Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/468

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2019/0419/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч Я.Б,

Шүүгдэгч Б.Ан өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Х.Гийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.А, Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ч овогт Б.А, Б овогт Х.Г нарт холбогдох эрүүгийн 1918006490463 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Ч овогт Б.А /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

2. Монгол улсын иргэн, Б овогт Х.Г /РД: /, Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зоогийн газрын зохион байгуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч Б.А, Х.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдсан, худалдан авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Ан өгсөн: Тухайн үед эхнэр төрөөд эмнэлэгт байж байгаад гарч ирсэн. Тэр үед хүргэн ах ирсэн байсан учраас бид хэд гол руу гарч загас барихаар явсан. Загас барихаар гол өгсөж яваад ууттай юм олсон. Гэхдээ олсон зүйлийнхээ талаар хоёр ахдаа хэлээгүй. Анх аваад юу гэдгийг сайн мэдээгүй. Хүдрийн соёо байж магадгүй гэж таамаглаж байсан. Х.Гийг сэргэлэн болохоор нь асууж байгаад зарсан. Буруу юм хийсэн гэдгээ мэдлээ гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Х.Гийн өгсөн: Цагдаад баригдахаас 2-3 хоногийн өмнө Б.Аг “Хүдрийн соёо байна. Авах хүн байна уу?” гэхээр нь “би үзье”, гоёлын зүүлт хийх боломжтой юм байна гэж бодоод ширхгийг нь 10.000 төгрөгөөр тооцож худалдаж авахаар болж нийт 120.000 төгрөгөөр худалдаж авсан. Хүдрийг нэн ховордсон амьтан гэдгийг тухайн үед мэдээгүй. Тухайн үед харахад үзэмжтэй байсан учраас авсан гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Бийн өгсөн: Хүдэр нь нэн ховор амьтан. 2013 онд хийгдсэн судалгаагаар Дарханд ийм амьтан байхгүй гэж үзсэн. Хэнтий нурууны салбар уулсаар байдаг. Хуулинд нэн ховор амьтны эд эрхтнийг худалдсан, худалдан авсан хүн хариуцлага хүлээнэ, хохирол барагдуулна гэж заасан. Шинжээчийн дүгнэлтээр 42.000.000 төгрөг гарсныг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Б.Эийн өгсөн: ...2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр “...........” нэртэй зочид буудалд хүлээн авагчийн ажлаа хийж байхад 5 тоот өрөөнд 4 эрэгтэй, 2 эмэгтэй хүн орсон. Орой нь цагдаа О ирээд өрөөнүүдээр шалгалт хийсэн. Тэр үед 5 тоот өрөөний нэг залуу биллъяардны өрөөнд ороод нэг юм нуугаад байх шиг камерын бичлэгт харагдсан. Тэгээд О цагдаа “ногоон өнгийн Лапша гоймонгийн ууттай зүйл барьсан хүн ирвэл надад хэлээрэй” гэж хэлсэн. О цагдаа явсны дараа нөгөө 5 тоот өрөөний залуу биллъяардны өрөөнд ороод сандал ийш тийш нь болгоод нуусан юмаа олох шиг болсон. Тэгээд тэр залуу Лапша гоймонгийн ууттай амьтны соёо бололтой зүйлийг надад өгч хадгалуулсан. Тэгээд би цагдаад “та нарын хайж байгаа зүйл бололтой” гээд мэдэгдэхэд О цагдаа ирсэн.  5 тоот өрөөний залуу “танд 20.000 төгрөг өгье. Битгий хүнд хэлээрэй” гэж хэлсэн. О цагдаа сейфэнд байсан Лапша гоймонгийн ууттай амьтны соёог хураан авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

