Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/934

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, улсын яллагч Р.Очирсүрэн, шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-ын Б-т холбогдох эрүүгийн 1808 0468 31302 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б овогт С-ын Б Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Баацагаан суманд 1975 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 0-16 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, хххх байнга оршин суух, хххх тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэл: -Баянхонгор аймгийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шүүхээс хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн дугаар. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр) С.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, 06-03 тоотод иргэн Б.Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: Хохирогч Б.Ц- бид хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд юм. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дүү С.Энхболдыг загнаж байтал дундуур Б.Ц- орж ирж намайг загнаад байхаар нь түүний хацарт нэг удаа алгадаж, доошоо болоход нь хамар руу нь нэг удаа өшиглөсөн. Тэр үед Нармандах эгч биднийг салгасан. Хохирогч Б.Ц-д эмчилгээний зардалд нь 100,000 төгрөг өгсөн. Мөн ирж очих унааны зардалд 200,000 төгрөг төлсөн. Гэм буруугийн талаар маргахгүй, зөвшөөрч байна гэв. Хоёр. 1808046831302 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд: 1. Хохирогч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 26-нд Баянхонгор аймгийн төвөөс Улаанбаатар хотод хамаатан Соронзонболдын хүү Гавьяагийн хуриманд оролцохоор уригдаж ирсэн. Тэгээд хуриманд оролцоод дууссаны дараа 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр аавынхаа төрсөн дүү Нармандах эгчийнд очиж хоносон. Тэнд Баянхонгороос цуг ирсэн манай үеэл ах С.Б бас цуг хоносон. Маргааш өглөө нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө 9 цаг өнгөрөөд бүгдээрээ босоод байж байхад С.Б ах төрсөн дүү С.Энхболдыгоо чи хамаатныхаа хуриманд орсонгүй гээд загнаад байсан. Энэ үед манай эгч Нармандах бас ярианд оролцоод “чи дүүгээ загналаа” гээд С.Батсуурийг зэмлэж байсан. Би энэ үед С.Б ахтай нэг орон дээр зэрэгцээд сууж байсан юм. Би С.Б ахад хандаж “Та өөрөө адилхан амьдарч байж дүүгээ яах гэж тэгэж байдаг юм” гэж хэлсэн. С.Б ах миний урдаас "Чамд ямар хамаатай юм” гэсэн. Би тэгэхээр нь “Та ямар хүнд тус болдог биш, манай нөхөртэй гэр барилцана гээд худлаа яриад л алга болж байсан биздээ” гээд хэлтэл хажуунаас хүзүү рүү гараараа алгадсан. Тэгсэнээ босож ирээд үснээс зулгаагаад газар татаж унагаад чирсэн. Би үсээ хамгаалаад хоёр гараа бариад “Ёо ёо үс” гээд орилтол Нармандах эгч салгах гээд дундуур орж ирэхэд С.Б ах гуталгүй нүцгэн хөлөөрөө миний нүүрэнд өшиглөсөн. ...би босоод ирэхэд хамарнаас цус гарч байсан. С.Б ах дахиад цохих гээд дайраад байхаар нь би тэдний гэрээс гараад явсан. ...С.Б ах намайг өшиглөснөөс болж миний хамрын арьс зулгарч муруйж хавдсан, нүд хөхөрч хавдсан. ...тухайн үедээ шилэн хүзүү хөшиж өвдөж байсан...Миний биед зодуулсны улмаас хөнгөн хохирол учирсан. Би хамраа засуулахад эмчилгээнд 100.000 төгрөг зарцуулсан. Тэр мөнгийг эмнэлэгт С.Батсуурийн эхнэр төлсөн. Баричаар толгойгоо бариулахад 100.000 төгрөг зарцуулсан. Улаанбаатар хот руу ирэхэд нэг талдаа 30.500 төгрөгний автобусны тийз худалдан авч ирсэн. Энэ байх болон буцах зардал 100.000 төгрөг болсон... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11), 2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн “Хүний биед хийгдсэн” шүүх эмнэлгийн шинжилгээний 583 дугаар дүгнэлтэд: “...Хэсэг газрын үзлэг: 2 нүдний дээд доод зовхи, хамрын хянганд 1.5х1.5см зүүн хажуу хэсэгт 1.5х1 см, хэмжээтэй хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Баруун нүдний алимны салстын гадна хэсэгт улаан ягаан өнгийн цус хуралттай. 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсанд: Толгой өвдөнө, хамар өвдөж битүүрнэ, хамраас цус гарна, хүзүү өвдөнө, дотор муухайрч, огиудас хүрнэ. Үзлэгт: өвчтөний биеийн байдал хүнд, царай зовиур шаналгаатай, нүүр хавдсан, 2 нүдний зовхи хавдаж хөхөрсөн, хамар хавдаж хянга яс мэдэгдэхгүй болсон. Нүдний салст улайж хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдсан. Онош: няцрал болон тархи доргилт хүнд зэрэг эмч...П.Ариунаа... гэжээ. 2018 оны 9 дүгээр сарын 29-ний Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудаст: Толгой өвдөнө, хүзүү өвдөнө, нүүр хавдсан, Үзлэгт- 2 нүдний зовхи, хамрын нуруу, хацар хэсгээр хөхөрч хүрэнтсэн, хамрын зүүн талд зулгарсан, хамрын нуруу бага зэрэг муруй. Онош: Ахуйн гэмтэл. Тархи доргилт, хамрын хэсгийн зөөлөн эдийн няцрал хамар ясны хугарал, таславчийн муруйлт...эмч...Ч.Жавзан... гэжээ. ДҮГНЭЛТ: 1.Б.Ц-гийн биед тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхи, баруун нүдний алимны салст, хамарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн учирсан үедээ болон цаашид амь насанд аюулгүй болно. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /шинжээч Б.Баяртогтох/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17), 3. С.Батсуурын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 он 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө хотод Нармандах эгчийн гэрт босоод байж байсан юм. Энэ үед би дүү С.Энхболдыг хамаатныхаа хуриманд орсонгүй гээд загнаад сууж байхад манай үеэл дүү Б.Ц- дундуур орж ирээд хэрүүл өдөөд элдэв янзаар намайг хэлээд байсан. Би уурлаад түүнийг хүзүү рүү нь гараараа алгадсан. Тэгтэл тэр урдаас босоод ирэхээр нь үсдэж дараад доошоо тонгойхоор нь гуталгүй байсан нүцгэн хөлөөрөө нэг удаа нүүрэнд нь өшиглөсөн. Тэгээд түүний хамарнаас нь цус гарсан...нүүрэнд нь нэг удаа өшиглөсөн...би түүнд учруулсан хохирлыг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28), 4. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн тодорхойлолтууд (хавтаст хэргийн 19-20), 5. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 30, 31), ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 34), Баянхонгор аймгийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 32-33), хохирогч, шүүгдэгч нарын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд: I. Гэм буруугийн талаар. Шүүгдэгч С.Б нь Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, 06-03 тоотод, 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө 10 цагийн үед, хувийн таарамжгүй харилцааны улмаас, шууд санаатай үйлдлээр иргэн Б.Ц-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхи, баруун нүдний алимны салст, хамарт цус хуралт бүхий гэмтэл хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэн болох нь: -хохирогч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр аавынхаа төрсөн дүү Нармандах эгчийнд хоносон. Тэнд Баянхонгороос цуг ирсэн манай үеэл ах С.Б бас цуг хоносон. Маргааш нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 28- ны 9 цаг өнгөрөөд ...босоод байж байхад С.Б ах төрсөн дүү С.Энхболдыгоо чи хамаатныхаа хуриманд орсонгүй гээд загнаад байсан. ...Би С.Б ахад хандаж “Та өөрөө адилхан амьдарч байж дүүгээ яах гэж тэгэж байдаг юм” гэж хэлсэн. С.Б ах миний урдаас "Чамд ямар хамаатай юм” гэсэн. Би тэгэхээр нь “Та ямар хүнд тус болдог биш, манай нөхөртэй гэр барилцана гээд худлаа яриад л алга болж байсан” гээд хэлтэл хажуунаас хүзүү рүү гараараа алгадсан. Тэгсэнээ босож ирээд үснээс зулгаагаад газар гуд татаж унагаад чирсэн. Би үсээ хамгаалаад 2 гараа бариад “Ёо ёо үс” гээд орилтол Нармандах эгч салгах гээд дундуур орж ирэхэд С.Б ах гуталгүй нүцгэн хөлөөрөө миний нүүр рүү өшиглөсөн. ..би босоод ирэхэд хамарнаас цус гарч байсан. С.Б ах дахиад цохих гээд дайраад байхаар нь би тэдний гэрээс гараад явсан. ...С.Б ах намайг өшиглөснөөс болж миний хамрын арьс зулгарч муруйж хавдан, нүд хөхөрч хавдсан...тухайн үедээ шилэн хүзүү хөшиж өвдөж байсан...