Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2020/00346

 

 

А.А-ийн нэхэмжлэлтэй

        иргэний хэргийн тухай       

  Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00207 дугаар шийдвэр,

          Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 212/МА2019/00023 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: А.А-

          Хариуцагч: “... банк” ХХК-д холбогдох

          Тушаал хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баасанжав, нарийн бичгийн даргад А.Энхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Баян-Өлгий аймаг дахь ... банкны салбарын Сагсай тооцооны төвд нийт 12 жил теллер, ахлах теллерийн ажиллаж байсан. Ш.Өмирбек миний эх А.Алиманаас 6 сая төгрөг хүүтэй зээлсэн ба үлдэгдэл 900,000 төгрөгийг “..гүйлгээ хийх боломжгүй, хадгаламжийн хугацаа дуусах 2018-12-23-ны өдөр А.Алиманы дансанд шилжүүлж, тэр хүний үндсэн зээлийг барагдуулахыг хүсэж...мөнгөний шилжүүлгийн баримтад гарын үсэг зурж, 900,000 төгрөг шилжүүлэхийг надад даалгаад явсан..”.Үүний дагуу би 2018-12-24-ний өдөр Ш.Өмирбекийн зөвшөөрч гарын үсэг зурсан мөнгөн шилжүүлгийн баримтыг үндэслэж, 900,000 төгрөгийг А.Алиманы дансанд шилжүүлсэн. Энэ нь хууль тогтоомж, журмыг зөрчөөгүй. Ш.Өмирбекийн өөрийн гарын үсэг нь банкны шилжүүлэг болон тус тооцооны төвийн камерын бичлэгээр нотлогдож байгаа. X.Бахыт нь миний эх А.Алимантай тохиролцож 3,500,000 төгрөгийг 7 хоногийн хугацаагаар зээл авсан боловч хугацаанд нь төлөөгүй байсаар сүүлд хүүтэй төлөхөөр тохирсон байна. Уг А.Алиманаас авсан зээл 3,500,000 төгрөгийг хүүгийн хамт 2018-11-05-ны өдөр X.Бахыт нь өөрөө авч ирж надад бэлнээр өгч, ээж А.Алиманд өг гээд явсан.Энэ 3,500,000 төгрөг нь иргэд хоорондын зээл бөгөөд ... банкны тооцооны төвөөр дамжаагүй, зээлийн гэрээ тул миний хөдөлмөрлөх үйл ажиллагаанд ямар ч холбогдолгүй. Ш.Өмирбек, X.Бахыт нар миний ээжээс зээлсэн мөнгөө буцаан төлсөн үйлдэл нь миний ажилтай холбоогүй байхад  холбож ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4; 131.1.3-г ноцтой зөрчсөн.... банкны захирлын 2019-01-18-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/17 тоот тушаалын Үндэслэх хэсэгт баримталсан Банкс програм-ын баримталсан заалт, Ёс зүйн дүрмийн болон Хөдөлмөрийн дотоод журмын, Хөдөлмөрийн гэрээний заалтууд нь А.А- надад зөрчилд тооцож буй үйлдэлд огт хамааралгүй. Миний бие уг заалтуудыг зөрчөөгүй бөгөөд хамааралгүй заалтуудыг баримталж ажлаас халах шийтгэл ногдуулсныг зөвшөөрөх боломжгүй. ... банкны зөрчлийг шалган тогтоогоогүй ба ... банкны Сагсай тооцооны төвийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил гараагүй, иргэд хоорондын зээлийн төлбөрийг барагдуулсан үйл ажиллагаанаас үүдэлтэй маргаанд сахилгын шийтгэл ногдуулсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-д зааснаар ... банкны Баян-Өлгий аймаг дахь Салбарын захирлын 2019-01-18-ны өдрийн Б/17 тоот тушаалыг хүчингүй болгож, А.А- намайг ... банкны Сагсай тооцооны төвийн ахлах теллерийн албан тушаалд эргүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

         Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.3, Хөдөлмөрийн гэрээний 5.7-г үндэслэн ажилтан сахилгын ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. А.А- нь ажлын байрны давуу тал, эрх мэдлээ ашиглан ээжийнхээ өр төлбөрийг барагдуулах зорилгоор харилцагчийг өөрийн биеэр банканд ирээгүй байхад түүний данснаас зөвшөөрөлгүйгээр дур мэдэн шилжүүлгийн гүйлгээ хийсэн, мөн энэхүү зорилгоор тэтгэврийн зээл авсан харилцагчийн данснаас шилжүүлгийн гүйлгээ хийж Банкны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан. Энэхүү зөрчил нь шалгалтаар илэрч, нотлох баримтуудаар нотлогдсон байна. Нэхэмжлэгч А.А-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7-д сахилгын ноцтой зөрчлийг гаргавал хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан ба талууд тохирч А.А- үүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж ажил үүргээ гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т сахилгын ноцтой зөрчлийг гаргасан бол хөдөлмөрийн гэрээ цуцлахыг ажил олгогчид зөвшөөрсөн байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

      Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 130/ШШ2019/00207 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан А.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

       Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 212/МА2019/00023 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00207 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсан байна.

       Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-г буруу хэрэглэж энэ хуулийн дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх түүнийг нь зөв гэж үзсэн. Уг хуулийн заалт бол шүүхээр хянан шийдвэрлэх маргаан, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан ажилтны гомдол гэж зааж өгснөөс биш нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно гэж зааж өгөөгүй байна. Ажил олгогчийн А.А-ийг ажлаас халсан 2019-01-18-ны өдрийн 6/17 дугаартай тушаалд ч энэ хуулийн заалтыг хэрэглээгүй байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлах 6/17-р тушаал гаргахдаа хуулийн нэр томьёог “Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн” гэж буруу бичсэн нь уг тушаалыг хүчингүй болгох эхний үндэслэл болно. Мөн хариуцагч уг тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, ... банкны Хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3 дахь заалт, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэсэн нь буруу болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ноцтой зөрчил гэдгийг .. гэж хуульчилж өгсөн байна. Гэтэл ажил олгогч Дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний дээрх заалтад “ноцтой зөрчил” гэж тухайлан зааж өгөөгүй байна. Тухайлбал урьд өдөр нь харилцагч банкин дээр ирээд гүйлгээ хийхийг зөвшөөрөөд гарын үсгээ зурж явчихаад дараа өдөр нь теллер гүйлгээ хийсэн бол ажилтныг ажлаас хална гэж тухайлан зааж өгөөгүй байна. Мөн хэн гэдэг банкны харилцагчийг өөрийн биеэр банкинд ирээгүй болохыг 6/17 дугаартай тушаалд нэрлэн зааж өгөөгүй байна. Эрх, ашиг нь хөндөгдсөн харилцагчийн нэрийг тушаалд дурьдалгүй, харилцагч ямар нэгэн гомдол гаргаагүй байхад ажилтнаа ажлаас нь халж болохгүй. Харин банкны харилцагч ноён Ш.Өмирбек өөрийн биеэр 2018-12-24-ний өдөр ирж өөрөө гарын үсгээ зурж 2 удаа гүйлгээ хийлгэсэн баримт хэрэгт авагдсан байна. Ш.Өмирбек гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Маргахгүй байна. Түүний эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөөгүй байна. Тийм ч учраас зохигч нар тэр хүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргаагүй байна. Шүүх ч Ш.Өмирбекийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байна. Ш.Өмирбек ч шаардлага гаргаагүй байна. Харин гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Гэрч Ш.Өмирбек “2018-12-10-ны өдөр 2 баримтад гарын үсэг зурсан. ...2 цагаан баримтыг өөр байдлаар ашиглаагүй. ...би малчны зээлтэй байсан. Би хэцүү зүйл хэлчих шиг боллоо. Алибекийг ажлаас битгий гаргаарай гэж Үсенд хэлсэн. Би монгол хэлээр ярьж чадахгүй ч уншиж чадна” гэж мэдүүлсэн. Энэ мэдүүлгээс үзэхэд түүний эрх ашиг хөндөгдөөгүй байна. Хариуцагчийн 6/17 дугаартай тушаалд өөрийн биеэр ирээгүй гэх Ш.Өмирбекийн нэрийг бичээгүй атлаа “харилцагчийг өөрийн биеэр банкинд ирээгүй байхад түүний данснаас зөвшөөрөлгүйгээр шилжүүлгийн гүйлгээ хийсэн” гэж бичсэн нь үндэслэлгүй. Ш.Өмирбек урд өдөр нь өөрийн биеэр очоод баримтан дээр гарын үсэг зураад хадгаламжийн хугацаа дуусах өдөр гүйлгээ хийгээрэй, малчны зээлтэй, яарч явна” гээд зөвшөөрсөн байна. Харин Ш.Өмирбекийн Сумын Засаг дарга хадам ах Хонаевт ярьсныг Засаг дарга улс төр хийх сөрөг хүчний нэг ч болсон хүнийг ажилгүй болгох арга сэдэж Сумын ИТХ-ын төлөөлөгч АН-ын гишүүн нэхэмжлэгч А.Алибекийг ... банкны теллерийн ажлаас халуулах үйл ажиллагаа зохион байгуулсан. ... банкны банкс программ ашиглах технологи журмын заалт, Ажлын байрны тодорхойлолтын заалт, Хөдөлмөрийн гэрээний заалтад “урьд өдөр нь банкны харилцагч ирж гарын үсэг зураад явсан баримтаар дараа өдөр нь гүйлгээ хийсэн бол теллерийг ажлаас хална” гэж огт бичээгүй, зааж өгөөгүй байна. Б/17 дугаартай тушаалын 1-д “Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж Хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэж шийтгэл, хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр зэргийг давхардуулан хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-т зөвхөн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг хуульчилж өгсөн. Сахилгын шийтгэл ногдуулах харилцааг зохицуулахаар зааж өгөөгүй. Дээрх үндэслэлүүд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл болно. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

     А.А- 2019-01-28-ны өдөр “... банк” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ... банкны Баян-Өлгий аймаг дахь Салбарын захирлын 2019-01-18-ны өдрийн Б/17 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ... банкны Сагсай тооцооны төвийн ахлах теллерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

     Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

     Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    ... банкны Баян-Өлгий салбарын захирал 2019-01-18-ны өдөр Б/17 дугаар  тушаал гаргаж, “...ажлын байрны давуу тал, эрх мэдлээ ашиглан ээжийнхээ өр төлбөрийг барагдуулах зорилгоор харилцагчийг өөрийн биеэр банканд ирээгүй байхад түүний данснаас зөвшөөрөлгүйгээр шилжүүлгийн гүйлгээ хийсэн.. мөн энэхүү зорилгоор тэтгэврийн зээл авсан харилцагчийн данснаас шилжүүлгийн гүйлгээ хийсэн ..” гээд  Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, дотоод журмын 9.3.2., хөдөлмөрийн гэрээний 3.2.6,3.2.9,...5.7.12, хөдөлмөрийн дотоод журмын 4.4.12-г үндэслэн А.А-тэй  байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

      Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч нь өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. 

     Зохигчийн хооронд 2016-07-26-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.7-д зааснаар ажилтан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-р ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлахаар заажээ.

     Нэхэмжлэгч нь Ш.Өмирбекээс 2018-12-10-ны өдөр хоёр ширхэг мөнгөн шилжүүлгийн хоосон баримтад гарын үсэг зуруулж авсан нь баримтаар нотлогдсон байна.

    Түүнчлэн, банкны харилцагч нартай санхүүгийн харилцаа үүсгэсэн нь тогтоогдсон байх тул “...ахлах теллерийн хувьд хориглосон заалтыг зөрчиж санхүүгийн харилцаа үүсгэж улмаар харилцагч банканд өөрийн биеэр ирээгүй байхад буюу зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийсэн..” гэх ажил олгогчийн заасан үндэслэлийг буруутгах баримтгүй байна. 

      Иймд ажилтан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчоос цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 5.7., 5.7.12-г зөрчөөгүй байна.

      Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох, үгүйсгэх баримтыг зохигч шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Шүүх зохигчийн гаргасан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэнэ. 

    Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой дурдсан байх тул нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 130/ШШ2019/00207 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 212/МА2019/00023 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэбатын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