Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 4

 

М.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2018/0268/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй 

Шүүх хуралдаанд

Прокурор                                       О.Доржмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ө.Өлзиймаа, Ж.Туяа

Нарийн бичгийн дарга                  Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолтой М-ын Б-д холбогдох 1718001280001 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд:

-2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 54 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 50 хоног хорих ялаар сольсон Б- овогт М-ын Б- /РД: **********/

Шүүгдэгч М.Б- нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрүүдийг хүртэлх хугацаанд 24 удаагийн үйлдлээр иргэн Б.Э-, Э.М-, Д.У-, Д.Г-, С.Б-, Б.Б-, Ч.Ц-, О.Б-, Б.Б-, Ж.Б-, С.Г-, М.С-, С.У-, Б.Н-, Э.Г-, Ц.Б-, Б.А-, М.М-, Р.М-, Р.И- нарын эзэмшлийн “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслийн, иргэн Б.Э-ын эзэмшлийн “Киа бонго” маркийн тээврийн хэрэгслийн статерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 4.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолоор:

-Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар зүйлчилж,

-Шүүгдэгч Б- овогт М-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч М.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар М.Б-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг тус тус дурдаж,

-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 18 ширхэг статерыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор... шийдвэрлэжээ.

Прокурор  Давж заалдах шатны шүүхэд бичсэн  эсэргүүцэлдээ:

...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр эсэргүүцэл гаргаж байна.

Шүүгдэгч М.Б- нь 2017 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнөөс эхлэн 2017 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө хүртэл нийт 24 удаагийн үйлдлээр бусдын “Портер” маркийн автомашины статерийг 14-н дорцов, 12-н түлхүүр зэргийг ашиглан хулгайлсан бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагааны явцад М.Б- нь уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэхдээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэдэг талаар мэдүүлэг өгсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2.т “Сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Б-ий тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал нь түүний мэдүүлэг болон хамгийн сүүлд үйлдсэн гэмт хэргийн дараа М.Б-ээс 14-н дорцов, 12-н түлхүүр зэргийг хураан авсан прокурорын зөвшөөрөл, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолын хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр давхар нотлогдож байна.

Түүнчлэн “Портер” маркийн автомашины доод талд ил бэхлэгдсэн статерийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглан тайлж авахаас өөр тохиолдолд гараар авах боломжгүй болох нь хэргийн нөхцөл байдлаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн 358 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т заасныг үндэслэн Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор О.Доржмаа дүгнэлтдээ:

...Эсэргүүцлээ дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” гэж заасныг хангах үүднээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:

...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

...Прокуророос тусгайлан бэлтгэсэн зэвсэг хэрэглэсэн гэж маргадаг боловч үүнийгээ нотлоогүй. Анхан шатны шүүх өөр өөр хэргийн дугаартай хэргийг шийдэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8., 9.д заасныг зөв хэрэглэсэн. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймгийн прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй  байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Прокуророос шүүгдэгч М.Б-ийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрүүдийг хүртэлх хугацаанд нийт 24 удаагийн үйлдлээр иргэн Б.Э-, Э.М-, Д.У-, Д.Г-, С.Б-, Б.Б-, Ч.Ц-, О.Б-, Б.Б-, Ж.Б-, С.Г-, М.С-, С.У-, Б.Н-, Э.Г-, Ц.Б-, Б.А-, М.М-, Р.М-, Р.И- нарын эзэмшлийн “Хьюндай портер” маркийн тээврийн хэрэгслийн, иргэн Б.Э-ын эзэмшлийн “Киа бонго” маркийн тээврийн хэрэгслийн статерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдэж нийт 4.080.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Анхан шатны шүүх хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах дүгнэлтийн хэмжээнд шийдвэрлэх үндэслэлтэй, дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байхад анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Б-ийг дээрх гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан гэх 14-ийн хэмжээтэй дорцов, 12-ын хэмжээтэй түлхүүр зэрэг нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хэргийн хамт шүүхэд ирээгүй, өөр гэмт хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож улсын орлого болсон, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй тул зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.   

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 358 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Б-д холбогдох 1718001280001 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Шүүгдэгч М.Б-д урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР

                                                      ШҮҮГЧИД                                    Ц.ТУЯА

                                                                                                           Ц.АМАРЖАРГАЛ