Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 3

 

Б.Б-, Б.Х-, Л.Б- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Т-, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд

Прокурор                                       О.Доржмаа  

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Б.Чинбаатар

Нарийн бичгийн дарга                  Ц.Т-цэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 901 дугаар шүүгчийн захирамжтай Б-гийн Б-, Б-гийн Х-, Л-гийн Б- нарт холбогдох 1718004470023 дугаартай, 116/2018/0369/Э индекстэй эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Б.Б- нь 2017 оны 08 сарын 29-ний өдөр Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 10 дугаар хэсгийн 4-41 тоотод оршин суух иргэн Ц.Ч-ын гэрт нэвтрэн орж “Тепоуо” маркийн зөөврийн компьютер, бэлэн 160 000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.260.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 1 а-6 тоотод оршин суух иргэн Б.Б-ын гэрт нэвтрэн орж  мөнгөн аяга, мөнгө, монетан эдлэл хулгайлж 200 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 10 дугаар хэсгийн 1-111 тоот Б.Ч-цэцэгийн гэрт нэвтрэн орж хөөрөг, мөнгөн аяга, багаж хэрэгсэл зэрэг эд зүйл хулгайлж 2 360 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан сумын 7 дугаар багийн 017-1-19 тоотод байрлах Д.Э-, Ш.Б- нарын гэрт тус тус нэвтрэн орж мөнгөн аяга, алт, монетан эдлэл, түрийвч зэрэг эд зүйл хулгайлж, нийт 709 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан сумын 7 дугаар баг, 017-1 -2а тоот Д.Ч-ын гэрт нэвтрэн орж хөөрөг, мөнгө, монетан эдлэл хулгайлж 1 310 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан сумын 1 дүгээр баг Цахирын 1-11а тоотод оршин суух иргэн С.О-ийн гэрт нэвтрэн орж хөөрөг, мөнгө, монетан эдлэл, бэлэн мөнгө хулгайлж 3 285 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 2-14а тоотод оршин суух Д.М-, Т.М- нарын гэрт тус тус нэвтрэн орж мөнгөн аяга, гар утас, монетан эдлэл, бэлэн мөнгө зэргийг хулгайлж 875 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 3-36 тоот Ч.Д-гийн гэрт нэвтрэн орж, төрийн одон медаль, хөөрөг, мөнгөн эдлэл хулгайлж 2 315 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан сумын 3 дугаар баг, Ажилчны 8-63 тоотод оршин суух иргэн С.Т-гийн гэрт нэвтрэн орж мөнгө, монетан эдлэл хулгайлж  2 910 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 1- 45 тоотод оршин суух иргэн Л.Д-ын гэрт нэвтрэн орж мөнгөн аяга болон бусад эд зүйл хулгайлж 695 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан сумын 7 дугаар баг, 017-3 дугаар гудамжны 17 тоотод оршин суух С.О-ийн гэрт нэвтрэн орж мөнгөн аяга болон бусад эд зүйл хулгайлж нийт 5 990 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 3-30 тоот Ш.У-ын гэрт нэвтрэн орж 32 инчийн телевизор болон бусад эд зүйл хулгайлж нийт 725 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 7 дугаар хэсгийн 4-40 тоот Э.Б-ын гэрт нэвтрэн орж хөөрөг, мөнгөн аяга, бусад эд зүйл хулгайлж 1 110 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан сумын 8 дугаар баг, Нарантолгойн 6-6 тоот Ш.С-гийн гэрт нэвтрэн орж алт, мөнгө, монетан эдлэл хулгайлж нийт 10 402 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 2-17 тоот Я.Ц-гийн гэрт нэвтрэн орж алт, мөнгө, монетан эдлэл, бусад эд зүйл хулгайлж нийт 1 907 000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 36 053 000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Б.Х- нь яллагдагч Б.Б-ын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан сумын 8 дугаар баг, Нарантолгойн 6-6 тоот Ш.С-гийн гэрт нэвтрэн орж алт, мөнгө, монетан эдлэл хулгайлж нийт 10 402 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан сумын 7 дугаар баг, 017-1-2а тоот Д.Ч-ын гэрт нэвтрэн орж хөөрөг, мөнгө, монетан эдлэл хулгайлж 1 310 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 1- 45 тоотод оршин суух иргэн Л.Д-ын гэрт нэвтрэн орж мөнгөн аяга болон бусад эд зүйл хулгайлж 695 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан сумын 15 дугаар баг, Мангиртыи 10 дугаар хэсгийн 1-111 тоот Б.Ч-ийн гэрт нэвтрэн орж хөөрөг, мөнгөн аяга, багаж хэрэгсэл зэрэг эд зүйл хулгайлж 2 360 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 3-30 тоот Ш.У-ын гэрт нэвтрэн орж 32 инчийн телевизор болон бусад эд зүйл хулгайлж нийт 725 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан сумын 7 дугаар баг, 017-3 дугаар гудамжны 17 тоотод оршин суух С.О-ийн гэрт нэвтрэн орж мөнгөн аяга болон бусад эд зүйл хулгайлж нийт 5 990 000 төгрөгийн хохирол учруулсан,

-2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 2-14а тоотод оршин суух Д.М-, Т.М- нарын гэрт тус тус нэвтрэн орж мөнгөн аяга, гар утас, монетан эдлэл, бэлэн мөнгө зэргийг хулгайлж 875 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хамтран оролцсон,

яллагдагч Л.Б- нь яллагдагч Б.Б-ын 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дархан сумын 8 дугаар баг, Нарантолгойн 6-6 тоот Ш.С-,

-2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 2-17 тоот Я.Ц-,

-2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Дархан сумын 1 дүгээр баг, Чулуутын 1-45 тоотод оршин суух иргэн Л.Д-,

-2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дархан сумын 3 дугаар баг, Ажилчны 8-63 тоотод оршин суух иргэн С.Т-,

-2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 2-14а тоотод оршин суух Т.М-, Д.М-,

-2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан сумын 7 дугаар баг, 017-1-2а тоот Д.Ч-,

-2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дархан сумын 15 дугаар баг, 10 дугаар хэсгийн 1-111 тоот Б.Ч-,

-2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 1а-6 тоотод оршин суух иргэн Б.Б-,

-2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан сумын 1 дүгээр баг Цахирын 1-11а тоотод оршин суух иргэн С.О-,

-2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 7 дугаар хэсгийн 4-40 тоот Э.Б-,

-2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дархан сумын 7 дугаар баг, 017-3 дугаар гудамжны 17 тоотод оршин суух С.О-,

-2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дархан сумын 5 дугаар баг, Хүнсчдийн 3-36 тоот Ч.Д-,

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дархан сумын 7 дугаар баг, 017-1-19 тоотод байрлах Д.Э-, Ш.Б- нарын гэрт тус тус хууль бусаар нэвтэрч хулгайлсан эд зүйлсийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж авч, эзэмшиж, ашигласан, мөнгө угаах гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 901 дугаар шүүгчийн захирамжаар:

-Дархан-Уул аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар яллагдагч Б- Б-гийн Б-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар яллагдагч Б- Б-гийн Х-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1.д зааснаар яллагдагч Ц- Л-гийн Б-д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718004470023 дугаартай хэргийг прокурорт буцааж,

 -Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Х-, Л.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор  Давж заалдах шатны шүүхэд бичсэн  эсэргүүцэлдээ:

...Прокуророос шүүхэд шилжүүлсэн Б.Б-, Б.Х-, Л.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 851 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүгдэгч нарын гэм бурууг шийдвэрлэх шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.д заасан “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэснийг ноцтой зөрчсөн зөрчил болсон гэж дүгнэж байна.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3.т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.д заасныг баримтлан Прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор О.Доржмаа дүгнэлтдээ:

...Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:

...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн прокуророос бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Б-, Б.Х-, Л.Б- нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

