Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/399

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Н.Энхболд,

           Шүүгдэгч: Э.н- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.н-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805031570268 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.н-,  ......тоот регистртэй,

Шүүгдэгч Э.н- нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 14-252 тоотод хохирогч Б.Б-тай маргалдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Н- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдлүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Чи намайг чи гэлээ гээд над руу дайраад нүүр рүү 1 удаа алгадаад үснээс зулгаагаад дараад унагасан. Тэгэхээр нь би гараас нь барьж байгаад 2 хөл рүү нь жийж өөрөөсөө холдуулах гээд дийлээгүй. Тэгээд дээрээс нүүр рүү нилээн олон удаа алгадаад гараа зангидаж байгаад цохиод байсан. Тэгэхэд манай найз Золоо гаднаас орж ирээд салгах гэхэд Улаака нь “чамайг наад хоёроо салгах юм бол бид нар бөөнөөрөө орно шүү, наад хоёроо үлдээ” гээд байсан. Тэгээд Бачка ирээд Маамыг босгоод бид хоёрыг салгасан. Би гэрээсээ гараад коридорт зогсож байхад араас Маам гарч ирээд гараа зангидаж байгаад нүүр рүү цохиод би нүүрээ дараад хэсэг манараад зогсож байхад Маам хэл амаар доромжлоод байсан. Миний биед учирсан гэмтлийн Маам /Номин-Эрдэнэ/ намайг үсдэж байгаад гараараа нүүр рүү 2-3 удаа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/,

Гэрч Н.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Маам гэх эгч манай найз Баасанжаргалын дээр нь гараад хэвтсэн, үсдээд дээрээс нь цохиод байсан. ...Баасанжаргал коридор руу гараад зугтаахад араас нь гараад коридорт зодоод байсан. ...Баасанжаргалын нүүр нь хавдаад хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Шинжээчийн 6912 тоот дүгнэлтэд: “...Б.Б-ын биед зүүн нүдний зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархай, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 27/,

Сэжигтэн, яллагдагчаар Э.Н- мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн гэмтлийг Баасанжаргал бид 2 бие биенийгээ үсдээд би нүүр рүү нь 2, 3 удаа цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, Хохирогчийн өргөдөл /хх-н 7/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 40-56/, Хохирогчийн хүсэлт /хх-н 73/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Э.н- нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 14-252 тоотод хохирогч Б.Б-тай маргалдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б-ын: “...Чи намайг чи гэлээ гээд над руу дайраад нүүр рүү 1 удаа алгадаад үснээс зулгаагаад дараад унагасан. Тэгэхээр нь би гараас нь барьж байгаад 2 хөл рүү нь жийж өөрөөсөө холдуулах гээд дийлээгүй. Тэгээд дээрээс нүүр рүү нилээн олон удаа алгадаад гараа зангидаж байгаад цохиод байсан. ...Би гэрээсээ гараад коридорт зогсож байхад араас Маам гарч ирээд гараа зангидаж байгаад нүүр рүү зохиод би нүүрээ дараад хэсэг манараад зогсож байхад Маам хэл амаар доромжлоод байсан. Миний биед учирсан гэмтлийг Маам /Номин-Эрдэнэ/ намайг үсдэж байгаад гараараа нүүр рүү 2-3 удаа зохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/, гэрч Н.Золжаргалын: “...Маам гэх эгч манай найз Баасанжаргалын дээр нь гараад хэвтсэн, үсдээд дээрээс нь цохиод байсан. ....Баасанжаргал коридор руу гараад зугтаахад араас нь гараад коридорт зодоод байсан. ...Баасанжаргалын нүүр нь хавдаад хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/, шинжээчийн 6912 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Н- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.н- нь хохирогч Б.Б-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 73/ гаргасан тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Э.Н-г гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  тус тусад нь эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, бага насны 3 хүүхэдтэй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн хавтаст хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний газраас ирүүлсэн албан тоотоор шүүгдэгч Э.н- нь 112 цаг нийтэд тустай ажил хийсэн, 178 цаг үлдсэн болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан байх ба 6.9 дүгээр зүйлийн 2-т “...хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ял, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 178 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ торгуулын ялыг төлөх хугацааг удаан хугацаагаар зааж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Э.н-д шүүхээс оногдуулсан торгох ялыг 10 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Н- “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-г 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 485 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 178 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
  4.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.н-д шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР