Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 09

 

                                                                     

                                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Гомдол гаргагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-ийн дүгнэлттэй,

    Хариуцагч: Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Тариалан сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Ц-д холбогдох,

      Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 0179472 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч прокурор Я.Д, хариуцагч Мэргэжлийн хяналтын газрын Тариалан сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Дина би, тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Цогоо нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан Ч.Цогоод холбогдох 29 дугаартай хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн матөриалыг хянахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Цогоо нь Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Аагаа гэх газраас 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж үзэж холбогдогч С.Даваанямыг 2020 оны 04 сарын 27-ны өдөр 0179472 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь холбогдогч С.Давааням нь Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Аагаа гэх газраас 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн гэмт хэргийн шинжтэй байх тул Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймаг дахь Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Цогоогийн 2020 оны 04 сарын 27-ны өдөр холбогдогч С.Даваанямд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0179472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулж, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг прокурорт буцаалгахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ. 

     Хариуцагч Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Тариалан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Ц шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Увс аймгийн прокурорын газрын 2020 оны 5 сарын 29-ний өдрийн 31 тоот прокурорын дүгнэлттэй уншиж танилцсан. Увс аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Ц би Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт мод бэлтгэсэн гэх мэдээллийн дагуу 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хяналт шалгалт хийж зөвшөөрөлгүй бэлтгэсэн 1.2 куб/м модыг хураан авч Увс аймгийн Тариалан сумын цагдаагийн газрын хашаанд буулгасан. Тухайн үед ямар нэгэн эзэн холбогдогч тодорхойгүй байсан тул сумын хэсгийн төлөөлөгчтэй хамтран эзэн холбогдогчийг тогтоож Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан заалтыг танилцуулж Зөрчлийн тухай хуульд зааснаар хүсэлт ирүүлсэн тул холбогдогч С.Даваанямд торгуулийн арга хэмжээ авсан. Уг зөрчил нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжтэй байсан тул миний бие Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулийн шийтгэл оногдуулж буруу арга хэмжээ авсан байна. Анх удаа энэ төрлийн хэрэгт шийтгэлийн хуудас оногдуулсан. Холбогдогч С.Даваанямаас хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн шийтгэл авна гэсэн хүсэлт ирүүлсэн тул шийтгэлийн хуудас оногдуулсан нь буруу байсан” гэжээ.

     Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д Мэргэжлийн хяналтын газрын Тариалан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Ц-ийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 0179472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

       Шүүхээс зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гомдол гаргагч прокурор, хариуцагч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлэн дүгнээд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Ц-ийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 0179472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

    Шүүх хуралдаанд гомдол гаргагч нь прокурорын дүгнэлтээ дэмжиж, иргэн С.Даваанямын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжтэй байх тул эрх бүхий албан тушаалтны иргэн С.Даваанямд Зөрчлийн тухай хууль зөрчсөн гэж шийтгэл ногдуулсан гэсэн үндэслэлээр 0179472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар  тайлбар гаргаж оролцов.

      Хариуцагчийн зүгээс “Уг зөрчил нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжтэй байсныг миний бие Зөрчлийн тухай хуульд зааснаар торгуулийн шийтгэл оногдуулж буруу арга хэмжээ авсан байна. Анх удаа энэ төрлийн хэрэгт шийтгэлийн хуудас оногдуулсан. Холбогдогч С.Даваанямаас торгуулийн шийтгэл хүлээлгэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснээр шийтгэлийн хуудас оногдуулсан нь буруу байсан байна. Прокурорын дүгнэлтийг зөвшөөрч байна” гэх тайлбар гаргав.

     Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Тариалан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Ц-ийн үйлдсэн 2020 оны 4 сарын 27-ны өдрийн 0179472 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн С.Даваанямыг Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан 300000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

    Эрүүгийн хуулийн 24.6 дахь хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж зохицуулжээ.

       Гэтэл байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Ц-ийн иргэн С.Даваанямын Увс аймгийн Тариалан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Аагаа гэх газраас зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нь  Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан иргэн С.Даваанямыг 300000 төгрөгөөр торгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

       Иймд байгаль орчны хяналтын байцаагчийн үйл ажиллагаа  хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн байх тул прокурорын шүүхэд гаргасан дүгнэлтийг хангаж, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 4 сарын 27-ны өдрийн 0179472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-ийн 2020 оны 05 сарын 29-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт бүхий гомдлыг хангаж Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Тариалан сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ч.Ц-ийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 0179472 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар прокурорын дүгнэлт бүхий гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

      3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ОЮУНГЭРЭЛ