Миний биед зодуулсны улмаас хөнгөн хохирол учирсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11), -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн “Хүний биед хийгдсэн” шүүх эмнэлгийн шинжилгээний 583 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 17), -шүүгдэгч С.Батсуурийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө ...би дүү С.Энхболдыг хамаатныхаа хуриманд орсонгүй гээд загнаад сууж байхад манай үеэл дүү Б.Ц- дундуур орж хэрүүл өдөөд элдэв янзаар намайг хэлээд байсан. Би уурлаад түүнийг хүзүү рүү нь гараараа алгадсан. Тэр урдаас босоод ирэхээр нь үсдэж дараад доошоо тонгойхоор нь гуталгүй байсан нүцгэн хөлөөрөө нэг удаа нүүрэнд нь өшиглөсөн. Тэгээд түүний хамарнаас нь цус гарсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28) Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн тодорхойлолтууд (хавтаст хэргийн 19-20) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв. Хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч С.Б, хохирогч Б.Ц- нар нь садан төрлийн хүмүүс байх ба тухайн үед үүссэн ахуйн хувийн таарамжгүй харилцаа, бие биенийг үл хүндэтгэсний улмаас маргалдаж, улмаар шүүгдэгч С.Б нь хохирогч Б.Ц-д хөнгөн гэмтэл учруулсан нь хангалттай нотлогдсон байх бөгөөд тус гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэрэгт хамаарах тул С.Батсуурийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна. Иймд шүүгдэгч С.Батсуурийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно. II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар: Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ц- нь “...хамраа засуулах эмчилгээнд 100.000 төгрөг, бариа засалд 100.000 төгрөг тус тус зарцуулсан. Мөн Улаанбаатар хот руу ирэхэд нэг талдаа 30.500 төгрөгний автобусны тийз худалдан авч ирсэн. Бусад зардал 100.000 төгрөг болсон...” гэж нэхэмжилсэн байна. Дараа нь хохирогч Б.Ц- дахин хохирогчоор мэдүүлэхдээ “...хамар засуулахад 100.000 төгрөгийг С.Б төлсөн...” талаар, мөн шүүгдэгч С.Б нь нэмж 200.000 төгрөг өгсөн” талаар тус тус мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч С.Б нь нийт 300.000 төгрөгийг хохиролд нөхөн төлсөн байна. Мөн хохирогч Б.Ц- нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн баримтыг хэрэгт ирүүлсэн (хавтаст хэргийн 45) байх тул шүүгдэгч С.Батсуурийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Бт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай тогтоол гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг С.Бт танилцуулж, шүүгдэгч нь зөвшөөрч гарын үсгээ зурсан байна. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба улсын яллагчийн гаргасан дүгнэлтэд шүүгдэгч С.Б мэтгэлцээгүй. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзах нь зүйтэй байна. Шүүгдэгч С.Б нь хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч С.Б нь урьд нэг удаа ял шийтгэгдсэн байх ба эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул энэ нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм. Баянхонгор аймгийн Баацагаан сумын 5 дугаар багийн засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолтоор шүүгдэгч С.Б нь 2017 оны жилийн эцсийн мал тоогоор 100 толгой мал тоолуулсан тухай тодорхойлжээ (хавтаст хэргийн 30) Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар заасан ба уг зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, бусад орлого, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг тус тус харгалзан шүүгдэгч С.Батсуурийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. IV. Бусад асуудлаар Эрүүгийн 1808 0468 31302 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 9, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Б овогт С-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-т оногдуулсан 450.000 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан С.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5. Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгя С.Б-т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА