Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 154/2022/00022

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Цагаанцоож

            Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг 

Шүүгдэгч Б.Энхболд нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  эрүүгийн 2237000000020 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 26 настай, бүрэн дунд боловсролтой, эрэгтэй, Булган сум дахь сум дундын прокурорын газарт харуул ажилтай, ам бүл 3, эцэг эхийн хамт   Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух,******* овогт*******ын*******. /РД:ПБ96102519/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

          Шүүгдэгч  Б.Энхболд нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр  Ховд  аймгийн  Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт Д.Бадрахыг машины цонх, хаалга цохисон гэсэн шалтгаанаар хавирч унагааж толгойн баруун чамархайн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Б.Энхболдын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “…Тэр өдөр би хөдөө Балжин гэдэг газраас морьтой гарч ирсэн. Засварчин Баагийгийн гадаа очоод дүүгийнхээ машинд бэлэн хоол идээд сууж байтал халиун морьтой хүн ирээд машины хаалга, цонх

цохиод байхаар нь би буугаад тэр хүнийг хавирч унагаасан. Хохирогчийн биеийн байдал хэвийн зүгээр байгаа. Хохиролд 50.000 төгрөг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

           Шүүгдэгч Б.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 16 цагийн орчимд засварчин Баагийгийн гадаа халиун морьтой ах согтуу ирсэн. Машинд орж суугаад гоймон идэж байхад тэр морьтой хүн ирээд машины цонх, хаалга цохиод байхаар нь манай дүү болиоч ах гэхэд чамд пиво байна уу гэхээр байхгүй гэж хэлсэн. Дахин хаалга татахаар нь машинаас буугаад нэг хавираад унагаасан. Зүүн талаараа унасан...” гэх мэдүүлэг,

           Хохирогч Д.Бадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ ганцаараа нэг шил архи ууж байгаад гараад засварчин Баагийгийн гэр лүү орох гээд морио тохож унаад 16 цагийн орчимд Баагийгийн гэрийн гадна ирэхэд Б.Энхболд Баагийгийн гадаа морьтой ирсэн. Машинд суусан байхаар машиндаа архи ууж байна гэж бодоод архи уух гээд зүтгээд машины цонх цохиод орох гэхэд намайг Б.Энхболд машинаас бууж ирээд дэгээдээд унагаачихсан. Унах үед толгойгоо газарт чулуунд цохиулаад хагалчихсан юм ...” гэх  мэдүүлэг,

            Иргэн С.Цэцэгбадамын гэрчээр өгсөн “ ...Би ажлаасаа тараад гэртээ очоод байж байтал манай нөхөр Бадрах намайг хүн цохилоо гэж хэлсээр орж ирсэн. Тэгээд малгай нь цус болсон байхаар малгайг нь автал толгой нь хагарсан цус нь гоожоод хүзүү рүү нь орсон байсан. Цус нь гоожоод хатсан байхаар нь үсийг нь хайчлаад хагарсан газрыг нь арчиж цэвэрлээд Баагийгийн гадаа очоод 62-65 ХОҮ улсын дугаартай машин дээр очиход 3 залуу байсан ба шилнээс архи хийгээд уугаад сууж байсан. Манай нөхрийн толгойг хэн хагалсан гэж асуухад хэн ч цохиогүй гээд байхаар нь гэрт очоод хар гээд дагуулаад гэртээ очиж харуулахад ягаан дээлтэй залуу би цохисон гэж хэлэхээр нь тэр залуучуудыг явуулаад хүүтэйгээ урд айлын залуу Сатааг гуйж эмнэлэг рүү машинтай явж толгойг нь оёулсан...“ гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Бадрахын биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаартай:

1. Д.Бадрахын биед гэмтэл учирсан байна.

2. Д.Бадрахын толгойн баруун чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Д.Бадрахын биед учирсан дээрх  гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Д.Бадрахын биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Харин шинэ гэмтэл байх боломжтой” гэх дүгнэлт,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлэж шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр  Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт Д.Бадрахыг машины цонх, хаалга цохисон гэсэн шалтгаанаар хавирч унагааж толгойн баруун чамархайн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт үйлдэл нь хохирогч Д.Бадрахын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07 дугаартай гэх дүгнэлт,  шүүгдэгч Б.Энхболдын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

             Шүүгдэгч Б.Энхболд хохирогч Д.Бадрахыг машины цонх, хаалга цохисон гэсэн шалтгаанаар хавирч унагааж толгойн баруун чамархайн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.Энхболд нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч Д.Бадрахын  биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Б.Энхболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Энхболд нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 11 дүгээр тогтоолоор шийдвэрлэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр танилцуулсан байна. Шүүгдэгч Б.Энхболд нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдууллаа.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

             Шүүгдэгч Б.Энхболд нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.Энхболдод хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч******* овогт*******ын*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.Энхболдыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхболдод оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Энхболд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Б.Энхболдод оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

          6. Шүүгдэгч Б.Энхболд нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Л.ТҮВШИНЖАРГАЛ