж улсын бүртгэгчийн эрхэд заасан байна. Мөн хуулийн 14.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж түүний хэмжээ, байршилтай танилцах гэж заасан” байгаа. Энэ нь улсын бүртгэгчийн үүрэг байсан боловч тухайн газар очиж байршилтай танилцаагүй. Эд хөрөнгө өмчлөх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өмчлөх эрхтэйгээ нотолсон бичиг баримт” мөн хуулийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “кадастрын зураг, газрын үнэ төлсөн баримт” мөн хуулийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “газар өмчлүүлсэн шийдвэр, гэрчилгээ” мөн хуулийн 13.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “байгууламжийн палан зураг, 4 талаас нь харуулсан гэрэл зураг“ гэсэн баримтуудыг мэдүүлэг гаргахдаа хавсаргана гэж заасан байгаа. 2018 онд гарсан Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуульд нийт талбайн дугаартай уялдуулаад бүртгэдэг болсон. Тухайн үеийн хуучин хуульд ийм зүйл байхгүй байсан боловч байгууламжийн план зураг түүний 4 талаас нь харуулсан гэрэл зургууд мэдүүлэг гаргахад хавсаргасан байхыг шаардсан хуулийн зохицуулалт байсан. Улсын бүртгэгч бүртгэхдээ тухайн байгууламж бүхэлдээ 1 хүний өмч биш. Хэсгээр буюу дундаа өмчлөх өмчлөлийн объект гэдгийг ойлгох ёстой байсан. Хэсгээр буюу дундаа өмчилж байх 2013 оны 6 дугаар сард батлагдсан Эд хөрөнгө өмчлөх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд “дундаа өмчилж байгаа бол Улсын бүртгэлд очих үед өмчлөгчид хамт очно” гэсэн хуулийн заалт байсан. Х.Нямхүү нь тус барилгын 1 давхрын хязгаарлалт тогтоосон хэсгийг бүртгүүлэх гэж байна. Тэгвэл 1 давхарын үлдсэн хэсэг болон 2, 3 давхарын хэсгүүд хэнийх гэдгийг тодруулах мөн тухайн газрын шийдвэр яаж гарсан талаарх асуудлыг улсын бүртгэгч хянаж үзэх ёстой байсан. Хүчингүй болсон хуучин хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт, Шинээр гарсан Улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг гаргахдаа хавсаргана өгсөн бичиг баримтын үнэн зөвийг өөрөө хариуцна гэж заасан” гэж хуульчилсан зүйл заалтад дөрөөлж улсын бүртгэлийн хэлтэс нь давхцуулж олгосон гэрчилгээндээ хариуцлага хүлээхгүй байна. Энэ хуулийн заалт нь мэдүүлэг гаргах хувь хүний хариуцлагыг дээшлүүлж байгаа заалт юм. Харин улсын бүртгэлийг хийж буй ажилтан нь төрийн өмнөөс төр иргэдийн өмчийг бүртгэн авч байгаа. Бүртгэсний хариуд татвар төлбөрийг авч байгаа нэг хэлбэр юм. Үүнийг үнэн зөв явуулах үүрэг нь улсын бүртгэгчид байдаг. Мэдүүлэг гаргагч нь тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийн өмчлөгч гэсэн баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлэг хүлээн авахаас татгалзаж болох байсан мөн хуульд заасан баримт бичгийг мэдүүлэг гаргагч нь мэдүүлэгтээ хавсаргаагүй бол мөн адил татгалзаж болох байсан боловч улсын бүртгэгч нь энэ бүхнийг шалгаж үзэхгүйгээр бүртгэснээс болж уг маргаан гарч байна. Отгонбаяр даргын Х.Нямаад гаргаж өгсөн албан бичиг хэрэгт авагдсан байгаа. Уг албан бичигт 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1/306 тоот хариу хүргүүлэх тухай албан тоотоор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг давхардуулан олгоогүй гэж бичсэн байсан. Тухайн байшин барьсан газар нь хэний нэр дээр байгааг харах ёстой байсан. Тухайн барилгын газар нь Х.Нямаагийн нэр дээр байгаа. Хэрвээ уг барилгыг хэсгээр өмчлөх гэж байгаа бол тэр газар нь Х.Нямаагийн нэр дээр биш тодорхой зааж дундын өмч гэж бичигдэх ёстой байсан. Гэтэл Х.Нямаагийн нэр дээр байгаа эд хөрөнгийг бусдын нэр дээр давхардуулж гэрчилгээ олгож бүртгэчихээд Улсын бүртгэлийн хэлтсээс давхардуулж гэрчилгээ олгоогүй гэсэн тайлбар гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Хийц Увс” ХХК-ийн захирал Б.Нямхүүгийн 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг болон түүнд хавсаргасан тайлбар, хүсэлт, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, план зураг, гэрэл зураг, багийн даргын тодорхойлолт, Төлөөлөн удирдах хурлын тогтоол, эд хөрөнгийн тооллогын жагсаалт, бүртгэл гэх мэт нотлох баримтуудыг гаргаж өгснөөр өмчлөх эрхээ баталгаажуулсан. Тооллогын жагсаалт дээр лабораторийн барилга гэж бүртгүүлж авсан. Тухайн үед “Хийц Увс” ХХК-ийн захирал Б.Нямхүү нь Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж байхад цахим систем нэвтрээгүй учир гар аргаар түүвэрлэж үздэг байсан бөгөөд мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан. “Хийц Увс” ХХК-ийн захирал Б.Нямхүү болон “Их барилга” ХК-ийн Х.Нямаа нарын хооронд давхардсан бүртгэл байхгүй байна гэж үзээд тухайн үед гэрчилгээ олгогдсон. Х.Нямаад Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр конторын зориулалтаар ашиглагдахгүй байгаа үл хөдлөх хөрөнгийг хувьцааны төлбөрт олгохоор шийдвэрлэсэн учраас үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж 2004 оны 5 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэг гаргаж бүртгүүлж авсан учир тухайн 2 үл хөдлөх хөрөнгийн хувьд давхардсан асуудал байхгүй боловч хэмжээний хувьд давхардсан асуудал гарах магадлалтай. “Хийц Увс” ХХК-ийн захирал Б.Нямхүү нь компанийхаа нэр дээр 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр бүхэлд нь нэг Y-1520003738 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ авч 2018 онд мэдүүлэг гаргаж гэрчилгээгээ хууль зааснаар салгуулж тус тусад нь гэрчилгээ авсан байгаа.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Х.Нямаа нь “Х.Нямаагийн эзэмшлийн Ү-1520000452 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй давхцуулан олгосон “Хийц Увс ” ХХК-ийн лабораторийн зориулалтаар бүртгүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох, улсын бүртгэгчийн шийдвэр илт хууль бусад тооцох”-ыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад:  “Нэхэмжлэгч Х.Нямаагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг  “Хийц Увс” ХХК-ийн нэр дээр давхардуулан бүртгэсэн улсын бүртгэгчийн үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоож, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Хийц Увс” ХХК-д олгосон 312 м.кв талбай бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-15200005326 дугаартай, 000377394 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нь миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг бусдын нэр дээр давхар бүртгэж гэрчилгээ олгосон нь миний өмчлөх эрхэнд төрийн зүгээс бүдүүлгээр халдаж байгаа явдал юм. Улсын бүртгэгч нь уг барилга хэний эзэмшил вэ, урьд нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдэж байсан эсэх, хэн нэгний хууль ёсны эрх ашгийг хөндөж байгаа эсэхийг судалж үзээгүй шийдвэр нь илт хууль бус ” гэж тодорхойлжээ.

Хариуцагч “ЭХӨЭТХЭХБЭУБТ хуулийн 13.9-р зүйлд 2018.11.01-ээс шинээр мөрдөгдөж байгаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.7-р зүйлд мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна гэж заасан байдаг. Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тул тухайн үед нотлох баримтыг үнэн зөв тооцож бүртгэлийг хийсэн. Х.Нямаа болон “Хийц-Увс” ХХК хооронд 3 давхар үл хөдлөх хөрөнгийн давхардсан бүртгэл байхгүй, хэсэгчилсэн бүртгэл хийгдсэн болно. Тиймээс иргэн Х.Нямаагийн гаргасан үл хөдлөх хөрөнгийг давхардуулан олгосон гэх нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж байна” гэх үндэслэлээр татгалзалаа илэрхийлсэн байна.    

Гуравдагч этгээд “Хийц Увс” ХХК-ийн захирал Б.Нямхүү нь “Манай компаний үл хөдлөх хөрөнгө бол 1987 онд ашиглалтанд орсон, тухайн барилгыг анх баригдах үеэс тусдаа гарц, орцтой барилгын материалын лабораторийн зориулалтаар баригдсан манайх гэрчилгээг нь 2013 онд авсан боловч тэрнээс өмнө ч тухайн хөрөнгийг хуулийн дагуу эзэмшээд, өмчлөөд явж байсан болно. Хэдий нэг барилга боловч анх баригдсан үеэсээ өөр өөр зориулалттай, тус тусдаа өмчлөгчтэй 2 тусдаа үл хөдлөх хөрөнгө болно” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлжээ. 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, нэхэмжлэгч,нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Нямаа нь 2004 онд “Их барилга-Увс” ХК-иас Увс аймгийн Улаангом сумын 12-р багт байршилтай /хуучнаар 3-р баг/, 2700 м.кв талбай бүхий 3 давхар конторын барилгыг ТУЗ-ийн шийдвэрийн дагуу шилжүүлэн авсан байх ба улсын бүртгэлийн байгууллага энэхүү өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөний өөрчлөлтийг бүртгэж, 2004 оны 5 сарын 20-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн 1520000452 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг түүнд олгожээ.  

 2013.06.03-ны өдөр “Хийц Увс” ХК-ийн захирал Б.Нямхүү нийт 10 ширхэг орон байшин, агуулахыг компанийнхаа нэр дээр анх удаа бүртгүүлж, баталгаажуулахаар мэдүүлэг гаргасан байх бөгөөд түүний мэдүүлгийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага тус 10 ширхэг үл хөдлөх хөрөнгийг бүртгэн, эрхийн улсын бүртгэлийн Ү-15200003738 дугаартай 000187168  тоот гэрчилгээ олгосон байдаг. Эдгээр хөрөнгө дотор лабораторийн зориулалттай 312 м.кв талбай бүхий барилга багтаж, бүртгэгдэн баталгаажсан байна. 

Дараа нь 2018 оны 04 дгээр сарын 28-ны өдөр тэрээр улсын бүртгэлийн байгууллагад хандан өмчлөгчийн бүртгэлд өөрчлөлт оруулах тухай мэдүүлэг болон хөрөнгө тус бүр дээр гэрчилгээ гаргуулах тухай өргөдөл гаргасан байх бөгөөд түүний өргөдөл, хүсэлтийн дагуу  Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт байршилтай 312 м.кв талбай бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тусад нь салган бүртгэж, “Хийц Увс” ХХК-ийн нэр дээр 2018 оны 4 сарын 30-ны өдөр тус үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-15200005326 дугаартай, 000377394 тоот гэрчилгээ олгосон байна. “Хийц Увс”  хувьцаат компани нь 2015 онд “Хийц Увс” хязгаардмал хариуцлагатай компани болон өөрчлөн байгуулагджээ.

Мэдүүлэг гаргагч Б.Нямхүү нь мэдүүлэгтээ компанийн дүрэм, гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, 2012 оны компанийн эд хөрөнгийн тооллогын баримт, обьектийн фото зургийг хавсаргасан байгаа боловч эдгээр баримтуудаар “Хийц Увс” ХК нь Улаангом сумын 12-р багт байршилтай лабораторийн зориулалттай 312 м.кв талбай бүхий барилгын өмчлөгч болох нь тогтоогдохгүй байна Учир нь: Тухайн үл хөдлөх эд хөрөнгө бий болсон талаарх баримтыг хавсаргаагүй байна. 

2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Улаангом сумын Засаг даргын 01 тоот захирамжаар 3 давхар барилгын доорх 900 м.кв газрыг албан конторын зориулалтаар Х.Нямаад эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.  “Хийц Увс” ХК-ийн кадастрийн зургаас харахад тус компанийн эзэмшил газартай Х.Нямаагийн эзэмшлийн 900 м.кв газар давхцаагүй байна.

Х.Нямаагийн өмчлөлийн Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багт/ хуучнаар 3-р баг/ байршилтай 2700 м.кв талбай бүхий /60мx15м хэмжээтэй/ 3 давхар барилгын нэг давхарын 312 м.кв талбай бүхий хэсгийг “Хийц-Увс” ХХК-ийн өмчлөлд давхардуулан бүртгэсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, шүүхээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үл хөдлөх эд хөрөнгийн фото зураг болон  хавтаст хэрэгт цугларсан дараах баримтуудаар тогтоогдож байна. 

Увс аймгийн  Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1992 оны 1 сарын 05-ны өдрийн 21 тоот тогтоолоор аймгийн Барилга угсралтын трестийг “Барилгын бирж” УҮГ, Барилгын материалын пүүсийн хувьцаат компани 1 /”Хийц” ХК/, бүрэн бус хариуцлагатай 6 компани / ”Өгөөмөр”, “Орд”, “Ундрах”, “Ханхөхий”, “Өрнөл”, “Өргөө” ББХК / болгон хуваах замаар өөрчлөн байгуулж, дүрмийн сангийн хэмжээг тус тус тогтоож өгсөн байна. Ийнхүү Барилга угсралтын трестийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан найман хуулийн этгээдэд хуваан шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Барилга угсралтын трестийн өмч хөрөнгийг 8 аж ахуйн нэгж, байгууллагад хуваах замаар тухайн хуулийн этгээдүүдийн үндсэн хөрөнгийг нь тусгаарлан өгсөн байна.

“Хийц” ХК анх 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байгаа ба улмаар 1996 онд компанийн дүрмээ шинэчлэн боловсруулан  батлуулж, шинэчилсэн бүртгэлд хамрагдан, 1996 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр “Хийц-Увс” ХК нэрээр аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. Уг гэрчилгээн дээр тус компанийн дүрмийн сангийн хэмжээг 32100,0 мянган төгрөгөөр тусгасан байна. Тус компанийн улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн /шинэчилсэн бүртгэлд хамрагдах өргөдөлд хавсаргасан/ “Хийц” ХК-ийн үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний баримтаас үзэхэд тухайн компанийн үндсэн хөрөнгөд гадна полигон, хэвлэх цех, зуурмагийн узель, арматур цех, карьерийн аж ахуйн болон лабораторийн тоног төхөөрөмжүүд, машин механизм, эд аж ахуйн хөрөнгө, орон байшин /үл хөдлөх хөрөнгүүд/  зэрэг эд хөрөнгүүд багтсан байх бөгөөд эдгээр эд хөрөнгийг 32100,0 мянган төгрөгөөр дахин үнэлж, уг компанийн дүрмийн санг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

 Энэхүү “Хийц Увс” ХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлээс “орон байшин” /”К”/ гэх хэсгийг тодруулбал: 1987 онд ашиглалтанд орсон Төмөр бетон эдлэлийн цех, бэлэн бүтээгдэхүүний агуулах, зуурмагийн узель, шохой тунгаагчийн байр, халаах бункерийн байр, бутлан ангилагчийн байр, цементийн агуулах, силусийн байр, карбидын агуулах, компрессер станцын байр, склад зэрэг 11 төрлийн орон байшин буюу хөдлөх эд хөрөнгүүд тус компанийн үндсэн хөрөнгөд орж бүртгэгдсэн нь харагдаж байна. Үүнээс үзэхэд 1987 онд ашиглалтанд орсон барилгын материалын /төмөр бетон эдлэлийн/ үйлдвэрлэлтэй холбоотой орон байшинг “Хийц Увс” ХК-ийн үндсэн хөрөнгөд хамааруулж хуваан өгсөн гэж үзэхээр байна. 

1994 оны 08 дугаар 20-ны өдрийн Барилгын бирж УҮГ-ын үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн актаас үзэхэд контор, улаан булангийн барилга нь 1985 онд ашиглалтанд орж, балансын анхны өртөг нь 5527839 төгрөгөөр үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн байх ба дахин үнэлгээгээр 7823422 төгрөгөөр үнэлэгджээ. Өөрөөр хэлбэл Барилга угсралтын трестийн  конторын барилга бүхлээрээ “Барилгын бирж” УҮГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн байна.

 Гуравдагч этгээд Б.Нямхүүгийн “...манай лабораторийн зориулалттай барилга 1987 онд ашиглалтанд орсон, ...нэг барилга боловч анх баригдсан үеэсээ өөр өөр зориулалттай, тус тусдаа өмчлөгчтэй 2 тусдаа үл хөдлөх хөрөнгө болно” гэх тайлбар нь холбогдох баримтуудаар тогтоогдохгүй байна. 

1994 оны 08 дугаар сарын 17-ний өдөр аймгийн Өмч хувьчлалын комисс шийдвэрээр “Барилгын бирж” УҮГазрыг “Их барилга” нэртэй төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болгон өөрчлөн байгуулж, зохион байгуулалтын хэлбэрийг нь өөрчилсөн байх бөгөөд тус улсын үйлдвэрийн газрын эрх, үүрэг, хариуцлага шинээр байгуулагдсан хуулийн этгээд болох “Их барилга” ХК-д шилжжээ. Өөрөөр хэлбэл улсын үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрх  хувьцаат компанид шилжсэн байна. 

  Мэдүүлэг гаргагч “Хийц Увс” ХХК нь Увс аймгийн Улаангом сумын 12-р багт байршилтай 3 давхар конторын барилгын  1 давхарын 312 м.кв талбай бүхий хэсгийн өмчлөгч гэдгийг баттай нотолсон баримт байхгүй байхад улсын бүртгэгч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.д зааснаар мэдүүлгийг хүлээх авахаас татгалзах ёстой байтал мэдүүлгийг хүлээн авч бүртгэсэн нь илтэд хууль бус болжээ. 

Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д  зааснаар  Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу” хөтлөх зарчмыг баримтладаг.  

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар  зүйлийн 6.6-д зааснаас үзэхэд эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч бичиг баримт үндэслэн хийсэн талаар  гомдол гарсан тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэхээр зохицуулсан байна. 

Иймээс нэхэмжлэгч Х.Нямаагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг  гуравдагч этгээд “Хийц Увс” ХХК-ийн нэр дээр давхардуулан бүртгэсэн улсын бүртгэгчийн үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоож, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Хийц Увс” ХХК-д олгосон 312 м.кв талбай бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-15200005326 дугаартай, 000377394 тоот гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Шүүх маргаан бүхий барилгын хэсгийн эзэмшил, ашиглалттай холбоотой асуудлаар дүгнэлт хийх нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаатай холбогдуулаад нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.2, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Нямаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч Х.Нямаагийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг  гуравдагч этгээд “Хийц Увс” ХХК-ийн нэр дээр давхардуулан бүртгэсэн улсын бүртгэгчийн үйл ажиллагаа илт хууль бус болохыг тогтоож, 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Хийц Увс” ХХК-д олгосон 312 м.кв талбай бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-15200005326 дугаартай,  000377394 тоот гэрчилгээг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Нямаад олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Т.ОЮУНГЭРЭЛ