Гэрч Г.Оын өгсөн: ...2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад “...........” зочид буудлын хүлээн авагч ажилтанд сэжигтэй зүйл болох юм уу ажиглагдвал хэлээрэй гээд утасны дугаараа өгсөн. Тэгээд маргааш “...........” зочид буудлын хүлээн авагч ажилтан над руу залгаад “нэг сэжигтэй зүйлийг хүн үлдээгээд явсан. Одоо ирж авна гэнэ” гэж ярьсан. Тэгээд тухайн зочид буудалд очоод байж байтал Г гэх хүн ирээд хадгалуулсан зүйлээ авъя гэхээр нь шалгаж үзтэл амьтны соёо мэт зүйл байсан. Г нь Шагай гэх таньдаг хүнээсээ авсан гэж ярьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

Гэрч Б.Эийн өгсөн: ...5 тоот өрөөний 30 гаруй насны хууз сахалтай залуу хадгалуулсан зүйлээ авъя гэхээр нь Эийн дугаарыг өгсөн. Тэгээд удалгүй Энхтуяа ирсний дараа цагдаа ирээд үзлэг хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн .... сумын ...... дугаар багийн ...... гудамжинд “...........” гэх зочид буудлын хүлээн авагч ажилтны өрөө байв. Өрөө дотор нэг хаалгатай төмөр сейфнээс ногоон өнгийн Лапша нэртэй гоймонгийн уутан дотор 13 ширхэг, хүдэр гэх амьтны 7-8 сантиметр урттай, тахир саран хэлбэртэй соёонууд байсныг хураан авав... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7/,

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эр хүйсийн 7 ширхэг Баданга хүдэр нэн ховор амьтны дээд эрүүний 13 ширхэг соёог эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8/,

Шүүгдэгч Х.Гийн ХААН банк дахь 0000000000 дугаартай данснаас 120.000 төгрөгийн зарлага гарсан гэх дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9-10/,

 Шүүгдэгч Б.Ан ХААН банк дахь 0000000000 дугаартай данснаас 120.000 төгрөгийн орлого хийгдсэн гэх дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 13-14/,

Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн “Шинжилгээнд ирүүлсэн 13 ширхэг буюу 6 хос, 1 сондгой соёо шүд нь бие гүйцсэн 7 эр бодгаль Баданга хүдрийн дээд эрүүнд байрлах соёо шүд мөн. Баданга хүдэр нь Амьтны тухай хуульд зааснаар нэн ховор зүйл, Зэрлэг амьтан, ургамлын зүйлүүдийг олон улсад худалдаалах тухай конвеци буюу САЙТИС-ийн II хавсралтад бүртгэгдсэн. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-нд үнэлснээр Баданга хүдэр эр бодгаль 3.000.000 төгрөг, эм бодгаль 3.500.000 төгрөг байдаг. Дээрх 7 бодгалийн экологи эдийн засгийн нийт үнэлгээ 21.000.000 төгрөг болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь 2019 оны 9 дүгээр сарын 08-нд хээрээс олсон гэх нэн ховор амьтан болох эр Баданга хүдэр /Moschus moschiferus/-ийн 13 ширхэг соёог 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Х.Гт 120.000 төгрөгөөр худалдсан, шүүгдэгч Х.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэн ховор амьтан болох Баданга хүдэр /Moschus moschiferus/-ийн 13 ширхэг соёог иргэн Б.Агаас 120.000 төгрөгөөр худалдан авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Баданга хүдэр /Moschus moschiferus/ нь нэн ховор амьтанд хамаарч байна.

Мөн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэн ховор амьтныг  тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн” зэрэг үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал болох шүүгдэгч Б.Ан нэн ховор амьтан болох эр Баданга хүдэр /Moschus moschiferus/-ийн 13 ширхэг соёог хадгалж, улмаар 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Х.Гт 120.000 төгрөгөөр худалдсан үйлдэл, шүүгдэгч Х.Гийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэн ховор амьтан болох эр Баданга хүдэр /Moschus moschiferus/-ийн 13 ширхэг соёог иргэн Б.Агаас 120.000 төгрөгөөр худалдан авсан үйлдэл нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан нэн ховор амьтан болох эр Баданга хүдэр /Moschus moschiferus/-ийн 13 ширхэг соёог хадгалсан, худалдсан, худалдан авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ. 

Шүүгдэгч нарын үйлдэлд дүгнэлт хийхэд амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор, санаатайгаар нэн ховор амьтны түүхий эдийг хадгалж худалдсан, худалдан авсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10-04-039/15 дугаартай акт /хх-ийн 75/-ыг үндэслэн байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр 42.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилж байна.

Улсын яллагч дүгнэлтдээ ... шүүгдэгч нараас 42.000.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэв.

Шүүгдэгч А.Ан өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасан. Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг 21.000.000 төгрөг гэж үзэж байгаа тул шүүх хохирлын хэмжээг хасаж тооцож өгнө үү гэж,

Шүүгдэгч Х.Гийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ нь манай үйлчлүүлэгч Хүдэр гэдэг амьтныг агнаж байгаль орчинд хохирол учруулаагүй, зөвхөн худалдан авсан байгаа. Шүүхээр гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад улсын байцаагч 42.000.000 сая төгрөг төл гээд нөхөн төлбөрийн акт тавьсан. Энэ актыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байгаа. Шүүх өнөөдөр хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэж тус тус мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь нэн ховор амьтан болох баданга хүдрийн эр бодгалийн 13 ширхэг соёог хээрээс олж Х.Гт худалдсан гэх үйл баримт тогтоогдсон. Харин эдгээр нэн ховор амьтан болох баданга хүдрийг хэн, хэзээ, хаанаас агнасан нь тогтоогдоогүй ба шүүгдэгч нарын үйлдлийн улмаас байгаль орчинд хохирол учирсан гэж үзэх боломжгүй.

Гэвч Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т ...гарал үүслийн тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдсан, худалдан авсан... этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулна” гэж заасан тул Шинжлэх ухааны академийн биологийн хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар 13 ширхэг соёог 7 бодгаль гэж тооцон, 7 бодгалийн экологи эдийн засгийн үнэлгээ болох 21.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.А, Х.Г нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, түүнийг арилгахад гарах зардал нь 21.000.000 төгрөг байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Агаас 10.500.000 төгрөг, Х.Гаас 10.500.000 төгрөг тус тус гаргуулж орон нутгийн төрийн санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд сар бүрийн 30-ны өдрийн дотор тус бүр 1.000.000 төгрөгийг, 2020 оны 10 дугаар сард тус бүр 1.500.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгчтэй эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.А, Х.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч нарт тус бүр 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, бага насны хүүхдүүдтэй, ар гэрээ тэжээн тэтгэдэг, нэн ховор амьтныг шууд агнаж устгаагүй гэдгийг харгалзаж торгох ялын хамгийн доод хэмжээг оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Б.А нь ам бүл 6, эх, эхнэр, 0-8 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.Г нь ам бүл 5, эхнэр, 0-12 насны 3 хүүхдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг шүүгдэгч нарын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79, 94/, тэдний гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88, 97/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 89-91, 98-100/ зэргээр тус тус тогтоогдож байгаа ба шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.А, Х.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 10.008 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.008.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлогогүй тул тэдний бусад орлого олох боломж, ам бүлийн байдал зэргийг харгалзаж тэдэнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд сар бүр 278.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн хураагдсан Баданга хүдрийн эр бодгалийн 13 ширхэг соёог улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч овогт Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Х.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Х.Г нарыг тус бүр 10.008 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.008.000 /арван сая найман мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А, Х.Г нарт оногдуулсан 10.008.000 /арван сая найман мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд сар бүр 278.000 /хоёр зуун далан найман мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.А, Х.Г нараас тус бүр 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, орон нутгийн Төрийн санд олгож, шүүгдэгч нар нь 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд сар бүрийн 30-ны өдрийн дотор тус бүр 1.000.000 /нэг сая/ төгрөгийг, 2020 оны 10 дугаар сард тус бүр 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг төлөхөө илэрхийлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгчтэй эвлэрсэн болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Баданга хүдрийн эр бодгалийн 13 ширхэг соёог улсын орлого болгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Х.Г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.А, Х.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР