Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 236

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Оюунцэцэг,

Хохирогч Д.Одгэрэл,

Шүүгдэгч  С.Цэрэнжамба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сүхбаатарын Цэрэнжамбад холбогдох эрүүгийн 201619000446 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар багийн 9 дүгээр гудамжны 27 тоотод оршин суух хаягтай, Төв аймгийн онцгой байдлын газарт жолооч ажилтай, 2005 онд Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар биелүүлэхийг хойшлуулахаар хянан шийдвэрлүүлж байсан, Боржигон овогт Сүхбаатарын Цэрэнжамба, регистрийн дугаар НЭ89011911 гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

            Шүүгдэгч  С.Цэрэнжамба нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Мөнх "Алдар"-ын талбай дээр 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Д.Одгэрэлийг хоорондын таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч С.Цэрэнжамба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг бүртгэлтийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Д.Одгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: ... Би Төв аймгийн Монгол ардын намын сонгуулийн штабд ажиллаж байгаа юм. 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед сонгуулийн штабын байранд байж байтал С.Цэрэнжамба гэдэг залуу над руу утсаар ярьсан. Би түүнд "Би чамтай яримааргүй байна" гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би бие засах газар орчихоод гараад иртэл С.Цэрэнжамба ирсэн байж байсан. Тэр нилээн согтуу байх шиг байсан. Би түүнд "Чи яагаад энд согтуу ирж байгаа юм бэ? болохгүй шүү дээ " гэж хэлсэн. Гэтэл С.Цэрэнжамба "гаръяа" гэхээр нь дагаад гадаа гарсан. Гэтэл С.Цэрэнжамба үгийн зөрүүгүй миний гар утсыг булааж аваад явчихсан. Би түүний хойноос нь дагаад "Утсаа авмаар байна. Чи миний утсыг зүгээр өгчих. Би чамтай ярих зүйл байхгүй" гэж хэлээд аймгийн төв талбай дээр явж байтал С.Цэрэнжамба гэнэт иргэж хараад намайг заамдаад үсдэж зүүн хөлийн гуя руу өшиглөөд намайг газар унагаасан. Намайг зодож байхдаа пизда зэргээр дуудаад харааж хашгираад байсан. Тэгэж байснаа С.Цэрэнжамба гүйгээд явчихсан. Тэгээд би цагдаад хандсан. С.Цэрэнжамба бид нар энгийн найзын холбоотой байсан. С.Цэрэнжамба намайг удаа дараа хэл амаар доромжилоод байхаар нь би түүнтэй уулзахгүй гэж хэлсэн. Намайг Улаанбаатар хотод ажил дээрээ байхад С.Цэрэнжамба утсаар янз бүрээр хэлээд байдаг. Тэгээд Төв аймгийн Зуунмод суманд намайг ирж ажиллаж эхэлсэнээс хойш "Дарга нартайгаа явдаг" зэргээр доромжилоод байсан. Тэгээд би түүнийг өдөр утсаар ярихаар нь "Би ажилтай байна уулзаж чадахгүй" гэж хэлсэн. Тэгтэл 17 цагийн үед утсаар ярихдаа согтуу байхаар нь уулзахгүй гэж хэлсэн юм. Цэрэнжамба өдөр нь намайг хоолонд орохуу гэхээр нь би завгүй байна гээд хамт яваагүй юм. Дараад нь би хамт ажилдаг хүмүүс болон даргынхаа хамт хоолонд орхоор явсан. Гэтэл С.Цэрэнжамба тэрнийг харчихаад уурласан байсан. Ер нь намайг хардаад зодсон юм шиг байсан. С.Цэрэнжамба нь бие муутай ээжтэйгээ байдаг. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Сэжигтэнээр С.Цэрэнжамба хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 6 дугаар сарын 20-ны өглөө ажилаасаа буусан байсан. Тэгээд гэртээ өвчтэй байгаа ажлынхаа газрын нэг ахынд очсон. Тэнд нэг шил архийг гурвуулаа уучихаад мөн Н.Мягмардорж гэдэг залуугийн төрсөн өдөр болж байна хүрээд ир гээд байхаар нь 1 шил архи аваад гэрт нь очсон. Тэнд авч очсон архиа уусан. Тэгээд би согтчихсон байсан. Түүнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Хэзээ гэртээ ирсэнээ мэдэхгүй байгаа. Тэр өдөр би ажлаасаа буугаад хоол унд идээгүй, нойр муутай байсан болохоор амархан согтчихсон. Би Д.Одгэрэл гэдэг эмэгтэй хүнтэй найзалдаг. Энэ хүн уг нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Манай аймаг дээр сонгуулийн ажилаар ирээд 10-аад хонож байгаа юм. Бид хоёр найзлаад 2 жил орчим болж байна. Урд нь бид хоёр зүгээр энгийн харилцаатай байсан. Сүүлийн үед маргаантай үл ойлголцоод байгаа. Д.Одгэрэл өөрөө надад "Хүмүүс намайг даргатай явдаг гээд яриад байх юм" гэж надад хэлж байсан. Тэрнийг нь би нэг удаа " Чи даргатайгаа явдаг" гээд хэлчихсэн. Зарим үед хүн танихгүй гэсэн мөртлөө утасны дугаарыг нь хадгалчихсан байдаг. Тэгээд бид хоёр хэрэлдэж маргалдаж байсан. Сүүлийн үед сонгуулийн ажилтай гээд уулзаж ярихгүй байсан. Заримдаа утсаар ярихаар завгүй гээд байдаг. Тэгээд хараад байхаар завтай яваад байдаг. Мөн фесбүүкэнд байсан манай эмэгтэй найзуудыг устгаад хаячихсан. Тэгсэн мөртлөө өөрийнх нь найзууд байгаад байдаг юм. Тэрнээс болж бас маргалдаж байсан. Өдөр нь намайг утсаар яриад хоол идэх үү гэхэд идэхгүй гэж байсан. Гэтэл дараад нь өөрөө хоолонд орно гээд даргатайгаа явахаар нь би уур хүрээд уулзаагүй явчихсан. Тэгээд би согтчихоод энэ бүхэн бодогдоод Д.Одгэрэлийн ажил дээр очсон байх. Яагаад Д.Одгэрэлийг зодсоноо мэдэхгүй байна. Би архи ууж байгаад айлаас хэзээ гарсанаа санахгүй байна. Д.Одгэрэл бид хоёр сайн дураар эвлэрсэн. Би өөрийн үйлдсэн хэрэгт гэмшиж харамсаж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэсэн мэдүүлэг.

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5 тал/,

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн   2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №306 тоот актад:

1. Д.Одгэрэлийн биед зүүн гуянд цус хуралт, зүүн эгэм, хүзүү, баруун гарын алганд зулгаралт, толгойн баруун хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үйлчлэлээр үүгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогттох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд; хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй гэжээ. /хх-ийн 14/

 

            - С.Цэрэнжамбыг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр сэжигтнээр /хх-20 тал/, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар /хх-24 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

            - С.Цэрэнжамбын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг шалгахад “Төв аймгийн онцгой байдлын газарт жолооч ажилтай, 2005 онд Төв аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар биелүүлэхийг хойшлуулахаар хянан шийдвэрлүүлж байсан” гэх лавлагаа  /хх-27 тал/,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Цэрэнжамба нь Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Мөнх "Алдар"-ын талбай дээр 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Д.Одгэрэлийг хоорондын таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Одгэрэл мөрдөн байцалтад мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 306 дугаар акт, шүүгдэгч С.Цэрэнжамба хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч С.Цэрэнжамбад холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч С.Цэрэнжамбад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Хохирлын талаар:

            Хохирогч Д.Одгэрэл нь шүүгдэгч С.Цэрэнжамбатай сайн дураараа эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй байна.           

 

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч С.Цэрэнжамба нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Цэрэнжамбыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн С.Цэрэнжамбад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          3.Энэ хэрэгт бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Цэрэнжамба нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Цэрэнжамбад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж С.Цэрэнжамбад бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.МӨНХТУЯА