Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2015/0525

 

П.Д-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, нэхэмжлэгч П.Д-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-, гуравдагч этгээд Т.М-, гуравдагч этгээд Ч.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5000 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн П.Д-ын нэхэмжлэлтэй, *******т холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч П.Д- миний бие Т.М-гийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Э- 00 дүгээр гудамж 00 тоот хашааг 2009 онд анх түрээслэн, хүнсний үйлдвэрлэл явуулж улмаар эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр 3 жилийн хугацаанд нийтдээ 51.056.000 төгрөгийг өмчлөгч Т.М-гаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хөрөнгө оруулсан болно. Анх намайг түрээслэх үед жижиг воганчик байсан. Гэтэл Т.М- нь миний оруулсан хөрөнгийн фото зургийг хавсаргаж, мөн Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 11-29-191/86 тоот миний хүү О.Батсайханд олгосон албан бичгийг засварлаж үйлдвэрлэл үйлчилгээний барилга барьсан мэтээр Улсын бүртгэлийн газрын байцаагчийг хууран мэхэлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан байна.

Тус газар дээр одоо 11x12 хэмжээтэй блокоор өрж тоосгоор өнгөлсөн барилга байгаа бөгөөд хэзээ ч арван уут цемент, хэдхэн тоосгоор баригдахгүй юм. Уг гэрчилгээг хүчингүй болгуулахаар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр *******т хандахад 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 11/2540 тоотоор шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариу өгсөн. Иймд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Э- 1-00 тоотын Ү-0000дугаарт бүртгэлтэй улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заагдсан нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны актыг түдгэлзүүлэх гэсэн заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Иймд хуульд заасан шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Э- 00 дүгээр гудамжны 00 тоот хаягт орших 21 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг иргэн Т.М-гийн өмчлөлд баталсан "Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай" хуулийн 12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 072 дугаар захирамжаар 657 м.кв, 8.672.400 төгрөгийн үнэтэй газар өмчлүүлэх шийдвэр, өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг хянан баталгааны дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн №11-29-191/86 тоот дүгнэлт, гараар бичсэн өргөдөл, фото зураг зэрэг холбогдох нотлох баримтыг үндэслэн 213190 тоот гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000дугаарт бүртгэгдсэн байна.

2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 178 дугаартай нотариатчийн гэрчилсэн "Худалдах, худалдан авах гэрээ-ээр иргэн Ч.Д-ад өмчлөх эрх шилжсэн байна. Дээрх үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэхэд газар өмчлөх шийдвэр, газрын байршлын кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлт зэрэг нь тухайн иргэний нэр дээр олгогдсон Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно гэж заасантай нийцэж байх тул архивын хувийн хэргийн нотлох баримтуудаас үзэхэд тухайн бүртгэл нь холбогдох хууль дүрэм журмын дагуу нотлох баримтыг үндэслэн бүртгэл хийгдсэн байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-0000дугаарт бүртгэгдсэн 213190 тоот гэрчилгээг хүчингүй болгох, мөн түүнчлэн түдгэлзүүлэх хууль, эрх зүйн үндэслэлгүй байх тул иргэн П.Д-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5000 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасныг баримтлан П.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн өөрчилсөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Э- 1-00 тоот үл хөдлөх эд хөрөнгийн Y-2204043785 дугаар улсын бүртгэлийг түдгэлзүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч иргэн П.Д- давж заалдах гомдолдоо: ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 501 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Хэргийн оролцогчдын мэтгэлцэх үүднээс гуравдагч этгээдүүдийг оролцуулах үндэслэлээр шүүх хуралдааныг удаа дараалан хойшлуулж байсан. Гэтэл 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүх хуралдаан давхцсан хүсэлтээ бичгээр өгүүлсэн байхад хариуцагч болон нэхэмжлэгч нарыг оролцуулалгүй зөвхөн гуравдагч этгээдийг оролцуулан хурал хийжээ. Захиргааны хэргийн шүүх байгуулагдаад 10 жил болоход анх удаа нэхэмжлэгч, хариуцагчгүй хурал боллоо. Иймд мэтгэлцэх боломжоор хангаагүй 501 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү... гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн нэрийг буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр түүний 96735055 тоот утсаар мэдэгджээ[1].

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны дэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98, 99 дүгээр зүйл, 100.3, 100.4, 101-114 дүгээр зүйлд заасан журмаар зохицуулагдана, 69.2-т Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл уг хэргийг хянан шийдвэрлэж болох бөгөөд тэдгээрийг заавал байлцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж дахин дуудах ба 2 дахь удаагаа ирээгүй бол нэхэмжлэлийг буцаана гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т ...нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана..., 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цаг 00 минутад эхэлсэн, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 14 цаг 00 минутад шүүхэд бичгээр ирүүлсэн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтэд хавсаргасан шүүх хуралдааны тов мэдэгдэх баримт[2] нь он, сар тодорхойгүй, 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны товыг хэзээ мэдэгдсэн нь тодорхойгүй /он нь мэдэгдэхгүй ба 06 дугаар сарын 30 гэж огноологдсон/ эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байхаас гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А- тус шүүх хуралдаанд оролцох шаардлагатай байсан эсэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэгч П.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдаанд өөр этгээдийн төлөөлөгчөөр оролцох байсан буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтээ зохих ёсоор илэрхийлсэн гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А- гарын үсэг зурсан захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаас үзвэл шүүх хуралдааны товыг шүүх хэргийн оролцогчдод шүүх хуралдаан болохоос 14 хоногийн өмнө мэдэгдсэн нь тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг дээр дурдсанчлан зохих ёсоор илэрхийлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдохгүй байх тул шүүх хуралдаан эхэлсэн байх үед шүүхэд ирүүлсэн тэдний хүсэлтийг хангаагүй гэж өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Э- 00 дүгээр гудамжны 00 тоот үйлчилгээний зориулалттай 21 м.кв үл хөдлөх хөрөнгийг Т.М-гийн нэр дээр 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-0000дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ олгосныг нэхэмжлэгч П.Д- эс зөвшөөрч ...өөрийн хөрөнгөөр засч цайны газрын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байхад уг хөрөнгийн фото зураг, мэргэжлийн хяналтын байцаагчийн 2012 оны 11-29-191/86 тоот албан бичгийг засварлаж үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьсан мэтээр баримт бүрдүүлсэн нь хууль бус тул тус үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлэх учиртай гэж маргажээ.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн байшингийн өмчлөгч нь Т.М- гэдгийг нотолсон гэрч, Ж.Б-, С.Д нарын мэдүүлгүүд хэрэгт авагджээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид бүртгэлийн гэрчилгээ гэх/ олгож, хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана гэж, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч П.Д- нь маргаан бүхий бүртгэлд заасан үл хөдлөх эд хөрөнгө болох байшинг Т.М-гийн зөвшөөрснөөр, өөрийн хөрөнгөөр засварласан, уг барилгад миний оруулсан хөрөнгө байгаа гэж маргах боловч энэ тайлбарыг хөдөлбөргүйгээр нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, заагаагүй байна. Өөрөөр хэлбэл, энэ талаар эрх бүхий байгууллагаар тогтоогдсон албан ёсны шийдвэр, өөр бусад эргэлзээгүй баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын гуравдагч этгээд Т.М-гийн өөрийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн үйл ажиллагаа хуульд нийцсэн, өөрөөр хэлбэл, тус бүртгэлийн улмаас нэхэмжлэгч П.Д-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул маргаж буй бүртгэлийг түдгэлзүүлэх үндэслэлгүй талаар дүгнэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.

Давж ызаалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зөвхөн иргэн Т.М-д олгосон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байх ба гуравдагч этгээд Т.М- нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Э- 1-00 тоот үл хөдлөх эд хөрөнгийн Ү-0000дугаарт бүртгүүлэн, улмаар гуравдагч этгээд Ч.Д-ад 3.000.000 төгрөгөөр худалдсан, тус Худалдах-худалдан авах гэрээг талууд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлж, өмчлөх эрх шилжсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хоорондох хөрөнгийн маргаан тодруулбал, барилга байшин барих, засварлах, тог цахилгаан, цэвэр бохир усны шугам татуулахад оруулсан хөрөнгийн талаарх маргааныг харьяалан шийдвэрлэх, өөрөөр хэлбэл энэ талаар дүгнэж шийдвэрлэх эрх хэмжээгүй тул нэхэмжлэгч П.Д- нь тус үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эд хөрөнгийн маргаанаа харьяаллын дагуу иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байна. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хуулийн нэрийг буруу бичсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 01-ий өдрийн 5000 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Эд хөрөнгө өмчлөх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн гэснийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Ц.ЦОГТ

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 


[1] Хавтаст хэргийн 22 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 24 дүгээр тал