1.Тус аймгийн прокуророос яллагдагч Б.Б-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар, яллагдагч Б.Х-ыг хүн байнга амьдрах   зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар, яллагдагч Л.Б-г гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1.т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт ...хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 11 сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 18-р баг, Хөтөл хорооллын 6-3 тоотод оршин суух иргэн Э.Х-ийн гэрт нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бүс хулгайлсан үйлдэлдээ Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэгдэн ялаа эдэлж байгаа бөгөөд яллах дүгнэлтэд дурдсан түүний холбогдсон нэг төрлийн дээрх хэргүүдийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулаагүй, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нэгтгэх боломжгүй, шүүхээс жинхэнэ эдлэх ялыг тогтоох боломжгүй, эрхгүй юм... гэсэн үндэслэл зааж хэргийг прокурорт буцаах захирамж гаргажээ.

Хэргийг анхан шатны шүүх хүлээж авахдаа хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой гэж үзэн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гаргасан байх ба энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүхээс шийтгэх, эсхүл цагаатгах тогтоол гаргах ба харин анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3.т заасан ... шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн тохиолдолд шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэж хэргийг прокурорт буцааж болохоор байна.

Гэтэл хэрэг шүүхэд шилжиж ирэхэд хавтаст хэрэгт шүүгдэгч Б.Б-т ял шийтгэл оногдуулсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоол мөрдөн байцаалтын 4 дэх хавтаст хэрэгт хавсаргагдан ирсэн бөгөөд энэ нь анхан шатны шүүхэд урьдчилан мэдэгдээгүй нөхцөл байдал байгаагүй бөгөөд энэ тохиолдолд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тов тогтоож, хэлэлцүүлгээс хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд зааснаар прокурорт буцааж шийдвэрлэх боломжтой байжээ.

Нэгэнт яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн тул анхан шатны шүүх буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3.т заасан үндэслэлээр буцаасан бол илүү үндэслэлтэй болох байсан бөгөөд энэ хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4.т заасан ...хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн...гэж хэргийг буцаах захирамж гаргасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Зүй нь анхан шатны шүүх захирамжиндаа Б.Б-т урьд ял шийтгэл оногдуулсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, 2017 оны 11 сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 18-р баг, Хөтөл хорооллын 6-3 тоотод оршин суух иргэн Э.Х-ийн гэрт нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бүс хулгайлсан гэх 1718003900007 дугаартай эрүүгийн хэргийг нь сүүлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1718004470023 дугаартай хэрэгтэй нь нэгтгүүлэх үндэслэл заах байтал ийм үндэслэл заагаагүй, ямар хэргүүдийг нэгтгэх гээд байгаа нь тодорхойгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс  таамаглан, шүүгчийн цаад санаа нь ийм байжээ гэж шууд дүгнэх боломжгүй юм.

2. Прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэл буруу байна.

Учир нь: зөвхөн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гаргасан тохиолдолд шүүхээс шийтгэх, эсхүл цагаатгах тогтоол гаргах байсан гэснээр хязгаарлаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд удирдлага болгосон хуулийн зүйл, заалт зөв байсан эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.

Түүнчлэн прокурор нь мөрдөн байцаалтын явцад хяналтаа хэрэгжүүлж байхад хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө яллагдагч Б.Б- нь урьд ял шийтгүүлсэн тогтоолтой нь нэгэнт тодорхой, мэдэгдэж байсан байхад хугацаа алдахгүйгээр шүүгдэгч Б.Б-т ял шийтгэл оногдуулсан Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 23-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.1.т зааснаар давж заалдах шатны шүүхэд дүгнэлтээ бичгээр гаргах боломжтой байсныг дурдах нь зүйтэй.      

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 901 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-, Б.Х-, Л.Б- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 901 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Б-, Б.Х-, Л.Б- нарт холбогдох эрүүгийн 1718004470023 дугаартай хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Б.Б-т урд авсан цагдан хорих, шүүгдэгч Б.Х-, Л.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                        ШҮҮГЧИД                                  Ц.ТУЯА

                                                                                                           Ц.АМАРЖАРГАЛ